Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 263

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/01402 дугаар шийдвэртэй, Д.Хандсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Туулд холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч Б.Туул,

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Туултай 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч, 2006 оны 6 дугаар сарын 22-нд охин Т.Уянга, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Т.Марал нар төрсөн. Нөхөр Б.Туул гэр бүл болсноос хойш байнга архи ууж агсам тавьж, эрх чөлөөнд халдаж, намайг болон ах дүү хамаатан садан хүн бүрийг доромжилдог болсон. Түүний элдэв зан, дарамтаас гэртээ байх аргагүй болсон ба цаашид эвлэрэн хамтран амьдрах ямар ч боломжгүй болэ хоёр охиноо асрамжиндаа авч амар тайван амьдармаар байна.

Бидний дундын өмчлөлийн эд хөрөнгө болох хашаа, байшин, хүнсний дэлгүүр бидний гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө бөгөөд дэлгүүрээ ажиллуулж, юм оёж, чадах бүхнээ нөхөр, хүүхдийнхээ төлөө хийж зүтгэж ирсэн. Дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухайд маргах зүйлгүй, харин хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Хэрэв эвлэрэх боломжгүйгээр гэрлэлтээ цуцлуулахад хүрвэл 2 охиноо өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Хашаа, байшин, дэлгүүр бол гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө гэдэг нь үнэн ч зээлээр авсан бөгөөд миний ах дүүсийн дэмжлэгээр хашаандаа 2007 онд байшин, 2014 онд дэлгүүр барьж ажиллуулж ирсэн. Эхнэр Д.Хандсүрэн 2 хүүхдийг сурч байсан сургуулиас нь шилжүүлэн авч яваад Тахилтад байдаг Ерөнхий боловсролын 122 дугаар сургуульд оруулсан бөгөөд надтай огт уулзуулдаггүй. Хүүхдүүдийг өсч торнисон орчинд нь буюу миний асрамжинд үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Туул, Д.Хандсүрэн нарын гэрлэлтийг цуцлан, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Т.Уянга, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Т.Марал нарыг эх Д.Хандсүрэнгийн асрамжинд үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан охин Т.Уянга, Т.Марал нарыг 11 нас хүртэл тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны түвшингийн хэмжээгээр эцэг Б.Туулаас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт зааснаар Б.Туул, Д.Хандсүрэн нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

2015 оны 11 дүгээр сард эхнэр Д.Хандсүрэн гэрээсээ тодорхой шалтгаангүй явчихсан. Би хоёр охиныхоо хамт банкны их хэмжээний өр зээлтэй үлдсэн. Үүнээс хойш хоёр охинтойгоо 9 сарын хугацаанд хамт амьдарсан, намайг дэлгүүрт ажилтай байхад Д.Хандсүрэн 2 охиныг нууцаар аваад явсан ба надад мэдэгдэлгүйгээр сургуулийг нь шилжүүлсэн байсныг сүүлд мэдсэн. 2016 оны 9 дүгээр сараас хойш би 2 охинтойгоо уулзаж, хувцас, хоол ундыг нь байнга авч өгч байна.

Миний хувьд гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо өнчрүүлэх хүсэлгүй бөгөөд охидууд аавтайгаа байх дуртай. Том охин Т.Уянга 10 настай, бага охин Т.Марал 8 настай, 82 дугаар сургуульд сурдаг. Шүүх дээрх асуудлыг шийдвэрлэхдээ миний болон охидуудын эрхийг ноцтой зөрчиж гэрлэлтийг цуцласанд гомдолтой.

Д.Хандсүрэн нэхэмжлэл гаргахдаа нөхөр Б.Туул намайг цохиж, зоддог мэтээр бичиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тухайн үед цохиж, зоддог байсан бол Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж болох байсан, огт тийм зүйл болоогүй. Ямар учраас хоёр охиныг минь надаас салгаж байгааг ойлгохгүй байна. Одоо хоёр охин маань Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын баруун уулын хажууд сургуулиасаа хол унаа явдаггүй газарт эхийнхээ хамт байгаа ч хичээлээсээ хоцорч, таслаад байгаа талаар ангийн багш нь надад хэлсэн.

Д.Хандсүрэн тодорхой ажилгүй, нүүрс түлээгүй, мөнгө төгрөг байхгүй хэцүү байна гэж хэлдэг. Би өөрийн эхнэр хүүхдүүдтэйгээ эвлэрч хамт амьдрах хүсэл сонирхолтой ба хүүхдүүд маань надтай хамт байх хүсэлтэй. Гэр бүлийн хуульд зааснаар эвлэрэх 3-6 сарын хугацаа өгч болох талаар заасан байхад шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэхгүй, зориуд гэр бүлийг салгаж, үр хүүхдүүдийг өнчрүүлж байгаа нь хуульд нийцэхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн эрх зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Хандсүрэн нь Б.Туулд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтад үндэслэн Д.Хандсүрэн, Б.Туул нар нь 2005 онд гэр бүл болж, 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр охин Т.Уянга, 2008 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин Т.Марал нар төрсөн, гэрлэгсэд таарамжгүй харилцааны улмаас сүүлийн нэг жилийн хугацаанд тусдаа амьдарч байгаа, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон үйл баримтуудад үндэслэн гэрлэлтийг цуцлах нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

/хх 7-10,13-16 тал/

 

Шүүх хүүхдийн асрамжийн талаар хэргийн оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан журмын дагуу явуулжээ.

/хх 43-45 тал/

 

Хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн хариуцагч Б.Туултай холбоотой зөрчлийн талаарх баримтууд, шинжээчийн дүгнэлт, хүүхдүүдээс авсан санал, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал зэрэгт харьцуулан үнэлж, насанд хүрээгүй болон бага насны хоёр хүүхдийг эх Д.Хандсүрэнгийн асрамжид үлдээж, эцэг Б.Туулаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна.

 

Мөн зохигчид үр хүүхдээ хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрүүл мэндийг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх болон эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулж болохгүй талаар Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6 дахь хэсэгт заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гэрлэлтийг цуцлахгүйгээр эвлэрүүлэх хугацаа олгох эсхүл хоёр хүүхдийг өөрийн асрамжид авах талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2016/01402 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Туулын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА