Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 787

 

 

 

 

 

 

 

     2020          9            02                                    2020/ШЦТ/787

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

  шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,

  шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Талибар овогт Ө-ын М,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хорчид овогт Ц-ын У нарт холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 2 хавтас хэргийг 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 28 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эхнэрийн хамт ___ дугаарын регистртэй, Хорчид овогт Ц-ын У.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт ___ дугаарын регистртэй, Талибар овогт Ө-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Ц.У, Ө.М нар нь Х.Э-тэй бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 2 дугаар гудамжинд Г.Д-ийг хавсарч унагаан, гэдэс рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 84,000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.М нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Н.А-ыг түлхэж унагаан хүч хэрэглэж, Хуавэй Р10 загварын гар утсыг дээрэмдэн авч 297,200 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ө.М нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бичил нэртэй цайны газарт Э.Э-гийн эзэмшлийн “Самсунг эс 8” маркийн гар утсыг утсаар яриулаач гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг залилан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.У мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Уын өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд М, Э- нарын хамт гурвуулаа байж байхад гартаа пиво барьсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Э- тэнд нэг согтуу хүн явж байна цохьчих уу гэхээр нь М бид хоёр тэгье тэгье гээд зөвшөөрөөд хамт очсон. Тэгээд би эхэлж очоод хавсарч унагаасан. Тэр хүнийг унангуут нь Э- 2-3 удаа өшиглөсөн. Харин М гар утсыг нь авсан. Э-, М бид 3 тухайн үед санаа зорилго нэгдээд хохирогч Г.Д-ийг цохиж дээрэмдсэн юм...” гэх мэдүүлэг /1-р хх-н 78-79/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Х.Э-гийн өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд М, У нарын хамт гурвуул байж байсан чинь гартаа пиво барьчихсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Өнгөрөхдөө өдий жаахнаасаа архи уугаад архичин пицтанууд гэхээр нь У араас нь очоод хавсарч унагаагаад унахаар нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд М гарт нь байсан утсыг нь булааж аваад бид 3 зугтсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 84-85/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ө.Мы өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд У, Э- нарын хамт гурвуулаа согтуу байж байсан чинь нэг согтуу хүн явж байсан. Тэгэхээр нь би тэнд нэг согтуу хүн ирж байна гурвуулаа цохиод утсыг нь авчих уу гэсэн чинь тэр хоёр тэгье гэсэн. Тэгээд У очоод шууд заамдаж аваад татаад унагаачихсан. Тэгээд Э- араас нь очоод гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэнгүүт би гарт нь байсан утсыг нь авсан. Тэр утас нь Самсунг жи-7 маркийн гар утас байсан.

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гадуур архи уудаг хүмүүстэй архи ууж байгаад 13 цагийн орчимд ганцаараа Саппоро орчимд архи ууж явж байгаад эргээд Хархорин зах орж архи олж ууя гээд замын урд талаар алхаад явж байтал Хархорин захын гүүрний орчимд үл таних 15-20 орчим насны туранхай биетэй, ягаан өнгийн цамцтай эмэгтэй хүн утсаар ярьчихсан явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би өөрт мөнгөгүй байсан учраас амар хялбар аргаар мөнгөтэй болъё гэж бодоод уг хүүхдийг гар утсыг араас утсаар ярьж байхад нь булааж аваад зугатаасан. Ингээд зугатааж гүйгээд явган гарцаар зам гарах гээд явж байгаад араас цагдаа нар гарч ирээд тэгээд би шууд баригдсан юм.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Б-ийн найз болох Э-гийн ажилладаг Бичил гэх нэртэй цайны газарт 21 цагийн үед очиж эхнэртэйгээ утсаар ярих гэж очсон. Э-гаас утсыг нь гуйхад зөвшөөрөөд өгөхөөр нь эхнэр Б- рүү залгаж ярьсан. Тухайн үед цайны цаг болж байсан учир хүн ихтэй байсан. Тэгсэн манай эхнэр 10 дугаар хороололд байна гэхээр нь  эхнэртэйгээ уулзчихаад утсыг нь эргүүлээд өгчихье гэж бодоод Э-д огт юм хэлэлгүй утсыг нь аваад гараад явсан. 10 дугаар хороолол ороход эхнэрийн утас холбогдохгүй байсан. Тэгээд архи уумаар санагдаад байсан болохоор Хархорин зах руу ороод тэр хавьд явж байсан үл таних хүнд утсыг нь 180,000 төгрөгөнд зарчихсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 89-90, 144-146, 196-200/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Г.Д-ийн өгсөн:

“...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай ээж Эрдэнэтээс ирчихсэн манайд байсан. Тэгээд даралт нь ихсээд байна гэхээр нь би даралтны эмээ авчихаад буцаад гэр лүүгээ явж байгаад гудамж руугаа ороод явж байтал араас нэг залуу зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал заамдаж аваад зүүн талын нүдний хажууд цохиод авсан. Тэгэнгүүт нь би газар унасан тэгсэн нэг нь пицта минь давраад байгаарай гээд гэдсэн дээр 1 удаа өшиглөчихөөд гарт байсан утсыг аваад яваад өгсөн. 

Эхлээд нэг нь мөрнөөс татаад эргэж харахад заамдаж аваад нэг удаа гараараа цохисон. Цохиулаад газар унахад нэг нь ирээд гэдсэн дээр 1 удаа өшиглөсөн. Харин эхний заамдаж аваад цохидог залуу нь миний гарт байсан гар утсыг маань авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 22-25/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Н.А-ын өгсөн:

“...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв орчихоод гарч ирээд Хархорин автобусны буудал руу алхаад явж байхдаа өөрийн гар утсаараа хүнтэй ярьж байхад миний араас үл таних эрэгтэй миний гарт байсан гар утсыг шүүрч булаагаад авсан. Тэр үед би шоконд орсон байдалтай байхад араас цагдаа ирээд юу болсон талаар асуухаар нь сая хойноос хүн түлхэж унагаагаад гар утас булаагаад зугатаачихлаа гэж хэлсэн. Тэгэхэд 2 цагдаа надад хэлэхдээ гар утсыг нь булааж авсан хүнийг барьчихсан байгаа, гэж хэлээд намайг дагуулаад явсан. Тэгээд би очоод тэр хүнийг харахад миний гар утсыг булааж зугатаасан хүн мөн байсан. Миний гар утас цагаан өнгийн Huawei Р10 загварын гар утас байсан. Гар утасны дэлгэцээ засуулаад авчих юм бол гомдол санал байхгүй. Дэлгэц нь хагарчихсан учраас гар утсаа барьж явахад хэцүү байна...” гэх мэдүүлэг /1-р хх-н 137-138/,  

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-гийн өгсөн:

“...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил болох “Бичил цайны газарт ажил хийж байтал 14 цагийн үед манай найз Б-ийн нөхөр М гэдэг залуу эрүүл орж ирсэн. Тэгээд надаас утсаа өгч бай, нэг ярьчихъя гэхээр нь би надад нэгж байхгүй гэж хэлтэл гарч яваад нэгж авчихаад ороод ирсэн. Тэгээд дахиад асуухаар нь би утсаа өгөөд үүдний хэсэгт яриулсан. Тухайн үед яг цайны цаг байсан учраас ачаалал ихтэй байсан болохоор би нэг хэсэг анхаарлаа өөр тийш нь сарниулчихсан байсан. Тэгээд гэнэт утсаа санаад Мыг хартал ажлаас гараад зугатааж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-н 173-174/,   

 

- эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1-р хх-н 26, 129/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /1-р хх-н 37-38, 139-140, 183-184/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 66, 117, 189/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 67, 118, 147/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх-н 116, 188/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

- Шүүгдэгч Ц.У, Ө.М нар нь Х.Э-тэй бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 2 дугаар гудамжинд Г.Д-ийг хавсарч унагаан, гэдэс рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 84,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Уын “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруунталд М, Э- нарын хамт гурвуулаа байж байхад гартаа пиво барьсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Э- тэнд  нэг согтуу хүн явж байна цохьчих уу гэхээр нь М бид хоёр тэгье тэгье гээд зөвшөөрөөд хамт очсон. Тэгээд би эхэлж очоод хавсарч унагаасан. Тэр хүнийг унангуут нь Э- 2-3 удаа өшиглөсөн. Харин М гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг,

 

Х.Э-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд М, У нарын хамт гурвуул байж байсан чинь гартаа пиво барьчихсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Өнгөрөхдөө өдий жаахнаасаа архи уугаад архичин пицтанууд гэхээр нь У араас нь очоод хавсарч унагаагаад унахаар нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд М гарт нь байсан утсыг нь булааж аваад бид 3 зугтсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ө.Мы “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд У, Э- нарын хамт гурвуулаа согтуу байж байсан чинь нэг согтуу хүн явж байсан. Тэгэхээр нь би тэнд нэг согтуу хүн ирж байна гурвуулаа цохиод утсыг нь авчих уу гэсэн чинь тэр хоёр тэгье гэсэн. Тэгээд У очоод шууд заамдаж аваад татаад унагаачихсан. Тэгээд Э- араас нь очоод гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэнгүүт би гарт нь байсан утсыг нь авсан. Тэр утас нь Самсунг жи-7 маркийн гар утас байсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр манай ээж Эрдэнэтээс ирчихсэн манайд байсан. Тэгээд даралт нь ихсээд байна гэхээр нь би даралтны эмээ авчихаад буцаад гэр лүүгээ явж байгаад гудамж руугаа ороод явж байтал араас нэг залуу зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал заамдаж аваад зүүн талын нүдний хажууд цохиод авсан. Тэгэнгүүт нь би газар унасан тэгсэн нэг нь пицта минь дараад байгаарай гээд гэдсэн дээр 1 удаа өшиглөчихөөд гарт байсан утсыг аваад яваад өгсөн. 

Эхлээд нэг нь мөрнөөс татаад эргэж харахад заамдаж аваад нэг удаа гараараа цохисон. Цохиулаад газар унахад нэг нь ирээд гэдсэн дээр 1 удаа өшиглөсөн. Харин эхний заамдаж аваад цохидог залуу нь миний гарт байсан гар утсыг маань авсан...” гэх мэдүүлэг, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Уыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

- Шүүгдэгч Ө.М нь Ц.У, Х.Э-тэй бүлэглэн 2020 оны 4 дүгээр сарын 26-ны шөнийн 22 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 2 дугаар гудамжинд Г.Д-ийг хавсарч унагаан, гэдэс рүү нь өшиглөн хүч хэрэглэж Самсунг жи-7 маркийн гар утсыг дээрэмдэж 84,000 төгрөгийн хохирол учруулусан,

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 13 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төвийн автобусны буудлын орчим насанд хүрээгүй хохирогч Н.А-ыг түлхэж унагаан хүч хэрэглэж, Хуавэй Р10 загварын гар утсыг дээрэмдэн авч 297,200 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Бичил нэртэй цайны газарт Э.Э-гийн эзэмшлийн “Самсунг эс 8” маркийн гар утсыг утсаар яриулаач гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гар утсыг залилан авч 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Ц.Уын “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруунталд М, Э- нарын хамт гурвуулаа байж байхад гартаа пиво барьсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Э- тэнд  нэг согтуу хүн явж байна цохьчих уу гэхээр нь М бид хоёр тэгье тэгье гээд зөвшөөрөөд хамт очсон. Тэгээд би эхэлж очоод хавсарч унагаасан. Тэр хүнийг унангуут нь Э- 2-3 удаа өшиглөсөн. Харин М гар утсыг нь авсан...” гэх мэдүүлэг,

 

 Х.Э-гийн яллагдагчаар өгсөн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд М, У нарын хамт гурвуул байж байсан чинь гартаа пиво барьчихсан нэг хүн хажуугаар өнгөрсөн. Өнгөрөхдөө өдий жаахнаасаа архи уугаад архичин пицтанууд гэхээр нь У араас нь очоод хавсарч унагаагаад унахаар нь би нэг удаа өшиглөсөн. Тэгээд М гарт нь байсан утсыг нь булааж аваад бид 3 зугтсан...” гэх мэдүүлэг,

 

шүүгдэгч Ө.Мы “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Энканто тауны баруун талд У, Э- нарын хамт гурвуулаа согтуу байж байсан чинь нэг согтуу хүн явж байсан. Тэгэхээр нь би тэнд нэг согтуу хүн ирж байна гурвуулаа цохиод утсыг нь авчих уу гэсэн чинь тэр хоёр тэгье гэсэн. Тэгээд У очоод шууд заамдаж аваад татаад унагаачихсан. Тэгээд Э- араас нь очоод гэдэс рүү нь өшиглөсөн. Тэгэнгүүт би гарт нь байсан утсыг нь авсан. Тэр утас нь Самсунг жи-7 маркийн гар утас байсан.

2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ...Хархорин зах орж архи олж ууя гээд замын урд талаар алхаад явж батйал Хархороин захын гүүрний орчимд үл таних 15-20 орчим насны туранхай биетэй, яган өнгийн цамцтай эмэгтэй хүн утсаар ярьчихсан явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би өөрт мөнгөгүй байсан учраас амар хялбар аргаар мөнгөтэй болъё гэж бодоод уг хүүхдийг гар утсыг араас утсаар ярьж байхад нь булааж аваад зугатаасан.

2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... Э-д огт юм хэлэлгүй утсыг нь аваад гараад явсан. 10 дугаар хороолол ороход эхнэрийн утас холбогдохгүй байсан. Тэгээд архи уумаар санагдаад байсан болохоор Хархорин зах руу ороод тэр хавьд явж байсан үл таних хүнд утсыг нь 180,000 төгрөгөнд зарчихсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Г.Д-ийн “...2020 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ... гэр лүүгээ явж байгаад гудамж руугаа ороод явж байтал араас нэг залуу зүүн мөрнөөс татахаар нь эргээд хартал заамдаж аваад зүүн талын нүдний хажууд цохиод авсан. Тэгэнгүүт нь би газар унасан тэгсэн нэг нь пицта минь дараад байгаарай гээд гэдсэн дээр 1 удаа өшиглөчихөөд гарт байсан утсыг аваад яваад өгсөн. 

Эхлээд нэг нь мөрнөөс татаад эргэж харахад заамдаж аваад нэг удаа гараараа цохисон. Цохиулаад газар унахад нэг нь ирээд гэдсэн дээр 1 удаа өшиглөсөн. Харин эхний заамдаж аваад цохидог залуу нь миний гарт байсан гар утсыг маань авсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Н.А-ын “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр ... Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв орчихоод гарч ирээд Хархорин худалдааны автобусны буудал руу алхаад явж байхдаа өөрийн гар утсаараа хүнтэй ярьж байхад миний араас үл таних эрэгтэй миний гарт байсан гар утсыг шүүрж булаагаад авсан...” гэх мэдүүлэг, 

 

хохирогч Э.Э-гийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил болох “Бичил цайны газарт ажил хийж байтал 14 цагийн үед манай найз Б-ийн нөхөр М гэдэг залуу эрүүл орж ирсэн. Тэгээд надаас утсаа өгч бай, нэг ярьчихъя гэхээр нь би надад нэгж байхгүй гэж хэлтэл гарч яваад нэг авчихаад ороод ирсэн. Тэгээд дахиад асуухаар нь би утсаа өгөөд үүдний хэсэгт яриулсан. Тухайн үедяг цайны цаг байсан учраас ачаалал ихтэй байсан болохоор би нэг хэсэг анхаарлаа өөр тийш нь сарниулчихсан байсан. Тэгээд гэнэт утсаа санаад Мыг хартал ажлаас гараад зугатааж байсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Мд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ө.Мыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.Ут холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ц.Уыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Ц.У, Ө.М нарын үйлдлийн улмаас хохирогч Г.Дэшдэндэвд 84,000 төгрөгийн, шүүгдэгч Ө.Мы үйлдлийн улмаас Н.А-од 297,200 төгрөгийн, хохирогч Э.Э-д 280,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Уын өмгөөлөгчөөс Г.Сүхээгээс “...хохирогч Г.Дэшдэндэвд 84,000 төгрөгийн хохирол төлсөн тухай...” баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Ц.Уыг бусдад төлөх төлбөргүй,

1 дүгээр хавтаст хэргийн 129 дүгээр талд эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл хохирогч Н.А- нь алдсан гар утсаа хүлээн авсан байх тул, хохирогч Э.Э-д 280,000 төгрөгийг шүүгдэгч Ө.Маас гаргуулж шийдвэрлэлээ.    

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ц.Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан нэмж нэгтгэн нийт 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Ө.М нь 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Нийт 91 хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналыг

   шүүгдэгч Ө.М, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 240 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналыг,  

шүүгдэгч Ц.У, түүний өмгөөлөгч Г.Сүхээгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан ба шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Уыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж, шүүгүдэгч Ө.Мы эрх зүйн байдлыг дордуулахгүйн үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлж шийдвэрлэв.

 

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мы цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолов.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг жи-7 маркийн гар утсыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Уыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүний үйлдэлд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хоёр гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг,    36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Талибар овогт Ө-ын Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Хорчид овогт Ц-ын Уыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Уыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ө.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мы Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Ц.У, Ө.М нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мы цагдан хоригдсон 95 /ерэн тав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

   6. Шүүгдэгч Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ө.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Самсунг жи-7 маркийн гар утсыг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Сиди 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.У цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ц.У бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Мөнсайханаас 280,000 төгрөг гаргуулж хохирогч Э.Э-д олгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.У, Ө.М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ