| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2020/0774/Э |
| Дугаар | 813 |
| Огноо | 2020-09-11 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 813
2020 9 11 2020/ШЦТ/813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баатарууд овогт А-гийн Төд холбогдох эрүүгийн ___ дугаартай 1 хавтас хэргийг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх 3 дүүгийн хамт __ дугаарын регистртэй, Баатарууд овогт А-гийн Т.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда Виста хотхоны хажуу талаас хохирогч Ж.Б-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадна байсан хохирогч Э.Т-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан хиллс хотхоны 525 дугаар байрны орцны үүднээс хохирогч Н.С-ийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл хотхоны зогсоолоос хохирогч М.Н-н эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны 20 давхарт байрлуулан тавьсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Т мэдүүлэхдээ:
“...2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Будда вистагийн тэндээс дугуй аваад маргааш нь 100 айлд аваачиж зарсан. 11-ний шөнө 02 цагийн орчим Хаан Хиллс хотхоны 525 дугаар байрны үүднээс дугуй авч яваад Бөмбөгөр худалдааны төвд аваачаад 80.000 төгрөгөөр зарсан. Зайсан Хиллээс дугуй авч яваад 50.000 төгрөгөөр зарсан. 6 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Нарны хорооллын байрнаас дугуй авч яваад Хар хорин зах дээр авч ирж зарсан...” гэв.
Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:
Мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Тийн өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байх гадаа хүйтэн байсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхоны дээд талын унадаг дугуйны зогсоол дээр хар өнгийн унадаг дугуй байхаар нь унаад 4 зам ороод 20 гаруй насны ахад 20,000 төгрөгөөр зарсан.
Дээрх өдрийн маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхоны ертөнцийн зүгээр урд талд байдаг дугуйн зогсоол дээр мөн түгжээгүй байсан хар өнгийн дээрээ улаан бичигтэй дугуйг авч явсан. Тэгээд уг дугуйг Шархадны тэнд явж байгаад гудамжинд явж байсан эрэгтэй 30,000 төгрөгөөр зарсан.
Уг дугуйг авсны орой нь Сүхбаатарын талбайн тэнд Централ таур төвийн гадна байсан хар өнгийн Шархадны хаалттай унадаг дугуйг унаж яваад Хар хорин зах дээр гар утас явдаг хүмүүсийн нэг дээр очоод К-4 гар утас дээр 30,000 төгрөг нэмж аваад сольсон.
Дээрх өдрийн маргааш нь санагдаж байна Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн төвийн урд замд дагуух дугуйн зогсоол дээр байсан ногоон байсан санагдаж байна нэг дугуйг аваад Сонгинохайрхан дүүргийн тэнд байдаг Сэлэнгэ зах дээр очоод мөн нэг алхаж явсан ахад 40,000 төгрөгөөр зарсан.
Уг өдрийн шөнө 03-04 цагийн үед Хан хиллс хотхоны 525 дугаар байрны орцны үүднээс 2 ширхэг дугуй байсан 1-г нь буюу хар өнгийн урт бичигтэй дугуйг аваад унаж яваад маргааш нь Бөмбөгөрөөс 7 буудал руу таксинд явдаг нэг ахад 80,000 төгрөгөөр зарсан.
Дээрх дугуйг зарчихаад мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гэрэлт хотхоны урд зам дагуу байсан хөр өнгийн том дугуйг авч яваад орой нь 7 буудал дээр явж байгаад цэнхэр приус 20 машинтай дугаарыг нь санахгүй байна нэг ахад 35,000 төгрөгөөр зарсан.
Дээрх өдрийн маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна дугуйн зогсоол дээр байсан хар өнгийн руль нь улаандуу өнгөтэй спорт дугуй байсныг аваад Монелын тэнд мөн нэг ахтай тааралдаад тэгээд тэр ахаас дугуй авдаг газар байна уу гэхэд хэдээр зарах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би 80,000 төгрөг гэж хэлсэн тэгээд 50,000 төгрөг байна гэхээр нь 50,000 төгрөгөнд зарсан.
Дээрх дугуйг авсан өдрийн өмнөх өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна дугуйн зогсоол дээр байсан ногоон хар бичигтэй дугуйг авч яваад 3, 4 дүгээр хороололд очоод уг хэсгээр дагасан майхантэй хэсэгт лангуутай нэг ах эгч хоёрт 25,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23, 54, 76-77, 86-87, 117-118/,
Мөрдөн байцаалтад насанд хүрээгүй хохирогч Э.Т-ын өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 16 цагийн үед гэрээсээ унадаг дугуйгаа унаж гараад Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолбор орж гар утсаа засуулах зорилгоор уг цогцолборын гадна байх асарыг тойрсон төмөр хашаанаас унадаг дугуйгаа тросон нууц дугаараар тайлагддаг түгжээгээр түгжээд уг цогцолборын нэг давхарт байрлах утас засварын газар орж гар утсаа янзлуулсан. Ойролцоогоор 30 минут болоод гарч ирэхэд миний унадаг дугуй байхгүй болсон байсан учир би ойр орчимоор нь хайж уг газрын хяналтын камерыг шүүж үзэхэд бор өнгийн царайтай, пүүзэн гуталтай 12-14 насны эрэгтэй хүүхэд унаад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хх-н 44-45/,
Мөрдөн байцаалтад хохирогч Н.С-ийн өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр өөрийн дугуйтайгаа найзынхаа хамт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зугаалахаар гэрээсээ гарч явсан ба 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 00,00 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Хан хиллс” хотхоны 525 дугаар байрны гадна ирээд унадаг дугуйгаа найзынхаа дугуйны хамт үлдээж гэр лүүгээ хамт ороод дугуйныхаа цоожийг авч гарч ирэхээр ороод 5 минут орчим л болсон байх ороод гарч ирэхэд миний дугуй алга болсон байсан. Солонгос улсад үйлдвэрлэгдсэн дугуй юм. 900,000 төгрөг орчим болох байх...” гэх мэдүүлэг /хх-н 70-71/,
Мөрдөн байцаалтад хохирогч М.Н-н өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна зогсоолд өөрийн giant маркийн 26-тай унадаг дугуйгаа унаж очоод дугуйн зогсоолд нь цоожлоод орхисон тэгээд ороод гараад ирэхэд миний дугуй алга болсон байсан тэгээд би цагдаагийн байгууллагад хандах болсон. 2019 оны Солонгос улсаас Giant дугуйн үйлдвэрээс нь манай ээж 5,000,000 төгрөгөөр худалдаж авсан дугуй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 104-105/,
Мөрдөн байцаалтад хохирогч Б.Э-ын өгсөн:
“...2020 оны 6 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 22-р байрны 20-р давхарт байрлах 2004 тоот хаалганы дэргэд хажуугийн хана дагуу түшүүлээд тавьсан байсан 2 ширхэг дугуй байснаас summa брэндийн цэнхэр судалтай хар өнгийн унадаг дугуй нь алдагдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан. Би одоо 380,000 төгрөгөөр нь үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-н 170-171/,
- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 6-8, 38-40, 63-65, 97-99, 175-177/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 29-30, 60, 90-94/,
- эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 35/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 190-191/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 120/,
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 122/,
- Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 207-214/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч А.Т нь 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Будда Виста хотхоны хажуу талаас хохирогч Ж.Б-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэгээнтэн цогцолборын гадна байсан хохирогч Э.Т-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 500.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Хан хиллс хотхоны 525 дугаар байрны орцны үүднээс хохирогч Н.С-ийн эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 900.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсан Хилл хотхоны зогсоолоос хохирогч М.Н-н эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 4.250.000 төгрөгийн хохирол учруулсан,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 14-ны өдөрт шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 22 дугаар байрны 20 давхарт байрлуулан тавьсан хохирогч Б.Э-ын эзэмшлийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
шүүгдэгч А.Тийн “...2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байх гадаа хүйтэн байсан. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхоны дээд талын унадаг дугуйны зогсоол дээр хар өнгийн унадаг дугуй байхаар нь унаад 4 зам ороод 20 гаруй насны ахад 20,000 төгрөгөөр зарсан.
Дээрх өдрийн маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Будда виста хотхоны ертөнцийн зүгээр урд талд байдаг дугуйн зогсоол дээр мөн түгжэгүй байсан хар өнгийн дээрээ улаан бичигтэй дугуйг авч явсан. Тэгээд уг дугуйг Шархадны тэнд явж байгаад гудамжинд явж байсан эрэгтэй 30,000 төгрөгөөр зарсан.
Уг дугуйг авсны орой нь Сүхбаатарын талбайн тэнд Централ таур төвийн гадна байсан хар өнгийн Шархадны хаалттай унадаг дугуйг унаж яваад Хар хорин зах дээр гар утас явдаг хүмүүсийн нэг дээр очоод К-4 гар утас дээр 30,000 төгрөг нэмж аваад сольсон.
Дээрх өдрийн маргааш нь санагдаж байна Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Гэгээнтэн төвийн урд замд дагуух дугуйн зогсоол дээр байсан ногоон байсан санагдаж байна нэг дугуйг аваад Сонгинохайрхан дүүргийн тэнд байдаг Сэлэнгэ зах дээр очоод мөн нэг алхаж явсан ахад 40,000 төгрөгөөр зарсан.
Уг өдрийн шөнө 03-04 цагийн үед Хан хиллс хотхроны 525 дугаар байрны орцны үүднээс 2 ширхэг дугуй байсан 1-г нь буюу хар өнгийн урт бичигтэй дугуйг аваад унаж яваад маргааш нь Бөмбөгөрөөс 7 буудал руу таксинд явдаг нэг ахад 80,000 төгрөгөөр зарсан.
Дээрх дугуйг зарчихаад мөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Гэрэлт хотхоны урд зам дагуу Байсан хөр өнгийн том дугуйг авч яваад орой нь 7 буудал дээр явж байгаад цэнхэр приус 20 машинтай дугаарыг нь санахгүй байна нэг ахад35,000 төгрөгөөр зарсан.
Дээрх эдрийн маргааш нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна дугуйн зогсоол дээр байсан хар өнгийн руль нь улаандуу өнгөтэй спорт дугуй байсныг аваад Монелын тэнд мөн нэг ахтай тааралдаад тэгээд тэр ахаас дугуй авдаг газар байна уу гэхэд хэдээр зарах гэж байгаа юм гэж хэлэхээр нь би 80,000 төгрөг гэж хэлсэн тэгээд 50,000 төгрөг байна гэхээр нь 50,000 төгрөгөнд зарсан.
Дээрх дугуйг авсан өдрийн өмнөх өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна дугуйн зогсоол дээр байсан ногоон хар бичигтэй дугуйг авч яваад 3,4 дүгээр хороололд очоод уг хэсгээр дагасан майхантэй хэсэгт лангуутай нэг ах эгч хоёрт 25,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг,
насанд хүрээгүй хохирогч Э.Т-ын “...Гэгээнтэн цогцолбор орж ... төмөр хашаанаас унадаг дугуйгаа тросон нууц дугаараар тайлагддаг түгжээгээр түгжээд ...Ойролцоогоор 30 минут болоод гарч ирэхэд миний унадаг дугуй байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Н.С-ийн “...Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо “Хан хиллс” хотхоны 525 дугаар байрны гадна ирээд унадаг дугуйгаа найзынхаа дугуйны хамт үлдээж гэр лүүгээ хамт ороод дугуйнхаа цоожийг авч гарч ирэхээр ороод 5 минут орчим л болсон байх ороод гарч ирэхэд миний дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч М.Н-н “...2020 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан хилл төвийн гадна зогсоолд өөрийн giant маркийн 26-тай унадаг дугуйгаа унаж очоод дугуйн зогсоолд нь цоожлоод орхисон тэгээд ороод гараад ирэхэд миний дугуй алга болсон байсан...” гэх мэдүүлэг,
хохирогч Б.Э-ын “...Нарны хорооллын 22-р байрны 20-р давхарт барйлах 2004 тоот хаалганы дэргэд хажуугийн хана дагуу түшүүлээд тавьсан байсан 2 ширхэг дугуй байснаас summa брэндийн цэнхэр судалтай хар өнгийн унадаг дугуй нь алдагдсаныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Төд холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг удирдлага болгон мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч А.Тийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар
Хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ж.Б-од 650,000 төгрөгийн, насанд хүрээгүй хохирогч Э.Т-д 500,000 төгрөгийн, хохирогч Н.С-д 900,000 төгрөгийн, хохирогч М.Н-д 4,250,000 төгрөгийн, хохирогч Б.Э-од 380,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 6-8, 38-40, 63-65, 97-99, 175-177/-аар тогтоогдсон бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төөс дээрх хохирлуудыг гаргаж хохирогч нарт олгож шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлимйн 1 дэх эхсэгт 2 жил хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг нийт 4 жилийн хугацаагаар тогтоох саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгчид ашигтай талаас нь шийдвэрлэж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргасан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдэж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрвөн/ жилээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Тийн Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолд дурдсан цагдан хоригдсон 129 хоног, .... дагаартай хэрэг цагдан хоригдсон ..... хоногийг Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар эдлэх ялд нь оруулан тоолох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч А.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 2 ширхэг Сидийг хэрэгт хадгалан үлдээж, битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Баатарууд овогт А-гийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч А.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймаг дахь Мандал сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 03 жилийн хорих ялд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил хориг ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг нийт 4 /дөрвөн/ жилээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.Төд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг Сидиг хэрэгт хадгалан үлдээж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийн цагдан хоригдсон 216 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Төөс 6.300.000 төгрөг гаргуулж
насанд хүрээгүй хохирогч Ж.Б-ын хууль ёсны төлөөлөгч Д.Жамбалсүрэнд 650,000 төгрөгийг,
насанд хүрээгүй хохирогч Э.Т-ын хууль ёсны төлөөлөгч С.Ариунаад 500,000 төгрөгийг,
хохирогч Н.С-д 900,000 төгрөгийг,
хохирогч М.Н-д 4,250,000 төгрөгийг,
хохирогч Б.Э-од 380,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Шүүгдэгч А.Төд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Төд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ