Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2020/ШЦТ/829

 

   2020       9         15                                       2020/ШЦТ/829

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0838/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Хишигжаргал,

улсын яллагч: И.Мөнхцэцэг,

шүүгдэгч: Б.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн 2009020531106 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1971 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан аймгийн Дархан-Уул суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсэг гудамж 10 дугаар байрны 7-4 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б.Б, /РД:/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо Шарга морьтын эцэс гэх газарт “Болор тайж” хүнсний дэлгүүрийн ойролцоо тээврийн хэрэгсэл дотроос хохирогч Б.Даваанямын айфоне-8 загварын 825000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б-н өгсөн: “Би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр согтуу байсан. Дэлгүүрийн хажуугаар явахад машины цонх нь онгорхой байсан, тэгээд утсыг нь аваад эгчийндээ очсон. Эгч чи ямар үнэтэй утас аваад явж байгаа юм бэ? гээд надаас утсыг авсан. Маргааш нь би эрүүлжүүлэхэд хоноод гарч ирээд эгчтэйгээ ярьсан. Тэгээд эгч  тэр утсыг цагдаад хүлээлгэж өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм зүйл хийхгүй.” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс: 

Хохирогч Б.Даваанямын өгсөн: “...2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүгийн 9 хороо Шарга морьтын эцэс гэх газарт байх “Болор тайж” хүнсний дэлгүүрт мах махан бүтээгдэхүүн өгөхөөр борлуулагч Жамсранжавын хамт очсон. Тухайн үед борлуулагч Жамсранжав дэлгүүр рүү захиалга авахаар орсон. Тэгтэл удалгүй манай борлуулагч захиалгаа авчхаад гараад ирсэн. Манай борлуулагч баруун талын хаалган дээр надтай юм яриад зогсож байх үед нэг эрэгтэй хүн ирээд хиам зарах уу мөнгөөр авъя гэж асуусан. Тэгээд Жамсранжав тээврийн хэрэгслийн цонхийг хаагаад машины хаалгыг түгжсэн. Тэгээд бид хоёр барааг буулгаж өгчхөөд гарч ирээд би утсаар ярих гээд утас байсан газраа хартал байгаагүй, тэгээд машин дотор хайгаад олоогүй. Тухайн дэлгүүрийн камерыг шүүж үзсэн юм. Тэгэхэд манай борлуулагч Жамсранжавыг дэлгүүр рүү орчихсон, намайг бараа буулгаж өгөх гээд тээврийн хэрэгслийн бүхээг /амбаар/ хэсэг рүү орчихсон байх үед 2 хүн ирж байгаа харагдсан. Тэгээд нэг нь хашааны буланд сууж үлдээд нөгөөдөх нь тээврийн хэрэгслийн урдуур тойрч машины баруун талд ирээд борлуулагч Жамсранжав гарч ирээд надтай юм ярьж байх үед тэр улаан эрээн малгайтай, хар өнгийн урд талдаа зурагтай подволктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан өнгийн адидас гуталтай 165-175 см өндөртэй, туранхай бор царайтай, 45-55 орчим насны хүн манай машины зүүн талын цонхоор цээжин хэсгээ оруулан миний айфоне 8 маркийн утсыг авч байгаа нь тодорхой харагддаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 77-78 тал/, 

Гэрч Б.Мөнхбатын өгсөн: “... би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр школ Батсайхантай өглөө 11 цагийн үед Шаргаморьтын эцсийн автобусны буудал дээр таараад хогийн цэг дээр хог ачилцаж өгөөд ...5 граммын 1 ширхэг Стандарт архи аваад тэндээсээ холгүй байх булгийн дэргэд бид хоёр архиа хувааж уусан. Тэндээ нилээн удаан сууж байгаад дэлгүүрийн дэргэд автобус хүлээгээд сууж байтал түгээлтийн бүхээгтэй Бонго маркийн автомашинтай 2 залуу бууж ирсэн. Тэр хоёр залуу бүхээгээсээ бараа буулгаж байхаар нь хиам элэгний нухашаа хямдхан өгч болох уу гэж асуухад болохгүй та дэлгүүрээс худалдаж ав гэхээр нь тэр хоёр залуугаас тамхи өгчих гэхэд өгөөгүй. Тэгээд буцаад сүүдэрт сууж байтал тэр хоёр залуу ирээд утас авсан уу гэж хэлэхээр нь аваагүй гэхэд бид хоёрыг нэгжиж үзсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/, 

Гэрч Б.Батсайханы өгсөн: “... 2020 оны 7 сарын 22-ны өдрийн 11 цагийн үед би найз Мөнхбаттай цуг явж байсан. Тэгтэл төрсөн ах болох Б.Бтай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Болор тайж” хүнсний дэлгүүрийн гадна талд таарсан. Тэгээд Б.Б ахтай мэндэлсэн тэгээд би дэлгүүрийн хажуу талд зогсож байгаад цаашаа автобусны буудал руу очсон. Тэгтэл ардаас нэг хүн ирээд утас авсан уу гэж Мөнхбат бид хоёроос асуусан. Тэгээд бид хоёр утсыг мэдэхгүй наад дэлгүүр чинь камертай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/, 

Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 5-6 тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-12 тал/,

Дамно ХХК-ийн 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн СБ2-20-1088 дугаартай “алдагдсан эд зүйлийн үнэ 825000 төгрөг” гэх үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 46 тал/,

Яллагдагч Б.Б-н өгсөн: “...би 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шарга морьтын тэнд байдаг “Болор тайж” хүнсний дэлгүүрийн зүг явж байсан чинь миний дүү Б.Батсайхан найз Б.Мөнхбат нар дэлгүүрийн гадаа сууж байсан. Тэгээд би тэр хоёртой юм ярьсан согтолттой байсан болохоор юу ярьснаа санахгүй байна. Тэгээд дэлгүүрийн гадаа зогсож байсан бонго маркийн тээврийн хэрэгслийн цонх нь онгорхой байхаар нь дотор нь байсан Айфоне 8 маркийн гар утсыг гаднаас гар оруулан аваад өмдний карманд хийгээд явсан. Тэр гар утсыг авч яваад эгчийндээ орсон чинь эгч Энхтуяа надаас авсан. Тэгээд 7 дугаар сарын 23 ны өдөр Цагдаагийн байгууллагад баригдаад хулгайлсан гар утсыг хураан авч, хохирогч Б.Даваанямын гар утсыг намайг баригдсан өдөр буцаан өгсөн гэдгийг дараа нь мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 78 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Базарсадын Б.Б нь согтуугаар 2020.07.22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Болор тайж хүнсний дэлгүүрийн гадна зогсоолд байсан хохирогч Батсайханы Даваанямын эзэмшлийн Бонго – 3 маркийн 16-11 УБН улсын дугаартай автомашинаас цонх нь онгорхой байсаныг ашиглан Ай фоне 8 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч хохирогчид 825 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно. 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд бусдын эд зүйлийг хулгайлж, амар хялбар аргаар амьдрах гэсэн шунахай зан байдал шууд нөлөөлжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Хохирогч Б.Давааням нь гар утсаа буцааж авсан, гомдол саналгүй болсон нь хавтаст хэргийн 19 дүгээр талд авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хадгалах  хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь

1. Шүүгдэгч Б.Б-г нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.      

5. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.    

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.БОЛДБААТАР