Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 100

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга М.Р

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ж.Б-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2020 оны 09 сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, С аймгийн З суманд төрсөн, эмэгтэй, ... настай, бүрэн дунд боловсролтой, ... мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Ж.Б,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нэс 12-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нийтийн түрээсийн байрны ... тоотод иргэн Л.Э-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 02 цагийн орчим Замын-Үүд сумын 1-р багт байрлах түрээсийн нийтийн орон сууцны ... тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ найз У-н нөхөр Э-тэй маргаж улмаас уурандаа Э-н биед халдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шалтгаан нь найз У-аа нөхрөөс нь өмөөрснөөс болсон. Би Л.Э зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Товчхондоо ярихад ийм байна. Учир нь би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө энэ талаар дэлгэрэнгүй ярьсан байгаа, миний мэдүүлэг өөрчлөгдөхгүй. Би буруу зүйл хийсэндээ их харамсаж байна. Ахин гэмт хэрэгт холбогдохгүй байж чадна. Би Э-с уучлалт гуйсан. Э надад гомдолгүй гэж байна лээ. 2 хүүхдээ ганцаараа хардаг тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү. Би одоо ... хийдэг. Сардаа миний цалин дунджаар 900,000 орчим төгрөг авдаг. Эндээсээ зээл төлдөггүй, надад ямар нэг зээл байхгүй. Цалин маань цэвэр өрхийн орлого болдог.” гэжээ. /хх-ийн 36-37/

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 09 сарын 11-12-нд шилжих шөнө найзындаа хоол идэнгээ нэг юм уусан. Тэгээд найз У-г гэрт нь У-н хамт хүргэж өгчхөөд явтал У араас дуудсан. Эргээд очтол нөхөр Э нь гэрт нь байсан. Тэгээд жаахан маргаад ширээн дээр байсан шилэн аягыг аваад шидсэн. Тэгтэл Э-н хөмсгөнд оносон. Боолтны мөнгө гэж 15,000 төгрөг өгсөн. Өөр мөнгө төгрөг өгөөгүй, надаас нэхээгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна миний буруу, дахин ийм хэрэг гаргахгүй гэв.

Хохирогч Л.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 09 сарын 11-нд 19 цагийн орчим эхнэрийн байрлаж байгаа түрээсийн орон сууцанд 2 хүүхэд дээрээ ирсэн. Эхнэр байгаагүй, утсаар ярьсан чинь үсчин дээр байна гэсэн. Тэгээд би оройжингоо хүүхдүүдтэйгээ байсан ба эхнэр ирээгүй. Утсаар  нь залгахаар утсаа авахгүй байсан ба захиа илгээхээр гадуур явж байна, очих болоогүй, хүүхдүүд үлдээгээд явчих гээд байсан. 00 цаг болсон тул би сүүдээ орхиж явж чадаагүй тэндээ унтсан. Ингээд унтаж байхад 02 цагийн орчим эхнэр маань гаднаас найз нар нь болох У, Б нартай согтуу орж ирсэн. У намайг хараад чи яагаад гэрт байж байдаг юм гэхээр нь би 2 хүүхдүүдээ эзгүй үлдээгээд яаж явах вэ дээ гэж хариулсан. Тэгтэл Б дундуур орж ирээд чи зайлаач, чи энд байх хэрэггүй, манай найзынхаас зайл гээд аргуй орилсон. Тэгэхээр нь би та нар өөрсдөө яв, битгий орилж хашхираад бай, хүүхэд унтаж байна, айлгачихлаа гэсэн. Үүнээс болоод Б бид маргаж даамжирсан. Хажууд У бас нэмэрлээд бага сага хэрэлдээд байсан. У болохоор больцгоо гээд зогсож байсан. Б надтай хэрэлдэж байгаад хүүхдийн хуванцар аяга над руу шидсэн. Намайг оноогүй. Б намайг орон дээр сууж байхад надтай зууралдаад бие хаа маажаад байсан ба би Б-г холдуулах гэж үснээс нь зуурч, түлхэж холдуулах гэж зөндөө үзсэн боловч дийлдээгүй. Хажууд У, У 2 салгах гэж оролдож байсан ч Б дийлдэхгүй элдвээр харааж зүхэн дайрсаар байсан. Тэгээд орилж чарласаар байгаад миний охиныг сэрээчихсэн ба охин миний араар орж уйлсан. Би хүүхдээ хамгаалаад орон дээр сууж байтал Б үргэлжлүүлэн ширээн дээрээс шилэн хоолны таваг миний зүүн хөмсөг дээр цохисон. Шилэн таваг аараад бутарсан. Зүүн хөмсөг орчмоос цус гарсан ба хажууд Б, У 2 хохь гээд зогсож байсан. Би шууд хувцсаа өмсөөд та нарт гомдолтой шүү, цагдаагаар шалгуулна гэж хэлээд гарсан. Миний зүүн хөмсөг орчим зүсэгдсэн. Одоо нүд хөхрөлттэй байна. Тархи хөдөлчихсөн байна лээ, барьдаг хүнээр бариулсан. 3-уулаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, Б бүр илүү согтуу, хөл дээрээ зогсож чадахгүй шахуу байсан. Нөгөө 2 нь арай дээр байсан. Би бол эрүүл саруул байсан.” гэжээ.  /хх-ийн 08-09/

Гэрч Ч.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Гудамжнаас такси барьж У, Б 2 намайг эхэлж гэрт хүргэж өгсөн. Би гэртээ ортол Э гэрт 2 хүүхэдтэйгээ унтаж байсан. Тэгэхээр нь У, Б хоёрыг дуудаж гэртээ оруулсан. Нөхөр элдэв ааш зан гаргаж магадгүй гэж л нөгөө хоёрыгоо дуудсан юм. Тэгээд гэрт Б намайг өмөөрч Э-тэй муудалцаж хэрэлдсэн. Сүүлдээ барилцаж аваад бие биеэ түлхээд эхэлсэн. Б болохоор Э гэрээс хөөж явуулах гээд байсан. Э манай гэр бүлийн асуудал чамд хамаагүй, чи өөрөө яв гээд хэрэлдээд байсан. У бид 2 Э, Б хоёрыг болиулах гэсэн ч тэр 2 дийлдэхгүй хэрэлдэж зууралдаад байсан. Би Э болиоч, эмэгтэй хүнд гар хүрээд байхдаа яадаг юм гэж 1 удаа алгадсан. Тэгж байтал гэнэт Б хажууд байх ширээн дээрээс шилэн аяга аваад Э рүү шидчихсэн. Тэр нь Э-н зүүн хөмсөг орчим цохиод цус гаргачихсан. Тэгээд шууд Э угаагуурт цусаа угаагаад гэрээс гараад явсан. Би гэртээ Б, У, 2 хүүхдийн хамт үлдсэн ба гэрээ бага зэрэг цэвэрлэсэн. Б бид 2 бага зэргийн согтолттой байсан. У бол бараг архи уугаагүй, эрүүл шахуу байсан. Э эрүүл байсан.” гэжээ. /хх-ийн 13-14/

Гэрч Л.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Б бид хоёр У-н коридорт ороод У-г гэртээ орохыг харах гээд хүлээгээд зогсож байтал У-н нөхөр Э дотроос нь хаалгаа нээсэн. У гэртээ оронгуутаа Б бид хоёрыг орилоод дуудсан. Бид 2 У-н гэр лүү нь ороход У-н 2 хүүхэд унтаж байсан ба нөхөр Э нь дотоожтойгоо орон дээр хүүхдүүдийнхээ наана сууж байсан. Э, У 2 нэгнийгээ яв энэ тэр гээд хэрэлдээд эхэлсэн. Хажуугаас нь Б У-г өмөөрөөд Э-тэй хэрэлдэж гэрээс нь хөөж гаргахаар зууралдаад эхэлсэн. Э, Б 2 хэрэлдээд зууралдаад харилцан бие биеийгээ үсдэж, алгадаад, түлхэж маажилцаад байх шиг байсан. Энэ үед У бид 2 хажуугаас тэр 2-ыг болиулах гээд хориглоод байсан ч дийлдэхгүй зууралдаад л байсан. Тэгтэл У хүүхдийнхээ хуванцар аягыг ширээн дээрээс аваад Э рүү шидсэн. Аяга нь буцаж ойгоод Б-н тийшээ очсон. Тэгэнгүүт Б үргэлжлүүлээд Ширээн дээр байсан шилэн аягыг аваад Э рүү шидчихсэн. Тэр нь Э-н зүүн хөмсөгт оноод учиргүй цус гарсан. Э цусаа угаахаар боссон ба үүнээс хойш зууралдаж зодолдоцгоогоогүй, хоорондоо хэрэлдээд л байсан. Э цусаа угаачхаад шууд гараад явчихсан. Явсных нь дараа Уртнасан гэрээ цэвэрлээд тэрүүгээр байсан цус. хагарсан аягыг цэвэрлээд хогийн уутанд хийж байсан. Тэгээд Б бид тэднийхээс явж харьц амарцгаасан.” гэжээ. /хх-ийн 16/

Шинжээчийн 04/112 дугаартай дүгнэлт: 1.Л.Э-н биед зүүн хөмсөгний сүүл хэсэгт, зүүн шанаанд шарх, зүүн чихний урд талд, хүзүүний зүүн талд зулгаралт, цээжний зүүн талд зураас хэлбэрийн зулгаралт, хэвлийн зүүн дунд талд, нурууны зүүн ар талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт, зүүн шанаанд шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, зүүн чихний урд талд, хүзүүний зүүн талд зулгаралт, цээжний зүүн талд зураас хэлбэрийн зулгаралт, хэвлийн зүүн дунд талд, нурууны зүүн ар талд зулгаралт нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүдийн зүүн хөмсөгний сүүл хэсэгт, зүүн шанаанд шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт дан зүүн чихний урд талд, хүзүүний зүүн талд зулгаралт, цээжний зүүн талд зураас хэлбэрийн зулгаралт, хэвлийн зүүн дунд талд, нурууны зүүн ар талд зулгаралт гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 21-22/

Шинжээчийн 04/113 дугаартай дүгнэлт: 1. Ж.Б-н биед доод уруулын зүүн гадна талд зулгаралт, баруун тохойд, зүүн тохойд зулгаралт, зүүн бугуйд цус хуралт, зүүн гуяны гадна дунд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно. 4.Цаашид хохирогчийн биед болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 27-28/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-06/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 19-20/

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын тогтоол /хх-ийн 33-35/

Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р багийн ажлын албаны тодорхойлолт, Ж.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, 57/872 дугаартай ажлын үнэмлэх, Б.Ө, Ч.Н нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ж.Б-н Х банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Сайншанд татах хэсгийн цалингийн тодорхойлолт, урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-58/

Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 62-63/

Шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 5/31 дугаартай тогтоол, хялбаршуулсан журмаар шалгах хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал  /хх-ийн 60-61, 65-66/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ж.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 11-нэс 12-нд шилжих шөнө 02 цаг 10 минутын орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нийтийн түрээсийн байрны ... тоотод иргэн Л.Э-г зодож, зүүн хөмсөгний сүүл хэсэгт, зүүн шанаанд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч Л.Э-н /хх-ийн 8-9/ мэдүүлэг, гэрч Ч.У /хх-ийн 13-14/, гэрч Л.У/хх-ийн 16/ мэдүүлэг, шинжээчийн 04/112 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-22/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Б-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Ж.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан ял шийтгэл оногдуулав. Шүүгдэгч Ж.Б үйлдсэн гэх хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байдал, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдалтай нийцэж байна гэж үзлээ. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд түүнд прокурорын санал болгосон торгуулийн ялыг оногдуулав.

Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага байхгүй байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 9, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ж.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгчийн битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Э.Б