| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0596/Э |
| Дугаар | 574 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 574
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох /томилолтоор/, шүүгдэгч Г.А-, Т.Б-, М.Т-, нарийн бичгийн дарга Э.Даариймаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б- овогт Г-ын А-, Б- овогт М-ийн Т-, Б- овогт Т-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010013200725 дугаартай хэргийн 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, ах эгчийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн наран 9 дүгээр гудамж, 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Г-ын А- /РД: УШ99081341/,
Монгол Улсын иргэн, 1999 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 21 настай, бүрэн дунд боловсролтой, Этүгэн их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол, хд 44 дүгээр байрны 87 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б- овогт М-ийн Т- /РД: УЗ99031024/,
Монгол Улсын иргэн, 1995 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд болосвролтой, мэргэжилгүй, Анагаах ухааны их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Толгойт 18101 Москвагийн гудамж, 48а байр 1084 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33-69 тоотод түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б- овогт Т-ын Б- /РД:МА95071407/.
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Г.А-, Т.Б-, М.Т- нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 21А байрны 6 тоотод Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн М.В, Б.Энартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Вы зөөврийн компьютер, гар утас, бугуйн цаг, 200,000 төгрөгийг, Бенедикт Эдвардын гар утас, 60,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч, Мохан Вевенкананданд 3,290,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа ойлгож байгаа, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Т.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хүүхэдтэйгээ хамт амьдардаг, бага насны хүүхэдтэйг минь бодож хорихгүйгээр шийдэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч М.Т-: “...Шүүхэд мэдүүлэг өгөхгүй, яагаад гэвэл өмнө нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг өгсөн. Өөрийнхөө хийсэн хэргийн гэм бурууг ойлгосон, дахиж ийм гэмт хэрэг үйлдэхгүй, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.В мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Танил Тэгшжаргалаар дамжуулан Хүслэн гэх эмэгтэйтэй танилцсан. 2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 02 цагийн үед фэйсбүүкээр юу хийж байна, хоёр найзтайгаа шоудаж байна, уулзах уу гэхээр нь Хүслэнг хоёр найзынх нь хамт гэртээ урьсан. Тэгээд бид нар нэг литрийн виски, таван лааз шар айраг, уусан 04 цаг 30 минутын үед би унтахаар хэвтсэн, манай найз Эдвард мөн согтоод нөгөө унтлагын өрөөнд орж унтсан. Тэгсэн нэрийг нь мэдэхгүй эмэгтэй орж ирээд намайг хоргоогоод байхаар нь би татгалзсан. Тэгсэн тэр гурав үргэлжлүүлээд уулаа гэж хэлээд зочны өрөөнд үлдэгдэл архиа ууж байсан. Би унтаагүй хэвтэж байхад ариун цэврийн өрөөнд юм түчигнүүлээд байсан. Тэгээд би 05 цаг 30 минутын үед угаалгын өрөө рүү орохоор босоход Хүслэн байхгүй байсан. Тэгээд Хүслэнг хаана байгаа талаар асуухад ээж нь өвдсөн гээд яараад явчихлаа, бид хоёр бас араас нь явлаа, юу болсныг нь мэдье гэхээр нь би гаргаж өгье гэхэд тэр хоёр эмэгтэй яараад гараад явсан. Тэгэхээр нь би яагаад хурдан явчихав гээд сэжиглээд утсаа хайхад байхгүй, мөн шүүгээнд байсан цүнхтэй эд зүйлс байхгүй байсан...” /хх-ийн 23-24, 148/ гэсэн,
Хохирогч Б.Эмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 18-ны ...шөнө 02 цаг 30 минутын үед Мохан Вивеканандан бид хоёр гэрт үлдсэн, тэгсэн Мохан Вивеканандан 3 эмэгтэй хүн дуудаж бид хамтдаа шөнийн 4 цаг хүртэл виски, шар айраг уусан. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа, өглөө 06 цаг 30 минутын үед Мохан Вивенканандан дуудаж тэр 3 эмэгтэй эд зүйлс аваад явсан байна гэхээр нь эд зүйлээ шалгахад миний утас, 60,000 төгрөг зэргийг аваад явсан байсан...” /хх-ийн 26-27, 149-150/ гэсэн,
Гэрч Д.Үүрцайх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний өглөө 07 цаг 45 минутад 21 дүгээр байрны А блокын 6 тоотод амьдардаг Энэтхэг улсын иргэн ирээд ...гэрээс эд зүйлс аваад алга болсон байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” /хх-ийн 28-29/ гэсэн,
Шүүгдэгч Г.А- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байхад найз Б-ийн гэрт байхад манай найз Т-гийн танил Энэтхэг хүн манайд хүрээд ир, уух юм байна, найзтайгаа хамт байна гэж чат бичсэн тул бид гурав Энэтхэг залуугийн гэрт очсон. Тэгээд тэр хоёр залуутай Хулан гэх хуурамч фейсбүүк хаягаар танилцаад дуу сонсож пиво уусан. Тэгээд Т- дуудсан Энэтхэг залуугийн хамт, Б- Т- руу чат бичсэн Энэтхэг залуугийн хамт нөгөө өрөө рүү орсон, би зочны өрөөний буйдан дээр хэвтэж байсан. 20-30 минутын дараа Т-, Б- нар болон хоёр Энэтхэг залуу унтлагын өрөөнөөс гарч ирсэн, тэгээд хоорондоо юм ярьж сууж байгаад тэр хоёр залуу унтлагын өрөө рүүгээ орцгоосон. Т-, Б- бид гурав хоорондоо ярьж байгаад Энэтхэг хоёр залуугийн гар утас, цүнхтэй нөүтбүүк, хар өнгөтэй хэтэвч, хар өнгийн цаг зэргийг аваад хар цүнхэнд хийгээд Т-д өгч гаргасан. Тэгтэл дуудсан Энэтхэг залуу гарч ирээд Т-г хаашаа явсан бэ гээд асуухаар нь ээжийнх нь бие өвдөөд явсан гэж хэлсэн. Тэгтэл одоо унтаж амрья гэхээр нь бид хоёр бас араас нь явлаа, өглөө буцаад ирье, чи хоол хийгээд байж байгаарай гэхэд тэгье гэсэн. Тэгээд Б-ийн машинтай гэр рүү нь явж байхдаа цүнхийг үзэхэд нөүтбүүк болон бичиг баримтууд нь бэлэн 210,000 төгрөг байсан...” /хх-ийн 68-70/ гэсэн,
Шүүгдэгч М.Т- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө Тэгшжаргалын танилцуулж байсан Энэтхэг хүн фейсбүүкээр манай гэрт жоохон ууя гэхээр нь Б-, А- нарын хамт Энэтхэг залуугийн гэрт очсон. Гэрт нь очих үед бас нэг цагаан толгойтой Энэтхэг гэх залуу хамт байсан. Тэгээд бид гурав өөрсдийн нэрээ хуурамч фейсбүүк хаяг дээр байдаг Хүслэн, Хулан, Учрал гэх нэрээр танилцуулаад пиво, хоёр шил виски уугаад найз Б- намхан Энэтхэг залуутай, би өндөр цагаан толгойтой Энэтхэг залуугийн өрөө рүү орж бэлгийн харьцаанд орсон. Тэр үед А- том өрөөнд сууж байхаар нь би очиж уг нь бэлгийн харьцаанд орно гэж бодоогүй, архи уугаад муудсан байсан болохоор орчихлоо гэж хэлсэн. Гэтэл А- даварцан гарууд вэ гэж хэлээд миний найз нөүтбүүкийг нь аваад түрүүлээд гарч бай гэж хэлсэн. Би нөүтбүүкийг аваад машиндаа тэр хоёрыг хүлээж байсан. ...Тэгээд хар цүнхийг онгойлгоод үзэхэд дотор нь цаг, 2 гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлс байсан...” /хх-ийн 73-76/ гэсэн,
Шүүгдэгч Т.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Т- Зайсанд миний таньдаг Энэтхэг залуугийн гэрт парти болж байна гэнээ хамт явья гэхээр нь А- бид хоёр Т-тай хамт ...Энэтхэг залуугийн гэрт очсон. Тэгээд гэрт нь ороход дахиад нэг Энэтхэг залуу байсан. Бид гурав тэр хоёртой Хүслэн, Хулан, Учрал гэж танилцаад пиво, виски уугаад бүжиглэж байгаад би согтоод унасан. ...Шөнө нойлын өрөөнд Т- хойноос орж ирээд тэр шар Энэтхэг залуу намайг согтуу байхыг далимдуулаад бэлгийн харьцаанд орчихлоо, ямар зэвүүн юм бэ гэж хэлээд унтаж хэвтэхгүй гэж бодож байсан юм гээд уйлахад А- ямар зэвүүн юм бэ, гарахдаа юмыг нь авч гарна гэж хэлж байсан. ...Т-гийн ээжийнх нь бие өвдсөн гэж хэлээд явья гэж А- надад хэлэхэд би гадуур хувцасаа өмсөж чадахгүй байсан. Мохан миний гадуур хувцасыг өмсүүлсэн. Гэрээс гараад машинд суугаад гэртээ харьсан.../хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд,
- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/,
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/,
- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/,
- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-42/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №05/307 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-54/,
- Хохирогч нарын хүсэлт /хх-ийн 133-134/,
- Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 86, 98, 108/ төрөл садангийн лавлагаа /хх-ийн 87-88, 98, 109-111/ гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 94, 105/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 96, 106, 113/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 115/, болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.А-, М.Т-, Т.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нар нь бүлэглэн 2020 оны 7 дугаар сарын 20-ны шөнө Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, 21А байрны 6 тоотод Бүгд Найрамдах Энэтхэг улсын иргэн М.В, Б.Энартай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Вы зөөврийн компьютер, гар утас, бугуйн цаг, бэлэн 200,000 төгрөгийг, Бенедикт Эдвардын гар утас, бэлэн 60,000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч 3,290,000 төгрөгийн хохирол буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч Мохан Вивекананданы “...Танил Тэгшжаргалаар дамжуулан Хүслэн гэх эмэгтэйтэй танилцсан. 2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө ...би унтаагүй хэвтэж байхад ариун цэврийн өрөөнд юм түчигнүүлээд байсан. Тэгээд би 05 цаг 30 минутын үед угаалгын өрөө рүү орохоор босоход Хүслэн байхгүй байсан. Тэгээд Хүслэнг хаана байгаа талаар асуухад ээж нь өвдсөн гээд яараад явчихлаа, бид хоёр бас араас нь явлаа, юу болсныг нь мэдье гэхээр нь би гаргаж өгье гэхэд тэр хоёр эмэгтэй яараад гараад явсан. Тэгэхээр нь би яагаад хурдан явчихав гэж сэжиглээд утсаа хайхад байхгүй, мөн шүүгээнд байсан цүнхтэй эд зүйлс байхгүй байсан...” /хх-ийн 23-24, 148/ гэсэн, хохирогч Бенедикт Эдвардын “...2020 оны 7 дугаар сарын 18-ны ...шөнө 02 цаг 30 минутын үед Мохан Вивеканандан бид хоёр гэрт үлдсэн, тэгсэн Мохан Вивеканандан гурван эмэгтэй хүн дуудаж бид хамтдаа шөнийн 4 цаг хүртэл виски, шар айраг уусан. Тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа, өглөө 06 цаг 30 минутын үед Мохан Вивенканандан дуудаж тэр гурван эмэгтэй эд зүйлс аваад явсан байна гэхээр нь эд зүйлээ шалгахад миний утас, 60,000 төгрөг зэргийг аваад явсан байсан...” /хх-ийн 26-27, 149-150/ гэсэн, шүүгдэгч Г.А-гийн “...2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө ...Т-, Б- бид гурав хоорондоо ярьж байгаад Энэтхэг хоёр залуугийн гар утас, цүнхтэй нөүтбүүк, хар өнгөтэй хэтэвч, хар өнгийн цаг зэргийг аваад хар цүнхэнд хийгээд Т-д өгч гаргасан. Тэгтэл дуудсан Энэтхэг залуу гарч ирээд Т-г хаашаа явсан бэ гээд асуухаар нь ээжийнх нь бие өвдөөд явсан гэж хэлсэн. Тэгтэл одоо унтаж амрья гэхээр нь бид хоёр бас араас нь явлаа, өглөө буцаад ирье, чи хоол хийгээд байж байгаарай гэхэд тэгье гэсэн. Тэгээд Б-ийн машинтай гэр рүү нь явж байхдаа цүнхийг үзэхэд нөүтбүүк болон бичиг баримтууд, бэлэн 210,000 төгрөг байсан...” /хх-ийн 68-70/ гэсэн, шүүгдэгч М.Т-гийн “...2020 оны 7 дугаар сарын 19-ний шөнө ...А- том өрөөнд сууж байхаар нь би очиход уг нь бэлгийн харьцаанд орно гэж бодоогүй архи уугаад муудсан байсан болохоор орчихлоо гэж хэлсэн. Гэтэл А- даварцан гарууд вэ гэж хэлээд миний найз нөүтбүүкийг нь аваад түрүүлээд гарч бай гэж хэлсэн. Би нөүтбүүкийг аваад машиндаа тэр хоёрыг хүлээж байсан. ...Тэгээд хар цүнхийг онгойлгоод үзэхэд дотор нь цаг, 2 гар утас, нөүтбүүк зэрэг эд зүйлс байсан...” /хх-ийн 73-76/ гэсэн, шүүгдэгч Т.Б-ийн “...Шөнө нойлын өрөөнд Т- хойноос орж ирээд тэр шар Энэтхэг залуу намайг согтуу байхыг далимдуулаад бэлгийн харьцаанд орчихлоо, ямар зэвүүн юм бэ гэж хэлээд унтаж хэвтэхгүй гэж бодож байсан юм гээд уйлахад А- ямар зэвүүн юм бэ, гарахдаа юмыг нь авч гарна гэж хэлж байсан. ...Т-гийн ээжийнх нь бие өвдсөн гэж хэлээд явья гэж А- надад хэлэхэд би гадуур хувцасаа өмсөж чадахгүй байсан. Мохан миний гадуур хувцасыг өмсүүлсэн. Гэрээс гараад машинд суугаад гэртээ харьсан.../хх-ийн 79-80/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-42/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд хоёр, түүнээс дээр хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн үйлдсэн гэх ба шүүгдэгч Г.А-, Т.Б-, М.Т- нарын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-, Т.Б-, М.Т- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.А-, Т.Б-, М.Т- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.В, Б.Энарын эд хөрөнгөд 3,290,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 38-42/, шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 133-134/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. .
Шүүгдэгч Г.А-, Т.Б-, М.Т- нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлж, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй байдал зэрэг тэдний хувийн байдлыг харгалзан тус бүр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 20100018200725 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б- овогт Г-ын А-, Б- овогт М-ийн Т-, Б- овогт Т-ын Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Г-ын А-, М-ийн Т-, Т-ын Б- нарыг тус бүр 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нарт оногдуулсан 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 20100018200725 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нар бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-, М.Т-, Т.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР