Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.Уд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Э.Одончимэг

шүүгдэгч Ц.У өмгөөлөгч Э.Шинэцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.У өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн давж заалдах гомдлоор Ц.Уд холбогдох эрүүгийн 1705001120109 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Ц.У, 1988 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, архитектур мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр гудамжны 199 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч Ц.У нь Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza Hut” хоолны газрын гадна Р.Уийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Ц.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Ц.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ц.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 2018 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, Ц.У цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ц.Уас 260 000 төгрөг гаргуулж хохирогч Р.Ут олгож, хохирогч холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.У өмгөөлөгч Э.Шинэцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Шүүхээс Ц.У хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж буруутгаж, ял оногдуулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч...нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж  заасан. Гэтэл хавтас хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Р.Ут учруулсан гэмтлийг Ц.У учруулсан эсэх нь  эргэлзээтэй байдаг. Тухайлбал хавтаст хэргийн 26-р хуудсанд буй хохирогч Р.Уийн: “...тархи доргилт гэмтэлд надтай маргалдаж байсан эмэгтэйтэй хамт байсан  эмэгтэй бид хоёрыг салгах гээд хүмүүс зууралдаж байхад миний толгойны ар дагз хэсэг рүү 3 удаа хүчтэй гараараа цохиж учруулсан ...” гэх мэдүүлэг, хэргийн 28 дугаар хуудсанд гэрч Б.Азбилэгийн: “...Уянга нөгөө эмэгтэйг бараа авч шидээд байсан учраас цаашаа холд гээд гараараа түлхтэл хажуу талаас нь өөр нэг эмэгтэй үсдээд дарчихсан...” гэх мэдүүлэг,  31 дүгээр хуудсанд гэрч Б.М: “...У найз Уийн толгойны ар хэсэг рүү гараараа цохиж харагдсан...” гэх мэдүүлэг зэргээр гэрчилдэг. Хохирогч Р.У ч анхан шатны шүүх хуралдаан дээр өөр хүн толгойд 2-3 удаа цохисон талаар тодорхой мэдүүлсэн атал Р.Ут учруулсан гэмтлийг Ц.У учруулсан байна гэж шууд буруутган ял оногдуулсан нь үндэслэлгүй болно.

2. Ц.У буруутгаж байгаа гол нотлох баримт нь хохирогч Утэй хамт байсан гэр бүлийн гишүүдийн мэдүүлгүүд байгаа. Гэтэл эдгээр гэрчүүдийн хувьд энэ хэрэгт ямар нэг байдлаар хувийн сонирхолтой гэрчүүд юм. Иймээс уг гэрчүүдийн мэдүүлгийн нотолгооны ач холбогдол  буурч байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ хэрэгт хэт хувийн сонирхолтой байгаа гэрчүүдийн мэдүүлгийг хэт шүтэж хэргийг шийдвэрлэх нь учир дутагдалтай. Түүнчлэн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хохирогч Р.Уийг цохиж байсан эмэгтэйг олж байцаах ажиллагаа огт хийгдээгүй, мөн энэ хэрэгт хамгийн ач холбогдолтой зүйл болох тухайн үеийн болсон нөхцөл байдлыг бичсэн камерын бичлэг байсан гэтэл камерын бичлэгийг нотлох баримтаар бэхжүүлэх ажиллагаа огт хийгдээгүй байдаг. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3-т Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгад хамаарах нөхцөл байдлуудыг нэрлэн заасан ба мөн зүйл хэсэгт зааснаар “...дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй...” , “...дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол...” хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх тогтоолыг гаргахдаа өмгөөлөгчийн гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар огт тусгаагүй орхигдуулсан байна. Түүнчлэн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авч, бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэх үндэслэл болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бол” анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ёстой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу Ц.Уд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Э.Одончимэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэргийг хангалттай шалгасан гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн яриад байгаа камерын бичлэгийн асуудал дээр анх зөрчлийн хэрэг нээсэн мөрдөн байцаагч, прокурорт уг хүсэлтийг гаргасан байдаг. Дараа нь Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол гарч над дээр ирснээс хойш 7 хоногийн дараа би камерын бичлэг авахаар очиход устчихсан байсан. Мөн Ц.У нь өөрөө бас зодуулсан гэдгээ нотлох гэж гэрэл зургийн үзүүлэлтүүдийг шинжээчийн дүгнэлт гарсны дараагаар  фото зургууд гаргаж өгсөн байдаг. Гэхдээ  цаг хугацааны хувьд шинжилгээ хийх боломжгүй гэж үзсэн. Хэргийн хувьд нотлогдсон. Анхан  шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна...” гэв.

                                                                  ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр  хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ц.У нь 2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Pizza Hut” хоолны газрын гадна Р.Уийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Р.Уийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 7-ны орой 19 цагийн үед талбай дээрээ ирээд өөрийнхөө зогсдог байрандаа бараагаа машинаас буулгаад өрж байсан чинь нэг танихгүй эрэгтэй гарч ирээд би энд бараа тавина гээд миний урьд өдрүүдэд зогсож байсан байрыг булаацалдсан. Тэгэхээр нь би, энд нилээн хэд хоног зогсож байгаа гэсэн чинь “би энд мөнгө төлж зогсч байгаа, саяны эндээс явсан эмээд мөнгө өгч зогсдог” гэж утгагүй юм ярьж намайг бараагаа аваад зайл гудамжны амьтан гэж хэлж доромжлоод өөрийнхөө барааг гаргаж тавиад байсан. Тэгэхээр нь би хажууханд нь бараагаа өрөх гээд гарч ирсэн чинь миний бараагаа өрөх гэж байсан цааснуудыг өшиглөөд шидлээд хэл амаар доромжлоод эхэлсэн тэгэхээр нь би нэг газар зогсчихьё гээд ширээг нь жоохон холдуулсан чинь миний нүүр рүү гараараа цохиж маажаад үсдсэн. Тэгэхэд миний араас толгой руу тэр эмэгтэйн найз гэх  эмэгтэй нь  3 удаа цохьсон. Тэгсэн хүмүүс салгасан...” /хх-27/,

гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...би эхнэр У 19 цагийн орчим 10 000 нэрийн барааны дэлгүүрийн гадаа барааг нь буулгаж өгчихөөд машинаа тавиад буцаад ирэхэд У эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй маргалдаад зогсож байсан. Гэтэл тэр эмэгтэй Уянгаагийн бараа тавьсан ширээний хөлийг өшиглөж унагаад ширээн дээр байсан барааг газар авч шидээд байхаар нь уг ширээг нь босгож тавихаар дахин өшиглөж, унагаад барааг газар руу шидээд байсан. Энэ үед эхнэр нөгөө эмэгтэйг бараа авч шидээд байсан учраас цаашаа холд гээд гараараа түлхтэл хажуу талаас өөр нэг эмэгтэй үсдээд дарчихсан...” /хх-29/,

гэрч Б.М мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр гадаах лангуун дээрээ сууж байсан чинь хажууханд У эгч У гэх эмэгтэй талбай булаацалдаад маргалдаад байх нь сонсогдож байсан. Тэгэхдээ би тухайн үед айхтар зодоон цохион болчихгүй байх гэж бодоод сууж байсан чинь У нь Уийг тас хийтэл алгадаад үсдээд авсан тэгэхээр нь би гүйгээд очих хооронд У нөхөр, миний ах Б нар хоёр тийш нь салгаад авч байсан. Тэгээд зодооны асуудал намжаад цагдаа дуудсан...” /хх-30-31/,

гэрч М.О мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...У нь Уийг хөл рүү нь өшиглөөд баруун гараараа толгой хэсэг рүү нь 1 удаа цохисонд У газар унасан тэгэхэд манай лангууны тоглоомууд унахаар нь би тоглоомуудаа газраас түүчихээд харсан чинь 2 нөхөр нь бас уянгын эмэгтэй найз нар салгаж харагдсан...” /хх-33/,

гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2017 оны 7 дугаар сарын 7-ны өдөр эхнэр Уийн хамт “Pizza Hut” нэртэй хоолны газрын урд талын талбайд лангуу буюу хайрцаг тавьж юм зарахаар очсон. Тэгээд машинаас юмнуудаа зөөж байсан чинь У нэг эрэгтэй, эмэгтэй хүний хамт гарч ирээд У бид хоёрын зогсох гэж байсан газар өөрсдөө зогсоно гээд маргаан үүсгэсэн. Би тэд нартай нэг их маргалдаагүй жоохон зайтай машинаасаа юмаа буулгаад зогсож байхад эхнэр У, Уянгатай маргалдаад зогсож байсан. Тэгсэн чинь намайг харж байхад У гараараа Уийг цохиж дээрээс нь дарж газар унагааж цохиж хэвтсэн тэгэхээр нь би гүйж очоод У, У нарыг салгаад харсан чинь Уийн нүүр нь маажигдсан зүүн чих орчим нь улайсан байдалтай байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан. Тухайн үед У маш их харьцааны соёлгүйгээр шууд дайрч давшилж хэл амаар доромжилж  бид нарын өрсөн байсан хайрцагыг өшигчиж байсан...” /хх-35/,

гэрч Б.Ж мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...нэг том биетэй охин өлгүүртэй хувцас зарахаар гарч ирээд...ганцхан цаг зогсчихъё гэж хэлэхээр нь би орой болж байгаа юм чинь тэг тэг гээд бараагаа хураагаад байж байсан чинь миний зүүн талд гутал  зардаг 30 гаран насны эмэгтэй намайг буухаар миний бараа зарж байсан газар дээр зогсох гэсэн үү дотор дэлгүүрээс гарч ирсэн охин дээр ирсэн зогсож байснаа утсаараа цаанаасаа эгчийгээ дуудаад нөгөө охинтой хэрүүл хийгээд тал талаас нь барьж идэх гээд байсан...” /хх-37/ гэх мэдүүлгүүд болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8801 дугаартай: “Р.Уийн биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэх дүгнэлт. /хх-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8809 дугаартай: Ц.Уд зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэг тогтоогдохгүй.” гэсэн дүгнэлт /хх-45/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1132 дугаартай “13920 дугаартай яаралтай тусламжийн хуудаст дурдагдсан өвчний оношийг дүгнэлтэнд тусгасан, зулбаагүй тул гэмтэлд хамааруулахгүй. У гэмтэл авсан гэх үеийн гэрэл зургаар дүгнэлт гаргахгүй.” гэх дүгнэлт /хх-65/, шүүгдэгч Ц.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-52/, ял шалгах хуудас /хх-55/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-53/, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 21 а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-74-77/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт бүрдсэн нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн  заалттай нийцжээ.

Ц.Уд холбогдох хэргийг  Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж дээрх зүйлчлэлд буй торгох ялын доод хэмжээ  450 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль буюу  450,000 төгрөгөөр торгох   ялаар шийтгэсэн нь шүүгдэгч Ц.У  үйлдсэн хэргийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, уг хэргийг шийдвэрлэхэд  Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой  зөрчигдөөгүй байна.

Ц.У өмгөөлөгч Э.Шинэцэцэг нь “ Ц.Уд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөх”-ийг хүсч давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт буй  баримтууд, гэрчүүдийн мэдүүлгээр шүүгдэгч Ц.У, Р.У нар нь “лангуу булаацалдан маргалдаж, улмаар хоорондоо үсдэлцэж, ноцолдсон болох нь нотлогдож байна.

Гэвч энэ маргааны дараа хохирогч Р.Уийн биед хөнгөн гэмтэл учирсан, шүүгдэгч Ц.Уянгын биед гэмтэл тогтоогдоогүй болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8801 дугаартай: “Р.Уийн биед тархи доргилт, дух, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэх шинжээчийн дүгнэлт /хх-41/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8809 дугаартай “Ц.Уд зүүн бугалганд цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул зэрэг тогтоогдохгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлтээр /хх-45/ тус тус нотлогдож байна.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйл баримт, хохирогчид учирсан гэмтлийн зэрэг  тогтоогдсон тул  шүүгдэгч Ц.У өмгөөлөгч Э.Ш “хэргийг хэрэгсэхгүй болгох”-ыг хүссэн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.У өмгөөлөгч Э.Шинэцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ