Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/2017/00101

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Их гүний 18 дугаар гудамжны 3 тоотод оршин суух, Боржигон овогт Балдандоржийн Хатанбаатарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Рашаантын 10 дугаар гудамжны 6а тоотод оршин суух, Боржигин овогт Шагдарсүрэнгийн Нэргүйд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 850.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Б.Хатанбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ш.Нэргүй нь 27-73 БРА улсын дугаартай “Самсунг” маркийн машинаар намайг мөргөж бие махбодид маань хүндэвтэр гэмтэл учруулсан. Ш.Нэргүй нь хохирол төлбөр 1.000.000 төгрөгийг 6 сарын хугацаанд сар болгоны 7-ны өдөр сард 166.666 төгрөгөөр буцаан төлөхөөр харилцан тохиролцож 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулсан. Ш.Нэргүй нь заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй нэхүүлсээр байгаад 2017.02.03-ны өдөр 150.000 төгрөг өгсөн. Иймд Ш.Нэргүйгээр 850.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.Нэргүй шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Б.Хатанбаатарт 850.000 төгрөгийг төлж барагдуулах нь үнэн. Би 4,5,6 сардаа гурав хувааж буюу 6 дугаар сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулсан байх болно гэжээ.

Нэхэмжлэгч Б.Хатанбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ш.Нэргүйгийн хариу тайлбартаа танилцлаа. Нэхэмжилсэн 850.000 төгрөгийг 6 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулна гэснийг хүлээн зөвшөөрлөө. Тиймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Б.Хатанбаатар нь хариуцагч Ш.Нэргүйгээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 850.000 төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид төлбөр төлөх хугацааны талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.   

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ш.Нэргүйгээс 12.475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Боржигон овогт Балдандоржийн Хатанбаатарын нэхэмжлэлтэй, Боржигин овогт Шагдарсүрэнгийн Нэргүйд холбогдох эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол 850.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Нэргүй нь 850.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 12.475 төгрөгийг улсын төсвөөс буцаан, хариуцагч Ш.Нэргүйгээс 12.475 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА