Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 791

 

  

 

 

 

 

 

     2020          9           03                                   2020/ШЦТ/791 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч Г.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шангас овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 39 нстай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалтын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ___ дугаарын регистртэй, Шангас овогт Г-ын Б-.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62б байрны гадна байрлуулан тавьсан байсан Ю.Э-ийн эзэмшлийн “10-01” УБК улсын дугаартай Субару Порестер маркийн автомашины толийг хууль бусаар хагалж устгасан, урд талын копудыг хонхойлгож гэмтээсний улмаас 551,200 /таван зуун тавин нэг мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б- мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.Б-ын өгсөн:

“...Би 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 01-ийг шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо 62б байрны зогсоол дээр алхаж явахад нэг машин хажуугаар намайг дайрах шахаад гарсан. Тэгэхээр нь би уурлаад хүн дайрлаа шүү дээ гээд уг машиныг араас нь баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэгтэл тэр машинтай залуу бууж ирээд яаж байгаа юм гээд намайг зуурч аваад намайг нүүр лүү цохисон. Бид хоёр тэгээд маргалдаад ууралдаж байгаад би уур хүрээд баруун гарын тохойгоо уг машины толийг цохиход толь нь хагараад цуурсан тэгээд би шууд тоохгүй яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 62-63/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ю.Э-ийн өгсөн:

“...2019 оны 11 дүгээр сарын үед гэртээ орох гээд Баянгол дүүргийн 7 дугаар хороо 62/Б байрны гадаа өөрийн автомашинтайгаа явж байтал замын хажууд зогсож байсан эрэгтэй, эмэгтэй хоёрын эрэгтэй нь миний унаж явсан автомашины хойд тал руу шууд өшиглөөд авсан. Тэгээд тухайн хүнтэй маргалдаад автомашинаа байрлуулж тавиад гэртээ ороод маргааш өглөө нь гараад ирэхэд миний автомашины толь болон копут нь эвдэрсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан чинь өчигдөр орой маргалдсан манай байрны 67 тоотын оршин суугч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 53-54/,

 

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 27-28/,

- шилжүүлгийн мэдээллийн баримт /хх-н 72-74/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 43/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 62б байрны гадна байрлуулан тавьсан байсан Ю.Э-ийн эзэмшлийн “10-01” УБК улсын дугаартай Субару Порестер маркийн автомашины толийг хууль бусаар хагалж устгасан, урд талын копудыг хонхойлгож гэмтээсний улмаас 551,200 /таван зуун тавин нэг мянга хоёр зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Г.Б-ын “...Бид хоёр тэгээд маргалдаад ууралдаж байгаад би уур хүрээд баруун гарын тохойгоо уг машины толийг цохиход толь нь хагараад цуурсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ю.Э-ийн “...тухайн хүнтэй маргалдаад автомашинаа байрлуулж тавиад гэртээ ороод маргааш өглөө нь гараад ирэхэд миний автомашины толь болон копут нь эвдэрсэн байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан чинь өчигдөр орой маргалдсан манай байрны 67 тоотын оршин суугч байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Б-ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэргийн 27-28 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 72-74 дүгээр талд авагдсан шилжүүлгийн баримтуудаар дээрх хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Б-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Шангас овогт Г-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ