Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2018/01658

 

Ж.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

 Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

         2018 оны 0.. сарын 18-ны өдрийн 45.. шийдвэр,

    Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ж.Г

         Хариуцагч: Дархан-Уул аймгийн .. дунд сургуульд холбогдох

         Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн өмгөөлөгч Б.С хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би 2017-04-12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын .. сургуульд хөдөлмөрийн гэрээ байгуулан, хөгжмийн багшаар ажилд орсон. 2017-09-22-ны өдөр шинэ захирал дахин хөдөлмөрийн гэрээ хийсэн, дахин ажилд авсан тушаал гаргаагүй. 2018-01-24-ний өглөө ажилдаа очиход 2018-01-23-ны өдрийн Б/04 тоот ажлаас халсан тушаалыг гардуулж өгсөн. 2018-01-24-ний өдөр эхний 2 цагийн хичээлээ заагаад захиралтай уулзах гэхэд байгаагүй учир 2018-01- 26-ны өдөр уулзсан.Халсан шалтгааныг тодруулахад “...2018-01-04, 05-ны өдөр Улаанбаатар хот руу туршлага судлах ажлар яваагүй ажил тасалсан, тушаал дээр чинь тодорхой байгаа, шүүхээр явж болно...” гэж хэлсэн. Багш нар 2018-01-04, 05-ны өдөр Улаанбаатар хот руу туршлага судлахаар явна гэж төлөвлөсөн байсан ч миний эрүүл мэндийн байдал муу байсан тул 03-ны өдөр 16:00 цаг өнгөрч байхад сургалт хариуцсан менежертээ хэлж чөлөө хүссэн боловч “...тийм боломж байхгүй явна шүү...” гэсэн. Маргааш нь биеийн байдал арай гайгүй болохоор нь 09:00 цаг өнгөрөөгөөд ажил дээр  очсон. Тэгтэл захирал ажлаас халсан. Би тухайн үед ажлын байрандаа байсан. Дотоод журмын 11.6-г баримтлан халсан байна, сахилгын зөрчлийг давтан гаргасан  гэж байхгүй. 2018-01-04, 05-ны өдөр Улаанбаатар хот яваагүй ч ажил дээр ирж, ажлаа хийсэн. Өвдсөн талаараа менежертээ хэлж мэдэгдсэн. 2017 оны 11-р сард сахилгын сануулах арга хэмжээ авагдаж цагдаагийн байгууллагаас 100.000 төгрөгөөр торгуулсан асуудалд маргаангүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: Улаанбаатар хот руу явах ажил өмнө нь төлөвлөгөөнд орсон ажил байсан бөгөөд албан ёсоор чөлөө хүссэн 4 хүнийг уг ажлас чөлөөлөөд, үлдсэн хүний тоогоор зардлаа тооцоолоод явсан. 2018-01-04-ний өглөө 06:00 цаг өнгөрч байхад явсан, Ж.Г ирээгүй. Улаанбаатар хотоос ирээд Ж.Гтой уулзаад  шалтгааныг тодруулахад эрүүл мэндийн шалтгаан байсан гэж амаар хэлсэн. Өвчтэй байсан бол нотлох баримттай байх ёстой, чөлөө авахаар байсан бол албан ёсоор чөлөө авах байсан.  Мөн багш ажилчид 1 жилд 2 удаа ажлаа дүгнүүлдэг. Хагас жилийн үнэлгээгээр Ж.Г хангалтгүй үнэлэгдсэн. Өмнө нь сахилгын сануулах шийтгэлтэй байсан. Сургуулийн дотоод журамдаа сахилгын шийтгэл давтан гаргасан бол ажлаас чөлөөлнө гэж заасан байгаа. 2018-01-22-ны өдрийн захирлын зөвлөлийн дэргэдэх зөвлөлийн хурал дээр зөрчил гаргасан ажилчдын талаар хэлэлцсэн. Сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131,40 давхар барьж халсан. Дотоод журмын 11.6-д “..ажлыг 2 ба түүнээс олон цаг тасалсан бол..”, гэж байна, 7 дугаар зүйлийн 10-т  чөлөө авах асуудлыг тодорхой заагаад өгсөн байгаа. Нэхэмжлэгч өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрдөг.  2017-04-10-ны өдрийн Б/18 тоот тушаалаар ажилд орсон юм билээ. Уг тушаалд “түр” гэж бичээгүй ч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд түр гэж байгаа. 2017-11-14-ний өдөр хүүхэд зодсон асуудлаар сануулах арга хэмжээ авсан.  Сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин сахилгын шийтгэл авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

        Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0.. сарын 18-ны өдрийн 45.. шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Дархан-Уул аймгийн .. дунд сургуулийн захирлын 2018-01- 23-ны өдрийн Б/04 тоот  тушаалыг хүчингүйд тооцож, Ж.Гыг хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар ажил олгогчоос 1.698.034 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төвлөрүүлэн санд тушаан, дэвтэрт нөхөн бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 112.319 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар  шийдвэрлэсэн байна.

 

        Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар магадлалаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0.. сарын 18-ны өдрийн 45.. шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхижээ.

 

        Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг, маргааны зүйл болох нэхэмжлэгчийн зүгээс эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн хэмээн үзэж шүүхэд зарга мэдүүлж хүчингүй болгуулахыг хүссэн Б/04 дугаар тушаалын хууль зүйн үндэслэл нь бодит байдалтай буюу зөрчил хэмээн хариуцагчаас үзсэн болсон явдалтай хэрхэн нийцэж буйг тодорхойлох хууль зүйн ойлголт болох хууль хэрэглээний урьдчидсан нөхцөл буюу тус тохиолдолд Б/0.. тушаалын үндэслэлд дурдагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 131.1.3 дахь заалтуудыг үндэслэж Ж.Гыг “Ажлаас халах, сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал гаргасан нь үндэслэлтэй эсэхийг шүүх бодитоор дүгнэж чадаагүйн улмаас нэхэмжлэлийг хангасан нь эрх хэмжээнийхээ хүрээнд холбогдох хууль тогтоомжийг хэрэглэж тушаал шийдвэр гаргаж, төрийн ажлыг хэрэгжүүлсэн хариуцагчийн эрхийг зөрчсөн үндэслэлгүй шийдвэр хэмээн үзэж байна. Бодит үйл явдал буюу факт: 2018.01.04-2018.01.05-ны өдрүүдэд Дархан сумын .. сургуулийн багш, ажилчид Улаанбаатар хотод “Глобал олон улсын сургууль”, ЕБ-ийн 32 дугаар сургуультай тус тус танилцаж мэргэжил дээшлүүлэх, туршлага судлах ажилд тус сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Багш хөгжил хөтөлбөрийн төлөвлөгөө”-д тусгагдсаны дагуу тус сургуулийн захирлын баталсан 2017-12-27-ны өдрийн “Туршлага судалж багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны удирдамж”-н дагуу хамрагдсан албан ёсны төлөвлөгөөт ажил юм. 2018-01-02-ны өдөр тус сургуулийн Захирлын дэргэдэх зөвлөл 100%-ийн ирцтэйгээр хуралдаж хэд хэдэн асуудал хэлэлцсэнээс 2018-01-04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотруу туршлага судлах үйл ажиллагаанд явах багш ажилчдын тоог гаргаж албан ёсоор чөлөө хүссэн тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан бүхий багш нар болох 4 багшид албан ёсоор чөлөө олгохоор шийдвэрлэж бусад 55 багш, сургуулийн захирал, сургалтын менежерүүд, номын санч, нийгмийн ажилтан зэрэг бүрэлдэхүүнтэйгээр явахаар шийдвэрлэсэн байдаг. 2018-01-02, 03-ны өдрүүдийн алинд ч нэхэмжлэгч тухайн төлөвлөгөөт ажлаас албан ёсоор буюу тус сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 7-н 10-н дагуу чөлөө хүсэж түүнийгээ шийдвэрлүүлсэн зүйл байдаггүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ч албан ёсоор чөлөө хүсэж, шийдвэрлүүлээгүй тухайгаа нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тайлбар өгдөг. 2018.01.04-05-ны өдрүүдэд Хөгжмийн багш Ж.Г Улаанбаатар хотод туршлага судалж, мэргэжил дээшлүүлэх ажилд оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг боловч яваагүй шалтгаанаа 2018.01.03-нд гэдэс гүйлгэж шингэн алдсан, маргааш өглөө нь буюу 04-ны өглөө зүгээр болсон тул сургууль дээр очиж дугуйлан хичээллүүлсэн гэж шүүхэд бичгээр болон амаар гаргасан нэхэмжлэлдээ тайлбарладаг. /тухайн цаг хугацаа бол сурагчдын 2-р улирлын амралтын үе байсан./ Дархан сумын .. сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурал 2018.01.22-ны өдөр болж Хөгжмийн багш Ж.Гын гаргасан зөрчил, мэргэжил ур чадвар, ажлын үр дүнгийн талаар хэлэлцэж “ажлаас халах” арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн. 2018.01.23-ны өдөр .. сургуулийн захирал  Хөдөлмөрийн тухай хуулийн хуулийн 131.1.3, 40.1.4 дэх заалт Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 11.6 дахь хэсгийг үндэслэн Б/04 дугаартай “Ажлаас халах, сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаал гаргасан. Хэрэг маргааныг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бодит факт бол энэ.Тушаалын үндэслэлд дурдагдсан хууль зүйн үндэслэлийн талаар: Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3. ажлаас халах, энэхүү хуулийн заалтыг хэрэглэж сахилгын шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөл буюу үндэслэлийг тус хуулийн 131.1 дэх хэсэгт хуульчилж өгсөн байна. 131.1. Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. /Ажил олгогч- ажилтандаа/ + /ажилтан-хөдөлмөрийн гэрээг эсвэл хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн байх/ + /шийдвэр гаргаж-сахилгын шийтгэл ногдуулна/ гэсэн схем харагдаж байна. Үүнийг дээрх бодит байдалтай холбож үзвэл /.. сургуулийн захирал- багш Ж.Год/+/ Ж.Г-Хөдөлмөрийн дотоод журмын 7.10, 11.6 дахь заалтыг зөрчиж төлөвлөгөөт ажил тасалсан/+/2018.01.22-ны өдөр Захирлын зөвлөлийн хурал хуралдаж Ж.Гыг ажлаас халахаар шийдвэрлэсэн/+/2018.01.23-ны өдөр захирал Н.Сүхбаатар Б/04 дугаар тушаал гаргаж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан/, ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4. тус хуулийн заалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөлийг авч үзье. 40.1. Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 40.1.4. ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан; /Ажил олгогч-ажилтандаа/+/ажилтан-зөрчил давтан гаргасан эсвэл Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан/+/ажил олгогч-тушаал гаргаж хөдөлмөрийн гэрээг цуцална/ гэсэн хууль хэрэглээний урьдчилсан нөхцөлийн схем гарч байна. Үүнийг дээрх бодит байдалтай холбож үзвэл / захирал Н.Сүхбаатар- багш Ж.Год/+/багш Ж.Г-2017.11.14-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар сануулах сахилгын шийтгэл авч байсан/+/2018.01.23-ны өдөр захирал Б/04 дугаар тушаал гаргаж ажлаас халсан/, ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх заалтыг хэрэглэх хууль зүйн урьдчилсан нөхцөл бүрдсэн болох нь тогтоогдож байна. Гэтэл энэ тухай огт дүгнэлт хийгээгүй нь  шийдвэр үндэслэлгүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.  2 шатны шүүх ИХШХШтХ-ийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх зарчмыг алдагдуулж нотлох баримтыг тухайн хэрэгт, хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухай:  шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Багшийн хөгжлийн хамт олноос гаргасан Туршлага судалж багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа 2018 оны 01 сарын 04-нөөс 05-ны хооронд Улаанбаатар хотноо зохих хөтөлбөрийн дагуу явагдсан бөгөөд уг ажиллагаанд оролцоогүй байдлыг ажил тасалсан гэж үзэн хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийн нэг болгосон нь үндэслэлгүй байна.” хэмээн дүгнэсэн нь тухайн сургуулийн 2017-2018 оны ажлын төлөвлөгөөнд тусгагдаж, 2017.12.27-ны өдрийн удирдамжаар баталгаажсан, сурагчдын улирлын амралтыг тохиолдуулан явагдсан албан ёсны үйл ажиллагааг анхан шатны шүүх дээрх байдлаар дүгнэхдээ чухам яг ямар баримтад үндэслэсэн үгүйсгэсэн дүгнэлт хийсэн болох нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, шүүх уг дүгнэлтийг хийхдээ ямарч баримтгүйгээр хийсвэр дүгнэлт хийсэн нь эсрэгээрээ тодорхой нотлох баримтаар нотлогдож буй албан ёсны үйл ажиллагааг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “...Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн .. сургуулийн багш нарын 1 дүгээр сарын ажлын цаг бүртгэлийн 38-д Ж.Г 04, 05-ны өдрүүдэд 09:00-17:00 цаг хүртэл ажилд ирснээр бүртгэгдсэн бөгөөд хотод болсон үйл ажиллагаанд эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө олгогдсон Б.Эрдэнэчимэг, Л.Буяа, Б.Хишигжаргал нарыг ч мөн ирснээр бүртгэсэн байна.” хэмээн дүгнэсэн байх бөгөөд тус бүртгэлийн дэвтрийг тус сургуулийн хичээлийн зохицуулагч багшаар ажилдаг Н.Отгонжаргал нь сүүлд бөөнд нь нөхөж бөглөсөн бөгөөд 2018.01.04, 05-ны өдрүүдийн бүртгэл бодитой биш болох нь чөлөөтэй багш нарыг хүртэл ирснээр бүртгэсэн байгаагаас тодорхой харагдаж байгаа бөгөөд тус бүртгэлийг ямар ч хяналтгүйгээр зөвхөн Н.Отгонжаргалын гар бүртгэл хийх хэлбэрээр хөтөлдөг тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж буй анхан шатны шүүхийн шийдвэр нь ИХШХШтХ-ийн 40.1-40.3 дахь заалтуудыг бүхэлд нь зөрчиж байна. Учир нь шүүх хэрэгт цугларсан бичгэн нотлох баримтуудаас шууд нотолгооны ач холбогдол багатай гар бичвэр мэт дээрх цагийн бүртгэлийн дэвтэртэй адил төрлийн нотлох баримтыг давхар баримтаар нотлох, улмаар үнэлэх асуудал хөндөгдөх учиртай. Хэдийгээр шүүх тус цагийн бүртгэлийн дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн хэдий ч энэ баримт нь Ж.Гыг 2018.01.04-05-ны өдрүүдэд төлөвлөгөөт ажлыг таслаагүй болохыг нотлох баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл, маргааны зүйлтэй төдийлөн ач холбогдол багатай нотлох баримтыг үндэслэж Ж.Гыг ажил таслаагүй хэмээн дүгнэж байгаа нь анхан шатны шүүх нотлох баримт үнэлэх хууль зүйн процессыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: “...Бага дунд боловсролын тухай хуулийн 19.1-д зааснаар Ерөнхий боловсролын сургуулийн өөрийн удирдлага нь сургуулийн зөвлөл байна гэснээр багш нь мөн хуулийн 22.1.2-д зааснаар сургуулийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, Боловсролын тухай хуулийн  44.2.3-т зааснаар онолын мэдлэг заах арга, ур чадвараа дээшлүүлэх үүрэгтэй ч биеийн эрүүл мэндийн байдлаас тухайн арга хэмжээнд яваагүй атлаа ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэж байсан нотлогдож байна.” хэмээн дүгнэсэн нь огт үндэслэлгүй, ямарч нотлох баримтанд үндэслээгүй хийсвэр, хэт нэг талыг барьсан дүгнэлт болсон байна. Учир нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлийг, хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд гаргасан 2018.01.03-ны өдөр гэдэс гүйлгэж шингэн алдсан, улмаар зүгээр болсон тухай тайлбар нь хэрэгт цугларсан нотлох баримтаар огт тогтоогддоггүй бөгөөд хэргийн материалд эмчийн болон эмнэлгийн магадалгаа байхгүй төдийгүй эмийн жор ч нотлох баримтаар байхгүй байхад шүүх ямар ч баримтгүй нэхэмжлэгч талын тайлбарт дулдуйдан эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар явж чадаагүйн тогтоогдож байна хэмээн дүгнэсэн явдал нь тогтоогдож буйг нотлох эх сурвалжаа /нотлох баримтаа/ шүүх заагаагүйн дээр хэт нэг талыг барьсан ИХШХШтХ-ийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчимд харшилсан үндэслэлгүй дүгнэлт болсон байна.Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлтийг хууль зөрчөөгүй, хуульд нийцсэн гэж үзэж шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй гэх давж заалдах гомдлын үндэслэлийг мөн хяналтын журмаар гаргаж буй энэхүү гомдлын үндэслэл болж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Ж.Г 2018-02-19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, Дархан-Уул аймгийн, Дархан сумын 12 жилийн .. дунд сургуулийн хөгжмийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаардсан /хх 1/ байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч /хх 15-16/ маргажээ. 

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... туршлага судлах, мэргэжил дээшлүүлэх ажиллагаанд нэхэмжлэгч оролцоогүй байдлыг ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй байна...Ж.Г тухайн өдрүүдэд ажилдаа ирсэн байна...ажилтан мэргэжлийн заах арга ур чадвар муутай, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн талаарх баримтыг хариуцагч шүүхэд ирүүлээгүй...туршилтын хугацаагаар ажиллаж байсан нь тогтоогдоогүй... Ж.Гыг зохих журмын дагуу ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа мэргэжил ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэж халсан нь буруу...” гэсэн дүгнэлт хийснийг давж  заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.    

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 жилийн .. дунд сургуулийн захирал 2018-01-23-ны өдөр Б/04 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 131.1.3, 40.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 20.1.1, дотоод журмын 11.6-г үндэслэн, Ж.Гыг “...сахилгын шийтгэлтэй байхдаа давтан сахилгын зөрчил гаргасан, мэргэжлийн заах арга, ур чадвар муу, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн, туршилтын хугацаагаар ажиллаж байсан, багшлах эрхгүй...” гэж ажлаас нь халжээ. /хх 3, 17/

      Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой юм.

      Хариуцагчийн тайлбараас үзвэл ажил олгогч ажилтныг “...сахилгын зөрчлийг давтан  гаргасан...” гэж үзжээ.   

       Ажилтан сахилгын шийтгэл авч байсан нь ажил олгогчийн 2017-11-14-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар /хх 58/ тогтоогдож байгаа ч тэрээр дахин зөрчил гаргасан нь тогтоогдоогүй байна.   

      Тухайлбал, нэхэмжлэгч 2018-01-04, 05-ны өдөр ажил тасалсан нь, мөн мэргэжлийн заах арга ур чадвар муу, хагас жилийн ажлын үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн нь  нотлогдоогүй байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.   

        Нэхэмжлэгч ажил олгогчийн тушаалд заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй тул ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэх нөхцөл бүрдээгүй гэж үзнэ.    

        Ж.Г Дархан-Уул аймгийн, Дархан сумын 12 жилийн .. дунд сургуульд  хөгжмийн багшаар ажиллахдаа хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2017-09-22-ны өдөр байгуулсан байх тул түүнийг туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж үзэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 231-р зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна.      

        Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийг хангасан үндэслэлээ тодорхой заасан, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 0.. сарын 18-ны өдрийн 45.. шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 66 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЦАГААНЦООЖ

        ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ