Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 169

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор Ч.Алтансүх,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ч.Алтансүхийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Ч.О холбогдох эрүүгийн 1706019990403 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овогт Ч.О, 1969 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Архангай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Жамсран уулын 5 дугаар гудамжны 3292 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:..../,

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын гадна иргэн Г.Х  “архины мөнгө өгсөнгүй” гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: шүүгдэгч Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ч.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.От 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Алтансүх 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 09 дугаартай улсын яллагчийн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ч.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.От 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэж шийдвэрлэсэн нь шүүгдэгч Ч.От оногдуулсан торгуулийн ялын хэмжээ нь эргэлзээтэй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх”  шаардлагад нийцээгүй байна гэж үзэхээр байна. Мөн шийтгэх тогтоолын “3” дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ч.От оногдуулсан...торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд төлөхийг тогтоосугай гэж шийдвэрлэсэн гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад 2 сарын хугацаанд торгох ялыг төлөхийг даалгаж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засварын гадна иргэн Г.Х мөнгө өгсөнгүй гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Г.Х: “...би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хорооны байрны ойролцоо байдаг дугуй засварт ажлаа хийгээд байж байхад Ч.О гэх хүн нь манай засвар дээр орж ирээд надаас архины мөнгө нэхэхээр нь байхгүй гэж хэлсэн юм. Тэгтэл миний халаасыг ухаж үзэх гээд байхаар нь би ухуулаагүй юм. Тэгтэл намайг баруун гараараа миний нүүр рүү алгадаад авсан. Тэгээд газарт байсан тоосгоор миний толгой руу 2 удаа цохиж авсан. Тэгээд мөн миний нүүр рүү өшиглөсөн...” / хх-79/,

мөрдөн байцаалтад яллагдагч Ч.Оын: “...би 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр нэг найзтайгаа архи хувааж уугаад бага зэрэг согтуу байхдаа Г.Х нь ганцаараа байсан бөгөөд архины мөнгө өгөөч гэж хэлсэн чинь байхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би “битгий худлаа яриад бай” гэж хэлээд халааснаас нь авах гэтэл өгөхгүй байсан. Би өмнө нь мөнгө зээлээд буцаагаад л өгдөг байсан юм. Тэгээд надад мөнгө өгөхгүй байсан учир бид 2 маргалдаж, улмаар би Г.Х зодсон юм. Үүний дараа би гараад явсан...” /хх-27-28/ гэж мэдүүлсэн мэдүүлэг болон

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 11796 дугаартай:

  1. Г.Хатанбаатарын биед баруун нүдний доод зовхи, баруун хацар, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, духны зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-12/ гэх шинжээчийн дүгнэлт,

шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-15/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-14/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Ч.От холбогдох хэргийг Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэж дүгнэн уг зүйл ангиар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулсан нь  хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй  бичигдсэн” байхаар заажээ.

 Гэтэл шийтгэх тогтоолын  “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Оыг 500 /таван зуун тавин/ нэгжтэй...” гэж, 3 дахь заалтад  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О нь шүүх оногдуулсан  500 /таван зуун тавин/ нэгжтэй...” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.От 500 нэгж буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулсан уг 500 гэсэн хэмжээгээ хаалтанд /таван зуун тавин/ гэж бичиж шийтгэх тогтоолыг ойлгомжгүй, түүнийг биелүүлэхэд эргэлзээтэй болгожээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36 дугаар зүйлийн 36.2-д заасан үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Мөн Прокурор эсэргүүцэлдээ  “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад 2 сарын хугацаанд торгох ялыг төлөхийг даалгаж байгаа нь ялтны эрх зүйн байдлыг дордуулсан” гэж үзэхээр байна гэжээ.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар тогтоосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх заалтад “...шийдвэрт өөрөөр заасан...” бол гэсэнд нийцсэн буюу “торгох ялыг 2 сарын дотор хэсэгчлэн төлөх”-ийг  тусгайлан тодорхой заасан байна.

Иймээс прокурор Ч.А торгох ялыг биелүүлэх хугацааг үндэслэлгүй тогтоосон талаархи эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, “500 нэгжийг “таван зуун тавин” гэж ойлгомжгүй, эргэлзээтэйбичсэн” гэх эсэргүүцлийг хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 38 дугаар шийтгэх тогтоолын:

2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.От 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ч.От 500 /таван зуу/ нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

  тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О нь шүүх оногдуулсан 500 /таван зуун тавин/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг /хоёр/ сарын дотор төлөхийг тогтоосугай...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.О оногдуулсан 500 /таван зуу/ нэгж буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын дотор төлөхөөр тогтоосугай...” гэж тус тус өөрчилж,  тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

О.ЧУЛУУНЦЭЦЭГ