Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0255

 

 

 

 

                  Т.Г-ын нэхэмжлэлтэй

                                                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Тунгалагсайхан,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,

Нэхэмжлэгч: Т.Г,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,

Нэхэмжлэлийн шаардлага: “Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т.Г-ыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай Б/04 дүгээр тушаалыг  хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Т.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Батбилэг,

Хэргийн индекс: 128/2021/0539/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Г нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдууланТ.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Т.Г-ыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Г-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Т.Г-ыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Т.Г-ыг урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, албан тушаал буурсны зөрүү цалин хөлсийг 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаагаар зохих журмын дагуу тооцон олгож, Т.Г-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгаж, үлдэх “Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Т.Г-ыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 30 хамгаалалтын захиргаадын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд үнэлэлт, дүгнэлт гарган, хяналт шинжилгээ хийсэн. Тус хяналт, шалгалтаар Их Богдын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны гүйцэтгэлийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа стратеги төлөвлөгөө болон бусад бодлогын баримт бичигтэй уялдуулаагүй, зорилт, арга хэмжээ нь хоорондоо уялдаагүй хүрэх үр дүн, шалгуур үзүүлэлтийн хүрэх түвшинг тухайн жилдээ хэрэгжих боломжтой тоон болон чанарын утгаар илэрхийлэгдэх, хэмжигдэхүйц, үр дүнг харуулаагүй, шалгуур үзүүлэлт нь бодлогын баримт бичиг, статистик тоон мэдээлэл салбарын мэдээлэлд үндэслээгүй, төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эс үүсвэрийг арга хэмжээ тус бүрээр тусгаагүй төдийгүй зарим арга хэмжээний биелэлтийг бичиж ирүүлээгүй, баримт бичгийн боловсруулалт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдал илэрсэн. Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г-ын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээ нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ын дагуу үнэлсэн байна.

3.2. Нэхэмжлэгч Т.Г нь 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээтэй танилцаж гарын үсэг зурсан ба 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын ажил хүлээлцэх үед 2020 оны жилийн эцсийн ажлын үр дүнгээр хангалтгүй үнэлгээ авсан нь үнэн хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байдаг.

3.3. Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолтод “Тусгай хамгаалалттай газар нутгийн талаар баримтлах төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлт, хөтөлбөрүүд болон тухайн хамгаалалттай газрын менежмент болон бизнесийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, байгаль орчны болон тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, хамгаалалтын горим, дэглэм зэрэг эрх зүйн актын хэрэгжилт, мөрдүүлэх ажлыг удирдлагаар хангах, тухайн хамгаалалттай газрын байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлийн хувьсал, өөрчлөлтийн мэдээллийг менежментийн үндсэн суурь болгох, тусгай хамгаалалттай газрын хязгаарлалтын бүс болон орчны бүсийн байгалийн нөөц баялгийн тогтвортой ашиглалтыг хангах, хамгаалалтын захиргааны бүтэц зохион байгуулалт, хамгаалалтын захиргааны төсөв, санхүү, захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах, өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлэх”-ээр заасан. Гэтэл нэхэмжлэгч Т.Г нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд биелэлт тусгагдаагүй нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах үндэслэл болсон.

3.4. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Т.Г-д 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цаг 25 минутад сонсох ажиллагаа хийж Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох, тайлбар, санал гаргах боломжийг бүрэн олгосон.

3.5. Төрийн албаны тухай хуулийн 75.1-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52 дугаар зүйлийн 52.2, 66 дугаар зүйлийн 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ”, 75.2-т “Төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигч гомдлоо холбогдох баримт бичгийн хамт төрийн албаны салбар зөвлөл болон төрийн албаны төв байгууллагад 30 хоногийн дотор гаргана” гэж тус тус заасан. Үүний дагуу нэхэмжлэгч Т.Г нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан ба Төрийн албаны зөвлөл “Хариу хүргүүлэх тухай” 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1315 дугаар албан бичгээр Т.Г-д хариу хүргүүлсэн. Тус албан бичигт гомдол гаргах, гомдлыг хүлээн авах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д “Энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” бол шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу судлан үзээгүй шүүгч хэт нэг талыг барьж дүгнэсэн.

3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч Т.Г нь Т.Г миний 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Т.Г-ыг захиргааны даргын албан тушаалаас бууруулах тухай” Б/04 дүгээр тушаалыг  хүчингүй болгох, урьд эрхэлж байсан Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.  

           3.2. Маргаан бүхий Б/04 дүгээр тушаалаар “Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Г-ын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд “Хангалтгүй” дүгнэгдсэн гэж үзээд 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгон хамгаалалтын захиргааны даргын албан  тушаалаар бууруулж, хамгаалалтын захиргааны мэргэжилтний ажлын байраар хангаж ажиллахыг тус захиргаанд зөвшөөрсөн” байна.

            3.3. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн А/682 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгаас үзвэл Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь 63,81 оноогоор үнэлэгдсэн байх бөгөөд үүнтэй талууд маргаагүй, нэхэмжлэгч “... 63,81 оноог “хангалтгүй” буюу “F” гэж үнэлж албан тушаал буруулсан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “... Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайланд биелэлт тусгагдаагүй нь Төрийн албаны тухай хуульд заасан албан тушаал бууруулах үндэслэл болсон, Т.Г-ын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлгээ үнэлгээ үндэслэлтэй, нэхэмжлэгч “D буюу “Хангалтгүй” үнэлгээ авсан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3.4. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 218 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”-ыг баталсан, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр гарсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх аргачлал”-ын 3-д “Журмын 4.3-т заасны дагуу Нэгжийн дарга албан хаагчийн гүйцэтгэлийн тайланг хянаж ... “D буюу Сайжруулах шаардлагатай”, “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээг өгч баталгаажуулна. Үнэлгээг онооны харьцаагаар тодорхойлбол ... 60–69 оноотой бол “D буюу Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээ, 59 онооноос доош бол “F буюу Хангалтгүй” гэсэн үнэлгээгээр үнэлнэ” гэж заасан, журмын 4.14-д “Нэгжийн даргаас албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшний үнэлгээг үндэслэн байгууллагын үнэлгээний баг холбогдох хууль тогтоомж, эрх зүйн акт болон байгууллагын дотоод журмыг баримтлан дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар эрх бүхий этгээдэд санал гаргана”, 4.14.4-д “D буюу Сайжруулах шаардлагатай” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд сургалтад хамруулах, хугацаатай үүрэг даалгавар өгөх, сануулах арга хэмжээ авах”, 4.14.5-д ““F буюу Хангалтгүй” үнэлгээ авсан төрийн албан хаагчийн хувьд сануулах арга хэмжээ авах, албан тушаалын цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, албан тушаал бууруулах (3 удаа дараалан “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл), төрийн албанаас халах (удаа дараа 3 ба түүнээс дээш “F буюу хангалтгүй” үнэлэгдвэл)” гэж тус тус тодорхой заасан байна.

3.5. Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа /нэхэмжлэгч нь Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан/ нь 63,81 оноогоор үнэлэгдсэн байх тул нэхэмжлэгч Т.Г-ыг “D буюу Сайжруулах шаардлагатай” гэсэн үнэлгээг авсан гэж үзэхээр бөгөөд энэ тохиолдолд хариуцагч “2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэхэд “Хангалтгүй” гэж дүгнэгдсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн албан тушаал бууруулж шийдвэрлэсэн нь дээрх журам, аргачлалд заасантай нийцээгүй байна.

3.6. Түүнчлэн хариуцагчаас гомдолдоо “... нэхэмжлэгч ажил хүлээлцэх үед “Хангалтгүй” үнэлгээ авснаа хүлээн зөвшөөрч илэрхийлсэн” гэх боловч энэ нь нэгэнт эрх бүхий этгээдээс үнэлсэн үнэлгээний дагуу хууль, журамд заасан хариуцлагыг хүлээлгэхэд нөлөөлөхүйц үндэслэл болохгүй.  

3.7. Мөн Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй болсон, хуульд заасан бусад үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулахаар хуульчилсан бөгөөд дээр зааснаар нэхэмжлэгчийн албан тушаалыг буруулах үндэслэл хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар баттай тогтоогдохгүй, хариуцагчаас маргаан бүхий тушаалын үндэслэлийг бүрэн нотлоогүй байна.

3.8. Дээрх байдлаар маргаан бүхий Б/04 дүгээр тушаалаар Т.Г-ыг Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалаас бууруулсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн байх тул уг тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн зөрүүг хариуцагчаас зохих хууль тогтоомжийн дагуу нөхөн төлүүлж бичилт хийлгэх үндэслэлтэй.

3.9. Харин “Т.Г-ын 2020 оны ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг хэрхэн үнэлж, дүгнэх нь тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал бөгөөд шүүх гагцхүү ийнхүү үнэлээд түүнд хариуцлага ногдуулсан нь холбогдох хууль, тогтоомжид нийцсэн эсэхийг хянана. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч “...Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг буюу нийт албан хаагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлсэн агуулгатай байх ба уг үнэлгээг зөвхөн Хамгаалалтын захиргааны даргад хамааралтай гэж үзэх боломжгүй, тус Хамгаалалтын захиргааны нийт албан хаагчдад хамааралтай байх тул үнэлгээг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх дүгнэлтийг хийсэн нь учир дутагдалтай.

3.10. 2021 оны 01 дүгээр сарын 15, 18-ны өдрүүдэд хариуцагчаас нэхэмжлэгчид Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланд хийсэн үнэлгээний дүн, үүнтэй холбоотойгоор албан тушаал бууруулах болсон талаар мэдэгдсэн, нэхэмжлэгч нь маргаан бүхий 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Б/04 дүгээр тушаалыг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гардан авч, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, тус зөвлөлөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 01/1315 дугаар албан бичгээр хариу өгсөн, нэхэмжлэгч анх 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаагаас үзэхэд нэхэмжлэгчид маргаан бүхий тушаалын талаар сонсох ажиллагаа явуулсан, мөн нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэхээргүй байна. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэж, энэ талаар хариуцагчийн гаргасан хүсэлтийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10109 дугаартай шүүгчийн захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн дээрх шаардлага, үндэслэл, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 75 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР        

ШҮҮГЧ                                                                       б.тунгалагсайхан

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН