Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 244

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06365 дугаар шийдвэртэй, “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч “Боролзой” ХХК-д холбогдох,

 

Гэрээний үүргийн гүйцэтгэлд 25 245 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Азжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ нь “Боролзой” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх тухай гэрээ байгуулан хариуцагчийн Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд орших Хар чулуутын бал чулууны ордын дээжид технологи туршилтын ажил хийж гүйцэтгэсэн. Гэрээгээр тохирсон ажлын хөлс 29 700 000 төгрөг ба тус компани гэрээнд зааснаар ажил эхлэхээс өмнө 15 хувь буюу 4 455 000 төгрөгийг төлөөд үлдсэн 85 хувийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болж “Боролзой” ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг хүлээлгэн өгснөөр дуусгавар болох ба гэрээний хугацааг 2013 оны 7 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл гэж тохирсон.

Манай байгууллага гэрээний хугацаанд дээжид технологи туршилтын ажлыг гүйцэтгэж тайлангаа баталгаажуулан, Технологи туршилт, эрдэс чулуу судлалын лабораторийн эрхлэгч Ш.Чимгээ нь хариуцагч байгууллагын геологч Ц.Энхбаттай холбогдон тайлангаа ав гэхэд “мөнгөтэй болохоороо авна” гэсэн хариуг өгсөн байсан. Иймд хариуцагч “Боролзой” ХХК-иас шинжилгээний ажлын үнэ 25 245 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“Геологийн төв лаборатори” ТӨҮГ-аас тус компанид холбогдуулан гаргасан 25 245 000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдье гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Боролзой” ХХК-иас 25 245 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 284 174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Боролзой” ХХК-иас 284 174 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Геологийн төв лаборатори” ТӨҮГ-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх гэрээний 3.2-т зааснаар захиалагч тал гүйцэтгэгч талд төлбөрийг төлөх байсан. Гэвч ажлын үйл явц, үр дүнг урьдчилсан байдлаар манай байгууллагад танилцуулаагүй, мөн эцсийн байдлаар шинжилгээний ажлын тайланг хүлээлгэн өгөөгүй зэрэг нь төлбөрийг барагдуулах үндэслэл болохгүй ба Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Гэрээний 4.2-т зааснаар захиалагч тал шинжилгээний ажлын үр дүнгийн тайланг бүрэн хүлээж аваагүй байхад төлбөрийг бүтнээр хариуцуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Гүйцэтгэгч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа “гүйцэтгэгч талын инженер Ш.Чимгээ нь захиалагч талын геологич Ц.Энхбаттай холбогдон мэдэгдсэн” гэх боловч хариуцагчид шинжилгээний үр дүн, тайланг хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулан, баталгаажуулаагүй гэдгийг илтгэсэн нь аман тайлбар болж байна. Иймд зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн таамаг төдий тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй ба ажлын тайланг захиалагч талд хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт шаардлагатай бөгөөд 5.1-т зааснаар захиалагч нь ажлын тайланг хүлээн авснаар төлбөрийг барагдуулна гэдгийг илтгэж байна.

Мөн хариуцагч миний хадам ээж 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр нас барсан үед буюу 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр шүүх хуралдаан товлогдож, ар гэрийн гачигдал гарсныг шүүхэд мэдэгдсэн боловч хүсэлтийг минь хүлээн аваагүй, хариуцагч тайлбараа нотлох боломж олгоогүйд гомдолтой байна. Гэрээний 3.3-т зааснаар гэрээ дүгнэсэн бичиг үйлдээгүйгээс гадна шинжилгээний ажлын үр дүнг захиалагч тал хүлээж аваагүй нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч ямар нэг зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэсэн үүрэг зөрчигдөж байна.

Хариуцагчийн оролцоогүй шүүхийн шийдвэр гарсан тул хариуцагч өөрт учирсан хохирол зэрэгт шинээр нотлох баримт гаргах боломжгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Геологийн төв лаборатори” ТӨҮК нь хариуцагч “Боролзой” ХХК-д холбогдуулан гүйцэтгэсэн ажлын хөлсөнд 25 245 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрчээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбаяр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд өөрт тохиолдсон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй болсон талаарх нотлох баримтуудыг, хуралдаан хойшлуулах хүсэлтийн хамт шүүхэд ирүүлсэн байна.

 

Харин шүүх хариуцагч компанийн захирал Д.Батбаярын эхнэрийн эх нас барсан гэх нөхцөл байдлыг “хувийн шалтгаан гарсан” гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж үзэж, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх бөгөөд хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг тодруулаагүй байна. Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Технологийн дээжид лабораторийн туршилт гүйцэтгэх тухай гэрээг ажил гүйцэтгэх гэрээ болон уг гэрээний үр дүнтэй холбон дүгнэхдээ хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэж буй нь тодорхой бус, зөвхөн уг ажлыг гүйцэтгүүлсэн талаас ажлын үнэ шаардах эрхтэй гэсэн дүгнэлт хийсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний эрх зүйн зохицуулалтын талаас авч үзвэл учир дутагдалтай болжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэснээс үзвэл зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч буюу хариуцагч “Боролзой” ХХК-д технологи шинжилгээний ажлын үр дүнг танилцуулсан, энэ тухай тайланг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон эсэх, зэрэг нөхцөл байдлын талаар дүгнэснээр хуулийн заалтыг зөв тайлбарлан хэрэглэх боломжтой болно.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй тохиолдолд давж заалдах шатны шүүх талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, хуулийг хэрхэн зөв хэрэглэх талаар дүгнэлт хийх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 284 175 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Т.ТУЯА