| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0590/Э |
| Дугаар | 565 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Нарангэрэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-, шүүгдэгч Р.Б-, түүний өмгөөлөгч Ч.Атарболд, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Р-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910024860186 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Увс аймагт төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, геофизикч мэргэжилтэй, Молор гэгээ ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Р-ын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.Б- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах МАК ХХК-д геологи, хайгуулын газрын ахлах геофизикч инженерээр ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа хүлээлгэн өгөхдөө ажил албан тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулж өгсөн зөөврийн компьютер /Dell inspirion 5567/ 1 ширхэг, GSM 19T proton Magnometer DGPS Systems маркийн 2 ширхэг соронзон хайгуулын багаж, гар GPS /GARMIN 66S/ 1 ширхэг нийт 14,364,000 төгрөгийн эд зүйлйиг хүлээлгэн өгөлгүй завшсан МАК ХХК-д 14,364,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд:
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-: “...Баттулгын хувьд манай компанид 2006 онд орсон байдаг, 2009 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс ахлах геофизикч инженер болсон байсан, үүнтэй нь холбоотойгоор хөдөлмөрийн гэрээг шинэчилсэн. Энэ ажил албан тушаалтай нь холбоотой бусад баримтуудыг шинэчлэн байгуулсан. Тэгээд тухайн багажнуудыг хүлээлгэж өгсөн. Аливаа албан тушаалтан ажлын байраа орхиж явсан бол хариуцдаг албан тушаалтанд мэдэгдэх ёстой ч Р.Б- мэдэгдэлгүйгээр 6 дугаар сарын 5-наас ажилдаа ирэхээ больсон байсан. Ажлаас гарч байгаа бол мэдэгдэж, өөрт байгаа хөрөнгийг байгууллагад хүлээлгэж өгөх ёстой байдаг. Гэтэл энэ үйл явдал болоогүй. Хариуцуулж өгсөн байсан 8 эд хөрөнгөнөөс 4 багажийг нэхэмжлэх шаардлагагүй болсон, энэ талаар тайлбар мэдүүлэгт дурдсан байгаа. Р.Б- өөрт нь байсан 1 ширхэг GSM соронзон хайгуулын багажийг 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Түмэнжаргалд хүлээлгэж өгсөн байдаг. Тухайн багажийг шалгаж үзэхэд ажиллаж байсан. 4 эд хөрөнгө байгаа. Одоо зөөврийн компьютер нэг ширхэг, соронзон хайгуулын хоёр багаж, нэг ширхэг гарнет зэргийг хүлээлгэж өгөөгүй, эдгээр хөрөнгүүдийг шинжилгээ хийлгэхэд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн дүгнэлтээр 14,364,000 төгрөг болсон бөгөөд энэ хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна. Хохирлоо барагдуулах талаар Р.Б- мэдүүлсэн боловч баримттай арга хэмжээ аваагүй...” гэв.
Шүүгдэгч Р.Б-: “...Хайгуулын хоёр багажийг актлах жагсаалтанд оруулсан байсан, би өөртөө авч явж байхдаа хайнга хандаад алга болгочихсон, өөрийн гэм буруугийн хувьд маргахгүй, намайг ахлах инженерээр ажиллаж байсан гэнэ, гэтэл 8 хүнтэй газарт 2 ахлах хэрэггүй гээд би ахлах хийхээ байсан, би ахлах геофизикч биш юм. Тухайн байгууллагаас багажаа алга болгочихоод ажил дээрээ очоод учир байдлаа хэлэхэд манай геологийн захирал алга болгосон багажнуудаа олж ирээд ажилдаа ороорой гэсэн учир би алга болгосон багажнуудаа олоогүй учир ажилдаа очоогүй, хэзээ, хаана алга болгосныг мэдэхгүй байна, ажлаар хөдөө явж байгаад алга болгосон байх. Хохирлыг тодорхой хугацаа өгвөл оноос өмнө барагдуулах боломжтой гэж бодож байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манайд ахлах геофизикчээр ажиллаж байсан Р.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа орхиж явахдаа өөрийн эрхэлж буй ажил албан тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулж, эд хөрөнгө хариуцагчийн картаар хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж багаж хэрэгслийг авч яваад өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй байна. Бид удаа дараа холбогдож хэрвээ гарч байгаа бол хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар хүлээсэн үүргийнхээ дагуу компанийн эд хөрөнгүүдийг авчирч өгч, ажил үүргээ албан ёсоор хүлээлгэн өгөхийг шаардсан боловч санаатайгаар авчирч өгөлгүй зугтаж сүүлдээ хаана байгаа нь тодорхойгүй болсон. ...Компаниас Р.Б-д нийт 8 ширхэг эд хөрөнгийг хариуцагчийн картаар итгэмжлэн хариуцуулж өгсөнөөс ...зөөврийн компьютер /Dell inspirion 5567/ 1 ширхэг, GSM 19T proton Magnometer DGPS Systems маркийн 2 ширхэг соронзон хайгуулын багаж, гар GPS /GARMIN 66S/ 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгөөгүй байгаа. Эд зүйлсийг үнэлүүлэхэд 14,364,000 төгрөгөөр тогтоогдсон...” /хх-ийн 17, 145-147/ гэсэн,
Гэрч Х.Түмэнжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Баттулгын хэрэгслүүд нь бүгд л хайгуулын багаж хэрэгслүүд. ...Тухайн дутчихсан эд зүйлсүүд нь Баттулгын эзэмшлийн эд зүйлс байгаа. 8 ширхэг эд зүйлс дутчихсан байснаас 4 ширхэг эд зүйлийг одоогоор авчирч өгөөгүй байгаа...” /хх-ийн 20/ гэсэн,
Гэрч Б.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 04 дүгээр сард ...Б- өөрийнхөө багаж хэрэгслүүдийг авсан. Өөрөө над дээр ирээд удахгүй Цагаан хадны ажил эхэллээ гээд надаас 2 ширхэг багаж аваад явсан. Манай байгууллага тухайн 8 ширхэг эд зүйлийг анх ажилд ороход нь эд хариуцагчийн картаар хүлээлгэн өгдөг бөгөөд хайгуулын багажуудыг геофизикч нар ажилдаа авч яваад буцааж авчирч өгөөд явдаг. ...Анх 8 ширхэг багаж Р.Б-д өгсөн байдаг, тэрнээс надаас 2 ширхэгийг авч явсан, тэрнээс монгол гэр болон 5 номерын GPS рино нарыг сүүлд өгсөн байдаг. Анхнаасаа манай байгууллагад байсан багаж нь 4 номерийн багаж хэрэгсэл. Тухайн 3 номерийн багаж хэрэгслийг хэнээс хэзээ авч явсныг би мэдэхгүй...” /хх-ийн 27-28/ гэсэн,
Шүүгдэгч Р.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Анх ажиллаж эхлэхэд миний эд хөрөнгөд нийт 8 төрлийн эд зүйлс байдаг байсан. ...Үлдэгдэл 4 ширхэг багаж хэрэгслийг алга болгочихсон, хаана, хэзээ алга болгосноо мэдэхгүй байна. Тухайн үед хөдөө орон нутгаар ажиллаж байсан тул тэр үед гээгдсэн байх. Би ...GSM 19T proton гэх багаж 2 ширхэг, мөн зөөврийн компьютеэр 1 ширхэг, тэгээд GPS нийт 4 ширхэг багаж хэрэгслийг буцааж өгөөгүй байгаа...” /хх-ийн 25-26, 49-50/ гэсэн мэдүүлгүүд,
- Өргөдөл /хх-ийн 10/,
- Хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийг хариуцлагыг дангаар хүлээх гэрээ /хх-ийн 149-154, 155/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-44/,
- Эд хариуцагчийн карт /хх-ийн 52-53/,
- Р.Баттулгын хүлээлгэж өгөөгүй багаж тоног төхөөрөмжийн жагсаалт /хх-ийн 55/,
- Р.Б-г ажилд томилсон болон халсан тухай тушаал /хх-ийн 56-57/,
- Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 58-69/,
- Шүүгдэгч Р.Баттулгын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 75/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 76/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 77/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 80/, банкин дахь дансны хуулга /хх-ийн 95-96/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Р.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Р.Б- нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “МАК” ХХК-д геологи, хайгуулын газрын ахлах геофизикч инженерээр ажиллаж байгаад 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс ажлаа хүлээлгэн өгөхдөө ажил албан тушаалтай нь холбогдуулан итгэмжлэн хариуцуулж өгсөн зөөврийн компьютер /Dell inspirion 5567/ 1 ширхэг, GSM 19T proton Magnometer DGPS Systems маркийн 2 ширхэг соронзон хайгуулын багаж, гар GPS /GARMIN 66S/ 1 ширхэг, нийт 14,364,000 төгрөгийн эд зүйлийг хүлээлгэн өгөлгүй завшиж, “МАК” ХХК-д 14,364,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-гийн “...Компаниас Р.Б-д нийт 8 ширхэг эд хөрөнгийг хариуцагчийн картаар итгэмжлэн хариуцуулж өгсөнөөс ...зөөврийн компьютер /Dell inspirion 5567/ 1 ширхэг, GSM 19T proton Magnometer DGPS Systems маркийн 2 ширхэг соронзон хайгуулын багаж, гар GPS /GARMIN 66S/ 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгөөгүй байгаа. Эд зүйлсийг үнэлүүлэхэд 14,364,000 төгрөгөөр тогтоогдсон...” /хх-ийн 17, 145-147/ гэсэн, гэрч Х.Түмэнжаргалын “...Баттулгын хэрэгслүүд нь бүгд л хайгуулын багаж хэрэгслүүд, дутсан эд зүйлсүүд нь Баттулгын эзэмшлийн эд зүйлс байгаа. 8 ширхэг эд зүйлс дутсан байснаас 4 ширхэг эд зүйлийг одоогоор авчирч өгөөгүй байгаа...” /хх-ийн 20/ гэсэн, гэрч Б.Одончимэгийн “...Анх 8 ширхэг багаж Р.Б-д өгсөн, тэрнээс надаас 2 ширхэгийг авч явсан, монгол гэр болон 5 номерын GPS рино нарыг сүүлд өгсөн. Тухайн 3 номерийн багаж хэрэгслийг хэнээс, хэзээ авч явсныг би мэдэхгүй...” /хх-ийн 27-28/ гэсэн, шүүгдэгч Р.Баттулгын “...Анх ажиллаж эхлэхэд миний эд хөрөнгөд нийт 8 төрлийн эд зүйлс байдаг байсан. ...Үлдэгдэл 4 ширхэг багаж хэрэгслийг алга болгочихсон, хаана, хэзээ алга болгосноо мэдэхгүй мэдэхгүй байна. Тухайн үед хөдөө орон нутгаар ажиллаж байсан тул тэр үед гээгдсэн байх. Би ...GSM 19T proton гэх багаж 2 ширхэг, мөн зөөврийн компьютеэр 1 ширхэг, тэгээд GPS нийт 4 ширхэг багаж хэрэгслийг буцааж өгөөгүй байгаа...” /хх-ийн 25-26, 49-50/ гэсэн мэдүүлгүүд, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн болон эдийн бус хөрөнгийг хариуцлагыг дангаар хүлээх гэрээ /хх-ийн 149-154, 155/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 30-44/, эд хариуцагчийн карт /хх-ийн 52-53/, Р.Б-г ажилд томилсон болон халсан тухай тушаал /хх-ийн 56-57/, Хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 58-69/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Бусдын итгэмжлэн хариуцуулсан гэдэг нь хувь хүн, байгууллагаас өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн байхыг хэлэх бөгөөд итгэмжлэн өгсөн эд зүйлс, өмч хөрөнгийг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр хууль бусаар өөртөө ашиглах нь хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд шүүгдэгч Р.Баттулгын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүх үзэв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Баттулгын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Р.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Р.Баттулгын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч “МАК” ХХК-ийн эд хөрөнгөд 14,364,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байх тул гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогч “МАК” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Р.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хохирол төлөгдөөгүй, шүүгдэгч нь өөрийн хийсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, ар гэрийн нөхцөл буюу эхнэр нь өвчтэй байгаа, хохирлоо нөхөн төлөхөө удаа дараа илэрхийлсэн, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хохирлоо барагдуулах саналтай зэрэг нөхцөлийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэв. Тэнссэн 01 жилийн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэв.
Шүүгдэгч Р.Б- нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж байна.
Эрүүгийн 1910024860186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Р-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р-ын Б-д ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Р-ын Б-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б- нь гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-аас 14,364,000 /арван дөрвөн сая, гурван зуун жаран дөрвөн мянга/ төгрөг гаргуулж, хохирогч “МАК” ХХК-д олгосугай.
6. Эрүүгийн 1910024860186 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.Б- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР