Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2022/0270

 

 

 

 

 

 

 

 

                   С.Мын нэхэмжлэлтэй

                                                 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц,

Нэхэмжлэгч: С.М,

Хариуцагч: Завхан аймгийн Төрийн аудитын газар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”,

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,

Хэргийн индекс: 118/2022/0004/З,

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч  С.М нь Завхан аймгийн Төрийн аудитын газарт холбогдуулан “Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4, 47.1.5, 47.1.7, 103 дугаар зүйлийн 103.2-т тус тус заасныг баримтлан С.Мын “Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож”, 2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шүүх “С.Мын нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Төрийн аудитын газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ц онлайнаар оролцсон ба шүүх хуралдаан даргалагчийг танилцуулж, татгалзан гаргах эрхтэйг тайлбарлаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хүсэлт гаргах эрхийг дурдаж, шүүгчээс татгалзах хүсэлт гараагүй тул хэргийг хэлэлцэж эхэлсэн ба шүүх хуралдааны мэтгэлцээний явцад “шүүх хуралдаан даргалагчаас татгалзаж байна” гээд өөрийн цахим төхөөрөмжөө салгаж шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг зөрчиж, шүүх хуралдааныг тодорхойгүй байдлаар орхиж гарсан” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь миний бие шүүх хуралдааны явцад Төрийн аудитын газраас Үндэсний аудитын газарт ирүүлсэн 2021 оны 1302/573 дугаар албан бичиг, мөн аудитын хяналт шалгалт хийх төлөвлөгөө, хөтөлбөрийг гаргуулах, хариуцагч Завхан аймгийн Төрийн аудитын газрын итгэмжлэлийг хуулийн шаардлага хангуулах тухай хүсэлтүүдийг гаргасан. Дээрх хүсэлтээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П нь “шаардлагатай гэвэл тухайн нотлох баримтуудыг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй” гэсэн. Мөн шүүгчээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтэд дурдагдсан Үндэсний аудитын газрын 2021 оны 1302/573 дугаар албан бичгийн талаар тодруулахад “дээрх албан бичиг архивд хадгалагдаж байгаа гаргаж өгөх боломжтой” гэсэн, шүүгч “тус нотлох баримтыг хэрэгт өгөөгүй юм уу” гэдэг тайлбарыг хэлсэн ба шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Миний зүгээс шүүх хуралдааны явцад 3 хүсэлт гаргасан бөгөөд шүүгч хүсэлтийг шийдэхээр шүүх хуралдааныг завсарлахдаа 35 гаруй минут зөвлөлдөх тасалгаанд завсарласан бөгөөд ингэхдээ зарим хүсэлтийг хангахаас татгалзаж, зарим хүсэлт буюу Үндэсний аудитын газрын 2021 оны 1302/573 дугаар албан бичгийг хариуцагчаас гаргуулах тухай хүсэлтийг шийдэлгүй орхигдуулсан. /Шүүх хуралдааны бичлэгт тусгагдсан/.

3.2. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тул шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзаж байгаа тухайгаа амаар хэлж, энэ тухай хүсэлтээ тус шүүхийн Ерөнхий шүүгчид бичгээр гаргаж өгнө гэдгээ хэлээд хурлаас гарсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг шүүгч гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шийдвэрлэнэ” гэж хуульчилсан бөгөөд хуульд заасны дагуу тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид татгалзан гаргах тухай хүсэлтээ бичгээр гаргасан. Миний бие онлайнаар шүүх хуралдаанд оролцсон бөгөөд шүүгч Ч.Ц-Ооос татгалзан гарах тухай хүсэлтээ шүүх хуралдаанд амаар гаргаад, даруй Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид бичгээр гаргасан. Тус шүүхийн Ерөнхий шүүгч “... тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгч Ч.Ц-Оыг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлгүй” гэж дурдаад 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 07 дугаар “Шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамж гаргаж и-мэйлээр явуулсан байна. Гэтэл Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох”, мөн хуулийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тус тус заасныг зөрчсөн үйлдэл гаргасан бөгөөд шүүгч Ч.Ц-О нь Ерөнхий шүүгч бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх байсан асуудлыг дур мэдэн, хуулийн илт тодорхой заалтыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3.3. Шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Шүүх хуралдаан даргалагчийг зарлан, ... шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана”, 94.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, 85 дугаар зүйлийн 85.1-д “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогчийн төлөөлөгч гаргаж болно” гэж заасан ба ингэхдээ тус хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлах үед хүсэлтээ гаргахаар байна” гэжээ. Гэтэл мөн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан, 85 дугаар зүйлд татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх журмыг тусгасан бөгөөд 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж хуульчилсан.

3.4. Мөн шүүхээс “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдож “шүүх хуралдаанд холбогдох, шүүх хуралдааны дэг, журмыг баримтлах, шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ шүүх хуралдаанд гаргахыг” хэлүүлсэн боловч шүүх хуралдаанд холбогдоогүй ба шүүх хуралдааны дэг, дараалал, журам зөрчиж шүүгчээс татгалзах эрхийг тайлбарлах үед гаргаагүй, татгалзлыг шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд гаргасныг хүлээн авч хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, шүүх шийдвэрээ гаргасан” гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *** дугаараар холбогдож “шүүгч таныг интернетийн хурдаа сайжруулахгүй бол тасалдаад байна, интернетийн хурдаа сайжруулаад хуралдаа оролцоорой” гэдэг зүйлийг л хэлсэн бөгөөд шүүхийн шийдвэрт “шүүх хуралдааны дэг, журмыг баримтлах, шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ шүүх хуралдаанд гаргахыг хэлүүлсэн” гэж дурдсан байгаа нь үндэслэл бүхий болоогүй бөгөөд бодит байдалтай нийцээгүй. Түүнчлэн “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй утсаар холбогдож “шүүх хуралдаанд холбогдох, шүүх хуралдааны дэг, журмыг баримтлах, шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ шүүх хуралдаанд гаргахыг” хэлүүлсэн боловч шүүх хуралдаанд холбогдоогүй” гэж дурдсан байгаа нь шүүх хуралдаанд шүүгчээс татгалзах үндэслэл бүхий хүсэлтээ гаргаагүй мэт ойлгогдож байна. Мөн “шүүх хуралдааны дэг, дараалал, журам зөрчиж шүүгчээс татгалзах эрхийг тайлбарлах үед гаргаагүй татгалзлыг шүүх хуралдааны мэтгэлцээний үе шатанд гаргасныг хүлээн авч хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж татгалзал гаргахыг хэлүүлсэн боловч шүүх хуралдаанд холбогдоогүй гэж дурдсанаа үгүйсгэсэн, хоорондоо уялдаагүй, агуулгын хувьд авцалдахгүй байдлаар шийдвэртээ дурдсан байна.

3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие шүүх хуралдааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д “Хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, эсхүл уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэж заасан үндэслэл бүхий эргэлзээ төрсөн тул шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлтээ амаар гаргаж, энэ тухай хүсэлтээ мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.4-д “Хэд хэдэн болон хэргийг дангаар шийдвэрлэх шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчид бичгээр гаргасан.

3.6. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “Захиргаан ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ”, 103.2-т “Энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцна” гэж заасны дагуу Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.М нь иргэн М.А, Ц.Н нарт Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн цалингийн зардлаас олгогдсон 9.588.316 төгрөгийн нөхөн олговрыг /төрд учирсан хохирол/ тэдгээрийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөх тушаал гаргасан Соёл урлагийн их сургуулийн захирал болон тус сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар төлүүлэх үүргийг хариуцахаар байна” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 14-д “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-д заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус зааснаар шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан гэм буруутайг тогтоосон шүүхийн шийдвэр гаргаагүй байхад буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллах боломжгүй.

3.7. Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7, Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна” гэж заасныг зөрчиж гэм буруутай албан хаагчаар буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгасан хуулийн заалтад нийцэхгүй байна. Манай сургуулийн гаргасан үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжуудад нийцүүлэн тушаал шийдвэрээ гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш байхад хууль зөрчсөн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасанчлан Соёл урлагийн их сургуулийн гаргасан тушаал нь шууд санаатай үйлдэл биш бөгөөд тус ажилтнууд буюу Ц.Н, М.А нар удаа дараа сахилгын зөрчил гаргасан байсан зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрлэж тухайн ажилтнуудыг ажлаас нь чөлөөлсөн.

3.8. Соёл урлагийн их сургуулийн “Хөдөлмөрийн дотоод журам”-д “Ажилтны гаргасан сахилгын зөрчлийн талаар тэмдэглэл үйлдэж баталгаа болгох бөгөөд сахилгын зөрчлийг давтан гаргасан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачлагаар цуцална” гэж заасан. Боловсролын тухай хуулийн 33.2-т “Захирал, эрхлэгч нь сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ”, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д “Захирал нь энэ хуулийн 12 дугаар үйл ажиллагаа удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана”, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” гэж тус тус хуульчилсан эрх хэмжээний хүрээнд ажилтан М.А болон Ц.Н нарт холбогдуулан ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан тушаал гаргаж ажилласан нь хууль зөрчөөгүй гэж тайлбарласаар байтал шүүхээс тайлбарт үндэслэсэн дүгнэлтийг хийгээгүй байгаад гомдолтой байна.

3.9. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Үүнд:

3.1. С.М нь “Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, уг албан шаардлагаар “Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар ажиллаж байсан М.Ат Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр биелүүлэх мэдэгдлийн дагуу ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 3,588,316 төгрөгийг, сургалтын албаны менежерээр ажиллаж байсан Ц.Нд Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговорт 6,000,000 төгрөгийг тус тус цалингийн зардлаас олгож төсвийг зориулалт бусаар зарцуулсан нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д тус тус заасантай нийцээгүй гэж үзээд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т тус тус заасныг үндэслэн дээрх 2 албан хаагчид олгосон 9,588,316 төгрөгийн төрд учирсан хохирлыг гэм буруутай албан хаагчаар буцаан төлүүлэх арга хэмжээ авч ажиллах, албан шаардлагын биелэлтийг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн дотор гаргаж, Завхан аймаг дахь Төрийн аудитын газарт ирүүлэхийг Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.Мд даалгажээ”.

3.2. Соёл урлагийн их сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/266 дугаар тушаалаар М.Аийг Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн, тус сургуулийн Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Б/66 дугаар тушаалаар сургалтын албаны менежер Ц.Нг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн боловч холбогдох шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2 албан хаагчид 9,588,316 төгрөгийн нөхөн олговор олгосон, эдгээр үйл баримттай талууд маргаагүй.

3.3. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэхээр, 103.2-т зааснаар энэ хуулийн 103.1-д заасан гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар тодорхой хуульчилсан байхад анхан шатны шүүх “...Соёл урлагийн их сургуулийн дотоод аудитор С.М нь иргэн М.А, Ц.Н нарт Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн цалингийн зардлаас олгогдсон 9,588,316 төгрөгийн нөхөн олговрыг тэдгээрийг ажлаас үндэслэлгүй чөлөөлөх тушаал гаргасан Соёл урлагийн их сургуулийн захирал болон тус сургуулийн салбар Завхан аймаг дахь Хөгжим бүжгийн коллежийн захирлаар төлүүлэх үүргийг хариуцахаар байна” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

3.4. Учир нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д төсвийн шууд захирагч нь батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т захирал, эрхлэгч нь Сургуулийн өмнөх боловсролын тухай, Бага, дунд боловсролын тухай, Дээд боловсролын тухай болон Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэхээр, Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-д захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнахаар, Хөдөлмөрийн тухай хууль /1999 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй байхаар тус тус заасан.

 3.5. Нэхэмжлэгчийн хувьд нэр бүхий 2 албан тушаалтныг ажлаас чөлөөлөх болон түүнтэй холбоотой аливаа шийдвэр гаргаагүй, сургууль, коллежийн захирлуудын буруутай шийдвэрүүдийн улмаас төрд хохирол учирсан байх тул энэ тохиолдолд эдгээр буруутай албан тушаалтнуудаас төрд учирсан хохирлыг гаргуулах нь зөв. Харин Соёл урлагийн их сургуулийн дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгжид бус тус сургуульд ажилладаг дотоод аудитор С.Мд ийнхүү хариуцлага ногдуулах нь Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.2-т гэм буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх үүргийг тухайн захиргааны байгууллагын дээд шатны байгууллагын дотоод аудитын нэгж хариуцахаар заасантай нийцэхгүй.

3.6. Иймд маргаан бүхий 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлага нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д зааснаар хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.7-д зааснаар түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.

3.7. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг тодруулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хянаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчид тухайн захирамжид гомдол гаргах эрхийг олгоогүй боловч нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэх боломжтой, энэ тохиолдолд анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэхээргүй байна. Иймд энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.8. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 04 дүгээр захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ч.Ц-Оыг албажуулсан, 02 дугаар сарын 11-ний өдрийн шүүх хуралдааны явцад буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбартай холбоотой нэмэлт тайлбар байгаа эсэхийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тодруулахад тэрээр шүүгчээс татгалзах хүсэлтийг гаргасан байна. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө даргалагчаас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаарх хүсэлтээ илэрхийлээгүй /энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, уг тэмдэглэлд засвар оруулах, өөрчлүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргаагүй, нэхэмжлэгчийн гомдолд шүүх хуралдааны явцад шүүгчээс татгалзах үндэслэл бүхий эргэлзээ төрсөн талаар дурдсан/ тул шүүх хуралдаан үргэлжилж хэргийг хэлэлцэж эхэлсэн байх ба шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу шүүх хуралдааны явцад татгалзан гаргах хүсэлт гаргасныг хүлээн авалгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Ийнхүү шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3-д заасан үндэслэлээр шүүгч Ч.Ц-Ооос татгалзах хүсэлтээ амаар илэрхийлж, шүүх хуралдаан дууссаны дараа шүүгчээс татгалзах талаарх хүсэлтээ бичгээр гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн мөн өдрийн 07 дугаартай захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаарх гомдол үндэслэлгүй. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.7-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн асуудалтай нь холбогдуулан шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргахыг хориглохоор заасныг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүх холбогдох хууль тогтоомжийг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул дээрх үндэслэлүүдээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5, 47.1.7, 103 дугаар зүйлийн 103.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч С.Мын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Төрийн аудитын газрын 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01/01/ЗАА-2020/196/СТА-ТШЗ дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цгийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                      Д.БАТБААТАР    

ШҮҮГЧ                                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                           Н.ДОЛГОРСҮРЭН