Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/01431 дүгээр шийдвэртэй, Н.Жүрмэддоржийн нэхэмжлэлтэй, Ж.Анхбаярт холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 970 000 гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Н.Жүрмэддорж,

Хариуцагч Ж.Анхбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Даваасүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие хариуцагч Ж.Анхбаярын эхнэр П.Ариунзаяад 4 970 000 төгрөгийн барааг зээлээр 7 хоногийн хугацаатай өгөөд авч чадахгүй цагдаагийн байгууллагад хандахад нөхөр Ж.Анхбаяр нь өргөдлөө буцаачих, би өөрийн биеэр төлж барагдуулна гэж надтай гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй. Иймд Ж.Анхбаяраас гэрээний дагуу 4 970 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Анхбаяр миний бие Н.Жүрмэддоржоос 4 970 000 төгрөгийн гурил зээлээр аваагүй. П.Ариунзаяад 5.5 тонн гурил зээлээ өгсөн гэдэг боловч үнэн хэрэгтээ 5.5 тонн гурил байсан эсэх нь мэдэгдэхгүй. П.Ариунзаяагийн бие муудаад удаж байгаа, өгсөн авсан, өнөө маргаашийн зүйлийг санахгүй байгаа байдлыг нь далимдуулж тодорхой бус зүйлийг нэхэмжилж байхыг үгүйсгэхгүй. Хэнээс ямар хэмжээний бараа авсныгаа санавал, Н.Жүрмэддоржийн нэхэмжилсэн гурилыг авсан нь тодорхой болбол би өгнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл өмнөх зүйлээ санахгүй байгаа. Миний бие энэ хүнээс ямар нэгэн бараа зээлээр аваагүй, хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ж.Анхбаяраас 4 970 000 төгрөгийг гаргуулан Н.Жүрмэддоржид олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 94 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Анхбаяраас 94 470 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Шүүхээс хариуцагчийг болзол тавьж нэхэмжлэгчтэй хэлцэл хийсэн, уг болзол хангагдаагүй гэх үндэслэлийг гаргаж дүгнэлт хийсэн. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар уг хүсэл зоригийн илэрхийлэлийг нэхэмжлэгч хүлээн авснаар хүчин төгөлдөр гэж үзсэн. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эхнэрийнхээ өрийг шилжүүлэн авч түүний өмнөөс төлж барагдуулахаар үүрэг хүлээсэн, хариуцагч өр шилжүүлэн авах тухай хэлцэл хүчин төгөлдөр байх гэж үзсэн нь анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг буруу хэрэглэсэн.

П.Ариунзаяа нь нэхэмжлэгчээс гурил авах үедээ өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож, үйл ажиллагаагаа удирдах чадваргүй байсан нь шүүх, сэтгэц гэм судлалын 565 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож, П.Ариунзаяад холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр болон шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлт биш, дам нотлох баримт гэж үзэх нь үндэслэлгүй юм.

2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 565 тоот шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 13 хүртэл хугацаанд тухайн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, ажиглалт хийснээр дүгнэлтийг гаргасан.

Хариуцагч болон өмгөөлөгч нар нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдаанд ирж яваад гэрлэн дохион дээр зогсож байтал араас ирж байсан автомашин гулсан ирээд мөргөсний улмаас буюу хүндэтгэн үзэх шалтгаанаар хурлаас хоцорч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй.

Иймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.1.6, 56.1.10-д зааснаар талуудын байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Н.Жүрмэддорж нь хариуцагч Ж.Анхбаярт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4 970 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хойшлуулж, “Улаанбаатар гурил” ХХК-иас шүүгчийн захирамжид заасан 5 хуудас нотлох баримтуудыг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр шүүхэд ирүүлснийг хариуцагч талд танилцуулаагүй атлаа шүүх хуралдааныг түүний эзгүйд хийж, хэргийг шийдвэрлэсэн байна.                                                                                          /хх 56-60-р тал/

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасан хэргийн материалтай танилцах талаар зохицуулсан хэргийн оролцогчийн эрх зөрчигдсөн буюу талуудын тэгш байдлыг шүүх хангаагүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч Н.Жүрмэддорж нь 5.5 тонн гурилыг 4 970 000 төгрөгөөр П.Ариунзаяад худалдаж, төлбөрийг дараа төлөхөөр тохиролцсон боловч мөнгөө өгөхгүй байсан, нөхөр Ж.Анхбаяр нь төлбөр барагдуулах үүргийг түүний өмнөөс хүлээн авч, гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, гурил авсан үйл баримт камерын бичлэг болон утасны мэссежээр нотлогдоно гэж тайлбарлаж, гэрэл зургийн үзүүлэлтээр баримтжуулсан хэлбэрээр ирүүлсэн байх боловч уг цахим мэдээллийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэх ажиллагаа хийгдээгүй байна.                                                                                                      /хх 24-25-р тал/

Мөн Прокурорын байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу Д.Ариунзаяад эрүүгийн хэрэг үүсгэж, сэжигтнээр тооцсон болон хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол зэргийг ирүүлэхдээ уг хэрэгт хамааралгүй өөр этгээдэд холбогдох баримтуудыг хавсаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах эсэх талаар ажиллагааг явуулаагүй байна.                                                                                                   /хх 43-47-р тал/

Шүүх дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 184/ШШ2016/01431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 470 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА