Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 569

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Ц.Д-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, нарийн бичгийн дарга Б.Бат-Оргил нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Ц-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910023580211 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Шинэ өргөө хорооллын 603 дугаар байрны 30 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б- овогт Ц-ийн Д- /РД: НЗ92091311/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Д- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдийн хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Догшин домогт групп нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт иргэн Ж.Т-д “гааль дээр хураагдсан машин хямдхан авч өгье, танил ах гаалийн байцаагч” гэж хэлж бэлнээр 2,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны 5721652509 дугаарын дансаар 5,200,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч бусдад 7,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Ц.Д-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хохирогчтой найз нөхдийн харилцаа холбоотой, 7,2 сая төгрөг машин авч өгнө гэж авсан, тухайн үед мөнгийг эмчилгээндээ зарцуулсан, хохирол төлөөгүй, хохирлыг төлнө, миний биеийн байдал хүндэвтэр байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би найз Д-тай 2019 оны 7 дугаар сард уулзахад Д- манай таньдаг ах гаальд ажиллагдаг, хямдхан 3 машин байна, хоёулаа хоёрыг нь авья гэж ярьсан. Тэгээд урьдчилгаа нэг машины 2,000,000 гээд надаас авсан. Би өөрийн авах гэж байгаа машины 2,000,000 төгрөгтэй 4,000,000 төгрөг өгнө гэж ярьж байсан. Би 2,000,000 төгрөгөө 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр бэлнээр өгсөн. Зарах гэж байгаа хүн маань мөнгөө хурдан шилжүүл гээд байна гэж хэлээд түүнээс хойш 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 1,000,000 төгрөгийг өөрийн эхнэр Даваасүрэнгийн данснаас шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сард 200,000 төгрөг бичиг баримт гаргахад хэрэг болоод байна гэхээр нь өгсөн. Нийт 7,200,000 төгрөг Д-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн. ...Би Д-д 7,000,000 төгрөг цувуулж өгчихөөд миний автомашиныг хэзээ өгөх гэж байна гэж асуухад гаальд ажилладаг ахдаа 2 автомашины мөнгө гэж 14,000,000 төгрөг өгсөн байгаа. Удахгүй автомашин гарна, тэр үед чамд утсаар хэлнэ гээд тасалсан. ...Д-д хандаж гаальд ажилладаг ах дээр чинь хоёулаа цуг очиж уулзья гэхээр би эмнэлгээр яваад байна, очиж чадахгүй, утасны дугаарыг нь өгчих гэхээр чамайг танихгүй юм чинь чамтай ярихгүй гээд байсан...” /хх-ийн 10-11, 12, 13-14/ гэсэн,

 

Гэрч Д.Оюун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ж.Т-г сүүлийн үед мэддэг болсон. Д- найз гэх Т-гээс 7,200,000 төгрөгийг машин авч өгнө гээд авсан. Гэтэл Д-гийн бие муудаад Т-гээс авсан мөнгөө эмчилгээндээ зарцуулчихсан...” /хх-ийн 23-24/ гэсэн,

Шүүгдэгч Ц.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.Т-гээс авсан 7,200,000 төгрөгөө эмчилгээндээ зарцуулсан. Өнгөрсөн онд би хэвлийн хагалгаанд 3 удаа орсон, төлбөр нийтдээ 6-7 сая төгрөг болсон. Миний бие муудаагүй байсан бол Т-д машин хямдхан олоод өгч чадах байсан. Би Т-д 7,200,000 төгрөг өгнө...” /хх-ийн 467-68/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 8/,

- Ц.Д-гийн Хаан банкны дансны хуулга /хх-ийн 43-52/,

- Депозит дансанд дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 53-58, 59/,

- Шүүгдэгч Ц.Д-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Д.Оюуны мэдүүлэг /хх-ийн 21-22/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/, төрөл садангийн лавлагаа /хх-ийн 32-33/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/, эмчлэгч эмчийн тодорхойлолт /хх-ийн 60/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Д- нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, элдэв хуурамч аргаар төөрөгдүүлэх замаар 2019 оны 7 дугаар сарын 15-наас 2019 оны 8 дугаар сарын 10-ны хооронд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Догшин домогт” групп нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт иргэн Ж.Т-д “гааль дээр хураагдсан машин хямдхан авч өгье, танил гаалийн байцаагч ах байгаа” гэж хэлж бэлнээр 2,000,000 төгрөг, өөрийн Хаан банкны 572....509 дугаарын дансаар 5,200,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч бусдад 7,200,000 төгрөгийн хохирол учруулан залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Т-гийн “...Би найз Д-тай 2019 оны 7 дугаар сард уулзахад Д- манай таньдаг ах гаальд ажиллагдаг, хямдхан гурван машин байна, хоёулаа хоёрыг нь авья гэж ярьсан. Тэгээд урьдчилгаа нэг машины 2,000,000 төгрөг гээд надаас авсан. Би өөрийн авах гэж байгаа машины 2,000,000 төгрөгтэй нийлүүлээд 4,000,000 төгрөг өгнө гэж ярьж байсан. Би 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Зарах гэж байгаа хүн маань мөнгөө хурдан шилжүүл гээд байна гэж хэлээд түүнээс хойш гурван удаагийн гүйлгээрээр өөрийн эхнэр Даваасүрэнгийн данснаас шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сард 200,000 төгрөг бичиг баримт гаргахад хэрэг болоод байна гэхээр нь өгсөн. Нийт 7,200,000 төгрөг Д-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн...” /хх-ийн 10-11, 12, 13-14/ гэсэн, гэрч Д.Оюуны “...Би Ж.Т-г сүүлийн үед мэддэг болсон. Д- найз гэх Т-гээс 7,200,000 төгрөгийг машин авч өгнө гээд авсан. Гэтэл Д-гийн бие муудаад Т-гээс авсан мөнгөө эмчилгээндээ зарцуулчихсан...” /хх-ийн 23-24/ гэсэн, шүүгдэгч Ц.Д-гийн “...Ж.Т-гээс авсан 7,200,000 төгрөгөө эмчилгээндээ зарцуулсан. Өнгөрсөн онд би хэвлийн хагалгаанд 3 удаа орсон, төлбөр ний 6-7 сая төгрөг болсон...” /хх-ийн 467-68/ гэсэн мэдүүлгүүд, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 43-52/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 53-58, 59/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Залилах гэмт хэргийн арга болох хууран мэхлэлт нь өмчлөгчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх замаар гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдэл төрүүлэх аргаар илэрч өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэх бөгөөд шүүгдэгч Ц.Д-гийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна гэж шүүх дүгнэв.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Д-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-гийн эд хөрөнгөд 7,200,000 төгрөгийн хохирол учирсан, шүүхийн шатанд буюу шүүхээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөхөөр шүүх хуралдааныг завсарлууж, улмаар  хоногийн хугацаа авч, хуралдааныг үргэлжлүүлэхэд хохиролд 4,300,000 төгрөгийг төлсөн байх тул /баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн/ төлөгдөөгүй үлдсэн 3,900,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Д- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, цаашид төлөхөө илэрхийлж байгаа  нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь бөөрний архаг дутагдал өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэж, бусдын асаргаанд байдаг зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж дүгнэв. Тэнссэн 01 жилийн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэв.

 

Шүүгдэгч Ц.Д- гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах  үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд анхааруулж байна.

 

Эрүүгийн 1910023580211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Д- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.

  

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:       

 

1. Шүүгдэгч Б- овогт Ц-ийн Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-ийн Д-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тэнссэн нэг жилийн хугацаанд шүүгдэгч Ц.Д-д гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ц.Д- гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-аас 3,900,00 /гурван сая, есөн зуун мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Т- д олгосугай.

 

6. Эрүүгийн 1910023580211 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Д- цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР