Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 793

 

  

 

 

 

 

 

    2020           9           03                                   2020/ШЦТ/793

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Хонгорзул,

улсын яллагч Д.Хонгорзул,

шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чойрог овогт Б-ийн Цд холбогдох эрүүгийн ___ тоот дугаартай, 1 хавтас хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1964 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт __  дугаарын регистртэй, Чойрог овогт Б-ийн Ц.

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах Номин худалдааны төвийн лангуун дээр байсан тус төвд худалдагч ажилтай иргэн Э.Э-ийн эзэмшлийн 330,000 төгрөгийн үнэ бүхий Айфоне 6 плас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Цгийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр эхнэр Д-гийн хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын Номин нэртэй супермаркетад үсний будаг авахаар орсон. Тэгэхэд эхнэр Д- нь үсний будгийн тасгаар явж үзээд байж байхад лангуун дээр өрөөтэй байдаг үсний будагны дээд талд саарал өнгийн айфоне 6 маркийн гар утас байхаар нь би эзэнгүй утас юм байх гэж бодоод аваад халаасандаа хийгээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг /хх-н 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Э.Э-ийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр 16 цагийн үед би өөрийн ажил Баянгол дүүргийн 3 дугаар хороо Нарны хорооллын Номин супермаркетад ажиллаж байхад манай гоо сайхны тасагт бараа ирээд манай ажилчид завгүй байсан учраас би өөрөө уг гоо сайхны бараануудыг янзалж байхдаа өөрийн эзэмшлийн Айфоне 6 эс плас маркийн гар утсаа үсний будагны хамгийн дээд талын эгнээний дээд талд нь машины түлхүүрийн хамт тавиад би бараануудаа цэгцэлж байхад эрэгтэй, эмэгтэй хоёр хоорондоо үсний будаг авах талаар ярилцаж байгаад эмэгтэй нь надаас 2 ширхэг үсний будагны аль нь цайралттай байна вэ гэж асуугаад үсний будаг асуугаад байсан. Тэгээд би ажлаа хийж байгаад гэнэт хүүхдээ санаад утсаар ярих шаардлага гараад утсаа тавьсан газраа очоод утсаа авах гэтэл тавьсан газар миний гар утас алга болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Д.Б-ий өгсөн:

“...Аав, ээж 2 Номин худалдааны төвийн гэр ахуйн барааны будагны хэсгээр будаг авах гэж байхдаа будагны дээр нь тавьсан байсан утас байхыг хараад хэсэг хугацаанд хүн нь ирж авахыг харж байгаад утсаа авахгүй болохоор нь утас оллоо гэж бодоод манай аав болох Б.Ц нь лангуун дээрээс аваад гэртээ ирсэн талаараа хэлсэн. Би тухайн гар утсыг үзэхэд унтарчихсан хүн ашиглах боломжгүй айфоне 6 маркийн саарал өнгийн гар утас байсан...” гэх мэдүүлэг /хх-н 18-19/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Н.Д-гийн өгсөн:

“...2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 7-р айрны 3-р орц 168 тоотод охин болох Д.Б-ийн гэрт нь хүүхэд харж байгаад Нарны хорооллын зүүн талын Номин худалдааны төв рүү нөхөр Цгийн хамт орж өөртөө үсний будаг аваад буцаад гарсан. Гэртээ харихад нөхөр Ц нь лангуун дээр нэг эзэнгүй утас байхаар нь авчихлаа, эзэн нь утасдах байх гэж хэлэхээр нь би тэгвэл эзэн нь хайж байгаа байлгүй чи аваачиж өг гэж хэлээд нөхөр Цг Номин дэлгүүр лүү явуулсан юм. Удалгүй Ц нь буцаж ирээд утас хайж байгаа хүн байхгүй байна гэж хэлээд буцаад ирсэн...” гэх мэдүүлэг /ххн- 20-23/,  

 

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11/,

- эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт /хх-н 27-30/,

- эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 57/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-н 46/,

- оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 47/

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Ц нь 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хороололд байрлах Номин худалдааны төвийн лангуун дээр байсан тус төвд худалдагч ажилтай иргэн Э.Э-ийн эзэмшлийн 330,000 төгрөгйн үнэ бүхий Айфоне 6 плас гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хуул бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Цгийн “...үсний будагны дээд талд саарал өнгийн айфоне 6 маркийн гар утас байхаар нь би эзэнгүй утас юм байх гэж бодоод аваад халаасандаа хийгээд аваад явсан юм...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Э.Э-ийн “...хүүхдээ санаад утсаар ярих шаардлага гараад утсаа тавьсан газраа очоод утсаа авах гэтэл тавьсан газар миний гар утас алга болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Д.Б-ий “...Аав, ээж 2 Номин худалдааны төвийн гэр ахуйн барааны будагны хэсгээр будаг авах гэж байхдаа будагны дээр нь тавьсан байсан утас байхыг хараад хэсэг хугацаанд хүн нь ирж авахыг харж байгаад утсаа авахгүй болохоор нь утас оллоо гэж бодоод манай аав болох Б.Ц нь лангуун дээрээс аваад гэртээ ирсэн талаараа хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Н.Д-гийн “...Ц нь лангуун дээр нэг эзэнгүй утас байхаар нь авчихлаа гэсэн...” гэх мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Цг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

Шүүгдэгч Б.Цгийн үйлдлийн улмаас хохирогч Э.Э-т 330,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан болох нь хавтаст хэргийн 27-30 дугаар талд авагдсан эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 57 дугаар талд дээрх хохирлыг шүүгдэгчийн зүгээс хохирогчид төлж барагдуулсан тухай баримт авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Цд холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарч байгаа, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж, прокуророос Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхийг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Чойрог овогт Б-ийн Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХ-ЭРДЭНЭ