Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 816

 

 

 

 

 

 

 

   2020            9            15                                    2020/ШЦТ/816                                

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга С.Хонгорзул,  

улсын яллагч Б.Батнасан,

шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д-гийн Дад холбогдох эрүүгийн __ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт __ дугаарын регистртэй, Боржигон овогт Д-гийн Д.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны 213 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Б.Яд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, газар ухах зориулалт бүхий төмөр жоотуугаар толгойн дагз хэсэг болон мөр, бугалга хэсэг рүү цохиж, хохирогч Б.Ягийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, мөр, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохиол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Д мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Дын өгсөн:

“...Миний хувьд тухайн хэрэг гарсан өдөр их муухай авир гаргаж ээжийнхээ биед халдсан асуудалдаа маш их харамсаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй. Би өөрийн гаргасан үйлдлээ бүрэн ухамсарлаж ээж Б.Ягээс уучлалт гуйгаад бид хоёр эвлэрсэн. Надад өөр үйлдсэн хэрэг байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 55-56/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ягийн өгсөн:

“...Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны орой ажлаа тараад гэртээ хариад байж байтал 21:00 цаг өнгөрч байхад манай хүү гаднаас согтууруулах ундаа хэрэглэчихсэн байдалтай орж ирсэн. Манай гэрт Спанил үйлдэрийн тэжээвэр жижигхэн нохой байдаг бөгөөд тэр нохойг манай хүү орж ирээд шалны модоор цохиод, зодоод байхаар нь би чи яагаад нохой зодоод байгаа юм боль гээд хүүгийнхээ гартаа барьсан шалны модыг булаацалдаж байгаад бид хоёр гэрээс гарсан. Тэгээд бид хоёр гэрийн гадаа гараад би хүүгийнхээ гартаа барьсан шалны модыг булаан аваад байж байтал манай хүү хашаан доторх байшин түшүүлэн тавьсан нэг тал нь хугарчихсан, газар ухдаг жоотууг аваад над руу хүрч ирээд намайг цохих гээд далайсан. Тэр үед би бултсан чинь манай хүүгийн гартаа бариад намайг цохих гэж байсан жоотуу нь миний толгойн зүүн ард хэсэгт хальт шүргээд өнгөрсөн. Тэр үед би хүүгийнхээ байгаа газраас холдоод зугатах үед хүү маань нөгөө жоотуугаар дахиад намайг цохисон бөгөөд тэр нь миний баруун ар мөрийг цохиод доошоо буухдаа миний баруун гарын ар бугалга хэсэгт шүргэсэн.

Миний биед учирсан гэмтэлд одоогоор гарсан зардал гэх зүйл байхгүй би өөрөөр нь эдгээсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-гийн өгсөн:

“...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр өөрийн охин Б.А, ээж Б.Я нарын хамтаар гэртээ амарч байхад манай дүү Д.Д гаднаас цагийг нь тодорхой санахгүй байна, нилээн орой болчихсон байхад согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэр үед би өөрийн охиныг дагуулан шөнийн худаг руу ус авахаар дүүтэй зөрөөд гэрээс гараад явсан. Худгаас ус аваад гэр лүүгээ явж байтал манай ээж гэрээс гарчихсан гудамжинд манай охин бид хоёртой таарсан. Тэгэж таарахдаа манай ээжийн баруун гар нь цус болсон байдалтай таарсан бөгөөд юу болсон талаар асуутал ээж Д.Д юмаар толгой руу бас баруун мөр лүү цохьчихлоо гэж хэлсэн.

...түргэн ирж ээжийг үзчихээд тийм хүнд гэмтэл биш байна, даралт хэвийн байна, оёдол тавих шаардлага байхгүй бас ээжийн мөрийг харчихаад зөөлөн эдийн гэмтэл байна гэж хэлээд явсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,  

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8609 тоот: 

  1. Б.Я-н биед дагзны хуйханд шарх, мөр, бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

            5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 26-27/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 34/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 57/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 58/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Ард Аюушийн 7 дугаар гудамжны 213 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн эх Б.Яд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, газар ухах зориулалт бүхий төмөр жоотуугаар толгойн дагз хэсэг болон мөр, бугалга хэсэг рүү цохиж, хохирогч Б.Ягийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх, мөр, бугалгад цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохиол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Д.Дын “...Миний хувьд тухайн хэрэг гарсан өдөр их муухай авир гаргаж ээжийнхээ биед халдсан асуудалдаа маш их харамсаж байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Б.Ягийн “...манай хүү хашаан доторх байшин түшүүлэн тавьсан нэг тал нь хугарчихсан, газар ухдаг жоотууг аваад над руу хүрч ирээд намайг цохих гээд далайсан. Тэр үед би бултсан чинь манай хүүгийн гартаа бариад намайг цохих гэж байсан жоотуу нь миний толгойн зүүн ард хэсэгт хальт шүргээд өнгөрсөн. Тэр үед би хүүгийнхээ байгаа газраас холдоод зугатах үед хүү маань нөгөө жоотуугаар дахиад намайг цохисон бөгөөд тэр нь миний баруун ар мөрийг цохиод доошоо буухдаа миний баруун гарын ар бугалга хэсэгт шүргэсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-гийн “...Худгаас ус аваад гэр лүүгээ явж байтал манай ээж гэрээс гарчихсан гудамжинд манай охин бид хоёртой таарсан. Тэгэж таарахдаа манай ээжийн баруун гар нь цус болсон байдалтай таарсан бөгөөд юу болсон талаар асуутал ээж Д.Д юмаар толгой руу бас баруун мөр лүү цохьчихлоо гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 8609 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Д.Дад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Д.Дыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Хэргийн хохирогч Б.Ягийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 Хавтаст хэрэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримт авагдаагүй, хохирогч Б.Я нь “...Миний биед учирсан гэмтэлд одоогоор гарсан зардал гэх зүйл байхгүй би өөрөөр нь эдгээсэн байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Дад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүдэгчийн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.  

 

Шүүхээс шүүгдэгч Д.Дад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Жоотуу 1 ширхэгийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д-гийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дад 600 /зургаан зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг жоотууг устгахыг Эд мөрийн баримт устгах комист даалгасугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ