Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 103/2017/00104

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч П.Туяа би,

Нэхэмжлэгч Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоотод оршин суух, Боржигон овогт Батбаярын Тунгалагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨХК-ны байрны 205 тоотод байрлах “Суман тэрх” ХХК-д холбогдох Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 2 дугаар орцны 26 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянаад                                             

ТОДОРХОЙЛОХ нь

         Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр “Суман тэрх” ХХК-тай, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот, 51.41 метр квадрат талбайтай, 3 давхрын 26 тоот 2 өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулан, урьдчилгаа 3.958.570 төгрөг төлж худалдаж аваад, төлбөрөө бүрэн төлсөн. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байр ашиглалтанд орж, орсон боловч одоог хүртэл бичиг баримтгүй, улсын комисс хүлээж аваагүй байгаа тул уг байрны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ. 

         Хариуцагч “Суман тэрх” ХХК-ийн захирал Д.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот байрны захиалагч Б.Тунгалаг мөн бөгөөд байрны төлбөрөө бүрэн төлсөн. 2013 оны 10 дугаар сард байрандаа орж одоог хүртэл оршин сууж байгаа тул гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Б.Тунгалаг нь ямар нэгэн төлбөрийн тооцоогүй тул 80 дугаар байрны 26 тоотын хууль ёсны өмчлөгч гэдгийг хүлээн зөвшөөрч байна.            

           Иймд Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот байрыг Б.Тунгалагийн өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь

             Нэхэмжлэгч Б.Тунгалаг, хариуцагч “Суман тэрх” ХХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот, 2 давхарын 51.41 метр квадрат талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

           Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь хариуцагч Суман тэрх ХХК-тай 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Багануур дүүргийн 1-р хороо Наран хороолол 82 дугаар байрны 3 давхрын 2 өрөөтэй  51,41 м2 талбайтай 21 тоот орон сууцыг  28.275.500 төгрөгөөр худалдах, худалдан  авах гэрээг бичгээр байгуулжээ.

           Талууд 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний Газар, хот байгуулалт газрын кадастр, мэдээллийн хэлтсийн даргын 2013.03.11-ний өдрийн 3/349 тоот шийдвэрийн дагуу гэрээгээр худалдаж буй орон сууцны хаягийг Наран хороолол 80 дугаар байрны 2 дугаар орц 3 давхрын  26 тоот болгож өөрчилсөн байна.

            Нэхэмжлэгч  Б.Тунгалаг нь худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь төлбөр төлсөн баримт, Суман тэрх ХХК-иас олгосон тооцооны үлдэгдэлгүй талаарх баримт, хариуцагчийн хариу тайлбар зэргээр тогтоогдож байна.

            Хариуцагч “Суман тэрх” ХХК-ны захирал Д.Одгэрэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот орон сууцны захиалагч Б.Тунгалаг мөн бөгөөд байрны төлбөрөө төлсөн, ямар нэг зөрчилгүй байх тул Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 80 дугаар байрны 26 тоот орон сууц Б.Тунгалагийн өмч болохыг тогтооход татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний зөвшөөрөл нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

            Багануур дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А тоот захирамжаар “Ахиад ДД” ХХК-ны нэхэмжлэлтэй Суман тэрх ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэж  Ахиад ДД ХХК нь нэхэмжлэлийн 250.000.000 төгрөгөөс татгалзаж хариуцагч Суман тэрх ХХК нь гэрээний үнийн гуравны нэг болох 175.000.000 төгрөгийн барилгын материалд Багануур дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт дутуу баригдаад байгаа 34 айлын орон сууцны 2 дугаар орц  буюу 15 айлыг тооцож нэхэмжлэгч “Ахиад ДД” ХХК-ний өмчлөлд шилжүүлэх, мөн Суман тэрх ХХК нь Ахиад ХХК-ний эсрэг гаргасан 525.000.000 сая төгрөгийн барилгын материал худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзахаар эвлэрсэн эвлэрлийг баталж  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Дээрх захирамжаар Наран хороолол 80 дугаар байрны 2 дугаар орцны 15 айлыг Ахиад ДД ХХК-ний өмчлөлд шилжүүлэхээр тохирсон ч уг орцны хэдэн тоот байруудыг шилжүүлэхийг тодорхой заагаагүй, хариуцагч Сумын тэрх ХХК-ний захирал Д.Одгэрэлийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар  2016.7.27-ний өдрийн 16/13 тоот хүсэлтээр Ахиад ДД ХХК нь Багануур дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хүсэлт гаргаж 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 235/А тоот шүүгчийн захирамжаар эвлэрсэн 15 айлын тоог багасгаж  80 дугаар байрны  2-р орцны 6 ширхэг орон сууцыг /26 тоот орон сууц хамаараагүй/ өмчлөлдөө авахаар тохиролцсон талаар дурьджээ.

          Иймд нэхэмжлэгч Б.Тунгалагийг  80 дугаар байрны 2 дугаар орцны 26 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.        

           Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын  тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2 дахь хэсэгт  заасныг тус тус  удирдлага  болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Тунгалагийн нэхэмжлэлтэй  хариуцагч “Суман тэрх” ХХК-нд холбогдох орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэрэгт Багануур дүүргийн 1 дүгээр хороо 80 дугаар байр,  2 дугаар орц 26 тоот  2 өрөө орон сууцны өмчлөгч Б.Тунгалаг болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч “Суман тэрх” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 35.100 төгрөгийг  тус тус гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг  тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид  давж  заалдах, хяналтын  журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     П.ТУЯА