Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 267

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн хоёрдугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Б ын нэхэмжлэлтэй,    

Хариуцагч: БХС ад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгч З.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Эрдэнэзолбоо нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...  З.Б  миний бие Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд 30-аад жил тасралтгүй ажиллаж, жирийн байлдагчаас Цэргийн стратегийн командын инженер, стратегич, командын мэргэжилтэн, Генерал болтлоо хөдөлмөрлөж ирсэн. 

Сүүлд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчаар ажиллаж байгаад БХС  Б.Б-Э ийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 тоот тушаалаар З.Б  надад 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс ажлын 36 өдрийн ээлжийн амралт олгосон. Гэтэл мөн өдрийн БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 тоот тушаал гарч З.Б  намайг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн байна.

З.Б  миний хувьд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажилд өөрийн эрдэм мэдлэг, авъяас чадвар, бүх нөөц боломжоо дайчлан зүтгэж, сэтгэл зүрхээ гарган ажиллаж ирсэн. Дээр дурдсан Батлан хамгаалах яамны сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 тоот тушаал нь З.Б  намайг ээлжийн амралттай байхад гарсан бөгөөд надад энэхүү тушаалыг албан ёсоор мэдэгдэж танилцуулаагүй, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар уг тушаалд тодорхой дурдаагүй байдаг. 

Миний бие Батлан хамгаалахын яаманд ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн ажлын хариуцлага алдаж байгаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Цэргийн албаны тухай хуулиудад заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллаж байхад надад мэдэгдэлгүйгээр, хууль бус тушаал гарган үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Миний бие анх зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах үүднээс 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа хэргийг хянан хэлэлцээд 101/ШШ2017/04063 тоот шийдвэрээр З.Б  намайг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 11.917.249 төгрөгийг хариуцагч Батлан хамгаалах яамнаас гаргуулж олгохоор шийдвэрлэсэн. 

Батлан хамгаалах яам дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг шүүх 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцээд 405 тоот магадлалаар “харъялал зөрчсөн байна” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. 

Мөн миний бие 2017 оны 9 дүгээр сард Төрийн албаны зөвлөлд хандан ажилд эгүүлэн тогтоолгох талаар гомдол гарсан боловч хариу өгөлгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд Төрийн албаны зөвлөл 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1151 тоот албан бичгээр З.Б  намайг ажилд томилох асуудлыг шийдвэрлэхийг уламжилсныг миний бие 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олж мэдлээ. 

Дээр дурдсан нөхцөл байдлын улмаас З.Б  миний бие зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар тус шүүхэд хандан энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна” гэжээ. 

Хариуцагч БХС ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

1. “... Батлан хамгаапахын сайдын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагад:

Нэхэмжлэгчийн тушаал хүчингүй болгуулах тухай шаардлага нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийг ажлаас буруу халаагүй, өөр ажилд шилжүүлээгүй, зөвхөн үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн асуудал бөгөөд Батлан хамгаалах тухай хуулийн 14 дүгээр зүйлд Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний бүрэн эрхийг тусгасан байдаг бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15 дахь заалтаар “батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх” бүрэн эрхийг тусгайлан заасны дагуу БХС  нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хошууч генерал З.Б ыг албан үүргээс нь чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байна. 

З.Б ыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл нь Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтэд “цэргийн хуульч офицер” байхаар БХС  баталсантай холбоотой бөгөөд БХС  хуулиар олгогдсон эрх мэдлийнхээ хүрээнд З.Б ыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн шийдвэр гэж үзэж байна. 

2. Өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах тухай шаардлагад: 

Хошууч генерал З.Б ыг үүрэгт албан тушаалаас нь чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн шийдвэр гарснаас хойших хугацаанд дараах цалинг олгоод байна.Үүнд: 

- 2017 онд 36 хоногийн амралтын цалин болох 4.063.280 төгрөгийг 8 сард олгосон. 

- 2017 оны 9 дүгээр сараас 12 сар хүртэлх 74 хоногийн цалинг 2018 оны 01 дүгээр сард 44 хоногийн цалин 4.834.358 төгрөг, 3 дугаар сард 30 хоногийн цалин 3.296.153 төгрөгийг тус тус нөхөж олгосон.

- 2018 оны цалин олгогдоогүй байна.

З. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогч Батлан хамгаалах яаманд даалгуулах тухай шаардлагад:

Нэхэмжлэгчийг өөр албан тушаалд сэлгэх болон шилжүүлэн ажиллуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалыг төлүүлэхтэй холбогдсон асуудлыг хуульд заасан үндэслэлээр зохицуулагдаж байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийгдэж байгаа болно. Харин цэргийн алба хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй учир энэ асуудпыг нэхэмжлэлийн шаардпагад тусгаж нэхэмжлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардпагыг хангахгүй, шаардлагыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Б  шүүхэд “БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

БХС ын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар Хошууч генерал З.Б ыг Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд томилж, Төрийн захиргааны албан тушаалын цалингийн ТЗ-13-ийн 3 дугаар шатлалаар цалинжуулахыг зөвшөөрсөн байна. 

Харин БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар З.Б ыг үүрэгт ажлаас нь 7 дугаар сарын 21-ний өдрөөр тасалбар болгон чөлөөлж, яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд шилжүүлсэн, мөн өдрийн Б/54 дүгээр тушаалаар “Яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэдэлд байгаа З.Б ын ээлжийн амралтыг ажлын 36 хоногоор тооцож, олгохоор шийдвэрлэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...З.Б ыг албан үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон үндэслэл нь Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийн ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтэд “цэргийн хуульч офицер” байхаар БХС  баталсантай холбоотой” гэх тайлбарыг шүүхэд ирүүлснийг хүлээн авах боломжгүй. 

Учир нь БХС ын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/270 дугаар тушаалаар Батлан хамгаалах яамны бүтцэд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албыг байгуулж, Ажлын албаны дүрэм, ажлын байрны тодорхойлолтыг хавсралтаар баталсан нь хууль, дүрэмд нийцсэн үйлдэл боловч Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн ажлын албыг байгуулсан үйлдэл нь нэхэмжлэгч З.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлсөний дараа буюу 2 сарын хойно үүссэн байна. 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч З.Б ыг үүрэгт ажлаас чөлөөлөх үед түүний ажлын байрны тодорхойлолт өөрчлөгдөөгүй, үүрэгт ажлаа хууль эрх зүйн хүрээнд гүйцэтгэх боломжтой байсан ба Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д Төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар төрийн албанаас түр чөлөөлөх болон Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч З.Б т маргаан бүхий актыг мэдэгдээгүй, урьдчилан сонсгох ажиллагаа хийгээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжийг олгоогүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Батлан хамгаалах яамны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 03/4136 тоот албан бичигт “сайдын “хошууч генерал З.Б ыг чөлөөлөх тухай” 2017 оны Б/52 дугаар, мөн оны “ээлжийн амралт эдлүүлэх тухай” Б/54 дүгээр тушаалын талаар З.Б т яамны Төрийн захиргааны удирдлагын газраас албан ёсоор мэдэгдээгүй болно” гэснээр тогтоогдож байх бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заасан сонсгох ажиллагааг явуулаагүй хууль бус үйлдэл болжээ. 

Үүний зэрэгцээ Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан 31 дүгээр зүйлийн 31.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргахтай холбоотой мэдээлэл өгөх, зөвлөгөө өгөх”, 32.3-д “Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна” гэсэн захиргааны байгууллагын үүргийг биелүүлээгүй байна. 

БХС ад Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.4, 24.2, Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагчийг томилох, чөлөөлөх эрхийг хуулиар олгосон хэдий ч энэ эрхийг хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулиар олгогдсон Төрийн захиргааны жинхэнэ албан хаагчийн баталгааг хангах, захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэлийг хуулийн дагуу тодорхойлох, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу захиргааны актыг гаргах нь зүйтэй байна. 

Иймд нэхэмжлэгч З.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Харин нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд “цэргийн албан хаагч нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй шууд төлөгддөг тул бичилт хийгддэггүй” гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрсөнөө илэрхийлсэн, эсэргүүцээгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид даалгах шаардлагагүй болно. 

Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.2-т төрийн захиргааны албан хаагчийн хувьд албан тушаалын цалин болон төрийн алба хаасан хугацааны, цол, зэрэг дэвийн, докторын зэргийн нэмэгдлээс бүрдэнэ. 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно”  заасны дагуу хариуцагчаас ирүүлсэн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгчийг тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа 2,417,178 төгрөгийн цалин авч байсан, мөн нэхэмжлэгч 2017 оныг дуусталх цалингаа нөхөн авсанаа илэрхийлсэн тул үлдэх 89 хоногийн буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалин 9,579,779.0 /Есөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын Батлан хамгаалахын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Цэргийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.Б ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, БХС ын 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн Б/52 дугаар тушаалыг хүчингүй болгож, өмнө эрхэлж байсан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагчийн албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан З.Б ын ажилгүй байсан 89 хоногийн буюу 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хойших хугацааны цалинтай тэнцэх хэмжээний 9,579,779.0 /Есөн сая таван зуун далан есөн мянга долоон зуун далан ес/ төгрөгийн нөхөн олговрыг гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.ОЮУМАА