Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 103/2018/01586/и |
Дугаар | 001/ХТ2018/01586 |
Огноо | 2018-11-06 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 001/ХТ2018/01586
Б.Гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч: Б.Г
Хариуцагч: “Т” ХХК-ийн Багануур салбар
Хариуцагч: Д.А
Хариуцагч: Ц.С нарт холбогдох
Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тус тус тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх тухай үндсэн,
Хүчин төгөлдөр бус хэлцлээс учирсан хохиролд 248.872.066 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Аийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Аийн төлөөлөгч М.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, хариуцагч Д.Аийн төлөөлөгч Д.А, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Б.Г Их суудал ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байсан. 2013 оны 12 сараас хойш компанийг худалдах, зээлийн барьцаанд тавих асуудлаар Д.Атэй ярилцаж тохиролцсон. Д.А төлбөрийг бэлнээр хийх боломжгүй гэсэн тул 2014-01-27-ны өдөр хувьцаа бэлэглэх болон эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж эрхийн зөрчил, өр төлбөргүй компанийг шилжүүлж өгсөн. Д.А банкнаас зээл авч мөнгийг төлнө гэж Их суудал ХХК-г нэр дээрээ шилжүүлж, барьцаанд тавьж банкнаас зээл авч мөнгө төлнө гэж хэлсэн. Б.Алтангэрэл 350 сая төгрөгөөр худалдаж авахаар болж, 50 сая төгрөгийг бэлнээр, 50 сая төгрөгт автомашин өгч, компанийг өөрийн нэр дээр шилжүүлэн, зээл авч, үлдэгдэл мөнгөө өгнө гэсэн хэлцэл хийгдсэн. Худалдах-худалдан авах гэрээ хийх гэхээр мөнгө байхгүй учир хувьцааг бэлэглэлийн гэрээгээр хийж, хариуцагч нар урьдчилгаа 50сая төгрөг бэлнээр, мөн 2 автомашин өгнө гэж хэлээд хувьцаа бэлэглэх мөн эрх шилжүүлэх гэрээ 2014-01-27-ны өдөр нотариатч дээр очиж байгуулсан. Үүнээс хойш мөнгө өгөхгүй явсаар 2014 оны 12 сард Д.А уулзаж, зээл авахад худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн байх шаардлагатай гэж байна гэсэн. Тны Багануур салбар Б.Гөөс шилжүүлж авсан хөрөнгийг зээлийн барьцаанд авч болохгүй гэдгийг мэдсээр байж барьцаанд авч, зээл олгосон. Энэ нь үндсэндээ худалдах-худалдан авах хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлж хийсэн бэлэглэлийн гэрээ байсан. Иймд компанийн эрх болон хувьцааг буцааж шаардах эрхтэй. Өмчлөх эрх нь бэлэглэлийн гэрээгээр шилжсэн эд хөрөнгөнд зээл гаргадаггүй тул зээл авахын тулд худалдах-худалдан авах хэлцэл хийсэн. Иймд компанийн эрх шилжүүлэх мөн хувьцаа бэлэглэх гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх нэхэмжлэлийг Д.А, Ц.С нарт холбогдуулан гаргаж байна. Барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, энэ тухай шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх шаардлагыг “Т” ХХК-ийн Багануур салбарт холбогдуулан гаргаж байна. Хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.А,Ц.С нар хариу тайлбартаа: Б.Г 2014 онд өөрийн Их суудал ХХК-ийн зоогийн газар, диско баар зэргийг хувьцааны үнэлгээнд оруулж, 100 ширхэг хувьцааны нэг бүрийн үнийг 30,000 төгрөгөөр тооцон Д.Ад 50 ш, Ц.Сд 50 ш. хувьцааг тооцон, хувьцаа болон компаниа 350 сая төгрөгөөр үнэлж, худалдахаар тохирч, 2014-01-27-ны өдөр хэлцэл байгуулан, урьдчилгаанд Д.А надаас 100 сая төгрөг авч, үлдэх 250 сая төгрөгийг үйл ажиллагаа явуулж, ашиг олж төлөхөөр тохиролцсон. Их суудал ХХК одоо Д.А, Ц.С нарын нэр дээр байдаг бөгөөд Д.Аийг захирлаар томилон бүртгүүлж, татварын тайлангаа гарган өгдөг.Зоогийн газар, баарны үйлчилгээний үл хөдлөх хөрөнгөнд 2014-01- 27-ны өдрөөс эхлэх засвар хийсэн. Энэ хугацаанд маш их асуудалтай тулгаран, засварын ажил 4 сар үргэлжилж, архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл 2014-11- 26-ны өдөр гарч, шинэ жилийн өмнө үйл ажиллагаа эхэлсэн. Ашиг орлого олоогүй тул 250 сая төгрөгийг өгч чадаагүй нь үнэн. Б.Гтэй хийсэн хэлцэлд хугацаа заагаагүй, харин ашигтай ажиллахаар 250сая төгрөг өгөхөөр тохирсон. Худалдаж авсан объект нь 6-7 жил үйл ажиллагаа явуулаагүй газар байсан тул засвар хийж, газрын тусгай зөвшөөрөл, баримт бичиг зэргийг хөөцөлдөж 2014 оны 1 сард хэлцэл байгуулсан. Үйл ажиллагаа явуулж эхэснээс хойш буюу 2015 оны 1 сард Гантөмөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Засвар хийж, үйл ажиллагаанд оруулсны дараа буцааж авна гээд байгааг зөвшөөрөхгүй. Үйл ажиллагаа явуулж, ашиг олохоор үлдэгдэл төлбөрөө төлнө гэсэн хэлцэл байгаа. Б.Г хөрөнгө оруулалт хийх хүн хайж мөн зээл гэж Тны Багануур салбарын захирал Д.Отгонбаатартай уулзаж явахдаа Б.Алтангэрэлтэй таарсан байдаг. Компани нь өр төлбөртэй, үйл ажиллагаа явуулаагүй байхдаа компанийг худалдаад,одоо хэвийн үйл ажиллагаатай болгох үед нь буцааж авна гэж байгаа нь хуульд нийцэхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч “Т” ХХК-ийн Багануур салбар хариу тайлбартаа: Их суудал ХХК тус салбараас 2014-05-23-ны өдөр 85 сая төгрөг зээлж, Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуус хэсэг 15 тоот хаягт байрлах 638,62 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн тус хаягт байрлах 2.583 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай газрыг барьцаалсан. Зээлээ 2017-07-05-ны өдөр төлж барагдуулсан тул барьцааг чөлөөлсөн. Их суудал ХХК Ттай ямар нэгэн хамааралгүй, өр төлбөр байхгүй гэжээ.
Хариуцагч Д.А сөрөг нэхэмжлэлдээ: Б.Г дүр үзүүлж хийсэн хэлцлийг өөрөө санаачилж, анх Их суудал ХХК-ийг 350 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 100 сая төгрөгийг эхний ээлжинд төлөхөөр болсон. Их суудал ХХК-ийг хүлээж авахад 2009 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, баар, зоогийн газрын цахилгаан, дулаан, бохирын шугам, дээвэр зэрэг нь шаардлага хангахгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй, баарны үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, газар өмчлөх эрх зөрчилтэй, 2006 онд гэрчилгээний хугацаа дууссан, удаан хугацааны туршид хөөцөлдсөн байдалтай байсан. Бид өр төлбөрийг төлж, засвар хийж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Энэ бүгдийг Б.Г өөрөө маш сайн мэдэж байгаа. Дээрх обьектыг хэвийн үйл ажиллагаатай болгохын тулд Т, Бичил глобус ХЗХ-с авсан нийт 140,588,740 төгрөгийн зээлийг төлж дуусаагүй байна. Мөн обьектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшлыг БНХАУ-аас очиж авчирсан ба нэхэмжлэлд БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн байгаа болно. Уг тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан. Б.Г хүчин төгөлдөр бус хэлцлийг хийхэд өөрөө буруутай тул хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн этгээдээс өөрт учирсан хохирол нийт 267,667,561 төгрөг Иргэний хуулийн 56.6-г үндэслэн шаардаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хариу тайлбартаа: Б.Г, Д.А, Ц.С нартай байгуулсан хэлцлийн улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой хөндөгдсөн, Б.Г өөрийн өмчлөлийн эд хөрөнгө болон компанийн эрхээ бусдыг хуурч мэхэлж, шилжүүлэн, өөрийгөө илт хохироох асуудал байхгүй. Хариуцагчийн баримтууд нь шаардлага хангахгүй байгаагаас гадна эргэлзээтэй байна. Ямар үндэслэлээр Б.Гөөс хохирол шаардаад байгаа нь ойлгомжгүй. Их суудал ХХК нь улсын бүртгэлд бүртгэгдсэн, тамга тэмдэгтэй, эрх үүрэг хэрэгжүүлдэг, татварт тайлангаа өгдөг ийм хуулийн этгээд байгаа. Сөрөг нэхэмжлэлийн шаардах эрх нь тодорхойгүй, баримтууд нь Их суудал ХХК-иас гаргасан болох нь тогтоогдохгүй байна. Банкнаас авсан зээлийн хүү нэхсэн шаардлага ойлгомжгүй байна. 85 сая төгрөгийн зээлийг Б.Г хэрэглээгүй. Д.А нь өнгөрсөн хугацаанд зээл авч үйл ажиллагаагаа явуулснаар ашиг орлого олж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан“...Д.А, “Т” ХХК-ийн Багануур салбарын хооронд байгуулагдсан зээл болон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаалбараас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах..” нэхэмжлэлийг “Т” ХХК-ийн Багануур салбар биелүүлснийг баталсан байна. Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Гөөс AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 54,950,000 төгрөг гаргуулан Д.А, Ц.С нарт, хариуцагч нараас Их суудал ХХК-ийн 30,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гт буцаан шилжүүлж, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар сөрөг нэхэмжлэлээс 104,411,024 төгрөгийг хангаж, үлдэх 144,461,042 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Б.Гөөс 144,145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн төлсөн 2 498 150 төгрөгийг , Д.Аээс төлсөн 1,444,337 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б.Гөөс 680 005 төгрөг гаргуулж Д.Ад, Тны Багануур салбараас 653,150 төгрөг гаргуулж Б.Гт тус тус олгож, Д.Аээс 1,200,000 төгрөгийг гаргуулж шинжээч Вендо ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт зааснаар Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэлийн гэрээнүүд хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус хэлцэл байсан болохыг тогтоосугай” гэж, 3, 4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Гөөс AUDI маркийн УНО 89-82 улсын дугаартай суудлын автомашин, 50сая төгрөг гаргуулан Д.А, Ц.С нарт, хариуцагч нараас Их суудал ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт нэхэмжлэгч Б.Гт буцаан шилжүүлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 248 872 066 төгрөгөөс 49 461 024 төгрөгийг хангаж, үлдэх 199 411 042 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, 3, 4 дэх заалтыг нэгтгэн 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж, 6 дахь заалтыг 5 гэж, 7 дахь заалтыг 6 гэж, 8 дахь заалтыг 7 гэж, 9 дэх заалтыг 8 гэж тус тус дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийн шийдэл нь ИХШХШТХ-ийн 116-р зүйл, 116.2-т нийцээгүй, давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлсэнгүй. Хоёр шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ ИХШХШТХ-ийн 40,40.1, 40.2, 40.3, 7,47, 47.2, 42-р зүйл, Иргэний хуулийн 492, 492.1.1-г буруу тайлбарлан хэрэглэсэн. Сөрөг нэхэмжлэлээс хөдлөх эд хөрөнгө болон тоног төхөөрөмжийн үнэ 15.263.779 төгрөгийг хангасан нь үндэслэлгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56.6-р тодорхойлон “... объектын бүх тоног төхөөрөмж, барилгын материал, эд хогшлыг БНХАУ-аас авсан өртгөөр нэхэмжилсэн... тоног төхөөрөмж, эд хогшил, компьютер, хөгжим, аппаратур зэрэг нь салгаж болохооргүй суурилагдсан... хүчин төгөлдөр бус хэлцэл хийхэд нэхэмжлэгч өөрөө буруутай.. тул хохирол нийт 267.667.561 төгрөгийг Иргэний хуулийн 56.6-р гаргуулах...” сөрөг нэхэмжлэлийг гаргаж, энэ үндэслэлээ огт өөрчлөөгүй. Харин 2018-03-09-ний өдрийн шүүх хуралдаан дээр шаардлагаа 248.872.066 төгрөг болгон багасгасан. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж, сөрөг нэхэмжлэлээс 49.461.024 төгрөгийг хангахдаа “...шүүх “Вендо” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн Б.Гөөс “Их суудал” клубийн барилгад хийгдсэн засварын үнэ 17.213.925 төгрөг, суурилагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгийн үнэлгээний элэгдэл хорогдол тооцсон дүн болох 15.263.779 төгрөг, мөн компанийн үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал 16.983.320 төгрөг нийт 49.461.024 төгрөгийг Б.Гөөс гаргуулан Д.А, Ц.С нарт олгож шийдвэрлэсэн нь зөв байна. Талуудын хооронд байгуулагдсан хэлцэл хүчин төгөлдөр бус тохиолдолд Б.Г нь объектод хийсэн засвар, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны зардлын үнийн дүнгээр үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй юм...” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 492.1.1-г буруу тайлбарлсан. “Их суудал” ХХК-д суурилагдсан тоног төхөөрөмж болон хөдлөх эд хөрөнгүүд / компьютер, ширээ сандал, гал тогооны тоног төхөөрөмж, аяга таваг, хундага стакан гэх мэт/ нь Иргэний хуулийн 86.2-р “Их суудал” ХХК-ийн клубыг ажиллуулахад үйлчилдэг, өөрийн өртгийг нь алдагдуулахгүй, ноцтой хохирол учруулахгүйгээр үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж болох эд юмс юм. Эдгээр хөдлөх эд хөрөнгүүд нь “Их суудал” ХХК-ийн клубийн хувьд дагалдах эд зүйлс болох тул эдгээр хөрөнгүүдийг хариуцагч тал өөрийн хүсэлтээр шинжээч томилж үнэлүүлсэн үнэлгээгээр худалдан борлуулах боломжтой. Нөгөө талаар шинжээчийн дүгнэлт нь дангаар нотлох баримт болохгүй бөгөөд энэхүү дүгнэлт нь давхар баримтаар нотлогдох ёстой. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон баримтууд нь ИХШХШТХ-ийн 44-р зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байсан, хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй. Тоног төхөөрөмж хөдлөх эд хөрөнгүүд нь “Их суудал” ХХК-ийн хөрөнгө мөн болох эсэх, диско клубд 108.000 төгрөгийн үнэтэй ямар ундааны стакан байж болох талаар ямар ч дүгнэлт хийгээгүй”, Эдгээр хөдлөх эд хөрөнгө болон тоног төхөөрөмж нь “Их суудал” ХХК-ийн хөрөнгийн бүртгэлд бүртгэгдэн баримт огт байхгүй байхад “...хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ” гээд 49.461.024 төгрөг гаргуулсан нь үндэслэлгүй болсон. Суурилуулсан гэх хөрөнгүүд нь бүгд салгаад аваад явах боломжтой хөдлөх эд хөрөнгө байхад нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус байна. Талууд анхнаасаа худалдах-худалдан авах гэрээ хийхээр тохирсон боловч хариуцагч нь шууд төлбөрөө төлөх мөнгөгүйн улмаас бэлэглэлийн гэрээ хийсэн нь талуудын тайлбараар тогтоогддог, тэр ч байтугай хариуцагч нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж ашиг орлого олж байсан нь нотлогдсон байхад нэхэмжлэгчийг дангаараа үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэсэн нь ойлгомжгүй байна. Иймд 49.461.024 төгрөгөөс 15.263.779 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Д.Аийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлээс нийт 65.991.461 төгрөгийг гаргуулахаар гомдол гаргаж байна. “...засварын үнэ 17.213.925 төгрөг, суурилагдсан тоног төхөөрөмж хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцсоноор 2014 оны байдлаар 43.964.700 төгрөг, 2017 оны байдлаар элэгдэл хорогдол тооцсоноор 15.263.779 төгрөг, үйл ажиллагаатай холбогдон гарсан зардал 16.983.320 төгрөг, нийт 49.461.024 төгрөгийг Б.Гөөс гаргуулан Д.А, Ц.С нарт олгож шийдвэрлэсэн нь зөв...” гэснийг буюу тоног төхөөрөмж хөдлөх хөрөнгийн үнэлгээ нь зах зээлийн хандлагаар тооцсоноор 2014 оны байдлаар 43.964.700 төгрөг, 2017 оны байдлаар 15.263.779 төгрөг гэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 56.1,56.5-р хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх гэж заасныг шүүх хэрэглэсэн атлаа анх 2014 онд Д.Аийн “Их суудал” ХХК-д зориулж шилжүүлсэн 43.964.700 төгрөгийг 28.700.921 төгрөгөөр үндэслэлгүйгээр бууруулж тооцсон. Түүнчлэн, хөдлөх хөрөнгийн ашиглах хугацаа нь 10 жил байдаг байхад “Вендо” ХХК хөдлөх хөрөнгийн 3 жил 6 сарын элэгдлийг 15.263.779 төгрөг байсныг андуурч, элэгдэл хорогдол тооцоод үлдсэн нь 15.263.779 төгрөг гэж буруу бичсэнийг харьцуулж үзэлгүй дүгнэж, алдаатай чигээр нь буруу шийдвэр гаргасан. Магадлалд “ Гэрээний дагуу урьдчилгаанд 50сая төгрөг авсан байхад шүүх илүү 4.950.000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу болсон” гэсэн бөгөөд “4.950.000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулна гэсэн нь үндэслэлгүй. Учир нь анхны шүүх хуралдааны тэмдэглэлд “Нэхэмжлэгчийн төлөөлөгч тухайн үед Гантөмөрт 50сая төгрөг өгөөд машин өгсөн... мөн 3.500.000 төгрөг нэмж өгсөн байдаг” /3 дахь талд/, “Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан болохоос хэд хоногийн өмнө Гантөмөр, Алтангэрэлтэй тохиролцъё гээд 1,250,000 төгрөг авсан хэлсэн үү” гэхэд нэхэмжлэгчийн төлөөлөгч “..250.000 төгрөг авсан гэж хэлсэн, 700.000 төгрөг шилжүүлснийг мэдэж байгаа, 1.250.000 төгрөгийн талаар мэдэхгүй гэв... Гантөмөрт хэдэн төгрөг өгсөн бэ гэхэд хариуцагчийн төлөөлөгч Мөнхжаргал, Гантөмөрт 54.750.000 төгрөгийг бэлнээр төлсөн гэв” /9 дэх тал/, “Даргалагчаас: Гантөмөр 1.250.000 төгрөг өгсөн тухай танд хэлсэн үү гэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 700.000 төгрөгийг өгсөн гэж надад хэлсэн” /11 дэх тал/, “Хариуцагчийн өмгөөлөгч Өлзий-отгон: Шүүх хурал болохын хэдхэн хоногийн өмнө Алтангэрэл над руу яриад Гантөмөр эвлэрэх санал тавьж байна. Эмчилгээний мөнгө хэрэгтэй гэхээр нь 250.000 төгрөг өгсөн. 1 саяыг өгчих үү гэхээр нь нотлох зүйлтэй хий гэхэд Гантөмөрийн ахынх нь данс руу 1 сая төгрөг хийсэн байсан. Эвлэрэхгүй байсан бол мөнгө нэмж авах ямар шаардлага байсан юм бэ?” гэж уг 4.750.000 төгрөг өгсөн авснаа талууд тайлбарласан байхад баримт хэрэгт авагдаагүй гэж буруу тайлбарлан шийдвэр гаргасан. Магадлалд “...Хариуцагчийн Тны Багануур салбараас авсан зээл, зээлийн хүүг хохиролд тооцон Б.Гөөс гаргуулах боломжгүй...учир нь Д.А болон банкны хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд уг зээлийн гэрээний харилцааг Б.Г, Ц.С, Д.А нарын хооронд байгуулагдсан хувьцаа бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээтэй хамааруулан ойлгох боломжгүй...” гэж буруу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч уг компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор зээл авахар ярилцахад “Гантөмөрт зээл өгөх боломжгүй, харин худалдан авах хүн байгаа” гээд Алтангэрэлтэй уулзуулж, улмаар хувьцаа бэлэглэлийн болон эрх шилжүүлэх гэрээнүүд хийгдсэн. Алтангэрэл босгохын тулд зээл авах,зээл авахын тулд худалдах-худалдан авах гэрээг бодитой хийхийг шаардсан талаар талууд маргаагүй нь тогтоогддог. Энэ нь Д.А Тны Багануур салбартай 2014-05-23-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний зориулалт тоног төхөөрөмж худалдан авах, эргэлтийн хөрөнгөнөөс өөр зүйлд ашиглах боломжгүй гэдгээр нотлогддог. Д.А Вендо ХХК-р Их суудал ХХК-д авсан тоног төхөөрөмж, засвар, үйл ажиллагааны зардлаа тодорхойлуулсан тул үндсэн зээлээ давхардуулан нэхэмжлээгүй, харин хүүнд 2017.02.13-ны байдлаар 28.549.821 төгрөг, 2017.05.20-ны байдлаар 32.540.540 төгрөгийг бодитойгоор төлсөн нь батлагддаг тул хүчин төгөлдөр бус хэлцлээс үүссэн хохиролд зээлийн хүүг нэхэмжлэх эрхтэй. Халхавчлуулсан худалдах-худалдан авах хэлцлийг бэлэглэлийн гэрээтэй нэг өдөр буюу 2014-01-27-ны өдөр хийгдсэн гэдгийг гэрч нотариатч болон Гантөмөрийн төрсөн дүү нар гэрчилсэн байхад халхавчлуулсан хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг дүгнээгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Б.Г 2015-01-08-ны өдөр Д.А, Д.Сэрдагва, Тны Багануур салбар нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, “...Их суудал ХХК-н эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх ...барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж энэ тухай шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх..”-г шаарджээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн байна. Хариуцагч Д.А хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас 248.872.066 төгрөгийн хохирол учирсан гэж сөрөг нэхэмжлэл /хх 1-н 154/ гаргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг тус тус хангасныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Шийдвэр, магадлалд дараах үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. “...Их суудал ХХК-н эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх...” шаардлагын талаар:
а/. Б.Г нь “...хувьцаа бэлэглэх мөн компанийн эрх шилжүүлэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх...” шаардлагыг Д.А, Ц.С нарт холбогдуулан гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь зоогийн газар зэрэг үйлчилгээ эрхэлдэг, нэг хувьцаа эзэмшигчтэй Их суудал ХХК-ийг Д.А, Ц.С нарт худалдахдаа хувьцаа бэлэглэх гэрээ байгуулсан, Б.Гт хариуцагч нар 100.000.000 төгрөгийг бэлнээр шилжүүлэх, үлдэх 250.000.000 төгрөгийг компанийн үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олох үед төлөхөөр харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдсон байна. Түүнчлэн, Их суудал ХХК Д.А, Ц.С нарын өмчлөлд шилжиж, энэ талаар улсын бүртгэлд бүртгүүлсэн нь бэлэглэлийн гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Их суудал ХХК-ийн хувьцааг худалдах хэлцэл, зохигчийн тайлбар зэргээр нотлогджээ.
Б.Г нь Д.А, Ц.С нарт Их суудал ХХК-ийг 350.000.000 төгрөгөөр худалдахдаа бэлэглэлийн гэрээ хийж хувьцааг шилжүүлснийг шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэнийг буруутгах боломжгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүх Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэж, хариуцагч нараас Их суудал ХХК-ийн хувьцааг, компанийн эзэмших эрхийн хамт Б.Гт буцаан шилжүүлэхээр шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.
Зохигч нар нэхэмжлэлийн энэ шаардлагыг шүүх шийдвэрлэсэн байдалд гомдол гаргаагүй байв.
б/. Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ нь хүчин төгөлдөр бус тул талууд уг хэлцлээр авсан зүйлийг харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ.
Д.А, Ц.С нар Их суудал ХХК-ийн төлбөрт 50.000.000 төгрөгийг АUDI маркийн автомашины хамт өгсөн бөгөөд энэ талаар зохигч маргаагүй тул давж заалдах шатны шүүх уг эд хөрөнгийг нэхэмжлэгчээс буцаан гаргуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцсэн байна.
Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлээр бэлнээр авсан мөнгийг харилцан буцаахдаа нэхэмжлэгчээс 54.950.000 төгрөг гаргуулсныг давж заалдах шатны шүүх “...4.950.000 төгрөг нэмж өгсөн баримт хэрэгт байхгүй...” гэж 50.000.000 төгрөг болгон өөрчилснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Гэхдээ нэхэмжлэгч тал 50.000.000 төгрөг дээр нэмж мөнгө авсан талаараа шүүхэд тайлбарлаж байсан, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн уг хэмжээг 950.000 төгрөг гэж тодорхойлсон зэргийг харгалзан үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3, 106-р зүйлийг зөрчихгүй гэж дүгнэв.
Иймд Б.Г хувьцааны төлбөрт бэлнээр нийт 50.950.000 төгрөг авсан нь тогтоогдсон гэж хяналтын шатны шүүх үзлээ.
Дээр дурдсан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэхдээ Б.Гөөс AUDI маркийн автомашиныг 50.950.000 төгрөгийн хамт гаргуулах өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулж, Д.Аийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангана.
2. “...барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж энэ тухай шийдвэрийг Багануур дүүргийн Эд хөрөнгийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэх...” шаардлагын талаар:
Б.Г нь Тны Багануур салбар, Д.А нарын хооронд 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх шийдвэрийг бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шаардсан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэж үзсэн нь үндэслэлгүй болжээ.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдэгч нь Тны Багануур салбараас авсан зээлээ бүрэн төлсөн, үүнтэй холбогдуулан барьцааны зүйлийг чөлөөлөх нөхцөл бүрдсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна. Түүнчлэн, уг зээлийн болон барьцааны гэрээг байгуулахдаа талууд хууль зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.
Зээлдэгч зээлээ төлж, хүчин төгөлдөр зээлийн гэрээний үүргээ дуусгавар болгосон байхад шүүх уг нөхцөл байдлыг “...хариуцагч нар зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг...” биелүүлсэн гэж үзсэн нь буруу байна.
Зээлдэгч зээлээ төлж дууссан нь “...зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус...” гэж үзэх үндэслэл биш тул энэ шаардлагын талаар хоёр шатны шүүх буруу дүгнэлт хийснээс гадна Иргэний хуулийн 451, 56, 57 дугаар зүйлийг зохицуулалтыг анхаараагүй нь дутагдалтай болжээ.
Энэ талаар хариуцагч нар гомдол гаргаагүй хэдий ч шүүх Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүйгээс гадна буруу тайлбарлан хэрэглэсэн тул уг алдааг хяналтын шатны шүүхийн эрх хэмжээний хүрээнд залруулж,нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгоно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зээлдэгч гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэснийг үгүйсгэх, улмаар барьцааны зүйлийг чөлөөлөхөд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
3. Сөрөг нэхэмжлэлийн талаар:
Хариуцагч Д.А сөрөг нэхэмжлэл гаргаж, хохиролд 248.872.066 төгрөг шаардахдаа үндэслэлээ “...Их суудал ХХК-н хувьцааг худалдан авч бэлнээр 54.950.000 төгрөг төлсөн, барилгын засварт 17,213,925 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэ 43,964,700 төгрөг, үйл ажиллагааны зардал 16,983,320 төгрөг, банкны зээлийн хүүд 115,760,121 төгрөг төлсөн...” гэж тайлбарласан байна.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс зээлийн хүүд төлсөн гэх 115.760.121 төгрөгийг гаргуулах боломжгүй гэж үзэж, тоног төхөөрөмжийн үнэ 43.964.700 төгрөгийг шинжээчийн дүгнэлтэд заасан хэмжээгээр багасгажээ. Өөрөөр хэлбэл, барилгын засварт 17.213.925 төгрөг, тоног төхөөрөмжийн үнэд 15.263.779 төгрөг, үйл ажиллагааны зардалд 16.983.320 төгрөг нийт 49.461.024 төгрөгийг хувьцааны үнэд өгсөн 54.950.000 төгрөгийн хамт бүгд 104.411.024 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
а/. Хяналтын гомдолдоо нэхэмжлэгчийн төлөөлөгч “...15.263.779 төгрөгийг төлөх үндэслэлгүй...” гэж, харин хариуцагч Д.А нь “...тоног төхөөрөмжийн үнэ 43.964.700 төгрөг байхад багасгаж 15.263.779 төгрөг болгосныг зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК нь Их суудал клубд суурилуулагдсан тоног төхөөрөмж, хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг 2014, 2017 оны байдлаар хийлгэж, 2017 оны байдлаар тооцсон үнэлгээгээр шийдвэр гаргасан нь баримтад үндэслэгдсэн байх тул энэ тухай Д.Аийн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй юм.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч дурдсан үнэлгээг хэт өндөр гарсан гэж маргасан боловч энэ тухай баримт хэрэгт байхгүй тул гомдлыг үндэслэлгүй гэж үзнэ.
Иймд сөрөг нэхэмжлэлээс 49.461.024 төгрөгийн шаардлагыг хангасан магадлалын заалтыг хэвээр үлдээнэ.
б/. Анхан шатны шүүх хүчин төгөлдөр бус хэлцлийн дагуу өгсөн авсныг буцааж олгохоор шийдвэрлэсэн атлаа уг мөнгийг дахин сөрөг нэхэмжлэлд оруулан тооцож нэхэмжлэгчээс гаргуулсан нь буруу, энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
4. Шинжээчийн зардлын талаар:
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүх шинжээчээр томилсны дагуу Вендо ХХК сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан дүгнэлт гаргасан, шинжээчийн ажлын хөлс 1.200.000 төгрөг болсон байна.
Шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлүүлэх шүүхийн зардалд хамаарах бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулах байтал шүүх уг мөнгийг бүгдийг нь Д.Аээс гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1,56 дугаар зүйлийн 56.2-г зөрчжээ.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээгээр шүүхийн зардлыг нөхөн төлүүлж, нэхэмжлэгчээс 300.000 төгрөг, Д.Аээс 900.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг гаргуулж Вендо ХХК-д олгох өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т нийцнэ.
Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч Д.Аийн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 1101 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 103/ШШ2018/00065 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1, 3 дахь заалтыг нэгтгэн “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5 дахь хэсэгт зааснаар Б.Г, Д.А, Ц.С нарын хооронд 2014-01-27-ны өдөр хийгдсэн компанийн эрх шилжүүлэх гэрээ, хувьцаа бэлэглэх гэрээ тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Б.Гөөс AUDI маркийн УНО 89-82 дугаарын автомашиныг 50.950.000 төгрөгийн хамт гаргуулан Д.А, Ц.С нарт олгож, Д.А, Ц.С нараас “Их суудал” ХХК-ийн 30.000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100 ширхэг хувьцааг компанийн эзэмших эрхийн хамт гаргуулж Б.Гт олгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.А, Тны Багануур салбарын хооронд 2014-05-23-ны өдөр байгуулагдсан зээл болон барьцаат зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх, чөлөөлөх шийдвэрийг улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай Б.Гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
4 дэх заалтыг “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Гөөс 49.461.024 төгрөг гаргуулж Д.Ад олгож, сөрөг нэхэмжлэлээс 199.411.042 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,
5 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Б.Гөөс 135,815 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, нэхэмжлэгчээс төлсөн 2,354.005 төгрөг, Д.Аээс төлсөн 1,444,337 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Д.А, Ц.С нараас 1,907,410 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Б.Гөөс 404,716 төгрөг гаргуулж Д.Ад олгосугай..” гэж,
6 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан шинжээчийн ажлын хөлсөнд Б.Гөөс 300.000 төгрөг, Д.Аээс 900.000 төгрөг нийт 1.200.000 төгрөг гаргуулж “Вендо” ХХК-д олгосугай...” гэж тус тус өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т, 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 234.269 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 487.908 төгрөгийг Д.Ад захирамжаар буцааж олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН
ШҮҮГЧ Б.УНДРАХ