Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 266

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: АМГТГКХД д холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, АМГТГКХД  нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу АМГТГКХД  нь “О” ХХК-ийн NE026... дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч “О” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй газрын 1,140.7 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай өргөдлийг NE-026... дугаарт бүртгэж авсан болно. 

Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоох тухай” 239 дугаар тогтоолыг баталж, уг тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайн солбицлыг баталсан ба манай компанийн NE-026... дугаар өргөдөлд заасан талбайн солбицол нь энэхүү тогтоолоор олгож болохоор тогтоосон солбицолд багтаж байсан юм. 

АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрээр “О” ХХК-ийн NE-026... дугаартай өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна. 

Ингэхдээ өргөдлөөр хүссэн талбай нь тусгай хэрэгцээний газартай болон түрүүлж ирсэн өргөдлийн талбайтай давхцалтай гэх тайлбарыг хийсэн нь үндэслэлгүй байна. 

АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч тус албан тушааптны дээд шатны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан боловч өргөдлийг шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 128/Ш32017/5835 дугаар захирамжаар манай компанийн гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй гэж үзэн буцаасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу шинээр нэхэмжлэл гаргаж байгаа болно. 

Нэхэмжлэгч “О” ХХК нь NE026... дугаартай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргахад өргөдлөөр хүссэн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй, мөн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж ирсэн тухай бүртгэл байхгүй байгаа юм. 

Ийм талбай байгаагүй гэдэг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь манай компанийн өргөдлийг хүлээн авч, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу өргөдлийн шүүлт хийхэд уг газар нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцалгүй байснаар тогтоогдох юм.

Мөн түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоох тухай” 239 дугаар тогтоолыг гаргахдаа аймаг бүрээр судалгаа гаргаж, ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцал байхгүй газруудыг энэ солбицол багтааж байсан юм. 

Манай хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч, талбайн давхцлын шүүлт хийхэд аймгийн тусгай хэрэгцээний газар гэдэг бүртгэл байгаагүй. Өргөдлийг хүлээн авснаас хойш шийдвэрлэхгүй 1 жил орчим болсны дараа Дундговь аймгийн орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхацсан гэх тайлбарыг ирүүлж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан байна.

Манай компани өргөдөл гаргах үед уг талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй байсан, орон нутгийн удирдлагууд үндэслэлгүйгээр “газрыг тусгай хэрэгцээнд авсан шийдвэр” гаргасан байгаа нь харагддаг. Нөгөө талаас манай өргөдлөөр хүссэн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авагдаагүй байгаа тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай хэрэгцээний газартай давхцаагүй хэсэгт нь тусгай зөвшөөрөл олгох боломжтой байсан болно. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь нэхэмжлэгчийн “өргөдлөө Ашигт малтмалын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх эрхийг зөрчсөн тул зөрчигдсөн эрхийг минь сэргээж, АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийн нэг дэх хэсгийн “О” ХХК-ийн NE-026... дугаартай өргөдлөөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хэсгийг хүчингүй болгож, өргөдлийг Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг АМГТГКХД д даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Улсын Их хурлаас 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн солбицлын тухай” 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна. 

“О” ХХК нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй 1,140.7 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-026... дугаарт бүртгүүлсэн байна. 

Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу “О” ХХК-ийн өргөдөлд шүүлт хийж үзэхэд хүсэлтэд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай, өмнө нь бүртгэгдсэн өргөдөлтэй давхцалтай, шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авах талбайд агуулагдаагүй, хүчинтэй байгаа тусгай зөвшөөрөлтэй давхцалтай байсан байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” заалтын хүрээнд сонсох ажиллагааг хийж Өдрийн сонины 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №41 дүгээрт нийтэлж олон нийтэд хүргэж ажилласан. 

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулахыг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/3310 дугаар албан бичгээр “О ” ХХК-д мэдэгдэж сонсох ажиллагааг явуулж тэмдэглэл үйлдсэн байна. 

Ашигг малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй 1,140.7 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. 

Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 7/3844 дугаартай албан бичгээр “О” ХХК-д компанид хүргүүлсэн байна. Иймд “О” ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгч “О” ХХК-ийн Ерөнхий захирал Л.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Нэхэмжлэгч “О” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, нотлох баримтыг үндэслэн дараах байдлаар нэмэгдүүлж байна. 

Маргаан бүхий захиргааны акт болох АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийн үндэслэл нь түрүүлж ирсэн өргөдөл, болон тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцалтай гэсэн байдаг.

Уг акт гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “хүсэлтэд дурдсан талбай нь түрүүлж ирсэн өргөдөлд тусгагдсан талбайтай хэсэгчлэн давхацсан бол давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх бөгөөд өргөдөл гаргасан этгээд уг талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтэй байгаа бол энэ тухай дахин өргөдөл гаргах шийдвэрийг 20 хоногийн дотор гаргана” гэжээ. 

Хуулийн энэ заалтын дагуу “О” ХХК-д өргөдөлд дурдсан талбайн давхцалгүй хэсэгт өргөдөл гаргах эрх байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид энэхүү эрхийг эдлүүлэхгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, мөн дахин өргөдөл гаргах боломжтой болохыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн байна.

Иймд АМГТГКХД  нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу “АМГТГКХД  нь “О” ХХК-ийн NE-026... дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгуулах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” гэжээ. 

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотой хариуцагчаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...  АМГТГКХД  нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу “Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “О” ХХК- ийн NE-026... дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 16.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 

Кадастрын хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу “О” ХХК-ийн NE-026... дугаар өргөдөлд шүүлт хийж үзэхэд хүсэлтэд дурдсан талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн буюу 387.93 гектар, хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбайтай 0,01 гектар, хүсэлт гаргасан өргөдлийн талбайтай 0,11 гектар талбайгаар тус тус давхцалтай байсан байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй 1440.7 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “...төрийн захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй...” гэсэн байна.

“О” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан талбай нь нэгэнт зураг зүйн шүүлтээр орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай нь тодорхой байх тул давхцал тус бүрээр шийдвэр гаргах боломжгүй.

Өөрөөр хэлбэл “О” ХХК-ийн NE-026... өргөдлийн талбайд хийсэн зураг зүйн шүүлтээр өмнө бүртгэгдсэн өргөдлийн талбайтай 0,11 гектар талбайгаар давхцалтай гэсний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан давхцалыг арилгах хуулийн заалт байхгүй бөгөөд тус өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай нэгэнт давхцалтай учир төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу шийдвэрлэсэн. 

Иймд “О” ХХК-ийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших “А х” нэртэй газрын 1,140.7 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргажээ. 

Уг талбай нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгож болох талбайн солбицолд хамаарагдаж байсан боловч хариуцагчийн өргөдөлд тусгагдсан талбайд зураг зүйн шүүлт хийсэн тодорхойлолтод “Орон нутгийн тусгай хамгаалалттай газартай 387,93 га, хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбайтай 0,01 га, хүсэлт гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 0,11 га хэсгээр давхцалтай” гэж дурдагджээ. 

Иймд хариуцагч тус өргөдлийн талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай учир Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Дундговь аймгийн Өлзийт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор тус сумын нутагт орших “Х х, Х у” нэртэй газрыг тусгай хамгаалалтад авснаар уг өргөдлийн талбайн хэсэг давхацсан бөгөөд Ашигт малтмалын газар дээрх тогтоолыг хүлээн авч хавсралтаар батлагдсан солбицлын дагуу Кадастрын бүртгэлийн системд бүртгэсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “хуулийн энэ заалтын дагуу “О” ХХК-д өргөдөлд дурдсан талбайн давхцалгүй хэсэгт өргөдөл гаргах эрх байсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид энэхүү эрхийг эдлүүлэхгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан, мөн дахин өргөдөл гаргах боломжтой болохыг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн” хэмээн хариуцагчийг буруутгаж байгаа боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “О” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан талбай нь нэгэнт зураг зүйн шүүлтээр орон нутгийн тусгай хэрэгцээний газартай хэсэгчлэн давхцалтай нь тодорхой байх тул давхцал тус бүрээр шийдвэр гаргах боломжгүй. ... өмнө бүртгэгдсэн өргөдлийн талбайтай 0,11 гектар талбайгаар давхцалтай гэсний дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан давхцалыг арилгах хуулийн заалт байхгүй учир төрийн захиргааны байгууллагаас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасны дагуу шийдвэрлэсэн” гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлтэй.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж заасан бөгөөд хуульд заасан дарааллаар өргөдлийг шалгах зохицуулалттай байна. 

Иймд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэхээр заасан байх тул АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар “ОХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй.

Хэдийгээр хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлд заасан талбай нь хүчинтэй тусгай зөвшөөрлийн талбайтай 0,01 га, хүсэлт гаргасан хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай 0,11 га хэсгээр давхцалтай гэж зураг зүйн шүүлтээр гарсан боловч нэгэнт татгалзсан шийдвэр гарсан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасны дагуу хариуцагчийг энэ хуулийн заалтыг биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй. 

Иймд нэхэмжлэгч “О” ХХК-ийн “АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, АМГТГКХД  нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу АМГТГКХД  нь “О” ХХК-ийн NE026... дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Түүнчлэн хэрэг шийдвэрлэх явцад буюу 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлаас баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай хуулиар Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйл буюу Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа хүчингүй болсныг дурдах нь зүйтэй бөгөөд нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй талаар гомдол гаргахад энэхүү шийдвэр хамааралгүй болно.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2, 19.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “АМГТГКХД  2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, АМГТГКХД  нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д заасан шийдвэр гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй байгаа болохыг тогтоолгож, уг заалтын дагуу АМГТГКХД  нь “О” ХХК-ийн NE026... дугаар өргөдлөөр хүссэн талбайтай давхцаагүй хэсэгт нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх үүргээ биелүүлэхийг даалгах, “О” ХХК-ийн давхцалгүй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах хүсэлттэй дахин гаргасан өргөдлийг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.6-д заасны дагуу шийдвэрлэхийг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА