Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 265

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: БОАЖС

Гуравдагч БНСУ-ын иргэн К, 

Гуравдагч  А, 

Гуравдагч этгээд: “Б” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д, гуравдагч этгээд БНСУ-ын иргэн К болон Монгол Улсын иргэн А нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я, гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “... “Ж” ХХК нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн ам нэртэй газар нийт 2 га талбайг “Аялал жуулчлалын төв”-ийн зориулалтаар 5 жил ашиглах 1/******* тоот гэрчилгээг авсан. Манай компани хуульд заасан журмын дагуу газрыг зориулалтын дагуу ашиглаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн. 

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар манай компанийн ашиглаж буй 2 га газрын 1,2 га газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан болохыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр мэдлээ. Сайд нь уг тушаалаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаар хэсэг буюу “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дугаар хэсэг буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг үндэслэн гаргасан байсан бөгөөд манай компанийн хувьд дээрх зөрчлүүдийг гаргаж байгаагүй талаар, мөн сайдын тус тушаал нь хууль бус байгаа талаар 2017 оны 03 сарын 16-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байна.

Иймд тус шүүхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад уг тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал нь дараах үндэслэлүүдээр хууль бус байна. 

1. Захиргааны актыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүйгээс уг захиргааны акт хүчин төгөлдөр бус болох нь: 

Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна”, 43.2 дахь хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэжээ. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/236 дугаар тушаалаар манай компанийн газар ашиглах эрхийг цуцалсан байсан бөгөөд тус тушаалын 2 дахь хэсэгт “газар ашиглах эрхийг нь хүчингүй болгосон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай албан ёсоор мэдэгдэл өгч, гэрчилгээг хураан авч хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ш.Ш , Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г , Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П нарт үүрэг болгосугай” гэж тушаалыг мэдэгдэх үүргийг даалгасан. 

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалыг хуульд заасан журмын дагуу бидэнд мэдэгдээгүй нь хууль зөрчсөн эс үйлдэхүй болсон.

2. Захиргааны актын үндэслэл хуульд нийцээгүй талаар:

а) Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлийн тухайд:

“Ж” ХХК нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн ам нэртэй газар нийт 2 га талбайг “Аялал жуулчлалын төв”-ийн зориулалтаар 5 жил ашиглах 1/******* тоот гэрчилгээг авсан.

2006 онд нэгдүгээр ээлжийн аялал жуулчлалын цогцолборын зураг төслийн ажлыг батлуулан үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдөр газар ашиглах гэрчилгээг 5 жилээр сунгаж, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Хан-Уул дүүргийн Засаг дарга нартай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 2009/1-******* тоот гурвалсан гэрээ байгуулсан.

Аялал жуулчлалын цогцолборын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд 2010 оны 08 дугаар сарын 02-ны өдөр “У а” ХХК-тай “Худаг шинээр гаргах ажлын аж ахуйг гэрээ”, 2011 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн “П Н” ХХК-тай байгуулсан “Авто зам барих хамтран ажиллах гэрээ”-г тус тус байгуулж, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Аялал жуулчлалын хотхоны архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулан мөн онд 2 дугаар ээлжийн “Аялал жуулчлалын хотхон” цогцолборын зураг төслийг батлуулан үйл ажиллагаагаа өнөөдрийг хүртэл тасралтгүй явуулсаар байна. 

Гэтэл Тусгай хамгаалалтын нутгийн удирдлагын газраас 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар манай компанийн ашиглаж байсан 2 га газрын 1,2 га хэсгийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн газар ашиглах эрхийг цуцалсан байгаа талаар мэдэгдсэн юм. 

Манай компани газрыг зориулалтын дагуу тасралтгүй ашиглаж ирсэн байхад “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд үл нийцнэ. Түүнчлэн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ” гэж заасныг зөрчиж, манай байгууллагатай хийсэн газар ашиглах тухай гэрээг огт дүгнээгүй атлаа дээрх үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцээгүй байна. 

3. Газар ашиглах эрхийг газрын хувьд хэсэгчлэн цуцалсан нь хууль бус болох талаар: Сайдын тушаалаар манай компанийн ашиглаж буй 2 га газрыг хэсэгчлэн буюу 1,2 га хэсгийг цуцалсан байдаг. Гэтэл Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалж байх зохицуулалт байхгүй юм. 

Аливаа иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуцалдаг бөгөөд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас газар ашиглаж буй этгээдийн нийт газрын хувьд хамаарах хүчин төгөлдөр шийдвэр гардаг. Гэтэл ашиглах эрхтэй 2 га газрын 1,2 га хэсгийг хэсэгчлэн цуцалсан нь манай компанийн хувьд 1,2 га газрыг хоёр жилийн хугацаанд ашиглаагүй, үлдэх 0,8 га газрыг ашиглаж байсан мэтээр ойлгогдож байгаа бөгөөд энэ нь логикийн хувьд мөн ойлгомжгүй, алдаатай байна ...” гэжээ. 

Хоёр. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Ж” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Ж” ХХК-ийн 1,2 га газар ашиглах эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1. “Ж” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ийн аманд 1,2 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 тус тус заасныг үндэслэн газар ашиглах гэрээ бүртгэгдээгүй, төлбөр тогтоох боломжгүй ногдуулалт хийгээгүй тул газар ашиглах эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн. 

Мэдэгдэл өгсөн талаар: “Ж” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 118 дугаар албан бичгээр Богдхан уулын Дархан цаазат газрын Н*******ийн амны 1,2 га газрын газар ашиглах эрхийг цуцалсан тухай мэдэгдэл өгсөн. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргахаар заасан. Мөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж тус тус заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасан үндэслэл бүрдсэн тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. 

2. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “ашиглаж байгаа газраа бүхэлд нь буюу зарим хэсгийг бусдад дамжуулан ашиглуулах”, 1.2-д “энэ хууль болон тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах” гэж заасныг зөрчиж төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр “С ко” ХХК-тай газар ашиглах эрхийг шилжүүлсэн гэрээ байгуулж таун хаус барьж хууль зөрчсөн. 

Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү” гэжээ. 

Гурав. Гуравдагч этгээд БНСУ-ын иргэн К ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн зүгээс гаргасан “нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага”-тай танилцаж, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын агуулга, үндэслэлийг бүрэн дэмжиж дор дурдсан агуулга бүхий тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

БНСУ-ын иргэн К нь “Ж” ХХК-тай гэрээ байгуулж, уг гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Н*******ийн задгай /Н*******ийн ам/ газарт байрлах 2 га ашиглах эрхтэй газарт дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг хууль ёсоор, шударгаар барьж, өмчилж байгаа болно. Үүнд:

• Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Н*******ийн зам гудамж, .... дугаартай барилгын ... тоот хаягт байршилтай 396,75 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2206040.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн ... тоот хаягт байршилтай 373,5 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-2206040.... тоот дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, ... тоот хаягт байршилтай 373,5 м.кв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй Ү-220604... тоот дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө. 

Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Ж” ХХК-ийн ашиглах эрхтэй 2 га газрын 1,2 га-д ногдох хэсгийг “Үйл ажиллагаа явуулаагүй”, “газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр цуцалж, “Газар ашиглах тухай гэрээ”-г цуцлахаар шийдвэрлэсэн байдаг. 

Сайдын А-236 дугаар тушаалын 2-т “...хуульд заасан хугацаанд газрыг чөлөөлүүлэн хүлээн авах ажлыг зохих хууль, журмын дагуу хэрэгжүүлж ажиллахыг ... үүрэг болгосугай” гэсэн нь БНСУ-ын иргэн К ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийн доор байрлаж буй газарт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүйгээс шалтгаалан тухайн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг мэдэхгүй байсан болно.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Б*******аас ирүүлсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10/2434 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцсан. Гэтэл энэхүү албан бичигт хүчингүй болж, цуцлагдсан 1,2 га газрын хэсэгт БНСУ-ын иргэн К ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгүүд байрлаж буй газар орж байгаа талаар дурдсан байдаг юм. 

Ийнхүү БНСУ-ын иргэн К ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газар хүчингүй болж, ашиглах эрх цуцлагдсан үндэслэлээр газрыг чөлөөлж, дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг буулгах, эс бөгөөс албадан чөлөөлүүлэх арга хэмжээ авахыг сануулж, мэдэгдэх хуудас ирүүлсээр байна.

Гэтэл сайдын А-236 тоот тушаал нь 2 га ашиглах эрхтэй газрын 1,2 га-д холбогдох хэсгийг цуцалж байгаа нь дор дурдсан ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгоод байна. Үүнд: 

• 2 га бүхэлдээ нэг эрхийн гэрчилгээтэй байхад хэсэгчилж хүчингүй болгох боломжтой эсэх,  

• Хэсэгчилж хүчингүй болгосон бол үлдэх 0,8 га-д хамаарах хэсгийн гэрчилгээ тусдаа гарсан эсэх, гэрчилгээ гараагүй бол 0,8 га-д хамаарах гэрчилгээ нь хүчинтэй хэвээр үлдэх боломжтой эсэх, 

• Сайдын тушаал /захиргааны актын хүрээнд/-аас 1,2 га газар нь аль болох нь тодорхой бус байхад 2 га газрын аль хэсэгт хамаарах 1,2 га газар гэж ойлгож актыг хэрэгжүүлэх эсэх, 

• Захиргааны акт /талуудад мэдэгдсэн актын хүрээнд/-ын хүрээнд 1,2 га-г нь хэрхэн тодорхойлох вэ? 

• 2 га газрын 0,8 га газарт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол 1,2 га газарт хамаарах хэсэгт халдах хуульд заасан үндэслэл байсан эсэх,

Эдгээр тодорхой бус нөхцөл байдлууд нь сайдын тушаалыг “утга агуулгын илэрхий алдаатай”, “тушаалыг бодит нөхцөл байдал биелүүлэх боломжгүй” зэрэг нөхцөл байдлыг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн хуулийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг үндэслэлүүд бүрдүүлж байна.

Мөн шүүхийн маргаантай асуудлыг шийдвэрлэх хүртэл газрыг баригдсан барилгыг нурааж, чөлөөлүүлэх асуудлыг түр хойшлуулахыг хүссэн боловч хүлээн авахгүй байна. Нэгэнт тушаал гарсан хүчин төгөлдөр байгаа учир тушаалын биелэлт хангагдах ёстой гэсэн тайлбарыг өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хожим тушаал шүүхийн шийдвэрийн дагуу илт хууль бус болох нь тогтоогдвол барилгаа нураалгасан тал нь хохирч үлдэхээр байна. Ийм учраас захиргааны актын биелэлтийг хэргийг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл түдгэлзүүлэх тухай хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх болно. 

А-236 тоот тушаалын хүрээнд 1,2 га газар нь аль хэсэг болох нь тодорхойгүй, тушаалд энэ талаар тусгагдаагүй, 1,2 га аль болохыг тушаалаас тодорхойлж хэрэгжүүлэх боломжгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзэхийг хүсч байна. Тушаал нь ийм байхад яаж манай барилга хүчингүй болсон хэсэгт нь хамаарна гэж үзээд нураах гэж байгааг ойлгохгүй байна. Тушаалд нь тийм тодорхой зүйл огт байхгүй.

Нэхэмжлэгч талын зүгээс А-236 дугаар тушаалд хамаарах бүх материалыг гаргуулах хүсэлт гаргаж байсан боловч хариуцагчаас 1,2 га нь аль нь болохыг тодорхойлох, мөн тушаалын /захиргааны актын салшгүй нэг хэсэг/ салшгүй хэсэг байхаар баримт гарч ирээгүй болно. Эндээс тийм баримт огт байхгүй болох нотлогдож байгаа юм. А-236 дугаар тушаалын талуудад мэдэгдсэн хувь дээр 1,2 га газар аль болохыг тодорхойлсон баримт огт байгаагүй. Хэрэв хожим гарч ирвэл нөхөж үйлдсэн баримт болно.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-ийн н*******ийн задгайн 1,2 га газрын ашиглах эрхийг цуцалсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ. 

Дөрөв. “Ж” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа. 

“Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-д олгосон 2015/******* дугаартай “Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээ”-г хүчингүй болгуулах” шаардлага бүхий хэргийг тус шүүхээс захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэж байгаа билээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараахь байдлаар өөрчилж байна.

1. “Ж” ХХК нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, тусгай хамгаалалттай газар нутгийн Н*******ийн ам нэртэй газар нийт 2 га талбайг “Аялал жуулчлалын төв”-ийн зориулалтаар 5 жил ашиглах 1/******* тоот гэрчилгээг авсан.

Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 тоот тушаалаар манай компанийн ашиглаж буй 2 га газрын 1,2 га газрын газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцалсан бөгөөд уг цуцалсан шийдвэрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 118 тоот албан бичгээр мэдэгдсэн. 

Нэхэмжлэгчийн зүгээс дээрх хууль бус захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул тус шүүхэд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс хянан шийдвэрлэж байгаа билээ. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 05/4889 дугаартай албан бичиг хүргүүлсний дагуу тус яамнаас 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1/9*******5 дугаартай албан бичигт дурдсанаар маргаан бүхий ашиглах эрхийн гэрчилгээтэй газарт давхцуулан “Б” ХХК-д Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тухай А/321 дүгээр тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан уулын дархан цаазат газар, Н*******ийн аманд аялал жуулчлалын зориулалтаар 1,01 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2015/******* дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ” олгосон байна.  

Уг баримтуудыг үндэслэн тус шүүхийн шүүгчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 128/Ш32017/5******* дугаартай “Гуравдагч этгээдээр татан оролцуулах тухай” захирамжаар “Б” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.

3. Гуравдагч этгээд “Б” ХХК-д Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тухай А/321 дүгээр тушаал, 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2015/******* дугаартай “Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ”-ээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.11-д заасныг үндэслэн Хан-Уул дүүргийн Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ийн аманд 1,01 га газрыг 5 жилийн хугацаатай олгосон байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж тус тус заасан байна. 

Гэтэл хариуцагчийн зүгээс хуульд заасан журмын дагуу 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар манай компанийн ашиглах эрхийн гэрчилгээ бүхий газрыг хэсэгчилэн цуцалсан талаар мэдэгдээгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдэд гомдол гаргах боломжоор хангаагүй хэрнээ 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-д маргаан бүхий захиргааны актад хамаарах газарт давхцуулан газар олгосон нь үндэслэлгүй байна. 

4. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаал нь манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээтэй 2 га талбай бүхий газраас хуульд заасан ямар үндэслэлээр 1,2 га талбай бүхий хэсгийг салган цуцалсан нь тодорхой бус, Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд газар ашиглах эрхийг хэсэгчлэн цуцлах тухай талаарх зохицуулалт байхгүй, цуцлагдсан гэх 1,2 газар нь манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээ бүхий 2 га газрын аль хэсэг болох нь тодорхойгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны акт болно. 

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасны дагуу илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байдаг. Үүнээс үзвэл илт хууль захиргааны актын үндсэн дээр маргаан бүхий газарт давхардуулсан олгосон буюу “Б” ХХК-д олгосон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/321 дугаартай тушаал нь хууль бус захиргааны акт байна. 

Иймд нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг дараахь байдлаар өөрчилж байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тухай А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.  

Нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг өөрчилсөнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн дараах байдлаар тодорхойлж байна. 

1. Байгаль орчин, ногоон хөгжил, ачлал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 

2. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тухай А/321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Тав. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой тайлбартаа: 

“Ж” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Н*******ийн аманд 1.2 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасныг үндэслэн газар ашиглах гэрээ бүртгэгдээгүй төлбөр тогтоох боломжгүй ногдуулалт хийгээгүй тул газар ашиглах эрхийг цуцалсан.

Нэгэнт газар ашиглах эрхийг дуусгавар болгосон тул Төрийн захиргааны төв байгууллагаас эрх хэмжээнийхээ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан, 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргааны ... саналыг үндэслэн гаргана” гэж заасныг үндэслэн “Б” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайд газар ашиглах эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

Зургаа. Гуравдагч этгээд “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийн талаар: 

Нэхэмжлэгч нь Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Хан- Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар нутаг, н*******ийн ам гэх нэртэй газар 2 га талбайг ашиглах эрхийг анх олж авсан гэх боловч хэрэгт цугларсан баримтаас үзвэл 2004 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Байгаль орчны яам Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 1/******* дугаар гэрчилгээг авч, мөн оны 06 дугаар сарын 25-ны өдөр 115 дугаар Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг 5 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд газар 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 043 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар “...Гурвалсан гэрээний хугацаа дуусаж байгаа тул зохих журмын дагуу гэрээг сунгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү...” гэх хүсэлтийг гаргасныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийн дагуу гэрээг сунгаж 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 2009/1-******* тоот Газар ашиглах гэрээг мөн 5 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон байна. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь газар ашиглаж байх хугацаандаа Газрын тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиуд болон Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга нартай байгуулсан газар ашиглах гэрээгээ удаа дараа зөрчиж байсан болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

а/ Газрын төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй:

Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 2, Газар ашиглах гэрээний нэг дэх хэсгийн 7-д тус тус заасны дагуу газрын төлбөрийг Хан-Уул дүүргийн Газрын албанд улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн боловч 2012 оны 03 дугаар сараас өнөөдрийг хүртэл газрын төлбөрийг төлөөгүй болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа болно. 

Нэхэмжлэгчийн гаргасан энэхүү үйлдэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан газар ашиглах эрхийг цуцлах хангалттай үндэслэл болж байна. Иймээс хариуцагч байгууллага Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрыг цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

б/ Газрыг зориулалтын дагуу ашиглаагүй Газар эзэмших, ашиглах эрх бүхий иргэн, аж ахуй нэгж байгууллага нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2, 39 дүгээр зүйлийн 1.1-д заасныг тус тус зөрчиж аялал жуучлалын зориулалтаар ашиглалгүйгээр БНСУ-ын иргэн К түүний компани болох “С ко” ХХК-д Монгол Улсынхаа газрыг дур мэдэн ашиглуулж байгаа энэхүү хууль бус үйлдлээс үзэхэд нэхэмжлэгч газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймээс хариуцагч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан шийдвэрийг буруутгах боломжгүй байна. 

Мөн нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн байна. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үйл баримтаас дүгнэвэл нэхэмжлэгч газар ашиглах эрхийг нь цуцалсан тухай тушаалыг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр олж мэдсэн байх бөгөөд энэ тохиолдолд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасан 10 хоногийн дотор өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байсан боловч хуульд тусгайлан заасан зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох харагдаж байна. 

Өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар маргаан бүхий захиргааны акт Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7-д  заасан илт хууль бус байх актын шинжийг агуулаагүй байна. 

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар актын нэхэмжлэгч “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

2. “Б” ХХК-д Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар Н*******ийн ам гэх нэртэй газар 1,01 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах гэрчилгээг хүчингүй болгуулах тухай шаардлагын талаар: 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч маргаан бүхий газарт 1.01 га газрыг “Б” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрхийг олгохдоо бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцуулж олгосон мэтээр тодруулбал нэхэмжлэгчийн өөрийнх нь ашиглаж буй газартай давхцуулан газар олгосон мэтээр тайлбарлаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

“Б” ХХК-ийн ашиглаж буй Хан-Уул дүүргийн нутаг Богдхан Уулын дархан цаазат газрын харьяа, Богдхан Уулын Н*******ийн аманд 1,01 га газар нь өнөөдрийн байдлаар бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай хэсэгчлэн болон бүхэлдээ давхацсан зүйл огт байхгүй бөгөөд хариуцагчаас хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах эрх олгосон Газрын тухай хууль болон Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр “Б” ХХК-д олгосон 20154******* дугаартай улсын тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Долоо. Гуравдагч этгээд А итгэмжлэгдсэн төлөөлөгч Я шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

Монгол Улсын иргэн А нь БНСУ-ын иргэн К тай байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутагт орших Н*******ийн задгай гэх газарт байрлах 2 га ашиглах эрхтэй /“ Ж” ХХК-ийн/ газарт байрлах дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэн авч, 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ гарч хууль ёсны өмчлөгч болсон болно. Үүнд: 

Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Н*******ийн зам гудамж, .... дугаартай барилгын ... тоот хаягт байршилтай 396,75 м.кв, ... тоот хаягт байршилтай 373,5 м.кв, ... тоот хаягт байршилтай 396,75 м.кв, ... тоот хаягт байршилтай 373,5 мкв талбай бүхий аялал жуулчлалын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө юм. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Ж” ХХК-ийн ашиглах эрхтэй 2 га газрын 1,2 га-д ногдох хэсгийг “үйл ажиллагаа явуулаагүй”, “газрын төлбөр хугацаанд нь төлөөгүй” үндэслэлээр цуцалж, “Газар ашиглах тухай гэрээ”-г цуцлахаар шийдвэрлэсэн байна.

Сайдын А/236 дугаар тушаал нь 2 га ашиглах эрхтэй газрын 1,2 га-д холбогдох хэсгийг цуцалж байгаа нь дор дурдсан ойлгомжгүй нөхцөл байдлыг бий болгосон байна. Үүнд: 

2 га бүхэлдээ нэг эрхийн гэрчилгээтэй байхад хэсэгчилж хүчингүй болгох боломжтой эсэх, хэсэгчилж хүчингүй болгосон бол үлдэх 0,8 га-д хамаарах хэсгийн гэрчилгээ тусдаа гарсан эсэх, гэрчилгээ гараагүй бол 0,8 га-д хамаарах гэрчилгээ нь хүчинтэй хэвээр үлдэх боломжтой эсэх, Сайдын тушаал /захиргааны актын хүрээнд/-аас 1,2 га газар нь аль болох нь тодорхой бус байхад 2 га газрын аль хэсэгт хамаарах 1,2 га газар гэж ойлгож актыг хэрэгжүүлэх эсэх, 

Захиргааны акт /талуудад мэдэгдсэн актын хүрээнд/-ын хүрээнд 1,2 га газрыг нь хэрхэн тодорхойлох вэ, 2 га газрын 0,8 га газарт халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бол 1,2 га газарт хамаарах хэсэгт халдах хуульд заасан үндэслэл байсан эсэх зэрэг эдгээр тодорхой бус нөхцөл байдлууд нь сайдын тушаалыг “утга агуулгын илэрхий алдаатай”, “тушаалыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг нөхцөл байдлыг бүрдүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай”, мөн хуулийн 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” зэрэг үндэслэл бүрдсэн байна. 

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.7, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасны дагуу Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-ийн н*******ийн задгайн 1,2 га газрын ашиглах эрхийг цуцалсан хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ж” ХХК-иас шүүхэд 

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах тухай” А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, 

- Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ. 

Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо. Үүнд: 

Нэхэмжлэгч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т зааснаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно” гэсэн учир маргаан бүхий актыг хэзээ мэдсэн, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй болно. 

Нэг. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-ийн газар ашиглах эрхийг цуцлахдаа үндэслэл болгосон Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол газар эзэмших эрх дуусгавар болно” гэх заалтын тухайд:

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь 2004 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 115 дугаар “Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай” гурвалсан гэрээг 5 жилийн хугацаатай байгуулснаар мөн оны 7 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Байгаль орчны яамнаас Улсын тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах тухай 1/******* дугаар гэрчилгээг авчээ.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2009 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 43 дугаар албан бичгээр “...Гурвалсан гэрээний хугацаа дуусаж байгаа тул зохих журмын дагуу гэрээг сунгаж бидний ажилд гүн туслалцаа үзүүлнэ үү...” гэх хүсэлт гаргасныг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2009 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийн дагуу гэрээг сунгаж, 12 дугаар сарын 07-ны өдөр 2009/1-******* тоот Газар ашиглах гэрээг 5 жилийн хугацаатай байгуулснаар гэрээний хугацаа 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсон. 

Гэвч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах үүргээ биелүүлээгүй болох нь “Ж” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлтийг Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд хүргүүлснээр, хариуцагчийн 2017 оны 12 дугаар сарын 10/7596 тоот албан бичигт “...2009/1-******* тоот гэрээ сунгагдаагүй” гэх тодорхойлолт зэргээр нотлогддог. 

Үүнийг нэхэмжлэгч Богдхан уулын дархан цаазат газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2014 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01 тоот “Зөрчил арилгах тухай” албан шаардлага ирсэн, шийтгэврийн хуудас бичигдсэн учир хуульд заасан хугацаанд газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт өгөх боломжгүй байсан гэх тайлбарыг шүүх харгалзан үзэх боломжгүй байна. 

Учир нь Улсын байцаагчийн албан шаардлагад “...зөрчил дутагдлыг арилгаж, 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу ирүүлэхийг шаардсан, шийтгэврийн хуудсаар ногдуулсан торгуулийг 15 хоногийн дотор төлөхийг үүрэг болгосон” байна. Энэ нь хууль журамд заасан үүргээ биелүүлэх, зөрчил дутагдлаа арилгаад газар ашиглах эрхийн хугацаагаа сунгуулах хангалттай буюу гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө  хийгдсэн шалгалт бөгөөд шалгалтын үр дүнд улсын байцаагчийн албан шаардлага бичигдэж, торгууль төлбөр төлөх болсон нь гэрээний хугацаагаа сунгуулах хүсэлт өгөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм. 

Мөн хэрэгт “Ж” ХХК-ийн 2015 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 06 тоот албан бичгээр хугацаа сунгуулах хүсэлт, 2016 оны 07  дугаар сарын 20-ны өдрийн 2016/1-******* дугаартай газар ашиглах гэрээ бичгэн хэлбэрээр авагдсан хэдий ч эрх бүхий байгууллагаас уг хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэдгээ илэрхийлсэн, 2016/1-******* дугаартай газар ашиглах гуравласан гэрээг гэрээний талууд харилцан тохиролцож, албан ёсоор баталгаажуулж байгуулаагүй тул түүнийг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэх боломжгүй учир нэхэмжлэгчийн газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. 

Хоёр. Маргаан бүхий А-236 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэх заалтын тухайд: 

Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө”, 35 дугаар зүйлийн  35.3.3-д “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх”, Газар ашиглах 2004 оны 115, 2009 оны 2009/1-******* тоот гэрээнүүдийн нэг дэх хэсгийн 6-д “газрын төлбөр бүгд 5280000.0 төгрөг”, 7-д “улирал бүр тэнцүү хэмжээгээр улиралд 1320000.0 төгрөг төлнө” гэж тус тус заасны дагуу газрын төлбөрийг нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Газрын албанд 2004 оноос хойш улирал бүр тэнцүү хэмжээгээр төлөх үүргийг хүлээсэн.

Шүүхээс төлбөр төлсөн байдлыг Хан-Уул дүүргийн Газрын албанаас лавлахад 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 13/852 тоот албан бичгээр “2004, 2009, 2011, 2012 оны нэхэмжлэгчийн төлбөрийг “П” ХХК-ийн нэрээр”, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 13/1316 тоот албан бичгээр нэхэмжлэгчийг “2015 оны 06 дугаар сараас хойш төлбөр төлөөгүй”, 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 13/1384 тоот албан бичигт “нэхэмжлэгчийн 2,0 га газрын төлбөрт тус албаны Улаанбаатар банк 2603007906 тооот дансанд 2009 оны 10 дугаар сараас одоог хүртэл газрын төлбөр төлөөгүй” гэх зөрүүтэй тодорхойлолтуудыг ирүүлсэн.

Нэхэмжлэгч “П” ХХК-ийг үүсгэн байгуулагч эзэмшигч Э нь “Ж” ХХК-ийн 51 хувийг эзэмшдэг учир газрын төлбөрийг төлсөн” гэж тайлбарладаг хэдий ч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А-338 дугаар “Газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” тушаалын хавсралтын 7-д “П” ХХК-д Зайсангийн аманд 0,2 га”, 32-д “П” ХХК-д Н*******ийн задгайд 1,85 га газрыг тус тус аялал жуулчлалын зориулалтаар олгосон” байх тул Хан-Уул дүүргийн Газрын албаны тодорхойлолт дурдагдсан төлбөр нь “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2,0 га газрын төлбөр үү? өөрт ашиглах эрхээр олгогдсон дээрх газруудын төлбөр үү? гэдгийг нарийвчлан хариуцагчийн зүгээс тогтоох шаардлагатай. 

Хоёр. Мөн маргаан бүхий А-236 дугаар тушаалын үндэслэх хэсгийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх заалтын тухайд:

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигч, ашиглагчийн эрх үүргийг “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах, нөхцөл болзлыг биелүүлэх, газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, мөн Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар баталсан “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ын тавдугаар зүйлийн 5.1-д “газар ашиглагч нь төсөлд зааснаас бусад үйл ажиллагаа явуулах, шинээр барилга байгууламж барих зэрэг ашиглалтын зориулалтыг өөрчлөх”, 5.2-д “ашиглаж байгаа газраа зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, түрээслүүлэх, дамжуулан ашиглуулах”, 5.3-д “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн горимоор хориглосон, байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах“-ыг хориглон хуульчилж, журамласан байна. 

Хариуцагчаас нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа “Ж” ХХК эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр ашиглалтын газраа бусдад шилжүүлэн, дамжуулан ашиглуулж, үл хөдлөх эд хөрөнгө бариулсан нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглаагүй нь цуцлах шалтгаан болсон эсэх, эсхүл ямар нэг объект бариагүй, ашиглаагүй гэх шалтгаанаар үлдсэн хэсгийг хүчингүй болгосноор гуравдагч этгээд “Б” ХХК-д сайдын 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А-321 дүгээр тушаалаар 1,01 га газрыг ашиглуулах эрх олгосон эсэх нь тодорхойгүй. 

Хариуцагч Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан бүрэн эрхийн хүрээнд газар ашиглах эрхийг дуусгавар болгох эрхийг хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгагдсан эсэх, төлбөр төлсөн байдал тодорхой биш, газрыг зориулалтаар ашиглаагүй гэх нөхцөл байдлуудыг тодруулаагүй, нэхэмжлэгчийн тайлбар өгөх боломжийг олголгүйгээр “Ж” ХХК-ийн ашиглах эрх бүхий 2,0 га газрын аль хэсгийг зориулалтын дагуу ашиглаагүй гэж ямар шалтгааны улмаас буруутгаж 1,2 га талбай бүхий газрын эрхийг хэсэгчлэн цуцалсан нь ойлгомжгүй.

Гурав. Нэхэмжлэгч “Ж” ХХК-д анх ямар шийдвэрийн дагуу ямар хэмжээтэй газрыг ашиглуулах эрх олгосныг хариуцагч өөрийн эрх хэмжээний хүрээнд тодруулах шаардлагатай. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Байгаль орчны сайдын 2002 оны 182 дугаар тушаалаар Хан-Уул дүүрэг, Богдхан Уулын дархан цаазат газар нутаг, Н*******ийн ам гэх нэртэй газар 2 га талбайг ашиглах эрхийг анх олж авсан гэх боловч хариуцагчийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 10/7038 тоот албан бичигт “...нэхэмжлэгчид газар ашиглах эрх олгосон сайдын тушаал гарч байгаагүй” гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн. 

Харин газар ашиглах эрх олгосон 2004, 2009, 2016 /баталгаажуулаагүй/ оны гэрээнүүдэд нэхэмжлэгчийн ашиглах газрын хэмжээг 2,0 га гэж тодорхойлсноор Газар ашиглах эрхийн гэрчилгээний хавсралт болон дээрх гэрээнүүдэд тухайн газрын байрлал, хилийн зааг, захын цэгүүдийн солбицлыг 

1. 47 50 57.43  106 49 41.16 

2. 47 51 02.55  106 49 33.71

3. 47 51 033.73  106 49 36.53

4. 47 50 59.29  106 49 41.58

5. 47 50 56.25  106 49 44.35 гэж бичигдсэн. 

Энэ захын цэгүүдийн солбицол ямар нэг байдлаар Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын захиргаанаас өөрчлөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогддог боловч 2004 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн эдэлбэр талбайн хил хязгаарын цэгүүдийн солбицол тодорхойлсон тухай акт, “Л М ” ХХК-ийн 2008 онд үйлдсэн кадастрын зураглал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ирүүлсэн газрын байршлын зурган мэдээлэл, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 1/664 тоот албан бичгээр ирүүлсэн “Ж” ХХК-ийн тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 1/******* тоот гэрчилгээний хавсралт дахь солбицлыг байршил харуулсан зураглал зэргүүдээс харахад байршлын хэлбэр янз бүр, мөн талбайн хэмжээ 20000 мкв, 13161 мкв гэж зөрүүтэй тодорхойлогдсон. 

Үүнээс үзэхэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Ж” ХХК-д анх ямар шийдвэрийн дагуу ямар хэмжээтэй талбайг ашиглуулахаар олгосон нь тодорхойгүй нөхцөл байдлууд илэрлээ. 

Иймд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-321 дүгээр тушаалын “Б” ХХК-д тус тус холбогдох хэсгүүдийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол маргаан актууд хүчингүй болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйл, 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 36 дугаар зүйлийн 36.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэ акт гаргах хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-321 дүгээр тушаалын “Б” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А-236 дугаар тушаалын “Ж” ХХК-д, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн “Газар ашиглах эрх цуцлах, газар ашиглах зөвшөөрөл олгох тухай” А-321 дүгээр тушаалын “Б” ХХК-д тус тус холбогдох хэсгүүд хүчингүй болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА