Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 103/2017/00071

 

   Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам би,

Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замчны 2Б-03 тоотод оршин суух, Ойд овогт Баасанжавын Оюундэлгэрийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замчны 2 дугаар байрны 02 тоотод оршин суух, Боржигон овогт Мягмарын Өлзийбаярт  холбогдох   нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр  сарын 31-ний  өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2017 оны 01 сарын 30-ны  орой ажлаасаа ирээд амарч байхад 22 цаг 21 минутад 99847499 дугаарын утаснаас Мягмарын Өлзийбаяр гэгч  нь намайг “хөөе гичий минь ухсан нүхэндээ өөрөө ороод тайван унтдаа” гэж дарамтлаад мессэж бичиж байна. Энэ хүмүүст би маш их гомдолтой  байна. Учир  нь би эд нараас 3 сая төгрөгийн авлагатай юм. Гэхдээ би энэ хүмүүсийг  мөнгөө зохицуулаад өгчих  байх гэж бүтэн 2 жил хүлээгээд энэ хугацаанд  нэг ч удаа харааж, занал хийсэн мессэж бичиж байгаагүй юм. Гэтэл  намайг алж нүхэнд хийх гэж байна гэж айлгайж маш их айж байна. Иймд нэр төрийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Өлзийбаяр шүүхэд  гаргасан хариу тайлбартаа: Мягмар овогтой Өлзийбаяр миний бие 2017 оны 01 сарын 30-ны орой  99847499  дугаартай өөрийн гар утаснаас 99021803 гэсэн Оюундэлгэрийн гар утас руу андуурч мессэж явуулсан нь үнэн. Энэ мессэж нь Б.Оюундэлгэрт  ямар ч хамааралгүй бөгөөд нэхэмжлэлд бичсэн ухсан нүхэндээ өөрөө ороод тайван унтдаа гэж бичсэнийг өөрийг нь алж нүхэнд хийх гэж байна гэсэн байгаад нь үнэхээр их гайхаж байна. Мөн 3 сая төгрөг  ч авч байгаагүй ба авлага, өглөгө юу ч байхгүй. Хүнийг ингэж гүтгэж доромжилж болохгүй байх. Энэ хүн 2 жилийн өмнө бүхэл бүтэн 3 сая төгрөг хүнд ямар ч  баримт бичиггүй өгсөн байх ёсгүй. Иймд  нотлох бичиг баримтаа хавсаргаж өргөдөлдөө тусгах хавсаргасан  хүнийг  шүүхэд өгч байх ёстой. Энд миний  ч нэр  хүнд гутаагдсан доромжлогдсон байгаад  гомдолтой байна.  Би тухайн мессэжний  талаар шүүгчид тайлбараа өгөхөд бэлэн байна. Энэ мессэжийг өөр хүнд бичиж байсан тайлбараа өгнө. Мэсежний талаар Б.Оюундэлгэрээс уучлалт гуйж байна.

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Баасанжав овогтой Оюундэлгэр миний бие нь  2017 оны 01 сарын 30-ны орой ажлаасаа ирээд амарч байхад Мягмарын Өлзийбаяр гэдэг хүний 99847499 дугаарын гар утаснаас намайг доромжилж  мессэж ирсэн үүний дагуу  би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Мягмарын Өлзийбаяр нь миний утас руу андуурч явуулсан гэж уучлалт гуйсан байх тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

Шүүхээс хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн татгалзал зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь :

       Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь нэр төр сэргээлгэхээр  шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул татгалзалыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна. Учир нь :

Нэхэмжлэгч Б.Оюундэлгэр нь “Нэр төр сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна” гэсэн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн бөгөөд түүний татгалзал нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байна.

Монгол  улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр  зүйлийн  74.1, 74.2-д   заасныг тус  тус   удирдлага  болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Ойд овогт Баасанжавын Оюундэлгэрийн  нэхэмжлэлтэй Боржигон овогт Мягмарын Өлзийбаярт  холбогдох   нэр төр сэргээлгэх тухай  иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож  35.100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, 35.100 төгрөгийг  улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Баасанжавын Оюундэлгэрт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.   

           

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               П.ЦЭЦЭГДУЛАМ