Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/2017/00099

 
   

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 3 дугаар хороо, 60 дугаар байрны, 37 тоотод байрлах “СННБЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч Багануур дүүргийн 3 дугаар хороо, Гал унтраах байрны 309 тоотод оршин суух, Алаг адуун овогт Жаргалсайханы Хэрлэнчимэгт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 266000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

          Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Жи-Мобайл” ХХК-ийн Багануур дүүргийн гэрээт салбарыг хариуцдаг “СННБЗ” ХХК-тай, иргэн Ж.Хэрлэнчимэг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 240000 төгрөгийн үнэтэй төхөөрөмжийг “Зээлээр худалдах, худалдан авах” гэрээг байгуулж, 12 сарын хугацаатай, 120 гв, 365 хоногтой, 93475703 дугаарыг, сар бүрийн 17-ны өдөр 20000 төгрөг төлөхөөр тохиролцон авсан.

          Ж.Хэрлэнчимэг үндсэн үнэ болох 240000 төгрөгнөөс 20000 төгрөгийг төлж, үлдэгдэл 220000 төгрөгийг төлөөгүй байна.

            Иймээс үлдэгдэл төлбөр 220000 төгрөг, алданги 46000 төгрөг, нийт 266000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.  

            Хариуцагч Ж.Хэрлэнчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие “СННБЗ” ХХК-ийн нэхэмжилсэн 266000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 220000 төгрөг төлж, үлдэгдэл 46000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулна, гэжээ.           

            Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК-ийн захирал Д.Сайнзаяа шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 220000 төгрөгийг төлж, үлдэгдэл 46000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байна, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

           Нэхэмжлэгч “СННБЗ” ХХК, хариуцагч Ж.Хэрлэнчимгээс зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 266000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсгээ зурж баталгаажуулан, нэхэмжлэгч зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 266000 төгрөг нэхэмжилснийг, хариуцагч 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 220000 төгрөгийг төлж, үлдэгдэл 46000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. 

 Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь  хэсэгт  заасныг  удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. “СННБЗ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Хэрлэнчимэгт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 266000 төгрөг нэхэмжилсэн иргэний хэрэгт, хариуцагч 220000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр төлж, үлдэгдэл 46000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид харилцан тохиролцон, эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8630 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 4315 төгрөг улсын төсвөөс, хариуцагч Ж.Хэрлэнчимгээс 4315 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид  олгосугай. 
  3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай хуулийн  75 дугаар  зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  мэдэгдсүгэй.
  4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

 

ШҮҮГЧ                                  Г.АРИУНАА