Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 103/2017/00103

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Багануур дүүргийн 3 дугаар хороо, Хилчингийн 8 дугаар гудамжны 7 тоотод оршин суух, Билэгт ламынхан овогт Намдагсүрэнгийн Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хилийн цэргийн 0252 дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад:

                                                               ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Н.Отгонсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1987 оноос 1991 онд Баян-Өлгий аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангийн 2 дугаар заставт 4 жил, Баян-Өлгий аймгийн хилийн цэргийн 0165 дугаар ангийн төвд 6 жил ажиллаж байгаад нөхрөө дагаж 1997 оны 8 дугаар сард Багануур дүүрэг дэх Хилийн цэргийн 0252 дугаар ангид ирж гал зууханд                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    тогоочоор ажилласан. Намайг 2016 оны 10 дугаар сард ээжлийн амралтаа дуусгаад ороход дэд хурандаа Амартүвшин өрөөндөө дуудаад “ та одоо ажлаас гар, өөрөө тэтгэвэрт гарах  хугацаагаа хүртэл өөр газарт ажиллаад тэтгэвэртээ гарна биз” гэж хэлсэн. Улмаар хэлсэндээ хүрч намайг Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1, 38.2, 42 дугаар зүйлд зааснаар тодорхой үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Намайг халсан тушаал гаргахдаа Монгол улсын Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн холбогдох заалтыг бариагүй үндэслэлгүйгээр ажлаас халсан. Иймд намайг хуучин эрхэлж байсан 0252 дугаар ангийн гал зуухны тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Хилийн цэргийн 0252 дугаар ангийг төлөөлж байгаа Захиргаа хүний нөөцийн тасгийн дарга Ц.Амартүвшин би иргэн Н.Отгонсүрэнгийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч 2017.03.06-ны өдрөөс урьд эрхэлж байсан ажил Хилийн цэргийн 0252 дугаар ангийн тогоочийн ажилд  нь эгүүлэн томилсон болно.  Н.Отгонсүрэнг ажлаас халахдаа 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 1800.000 төгрөг олгосон бөгөөд нэгэнт ажилдаа орж байгаа учраас 2017.05.01-ний өдрийг хүртэл цалингүй  ажиллуулахаар нэхэмжлэгч Н.Отгонсүрэнтэй харилцан тохиролцож гэрээ байгуулав гэжээ.

                                                                          ҮНДЭСЛЭХ нь

            Нэхэмжлэгч Н.Отгонсүрэн нь хариуцагч Хилийн цэргийн 0252 дугаар ангид холбогдуулан тус ангийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч Н.Отгонсүрэнг Хилийн цэргийн 0252 дугаар ангийн тогоочийн ажилд  2017.3.6-ны өдрөөс томилж  ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулж шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд  Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож эвлэрсэн 1800.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 43.750 төгрөгийг  тал хувиар бууруулан тогтоож 21.875 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг тус  тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Н.Отгонсүрэнгийн нэхэмжлэлтэй, Хилийн цэргийн 0252 дугаар ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч  нь нэхэмжлэгч  Н.Отгонсүрэнг Хилийн цэргийн 0252 дугаар ангийн тогоочийн ажилд 2017.3.6-ны өдрөөс эгүүлэн тогтоож,  нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл цалингүй ажиллахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй.

2. Нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хилийн цэргийн 0252 дугаар ангиас улсын тэмдэгтийн хураамжинд 21.875  төгрөгийг гаргуулан  улсын орлогод оруулсугай.      

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.  

 

                                           ШҮҮГЧ                                      П.ТУЯА