Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2017/0963/З |
Дугаар | 276 |
Огноо | 2018-05-01 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 276
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Э-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЧДЗД,
Хариуцагч: ЧдГа-д тус тус холбогдох
Гуравдагч этгээд: Л.Э,
Нэхэмжлэлийн шаардлага: “Б.Э-г 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших хүсэлт өгсөн болохыг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх,
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших гэрчилгээг Б.Э-т гаргахыг ЧДЗДд даалгаж, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: “Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Г, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э , хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч Б.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Б овогтой Э миний бие Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу анх 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ө******* г******* хэмээх газарт Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу газар эзэмших хүсэлтээ өгсөн байдаг.
Түүнээс хойш Чингэлтэй дүүргийн газар зохион байгуулагч н.А*******гаас хэзээ шийдэгдэх, хэзээ ирж уулзах ёстой талаар удаа дараа асуухад ...удахгүй шийдэгдэнэ, албан ёсоор мэдэгдэх болно... гэсэн л хариу хэлдэг байсан. Сүүлдээ удаад байхаар нь хавар очоод уулзахаар ... намар ирээрэй гэсэн, намар яваад очихоор ... хавраас эхлэх байх, нэгдсэн байдлаар зуслангийн газруудыг эзэмшүүлэх байх, шийдэгдээгүй байна ... гэсэн хариу хэлдэг байсан.
Харин 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр албан ёсоор Чингэлтэй дүүргийн Газрын албанд ямар учраас шийдвэрлэхгүй удаад байгаа, ямар шалтгаан байгаа талаар тодруулахад Чингэлтэй дүүргийн Газрын албанаас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 12/837 тоот албан бичгээр хариу ирүүлсэн. Тус албан бичигт тус хүсэлт гаргасан газарт иргэн Л овогтой Э Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгосон байна ... гэж миний анх хүсэлт гаргасан газрыг надад мэдэгдэлгүйгээр бусдад эзэмшүүлсэн байдаг.
Хуульд заасны дагуу дээд шатны захиргаа болох Нийслэлийн Засаг даргад 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших гэрчилгээг Б.Э-т гаргахыг ЧДЗДд даалгаж, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Чингэлтэй дүүргийн Газрын албаны архиваас шүүн үзэхэд тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Г******* зусланд газар эзэмших хүсэлтийг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны А/11 дүгээр захирамжаар 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатайгаар Л.Э-т эзэмшүүлсэн бөгөөд дүүргийн Газрын албанаас захирамжийн төслөөр ирүүлснийг үндэслэн захирамжаар шийдвэрлэсэн байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газрын архиваас шүүн үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь дүүргийн Засаг даргад хандаж газар эзэмших талаар өргөдөл, хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Миний бие 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн Газрын албанд тус дүүргийн 19 дүгээр хороо, Ө******* Г******* зусланд газар эзэмших тухай хүсэлтээ гаргаж өргөдөл өгсний дагуу дүүргийн Засаг даргын 2016 оны А/11 захирамжаар 700 м.кв газрыг манай гэр бүлд 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болсон.
Бид 2009 оноос эхлэн жил бүр Ө******* Г******* зусланд дүүгийнхээ хажууд жижиг байшинд нь гарч ач, зээ, хүүхдүүдийн хамт зусч байгаа билээ. Үр хүүхдүүд олон болж зуслангийн байшин шаардлагатай байгааг харгалзан би хөгшинтэйгээ тэр хавиар эзэнгүй, сул газар харж явдаг байсан. Тэгээд л энэ эзэмшсэн газраа олж тэмдэглээд Чингэлтэй дүүргийн Газрын албанд өргөдөл гаргахдаа нэр, байршил зааж хүсэлт гаргасан болно.
Тухайн үед энэ газар эзэнтэй, хүний хүсэлт гаргасан газар гэж албаны хүмүүс бидэнд хэлээгүй, өргөдлийг маань хүлээгээд авсан тул бид газар авахаар хүсэлт гаргасан очирын дараалал, урд хойно ямар хүн байгаа, яг бидний сонгосон газрыг авна гэсэн хүн байгаа гэж яаж мэдэх билээ. Аз дайраад л асуудал амархан шийдэгдэж бид зуслангийн газартай боллоо гэж бодсон. Тэгээд ч тэтгэврийн бидэнд шууд л захирамж гарсан дор хашаа, байшин барьчих хөрөнгө, мөнгө хомс тул хүүхдүүдийн боломж бололцоог хараад л газар дээрээ юу ч хийгээгүй сууж байна.
Гэтэл гэнэт маргаантай газар болоод л биднийг шүүхээс дуудаж хэргийн талаарх бүрдүүлсэн материалтай танилцуулаад 2018 оны 01 дүгээр сарын 25-ны дотор тайлбар бичиж өг гэж хэлсэн. Бид иргэн Б.Э-ийн нэхэмжлэлдээ дурдсан шиг танил талаараа далайлгаж, очер дараалал дайрч, хүний хашаа хороотой ч юмуу эсвэл тэмдэглэчихсэн газрыг булааж авсан зүйл огт байхгүй. Эзэнгүй хоосон л газар байсан. Магадгүй нэр төстэй тул андуурсан, эсвэл алдаа гарсан ч байж болно. Бидний мэдэх зүйл биш билээ.
Бидний хувьд Монгол Улсын иргэнийхээ хувьд эзэмших ёстой 0,7 га газраа дүрэм журмын дагуу авсан л гэж ойлгож байгаа юм. Ийм учраас бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх энэ асуудлын үнэн худлыг ялгаж салган зөв мэргэн шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байгаа бөгөөд нэгэнт ийм маргаан үүсч нэхэмжлэгч болон хариуцагч талын аль нь зөв болох, асуудлыг шүүх яаж шийдвэрлэхийг хөндлөнгөөс урьдчилан тааж мэдэхгүй учир жирийн иргэн хүний хувьд хараат бус шударга шүүхийн шийдвэр л үнэн зөв гарна гэж хүндэтгэн хүлээж байна.
Төсөөлбөл: Хэрэв нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй гэж шүүхээс үзэж иргэн Б.Э-ийн талд асуудал шийдэгдлээ гэж төсөөлөхөд маргалдагч 2 талын дунд жирийн иргэн би хохирч газаргүй үлдэх асуудал үүсэх юм шиг санагдана. Миний хувьд шүүх энэ тохиолдолд бидний эрх ашгийг давхар хамгаалах болов уу, Чингэлтэй дүүргийн Газрын алба шүүхийн шийдвэрийн дагуу аль хоосон хоцорч байгаа иргэнд нь мөн Г*******эд нөхөж өөр газар олгох боломж байгаа болов уу, 2 иргэний хувьд бие биенээ танихгүй, адилхан нэг зусланд гардаг, аль аль нь ах дүү хамаатан садантайгаа ойр дөт байх сонирхолтой, тохиолдлоор нэг газрыг сонгосон улсууд байна г.м олон зүйлийг дотроо бодож суугаа бөгөөд шүүхээс хэн нэгнийг хохироохгүй зөв мэргэн шийдвэр гаргаасай, хариуцагч төрийн алба нь будлиантай асуудлыг эцэслэн харж шүүхийн гарах шийдвэрийн дагуу иргэдийг хохиролгүй болгоосой гэж л хүсэн хүлээж байгаа юм.
Мөн бидэнд нэхэмжлэгч Б.Э ч юм уу эсвэл Чингэлтэй дүүргийн Газрын албатай маргалдах сонирхол, шаардлага огт байхгүй бөгөөд ач, зээгээ харах, асрах, хичээл, цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд ажил ихтэй зав цаг муутай байдаг тул /эцсийн бүлэгт нэгэнт маргаан гарсан тул/ үнэн шударга Шүүхийн шийдвэрийг л хүндэтгэн хүлээж байгаа байдлыг маань ойлгон харгалзан үзэхийг хүсч энэхүү тайлбарыг хүргүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ:
“... Тус шүүхэд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших гэрчилгээг Б.Э гаргахыг ЧДЗДд даалгаж, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох тухай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа билээ.
Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтийн дагуу 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 15.30 минутад Чингэлтэй дүүргийн Газрын албанд баримт бичгийн үзлэг хийж, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хойш 30-ны хооронд Чингэлтэй дүүргийн Газрын албанд ирүүлсэн хүсэлт, өргөдлийн дэвтэр, өргөдлийн бүртгэлийн программд үзлэг хийсэн.
Тус үзлэгээр “Өргөдөл гомдлын дэвтэр 1” гэдэгт 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд хүсэлтүүд, “Өргөдөл гомдлын дэвтэр 2” гэдэгт ердөө 6 иргэний хүсэлт авагдсан байдаг нь тогтоогдсон.
Дээрх 2017 оны хоёр бүртгэлийн дэвтрийг харахад Чингэлтэй Газрын албанд 2014 оны 4 дүгээр сараас хойш 2014 оны 12 дугаар сарын 31-ний хооронд иргэд ерөөсөө газар эзэмших талаар хандаж байгаагүй, нөгөө талаас газрын алба нь энэ хугацаанд нэг ч ажиллагаа хийгээгүй мэт харагдаж байна.
Мөн 2014 оны Өргөдлийн бүртгэлийн программд үзлэг хийхэд 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хооронд материал бүрдүүлж өгсөн 48 хүний л бүртгэл харагдаж байна. Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 тоот Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам батлагдсан байдаг.
Энэхүү журмын 1.1-д ... иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглахыг хүссэн өргөдөл /цаашид “өргөдөл” гэх/-ийг хүлээн авах, бүртгэх, нягтлан хянах, газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэрийн төсөл боловсруулах, баталгаажуулах, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /цаашид “эрхийн гэрчилгээ” гэх/ олгож, гэрээ байгуулах, газрын улсын бүртгэлд бүртгэхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино гэж заасан.
Мөн журмын 4.1-д “... Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал өргөдлийг хүлээн авахтай холбогдсон үйл ажиллагааг зохион байгуулна...” гэж, 4.2-т “... Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба болон сумын Газрын даамал нь иргэн, хуулийн этгээдийн гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан материалуудыг шалгаж материал дутуу, шаардлага хангаагүй бол өргөдөл гаргагчид буцаан өгнө...” гэж, 4.3-т “... Өргөдөл, түүнд хавсаргасан материалууд бүрэн шаардлага хангасан тохиолдолд аймаг, нийслэл, дүүргийн Газрын албаны холбогдох мэргэжилтэн, сумын Газрын даамал нь доор дурдсан үйл ажиллагааг хийнэ...” гэж тус тус журмаар тогтоож өгсөн байдаг.
Гэвч Чингэлтэй дүүргийн Газрын алба 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн миний газар эзэмших өргөдлийг бүртгээгүй, өргөдөл өгсөн баримт бичгүүд огт байхгүй байгаад гомдолтой байна.
Магадгүй миний материал дутуу байсан байж болно, түүнийг үгүйсгэхгүй, гэхдээ очих болгонд 3 жилийн хугацаанд “...удахгүй шийдэгдэнэ, албан ёсоор мэдэгдэх болно.. ..хавраас эхлэх байх.., нэгдсэн байдлаар зуслангийн газруудыг эзэмшүүлэх байх, шийдэгдээгүй байна....” гэж хүлээлтийн байдалтай, найдвар төрүүлж буцаалгаж байсанд гомдолтой байна.
Тэгсэн атлаа 2014 оны намраас хойш маргаан бүхий газар дээр миний хашаа, гэр байсаар байхад Газрын алба очиж, харж үзэлгүй гуравдагч этгээдийн материалыг нь хүлээн авч шийдвэрлээд, Засаг даргаар газар эзэмших гэрчилгээ олгуулж, өгсөнд бас гомдолтой байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “... ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдлыг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн...” гэж, мөн Газрын тухай хуулийн 4.1.3-т “...газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах...” гэж заасан атлаа миний гаргаж өгсөн өргөдөлд ямар нэг хариу өгөөгүй, ямар нэг шийдвэр гаргаагүй байж бусдын эрх ашгийг дээгүүр тавьж шийдвэрлэсэн нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүй үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.
Иймд Чингэлтэй дүүргийн Газрын албанд миний бие газар эзэмших өргөдөл өгч байсныг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... Б.Э-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг судалж үзлээ.
Чингэлтэй дүүргийн газрын алба /тухайн үед Чингэлтэй дүүргийн өмч, Газрын харилцааны алба/-ны 2014 оны өргөдөл гомдлын бүртгэлд нэхэмжлэл гаргагчийн нэрээр ямар нэг өргөдөл хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд тухайн цаг хугацаанд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 3/10 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан. Уг тогтоолоор нийслэлийн хэмжээнд газар эзэмшүүлэх асуудлыг түр хугацаагаар зогсоосон байсан тул нэмэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг. Чингэлтэй дүүргийн Газрын албанд газар эзэмших өргөдөл өгч байсныг тогтоолгох, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Б.Э нь Чингэлтэй дүүргийн Газрын албанд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тус дүүргийн 19 дүгээр хороо Ө******* Г******* гэх газарт газар эзэмших хүсэлт гаргасныг бичиг хэрэг хүлээн авч, тухайн үеийн нэршлээр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны алба гэсэн тэмдэг бүхий “Өргөдөл хүлээн авсан тухай баримт”-ыг өгсөн нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-д “Энэ хуулийн 32.2, 32.3-т заасан баримт бичгийг хавсаргасан хүсэлтийг хүлээн авмагцаа ..., дүүргийн газрын алба газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан журмын дагуу бүртгэнэ. Бүртгэлд хүсэлтийг хүлээн авсан он, сар, өдөр, цаг, минутаар тэмдэглэх бөгөөд энэ тухай тодорхойлолтыг хүсэлт гаргасан этгээдэд гаргаж өгнө” гэсэн заалтыг хэрэгжүүлсэн үйлдэл болжээ.
Шүүх Чингэлтэй дүүргийн Газрын албаны архивт баримт бичгийн үзлэг хийхэд 2014 оны Өргөдлийн бүртгэлийн дэвтэрт 1-4 дүгээр сар, цахим өргөдлийн бүртгэлийн программд 2014 оны 3-4 сарын хооронд ирсэн өргөдлүүдийг бүртгэсэн байна. Мөн өргөдлийн бүртгэл хяналтын картад уг өргөдлийг буцааж өгсөн тэмдэглэл байхгүй, шийдвэрлээгүй өргөдлүүдийг хадгалсан хавтаст материалд уг өргөдөл хадгалагдаагүй боловч тус дүүргийн Газрын албаны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 12/1136 тоот албан бичигт “...19 дүгээр хорооны нутаг Г*******ийн зусланд ...2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Б овогтой Э газар эзэмших хүсэлт өгсөн боловч тухайн үед шийдвэрлээгүй байна” гэснээр нэхэмжлэгч Б.Э нь тухайн үед газар эзэмших хүсэлтээ өгч байсан болох нь тогтоогдож байна.
Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д “Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг ..., дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна” гэж заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй бөгөөд иргэний газар эзэмших хүсэлт өгснийг захиргааны байгууллага хүлээн авсан, түүнийг тухайн үедээ шийдвэрлээгүй боловч буцаан хүргүүлээгүй, үрэгдүүлсэн үйлдэлд нь нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.
Мөн нэхэмжлэгч 3 жилийн хугацаанд удаа дараа өргөдлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар лавлаж очиход “хавар ирээрэй, намар ирээрэй, шийдвэрлэх болоогүй байна” гэх мэтээр хариулт өгч итгэл төрүүлж байсан нь нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба түүний өргөдлийг шийдвэрлээгүй дээрх хугацаанд бусдын өргөдлийг хүлээн авч, тухайн газарт бусдад газар эзэмших зөвшөөрөл олгосон нь захиргааны байгууллагад итгэх хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим алдагдсан гэж үзэхээр байна.
Иймд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Иргэн, .. газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Э нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд /тухайн үеийн нэршлээр/ 19 дүгээр хорооны нутаг Г*******ийн зусланд газар эзэмших хүсэлт өгсөн болохыг тогтоож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хоёр. Б.Э-ийн газар эзэмших өргөдлийг ЧДЗДд уламжлахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, тус дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Шүүх хэдийгээр нэхэмжлэгч Б.Э-ийг Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмших хүсэлт өгсөн байдлыг тогтоосон боловч одоогийн байдлаар тэр өргөдөл хариуцагчид хадгалагдаж үлдээгүй, мөн маргаан бүхий газар 2014 оноос хойш хашаа хатгаж, гэр барьж амьдарч байгаа ч шинэчилсэн байдлаар дахин Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2-т заасан загвар, бүрдлийн дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаагүй байх тул хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна.
Харин гуравдагч этгээд Л.Э Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэх хуулийн заалтын хэрэгжилтийг тухайн газрын хээрийн судалгаа хийх байдлаар нягталж, шалгаагүй болох Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1/416 тоот албан бичгээр ирүүлсэн газрын кадастрын мэдээллийн сангийн лавлагаагаар нэхэмжлэгч Б.Э гэр, хашаа бариад амьдарч байсан нь, мөн гуравдагч этгээд Л.Э газар эзэмших хүсэлт гаргахдаа болон одоо ч хашаа бариагүй, гэрээнд заасан зориулалтаар ашиглаагүй болох нь шүүхэд ирүүлсэн түүний “тэтгэврийн бидэнд шууд л захирамж гарсан дор хашаа, байшин барьчих хөрөнгө, мөнгө хомс тул хүүхдүүдийн боломж бололцоог хараад л газар дээрээ юу ч хийгээгүй сууж байна” гэх тайлбараар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Л.Э газар эзэмших эрх олгохдоо газрын хээрийн судалгаа хийсэн бол нэхэмжлэгч Б.Э зөвшөөрөлгүйгээр дур мэдэн хашаа барьсан байхад албадан нүүлгэх, газар чөлөөлөн бусдад эзэмшүүлэх эрх нь хариуцагчид нээлттэй байжээ.
Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр тухайн газар нь ойн бүстэй залгаа байхад хариуцагчаас ирүүлсэн гуравдагч этгээд Л.Э-ийн газрын хувийн хэрэгт байгаль орчны дүгнэлт хавсаргагдаагүй нь газар эзэмших хүсэлтийн бүрдэл дутуу байсныг илэрхийлж байна.
Иймд маргаан бүхий газарт хэнд газар эзэмших эрхийг олгох асуудал нь Засаг даргын эрх хэмжээнд шийдэгдэх бүрэн боломжтой, хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзээд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э холбогдох хэсгийг 3 /гурав/ сар хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг тус тус үндэслэл болгон ТОГТООХ НЬ:
1. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, 32.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Э-ийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд /тухайн үеийн нэршлээр/ тус дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Г*******ийн зусланд газар эзэмших хүсэлт өгсөн эрх зүйн харилцаа үүссэн болохыг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.
2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31 дүгээр зүйлийн 31.1.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3,32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Чингэлтэй дүүргийн Газрын алба хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах, дахин шинэ акт гаргах хүртэл тус дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э-т холбогдох хэсгийг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч байгууллага шинэ акт гаргаагүй бол тус дүүргийн Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/11 дүгээр захирамжийн Л.Э-т холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдсугай.
4 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОЮУМАА