Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.Д-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Д аймгийн Э суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Эрдэнэ сум, 1 дүгээр багт нутагладаг, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт А.Д,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Д нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 2-р багт иргэн Т.Г-г толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2020 оны 07 дугаар сарын 19-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өргөн сумын төвд иргэн Т.Г-н толгойн тус газар нь 0.75 литрийн Е архины шилээр цохиж бие эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие дахин хэрэг хийж, ийм үйлдэл гаргахгүй, өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухамсарлаж байгаа. ...би 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн малнаасаа 1 тооны адуу зарж 200.000 төгрөгийг Т.Г-д өгсөн. Одоо зарах, үнэ хүрэх мал байхгүй байна, миний бие мал хөрөнгө муутай учраас Т.Г-д яг одоогоор төлбөр төлж чадахгүй байна. Гэхдээ би Т.Г-д учруулсан хохиролоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62/

Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2020 оны 07 сарын 19-ний өдөр Өргөн сум ороод найзтайгаа уулзаад уусан. Г нэлээн согтуу байсан. Тэгээд маргааш өглөө нь А ирээд чи Г-г архины шилээр цохисон ийм зүйл болсон аймаг явсан гэхээр нь би аймаг яваад эхнэртэй нь очиж уулзсан. Г-г өмнө нь таньдаггүй байсан. Согтуу байсан болохоор цохьсон талаар сайн мэдэхгүй байна. Эмчилгээний зардалд 200,000 төгрөг өгсөн, үлдэгдэл хохиролыг 100 гаранхан малтай, малаа зараад төлнө. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэв.

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр эхнэр М бид 2 гэрийнхээ дулаалгыг аваад гэрээ янзлаад байж байсан чинь үдийн цайны үеэр Эрдэнэ суманд байдаг танил А.А, А.Д 2 манайд ирсэн. Манай хажуу айлын эмэгтэй болох Заяатай уулзах гэж л ирсэн юм. ...Тэгээд өдөр 14 цагийн үед Д нь буцаж ирээд А.А тэр 2 Е архи ундаатай авчраад манай хашаанд уугаад сууцгаасан би эхнэртэйгээ гэрээ янзлаад ажилтай байсан болохоор уугаагүй, манай гэрийн ажил дуусаж тэр 2 манай гэрийн хошлонг чангалж өгсөн, тэдний ууж байсан архи нь дуусаад би дэлгүүр ороод 0.75 литрийн Е архи, 2.5 литрийн савтай пиво авчирч өгөөд манайд А өмнө нь ганцаараа архи уучихсан согтуу байсан. А нь А.Д, А.А нарыг хаанахын улсууд вэ? гэх мэтээр үгээр идээд байсан. Тэгээд хэн хэн нь их согтуу байсан учраас хоорондоо маргалдаж эхэлсэн. ...Тэгтэл гэнэт л А.Д 0.75 литрийн Е архины шилээр миний зүүн талын толгой чихний ар хэсэг рүү 1 удаа цохьсон энэ үед миний чихнээс цус гараад би манараад доошоо ойчоод өгсөн, үүнээс өөр ямар нэгэн зодоон цохион болсон зүйл байхгүй. Бид урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, надад учирсан гэмтлийг А.Д учруулсан өөр хүн оролцоогүй. ...Толгойд доргилт өгсөн, зүүн чихний ар талын ёс хугарсан, цус хуралттай байна гэсэн. Би Сайншанд суманд 7, Өргөн суманд 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. А.Д нь надад 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 200.000 төгрөг дансаар шилжүүлж өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй байгаа.. Би өргөдөл гаргахдаа 1.484.900 төгрөгийн баримт хавсаргасан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...А.Д нь “ганц юм уучихаад явъя” гээд бид 2 дэлгүүр ороод 0.75 литрийн Е архи, ундаатай авчраад Т.Г-н хашаанд сүүдэрт суугаад архи задлаад уусан. ... Т.Г гэрийнхээ ажлыг дуусгачихаад дэлгүүр яваад 0.75 литрийн Е архи, 2.5 литрийн савтай пиво авчраад бид 3 хуваагаад уугаад сууж байсан чинь гэрээс нь 1 залуу гарч ирээд бид 4 архи, пиво уусан. А.Д бид 2 өмнө 0.75 литрийн архи уучихсан учраас нилээд согтоод ирсэн. ... А.Д нь дундуур орж ирээд Т.Г-н толгойруу 0.75 литрийн  Е архины шилээр цохьсон шил нь бол хагараагүй. Т.Г нь тухайн үед “А.Д намайг шилээр цохьсон чихнээс цус гараад байна” гэж байсан, тэгээд маргалдаж, муудалцсанаасаа болоод бид 2 шууд Өргөн сумын төвөөс гараад Эрдэнэ сум руу явсан. ...Миний хувьд түүний биед хүрээгүй, А.Д нь түүний толгойн тус газарт нь 0.75 литрийн Е архины шилээр цохиж тухайн гэмтлийг учруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/

Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нөхөр Т.Г-н хамт гэрийнхээ цагаан бүрээсийг янзалж байсан чинь Эрдэнэ сумаас А.Д, А.А нар ирсэн. Тэд хүнтэй уулзах гэж ирсэн гэж байсан. Т.Г бид хоёр гэрээ янзалж байх хугацаанд Д нь хүнтэй уулзах гээд явчихсан А нь манайд орж гараад байж байсан, тэгээд Д нь 0.75 литрийн архи авчраад тэр архиа задлаад манай амбаарын сүүдэрт ууж байсан. Би гэрээ янзалж дуусаад гал дээр мах чанасан байснаа тэр хэдэд гаргаж өгчихөөд гэртээ ороод унтаад өгсөн тэд гадаа сууцгааж байсан. Тэгээд унтаж байсан чинь манай нөхөр Т.Г гаднаас орилоод ороод ирсэн “А.Д нь архины шилээр зүүн талынх нь чихний ар тал руу цохьсон” гээд ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 04/104 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. Т.Г-н биед гэмтэл учирсан байна.  

2. Т.Г-н биед гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал 1-р зэрэг, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн хөхлөг ясны далд хугарал, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

3. Т.Г-н биед учирсан гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Учирсан гэмтлүүдийн гавал тархины далд гэмтэл, тархины эдийн няцрал 1-р зэрэг, хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн чихний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, зүүн хөхлөг ясны далд хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болно” гэх дүгнэлт /хх-ийн 23/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25-р хуудас/

Дорноговь аймгийн Өргөн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 26/

Эмнэлгийн шилжилгээ, хохирлын баримт бичигүүд /хх-ийн 27-44/

Депозит дансны хуулга, хохирлын баримтууд /хх-ийн 50-55/

Шүүгдэгч А.Д-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-67/

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 68/

Шүүгдэгч А.Д-н хувийн байдлыг тодорхойлсон баримтууд / хх-ийн 69-72/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б овогт А.Д нь 2020 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Өргөн сумын 2-р багт согтуугаар хоорондын таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Г-г толгойн тус газарт архины шилээр цохиж, эрүүл мэндэд нь зүүн хөхлөг ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулжээ.

Шүүгдэгч А.Д-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Д-н хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Г “...гэнэт л А.Д 0.75 литрийн Е архины шилээр миний зүүн талын толгой чихний ар хэсэг рүү 1 удаа цохьсон энэ үед миний чихнээс цус гараад би манараад доошоо ойчоод өгсөн, үүнээс өөр ямар нэгэн зодоон цохион болсон зүйл байхгүй. Бид урьд өмнө нь маргалдаж муудалцаж байгаагүй, надад учирсан гэмтлийг А.Д учруулсан өөр хүн оролцоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,  гэрч Ө.М “...тэгээд унтаж байсан чинь манай нөхөр Т.Г гаднаас орилоод ороод ирсэн “А.Д архины шилээр зүүн талынх нь чихний ар талруу цохьсон” гээд ороод ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч А.А “...А.Д нь дундуур орж ирээд Т.Г-н толгойруу 0.75 литрийн Е архины шилээр цохьсон шил нь бол хагараагүй. Т.Г нь тухайн үед “А.Д намайг шилээр цохьсон чихнээс цус гараад байна” гэж байсан, тэгээд маргалдаж, муудалцсанаасаа болоод бид 2 шууд Өргөн сумын төвөөс гараад Эрдэнэ сум руу явсан...Миний хувьд түүний биед хүрээгүй, А.Д нь түүний толгойн тус газарт нь 0.75 литрийн Е архины шилээр цохиж тухайн гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 04/104 Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/ яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 24-25/, Дорноговь аймгийн Өргөн сумын эрүүл мэндийн төвийн эмчийн үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 26/, эмнэлгийн шилжилгээ, хохирлын баримт бичигүүд /хх-ийн 27-44/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Д нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч А.Д нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.484.900 төгрөгийг, шүүхэд 450,540 төгрөгийг нийт 1,935,440 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт хавсаргасан баримтуудыг тооцож үзэхэд 1,934,500 төгрөг болж байгаа тул тооцооны алдаа 940 төгрөг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн 200,000 төгрөгийг тус тус хасч  шүүгдэгч А.Д-с 1,734,500  төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д олгож, тооцооны зөрүү 940 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч А.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч А.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч А.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлсэн боловч хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй,, хэргийг согтуугаар үйлдсэн, үйлдэгдсэн хэргийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар бүрэн арилаагүй байгаа зэргийг харгалзан түүнд 500 /таван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.Д нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хохирол төлбөрөө бүрэн төлж дуусгаагүй зэрэг байдал нь торгуулийн ял оногдуулах боломжгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт А.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-г 500 / таван зуун / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч А.Д-с бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт 1,734,500 /нэг сая,долоон зуун гучин дөрвөн мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Г-д олгож, тооцооны зөрүү 940/есөн зуун дөчин/ төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Д.Ц