Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 170

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ж, Б.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Н.Батсайхан, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор С.Солонго

шүүгдэгч Ж.Ж, түүний өмгөөлөгч Ш.Отгонбаяр, Б.Батжаргал,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, нээлттэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор С.Солонгын бичсэн прокурорын эсэргүүцлээр мөн шүүгдэгч Ж.Жийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын давж заалдах гомдлоор тус тус Ж.Ж, Б.Э нарт холбогдох эрүүгийн 1706015800103 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Ж.Ж, 1975 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../,

Н овогт Б.Э, 1996 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Үндэсний технологийн их сургуульд суралцдаг, ам бүл 4, эгч, дүү, найз охины хамт Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:.../,

Шүүгдэгч Ж.Ж нь Ц.Этай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь 2017 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор иргэн Ж.Жийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ж.Жийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Б.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д тус тус заасныг баримтлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Ж.Жийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жид 600 000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.Ж нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 3 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Ж нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Ж.Жоос нийт 1 014 000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э олгож, үлдэх 1 052 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор С.Солонго улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг дээрхи хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 742 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ шийтгэх тогтоолын “Тогтоох” нь: “...хэсгийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.8-д заасныг тус тус баримтлан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж заасан байна.

... яллагдагч Ж.Ж нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтанд өгсөн хохирогч Б.Эын /хх-29/, хохирогч Ж.Жийн /хх-22/, гэрч Б.С /хх-31/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 11068 дугаартай дүгнэлт /хх-42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг, хохирогчийн фото зураг /хх-63/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна” гэж дүгнэж,

Харин “...шүүгдэгч Б.Э нь Ж.Жийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар хангалттай тогтоогдохгүй байна гэж үзэв. Үүнд: “...мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ө.С мэдүүлэг /хх68-69/, шүүхийн хэлэлцүүлэгт судалсан камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдохгүй байгаа учир Б.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзэв...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5 дахь хэсэгт зааснаар яллагдагч Б.Эын үйлдсэн гэмт хэрэг нь ямар нотлох баримтаар үгүйсгэгдэж, гэмт хэрэг үйлдсэн болох нь ямар нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгааг тодорхой дурдаагүй, зөвхөн шинжээчийн мэдүүлэгт үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь: хохирогч Ж.Ж нь цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлд “...намайг шууд заамдаж аваад хэл амаар доромжилж эхэлсэн. Би тавиулах гэж оролдсон боловч унаж чангааж намайг дэгээдэж унагаасан болно...” гэж мэдүүлсэн /хх-5/, Мөрдөн байцаалтанд “...миний хоолойг боогоод байхаар нь би гарыг нь цохитол тэр залуу намайг дэгээдээд газар унагаасан. Би босч ирээд тэр залуутай хэд хэдэн удаа харилцан цохилцсон...” гэж мэдүүлсэн /хх-22/, Шүүхийн хэлэлцүүлэгт “...бид нар заамдалцаад дээр, доороо орсон. Тэгээд хохирогч миний дээр гараад боож байхад манай эхнэр хойноос татаж салгасан. ...миний биед учирсан гэмтлийг Энхбаяр учруулсан...” гэж мэдүүлсэн, камерын бичлэгт үзлэг хийсэн “...2 залуу бие биеийгээ заамдаж боож байгаа харагдаж байна. Тус 2 залуу бие биеийгээ харилцан 1,1 удаа нүүр хэсэг рүү нь цохиж байгаа харагдах бөгөөд камераас хол учраас нарийн сайн харагдахгүй байна. Ингээд модны цаад талд дээрх 2 залуу унаж байгаа харагдах бөгөөд буцаж босч ирээд барьцалдаж явж байгаад анх дурдагдсан хар бараан хувцастай сүүлд маргалдсан залууг хөмөрч унагааж байгаа харагдаж байна. Унагаасан залуугийн ар талаас хажууд зогсож байсан эмэгтэй татаж зуурч хойш унагаж байх бөгөөд жижиг биетэй хүүхэд хажуунаас нь очиж /Б.Эыг/ цохиж байгаа харагдаж байна.  ...нөгөө 2 залуу хэвтээ байдлаас босож ирж буцаж бие биенийгээ цохиж байгаа харагдаж байна....” гэх тэмдэглэл /хх-17/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр яллагдагч Б.Э, Ж.Ж нар нь харилцан зодолдсон, Б.Эын үйлдлийн улмаас хохирогч Ж.Жийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь нотлогдон тогтоогдсон. Энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д зааснаар шийдвэрлэх хэрэг байхад шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Жид..., ...эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн...” гэв.

Шүүгдэгч Ж.Жийн өмгөөлөгч Ш.Отгонбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүх “...шүүгдэгч Ж.Ж нь Ц.Этай бүлэглэн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор иргэн Б.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв” гэж дүгнэн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Эын өгсөн мэдүүлэг, хохирогч Ж.Жийн өгсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Соёлмаагийн өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 11068 дугаартай дүгнэлт, шүүгдэгч хэргээ хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерийн бичлэг, хохирогчийн фото зураг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна” гэжээ.

Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримт болох хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээс үзэхэд Б.Эын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлд нь Ц.Э хамтран оролцсон болох талаар нэг ч удаа дурьдаагүй, цохисон, өшиглөсөн гэх Ц.Эы үйлдэл нь шалгагдаж тогтоогоогүй байхад шүүх Ж.Ж нь Ц.Этай бүлэглэж үйлдсэн гэж  хүндрүүлэн зүйлчилсэн байдаг.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор байцаасан тэмдэглэлд Б.Э нь Ц.Эыг өшиглөсөн, цохисон талаар мэдүүлээгүй байдаг бөгөөд  шүүгдэгч Б.Э   “...эхнэр нь бас 2-3 удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсэн байдаг боловч Б.Эыг хохирогчоор байцаасан тэмдэглэлд энэ нь байдаггүй. Шүүгдэгч, яллагдагч нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хуулиар хүлээдэггүй бөгөөд харин хохирогч бол “хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх” үүрэгтэй байдаг. Хууль сануулж, танилцуулж байцаасан тэмдэглэлд Ц.Э нь хамтран оролцсон талаар дурдаагүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй, хохирогч нарын мэдүүлгийг үнэлж, авч үзээгүй байна.

Б.Э нь Ж.Жийн дээр нь гарчихсан байх үед эхнэр Ц.Э нь Б.Эыг араас нь татаж салгасан үйлдэл хийсэн байдаг. Энэ талаар Б.Э болон Ж.Ж нарыг хохирогчоор байцаасан тэмдэглэлүүдэд дурьдагдсан байдаг ч Ц.Э цохисон, өшиглөсөн талаар нэг ч үг, өгүүлбэр байхгүй.

Ц.Э нь Б.Эыг цохиж, өшиглөж буй дүрс камерийн бичлэгээс тодорхой харагддаггүй ба Ж.Ж болон Б.Э нарын харилцан цохилцож байгаа, зууралдаж байгаа нь харагддаг.

Зөвхөн хэрэгт авагдсан бүдэг бадаг дүрс бичлэг болон шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж, бүлэглэж үйлдсэн, Ц.Э хамтран оролцсон гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх хэргийн үйл баримт нь тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй буюу гэмт хэргийг Ц.Э нь бүлэглэн үйлдсэн болох нь  тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж  үзэж байна. Өөрөөр хэлбэл Ж.Жид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр Ц.Этай гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон  үзсэн байна.  Эрүүгийн хэрэгт хамаарал бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан байх тул уг хэргийг хянан шийдвэрлэхдээ Ж.Жид Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага оногдуулж, түүний эхнэр болох Ц.Эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2. Б.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосны хувьд Шийтгэх тогтоолын Тодорхойлох нь хэсэгт “Мөрдөн байцаалтын шатанд шинжээч Ө.С өгсөн “...Мохоо зүйлийн үйлчлэлээр гараар цохих, мөргөх, өшиглөх үед тархи доргилт үүснэ. Харин хүзүү хоолойны арьсны зулгарал нь гараар буюу хувцасаас боох үед үүсэж болно. Тохойн цус хуралт нь ойчих унах үед үүсэж болно. ...Тархи доргилт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” Харин бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан камерын бичлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдохгүй байгаа учир Б.Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзэв” гэжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан камерийн бичлэгт Б.Э нь Ж.Жийг хоёр удаа унагааж байгаа харагддаг бөгөөд Ж.Жийг газарт унагаасан Б.Эын үйлдлийн улмаас Ж.Жийн тархинд доргилт өгсөн байх боломжтой юм. Шинжээчийн дүгнэлтэнд “Тохойн цус хуралт нь ойчих, унах үед тархи доргих боломжтой байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй байна. Хохирогчийн мэдүүлгээр харилцан зодолдсон, цохилцсон нь тодорхой харагдана. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Ж.Жийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэх, Б.Э Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу зохих хариуцлагыг шударгаар оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Г.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн хэрэг болдог өдрийн камерын бичлэгт Энхсайхан нь нөхөртэйгээ нийлэн миний үйлчлүүлэгч Б.Эыг цохиж байгаа харагддаг.  Гэтэл Э хэрэг одоо болтол шүүхэд шилжиж ирэхгүй байна. Иймд хэргийг зөв зүйлчлэн шийдэх нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгч Ж.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ зодоонд манай эхнэр оролцоогүй. Би ч мөн адил тархиндаа доргилт гэмтэл авсан байхад Б.Эыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч Б.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би Ж.Жийг зодож цохисон асуудал байхгүй. Би хүүхдийг нь ч мөн адил загнаж зандраагүй. Эхнэр Энхсайхан нь зодоонд оролцсон...” гэв.

Шүүгдэгч Ж.Жийн өмгөөлөгч Б.Батжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Э холбогдох хэргийг шүүх хэрэгсэхгүй болгосонд санал нийлэхгүй байна. Б.Эын хэргийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тул хүчингүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх Ж.Ж, Ц.Этай  бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэж дүгнэн Ж.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн ял шийтгэл оногдуулжээ.

Хавтаст хэрэгт буй баримтуудаас үзэхэд Ж.Ж бүлэглэсэн гэх Ц.Э нь энэ хэрэгт гэрчээр тогтоогдсон бөгөөд түүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан зүйлгүй, яллагдагчаар татаагүй атлаа Ц.Эд холбогдох хэргийг тусгаарлаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэж заасныг зөрчсөн байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэсэн байтал тусгаарлах болсон шалтгаан, үндэслэлийг заалгүйгээр эрүүгийн хэргийг тусгаарласан тогтоол гаргасан нь ойлгомжгүй болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараахь байдлыг нотолно” Үүнд: “ гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хууль заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэргийг тогтооно гэж заажээ.

Гэтэл гэмт хэргийн шалтгаан нөхцөл, гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн эсэх, гэм буруугийн хэлбэр бүрэн тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.3 дах заалтад заасан буюу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байх тул прокурорын эсэргүүцлийг энэ удаа хэлэлцэлгүй орхиж, шүүгдэгч Ж.Жийн өмгөөлөгч Ш.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлоос “Ц.Этай бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй” талаар гаргасан гомдлын хэсгийг  хүлээн авч Ж.Ж, Б.Э нарт холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 742 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ж.Ж, Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Ж.Ж, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ