Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 119/2022/0002/З |
Дугаар | 221/МА2022/0278 |
Огноо | 2022-04-21 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2022/0278
Д.Х-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа,
Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.Х,
Нэхэмжлэгч: Д.Х,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал,
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,
Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах”,
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Д.Х, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Н, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,
Хэргийн индекс: 119/2022/0002/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Х нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Төв аймгийн Мөнгөнморьт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай “аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.6.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Х дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...
3.1. Миний бие Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлж Б.О-тэй өрсөлдөж 51 хувийн иргэдийн санал авч байсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын Тооллогын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаартай “Багийн Засаг даргыг сонгох тyxaй” тогтоолоор “Баянбулаг багийн Засаг даргад /Б.О, Д.Х нар/ нэр бүхий 2 хүн нэр дэвшсэнээс санал хураалтад 141 иргэнээс 51 хувийн саналыг Д.Х миний бие авсан. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 08 дугаартай тогтоолоор Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож батламжлуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсугай гэсэн байна. Гэтэл намайг өнөөдрийг хүртэл Баянбулаг багийн Засаг даргаар батламжлахгүй байсан тул шүүхэд хандсан.
3.2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Учир нь сонгуульд оролцоход баг, хорооны нэр дэвшигч шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх, ялгүй байх гэсэн шаардлагуудыг хангасан тохиолдолд нэрээ дэвшүүлэх эрх үүсэх байсан гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гэвч би шаардлагатай баримт бичгүүдээ шуудангаар илгээж зохих журмын дагуу сонгуульд албан ёсоор өрсөлдсөн. Миний шуудангаар илгээсэн бичиг баримтуудыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Н гэх хүн хүлээн авсан атлаа Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-д хүргүүлж танилцуулах үүргээ биелүүлээгүйн улмаас хариуцагч Б.Б би Д.Х-ын сонгуульд өрсөлдөх бичиг баримттай танилцаагүй гэж тайлбар хийж буй нь надаас хамаарахгүй. Шүүх хурал дээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга А.Н нь миний буруутай үйлдлийн улмаас Д.Х-ын бичиг баримтуудыг өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Энэ нь миний буруутай үйлдлийн улмаас өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3-д заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэх үндэслэлгүй.
3.3. Намайг сонгуульд өрсөлдөхөд миний зүгээс ямар нэгэн хууль зөрчсөн, шаардлага хангаагүй гэсэн асуудал дэвшүүлж байгаагүй мөртлөө намайг нэхэмжлэлийн шаардлага гаргахад хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б “миний бичиг баримтуудтай танилцаагүй, сонгуульд өрсөлдсөн эсэхийг ч мэдээгүй” гэдэг тайлбар хэлдэг нь үндэслэлгүй. Хариуцагч Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б нь намайг шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаад түүнд тайлбар гаргахдаа надад “Д.Х-ыг багийн Засаг даргад томилох бүхий тогтоол ирээгүй, би мэдэхгүй” гэсэн атлаа 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/1227 дугаартай албан бичгийг Баян-Өндөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Э-д өгсөн байдаг. Энэхүү албан бичигтээ намайг Баянбулаг багийн Засаг даргад нэр дэвшсэнийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6.3-д заасан шаардлагыг хангаагүй тул батламжлахгүй гэсэн утга агуулга бүхий зүйлийг дурдсан байдаг. Энэ нотлох баримтыг шүүх үнэлээгүй, мөн энэ талаар шийдвэртээ дүгнэлт хийж дурдаагүй. Үүнээс үзэхэд шүүх хурлаас өмнө Б.Б дарга миний бичиг баримтуудтай танилцаад тэр бүү хэл сонгуульд өрсөлдөхөд миний “ялгүй байх” гэсэн шаардлагыг хангасан болохыг мэдсэн байх тул иргэдийн санал авахад ямар нэгэн асуудал дэвшүүлээгүй байгаа нь илтэд харагддаг. Би “ялгүй байх” гэсэн шаардлагыг бүрэн хангаж байх бөгөөд зөвхөн энэ асуудалд ач холбогдол өгч намайг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй.
3.4. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Мөн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна. Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагч нар гомдлыг үгүйсгэж, бичгээр тайлбар гаргаагүй байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.
2. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг оруулав.
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангалаа. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч Д.Х нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурал, тус сумын Засаг даргад тус тус холбогдуулан “Аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
3.2. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл Д.Х нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд багийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн, нэрээ дэвшүүлэхдээ “ялгүй байх” тодорхойлолтыг гаргаж өгөөгүй, тус Хурлын Тооллогын комиссын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “Д.Х-ыг 51 хувийн санал авч Баянбулаг сумын Засаг даргад сонгогдсонд тооцож, хурлын хуралдаанд уламжилж”, мөн Хурлын 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 07, 08 дугаар тогтоолуудаар “Д.Х-ыг багийн Засаг даргаар сонгогдсонд тооцож, батламжуулахаар Баян-Өндөр сумын Засаг даргад уламжилсан” боловч Баян-Өндөр сумын Засаг дарга Д.Х-ыг тус сумын Баянбулаг багийн Засаг даргаар томилоогүй байна.
3.3. Хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Д.Х-ын “ялгүй байх” гэснийг тодорхойлох албан бичиг ирүүлээгүй, иргэдийн Нийтийн Хуралд энэ талаарх баримтаа гаргаж өгөлгүйгээр Хурлыг хуралдуулж тогтоол гаргуулсан, ... тогтоолд хэдэн хувийн санал авсан талаар бичээгүй байсан, ... сонгууль болсноос хойш “ялгүй байх” тодорхойлолтыг шуудангаар ирүүлсэн, ... сумын Засаг дарга иргэдийн Нийтийн Хурлын тогтоолыг хянах эрхгүй, баримт бичиг дутуу гэх жагсаалт ирсэн тул батламжлаагүй” гэж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаас “...“ялгүй байх” гэснийг тодорхойлох албан бичгийг сонгуулиас хойш ирүүлсэн, уг бичгийг ирүүлээгүй тул Засаг даргаар томилуулах саналыг уламжлах боломжгүй болсон, хурал дуусаад баримтуудыг шалгахад заавал энэ бичгийг авах ёстой гэх хариу өгсөн, ... нарийн бичиг хэдэн хувийн санал авсан талаар бичээгүй байсан, 51 хувийн санал авсантай холбогдуулж маргахгүй” гэж, нэхэмжлэгчээс “...“ялгүй байх” гэснийг тодорхойлох албан бичгийг өгөх ёстой гэж мэдээгүй, тухайн үед асуугаад шаардлагатай гэсэн баримтуудыг өгсөн” гэж тайлбарлан маргаж байна.
3.4. Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1/227 дугаар албан бичигт “... Д.Х нь “ялгүй байх” шаардлагыг хангаагүй тул батламжлах боломжгүй” гэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/100 дугаар албан бичигт “... Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга агуулгын алдаатай буюу хэдэн хувийн санал авсныг бичээгүй тус Хурлын 08 дугаар тогтоолыг биечлэн авч ирэхэд алдааг залруулж ирүүлэхийг сануулсан. Тус өдрөөс хойш дахин алдааг зассан тогтоолыг ирүүлээгүй. 08 дугаар тогтоолыг хүлээн авч бүртгээгүй” гэсэн, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 01/46 дугаар Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хуралд хүргүүлсэн албан бичигт “... 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэр дэвшигчийн баримт бичгүүдийн хуулбарыг хүлээн авсан, ... танай хуралдааны батламжлах тухай тогтоолыг хүлээн аваагүй, ... Д.Х-ын “ялгүй байх” гэснийг тодорхойлох албан ёсны баримт бичиг байхгүй, ... иймд хууль зөрчиж хуралдсан хуралдаан, тогтоолыг хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгуулах хүсэлтийг хүргүүлж байна” гэжээ.
3.5. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, ... тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасны дагуу Баян-Өндөр сумын Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 51 хувийн санал авсан нэр дэвшигч Д.Х-ыг томилуулахаар холбогдох баримтуудыг авч очиход тус сумын Засаг дарга бичиг баримт алдаатай гэх үндэслэлээр хүлээн аваагүй нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
3.6. Тодруулбал, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ... баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилохоор, 26.4-д зааснаар энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байхаар хуульчилсан.
3.7. Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл энэ тохиолдолд хариуцагч Баян-Өндөр сумын Засаг дарга нь нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, хуралдааныг хууль бус эсэхийг хянаж, дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байхад Хурлын шийдвэр, үйл ажиллагаанд дүгнэлт өгч, тухайлбал Д.Х-ын “ялгүй байх” гэснийг тодорхойлох албан ёсны баримт байхгүй, баримт бичиг алдаатай гэх байдлаар нэр дэвшигчийн баримт бичгийн бүрдлийг хянах замаар Хурлын тогтоолыг хүлээн авахгүй буцааж, Засаг даргыг томилохоос татгалзсан нь хууль бус бөгөөд нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээнд халджээ гэж дүгнэхээр байна.
3.8. “Даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэн түрүүнд тухайн захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй байгаа эсэхийг тогтоож, хууль бус эс үйлдэхүй байгаа тохиолдолд “даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжтой бөгөөд анхан шатны шүүх хариуцагч нар нь хууль зөрчсөн эсэх талаар зөв дүгнэж тогтоосон атлаа “хуульд заасан шаардлагуудыг хангасан тохиолдолд нэрээ дэвшүүлэх эрх үүсэх байсан” гэх дүгнэлтийг хийж нутгийн өөрөө удирдах байгууллага болох Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр, тогтоолыг үгүйсгэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин дээр дурдсанаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-д заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй байхаар хуульчилсан тул хариуцагчаас багийн Засаг даргыг 1 удаа томилохоос татгалзах, татгалзсан тохиолдолд зохих журмын дагуу Хурлын тогтоолыг дахин ирүүлэхэд 5 өдөрт багтаан томилох үүрэгтэй. Энэхүү хуулийн зохицуулалт нь Баянбулаг багийн иргэдийн Нийтийн Хурлын хэрэгжүүлэх нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул шүүхээс “нэхэмжлэгчийг багийн Засаг даргаар томилохыг сумын Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг шууд хангах боломжгүй.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 05 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 оны/-ийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Х-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Д.Х-ыг багийн Засаг даргаар томилохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга Б.Б-ээр Д.Х-ыг Баянбулаг багийн Засаг даргаар томилохыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Х-ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчэс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН