Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2020/ШТЦ/811

 

      2020        9          08                                   2020/ШЦТ/811

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2020/0821/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал, улсын яллагч М.Отгонбаатар, шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Д-д холбогдох эрүүгийн “2009 01657 1074” дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа автомашинаар ачаа тээвэр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7-р хороолол, 310 дугаар байрны 139 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймгийн сум дундын 1-р шүүхийн 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 1 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж            1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Л.Д /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 509 дүгээр байрны гадна Г.Үнэболдтой утсаараа яриул гэж асуулаа гэх зүйлээр шалтаглан маргалдан улмаар түүнийг зодож бие махбодид нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хүзүү, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт” бүхий гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би 510-р байр руу орж явсан. Үнэболд найзынхаа хамт өөдөөс халамцуу гарч ирсэн. Намайг утсаар яриад явж байхад утсаар чинь нэг яриад өгье гэхээр нь би өөрөө утсаар яьж байна гэж хэлсэн. Тэгээд тэрнээс болоод маргалдаад, зодолдсон” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс:

Хохирогч Г.Үнэболдын өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны 32  дугаар орцны 1б-4 тоотод гэртээ найз Мэндсүрэнгийн хамт байхдаа архи хувааж уусан. Гар утсаар хүн рүү ярих гэтэл миний гар утас гэрт байхгүй байсан. Тэгэхээр нь Мэндсүрэнгийн хамтаар гэрээс гараад орцны үүдэн дээр очтол зүс таних Л.Д гэх залуутай тааралдаад гар утсаараа ганц яриулчих  гээд асуутал Л.Д нь гар утсаар ярьж байна шдээ гэж хэлээд хэрүүл маргаан үүсгээд надтай барьцалдаж аваад, миний нүүрэн тус газарт гараараа цохиод зодолдож эхэлсэн. Хажуугаар салгах гээд Мэндсүрэн найз маань орж ирээд байсан. Тэгтэл нохой хөтөлсөн залуу бид хэдийн дундуур орж ирээд юм ярьж эхэлсэн, яг юу ярьж хэлээд байсныг санахгүй байна, намайг түлхээд байхаар нь хөтөлж байсан нохойг нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн чинь миний зүүн хацарт гараараа нэг удаа цохиж намайг дээрээс гараараа дарж доошоо толгойг тонгойлгоод байж байтал Л.Д нь миний хамраас  цус гаргасан. Миний хамрын цус тогтохгүй байсан. Миний биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хүзүү, баруун эгэм, цээж, баруун зүүн бугалганд цус хуралт, дух зүүн шуунд  зулгаралт гэх гэмтлүүдийг Л.Д-тэй зодолдож байхдаа авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 тал/,

Яллагдагч Л.Д-н өгсөн: “... 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 510 дугаар байрны орц руу 18 цагийн үед орох гээд явж байтал зүс таних Үнэболд түүний найз Мэндсүрэн нар нь орцны үүднээс гарч ирчихээд гар утсаараа яриулчих гэж хэлэхэд нь би өөрөө гар утсаар ярьж байна шдээ гэж хэлтэл Мэндсүрэн нь чи гар утсаар яриулсангүй гэж хэлээд над руу дайрч эхэлсэн. Үнэболд, Мэндсүрэн нар намайг барьж аваад газарт дараад байхаар нь эсэргүүцээд тэр хоёроос барьцалдаж зодолдож эхэлсэн. Үл таних нохой хөтөлсөн залуу намайг тэр хоёроос салгаад холдуулсан чинь нөгөө нохойтой залуугийн нохойг Үнэболд өшиглөсөн чинь нохойтой залуу газарт унагаад дарж байхаар нь Үнэболдын нүүрэн тус газарт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн чинь цус гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Гэрч М.Мэндсүрэнгийн өгсөн: “...Л.Д ахтай таараад би гар утсаар чинь ганц удаа ярьчихья гэж хэлээд гар утсыг аваад ярих гэтэл Үнэболд нь Л.Дтэй юунаас болж маргалдсан гэдгийг мэдээгүй хоорондоо барьцалдаж авахаар нь би тэр хоёрын дундуур орж салгах гэтэл Л.Д чи намайг нийлж зодлоо шдээ гэж хэлээд намайг барьж аваад тавихгүй цохиод байхаар нь намайг тавь гэж хэлээд гар луу нь нэг удаа цохиод өөрөөсөө холдуулсан... нохой хөтөлсөн залуугийн нохойг хөлөөрөө Үнэболд өшиглөсөн чинь нөгөө үл таних залуу Үнэболдын зүүн хацарт нэг удаа гараараа цохиод доошоо дараад газарт хэвтүүлсэн чинь Л.Д нь Үнэболдын нүүрэн тус газарт хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, хамар амнаас цус гараад явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 тал/,

Гэрч Ц.Нэргүйн өгсөн: “...ажлын хувцастай залуу намхан биетэй залуугийн нүүр лүү 2 цохиод нөгөө залуу нь ажлын хувцастай залуугийн араас нь дайраад зодолдож эхэлсэн... нохой хөтөлсөн залуу зодооныг салгаад ажпын хувцастай залууг сандал дээр суулгасан. Тэгтэл нөгөө хоёр залуугийн намхан нь зодоон салгасан залуугийн хөтөлж явсан нохойг өшиглөөд дайрсан. Тэгээд нохой хөтөлсөн залуу зөрүүлээд шанаа руу нь цохиод хоёулаа зууралдаад унасан... нохой хөтөлсөн залуугийн цохилт оноогүй... тэр хоёр зууралдаад унахад ажлын хувцастай залуу нэмж зодсон, яг хаана нь цохьсон гэдгийг хараагүй, хүмүүс таглаад зогсчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Гэрч Н.Алтантулгын өгсөн: “...Гадаа хүмүүс шуугилдаад бөөн юм болоод байхаар нь цонхоороо харсан чинь 510 дугаар байрны зүүн талын подволын хашлага дээр хоёр нүцгэн залуу 1 ажлын хувцастай залуу... байсан... Тэр үед тэнд зогсож байсан хүүхдүүд ажлын хувцастай залууг заагаад тэр ах аймар өшиглөлөө гэхээр нь асуусан чинь нохойтой залууг намхан залуугийн дээр дарж байхад ажлын хувцастай залуу намхан залууг аймар өшиглөсөн, түс гээд явсан гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 09- ний өдрийн “Г.Үнэболдын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хүзүү, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон шинжээчийн №6791 дугаартай дүгнэлт /хх-ийн 40-41 тал/,

Шинжээч эмч Г.Энхбаатарын өгсөн: “...Г.Үнэболдын биед учирсан хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи гэмтлүүд нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарагдана, хацар, дух, хүзүү, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн хацар, зүүн шуунд зулгаралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд шүүгдэгч Л.Д нь 2020.06.07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 509 дүгээр байрны гадна хохирогч Гантөмөрийн Үнэболдыг утсаараа яриулчих гэж хэлсний төлөө үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг зодож бие махбодид нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхи, хамар, дух, хүзүү, баруун эгэм, цээж, баруун, зүүн бугалганд цус хуралт, дух, зүүн шуунд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч болон хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч хэн хэнийх нь хувьд бусадтай зүй зохистой харьцах харьцаа, хүлээцтэй байдал дутсан, үл ялих зүйлээр шалтаглан хоорондоо хэрүүл маргаан, зодоон үүсгэж асуудлыг хүч бяр, уур омгоор шийдвэрлэх гэсэн ухвар мөчид зан байдал шууд нөлөөлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Л.Д-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд Эрүүгийн хуульд заасан  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч  Г.Үнэболд нь хавтаст хэргийн 63 дугаар талд “нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгч Л.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

         Гэхдээ хохирогч Г.Үнэболд нь цаашид хэрэв шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардлаа нэхэмжлэхээр бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, зэргийг харгалзан шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                     

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Л.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож,  хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай. 

5. Хохирогч Г.Үнэболд нь цаашид шүүгдэгчээс өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон бусад зардлаа нэхэмжлэхээр бол холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч  Л.Д-г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР