Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 264

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01264 дугаар шийдвэртэй, П.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хаан банк ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, “Монгол Тоосго” ХХК-ийн 33-27 тоот, 18 м.кв 1 өрөө үл хөдлөх хөрөнгийг барьцаалан Хаан банкны Сонгинохайрхан тооцооны төвөөс 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот зээлийн гэрээ, 222-2 тоот “Барьцааны гэрээ” байгуулан 4 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлж авсан. Уг гэрээний хугацаа өнгөрөөд 10 жил болсон, хуулийн дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хариуцагчийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Иймд дээрх зээлийн болон барьцааны гэрээг дуусгавар болсныг тогтоож, П.Нямгэрэл миний өмчлөх эрхийн гэрчилгээг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч П.Нямгэрэл 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 222 тоот зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлсэн бөгөөд барьцаанд Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 33-р байр 27 тоот 18 м.кв талбайтай Ү-2201013781 тоот дугаартай орон сууцыг барьцаалуулсан. Зээлдэгч зээл аваад нэг л удаагийн төлбөр төлсөн, түүнээс хойш зээл төлөхөөс санаатай зайлсхийж оршин суугаа газар нь тодорхойгүй болсон. Банкны хувьд 2007 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхэд зээлийн төлбөр гаргуулахаар хандсан боловч 2007 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 138 тоот шүүгчийн захирамжаар “П.Нямгэрэл нь ... хаягт оршин суудаггүй гэсэн” үндэслэлээр “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” байдаг.

П.Нямгэрэл зээл төлөхөөс санаатай зайлсхийж, төлбөрөө бүрэн төлөөгүй, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул зээлийн гэрээ дуусгавар болох үндэслэлгүй бөгөөд өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

 

Шүүх: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 240 дугаар зүйлийн 240.1.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хаан банк ХХК болон П.Нямгэрэл нарын хооронд байгуулсан 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай зээлийн гэрээ, 222-2 дугаартай барьцааны гэрээг тус тус дуусгавар болсонд тооцож, хариуцагч Хаан банк ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, 33-27 тоот байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч П.Нямгэрэлд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хаан банк ХХК-иас 79 000 төгрөг гаргуулан П.Нямгэрэлд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг зөрчсөн. Үүнд:

 1. Шүүх хуралдааны явцад буюу 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хариуцагчаас хүсэлт гаргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд зааснаар хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шийдвэрт огт дурдаагүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийг шаардлагыг хангаагүй хууль зөрчсөн гэж үзэж байна.

2. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, түр зогссон нөхцөл байдал 2005 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 222 дугаартай зээлийн гэрээ, 222-2 дугаартай барьцааны гэрээнд тус тус үүсээгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасралтгүй үргэлжилсэн байх тул дээрх гэрээний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болжээ” гэж дүгнэсэн атлаа, банкны хувьд үүрэг гүйцэтгэгч болох зээлдэгч П.Нямгэрэлийн хувьд мөн адил Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзээгүй, уг иргэний хэргийн нэхэмжлэгчээс хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх талаар аливаа хүсэлт аваагүй байж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Зээлийн болон барьцааны гэрээгээр талууд тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсон ба гэрээний хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэж байгаа тохиолдолд гэрээ байгуулсан талуудын эрх нэгэн адил дууссан гэж үзэх шаардлагатай бөгөөд талуудаас хугацаа сэргээлгээгүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу хэрэглэсэн.

3. П.Нямгэрэл нь банкны зээлийг төлөхгүйн тулд өөрийн оршин суух хаягаа санаатайгаар өөрчилсөн, гадаад улс руу явсан, банкны зээлтэй гэдгээ мэдсээр байж банктай холбоо бариагүй, зээлийг төлөхгүйн тулд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж өөрөө тооцсон үед шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь уг зээлийг анхнаасаа төлөхгүй байх санаа зорилго агуулсан гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй зээлдэгч зээлийн төлбөрөө төлөөгүй, зээл төлөхөөс санаатайгаар зайлсхийж явсан мөртлөө нэхэмжлэгч өөрөө банкинд хандаж гэрээний үүргийн харилцааны талаар ямар нэгэн гомдлын шаардлага огт гаргаагүй байж шууд шүүхэд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй.

4. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгчийн хүсэлтээр шүүх банктай байгуулсан зээл, барьцааны гэрээг дуусгавар болсонд тооцож байгаа нь үндэслэлгүй. Учир нь зээлийн үүрэг бүрэн хангагдаагүй, төлбөр төлөгдөөгүй үүрэг хэвээр байхад зээлийн төлбөр буюу үүргийг хэрхэн шийдвэрлэх талаар заагаагүй, тогтоогоогүй атлаа гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлгүй.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжэ

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч П.Нямгэрэл нь хариуцагч “Хаан банк” ХХК-д холбогдуулан зээлийн гэрээ дуусгавар болсныг тогтоолгох, уг зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Хаан банк” ХХК-ийг төлөөлж Э.Эрдэнэбат уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо тус банкны гүйцэтгэх захирал Жон Белл-ийн 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн тус банктай холбоотой аливаа хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, хохирогчийн хувиар оролцох эрхийг, нэг жилийн хугацаатай олгосон итгэмжлэлд үндэслэсэн байна.

 

Дээрх итгэмжлэлийн хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дууссан, хариуцагчийн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад энэ талаар тодруулсан шүүгчийн асуултад “итгэмжлэлийн огноо буруу бичигдсэн, итгэмжлэл үнэн” гэж тайлбарласан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч уг итгэмжлэлээр П.Нямгэрэлийн нэхэмжлэлтэй хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг төлөөлөх эрх олгосон гэж үзэхгүй.                                                                                                            /хх 12-р тал/

 

Мөн хэрэгт авагдсан “ХААН банк” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд гүйцэтгэх захирал Жон Белл-ийг томилсон бүртгэл 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн байгаа нь цаг хугацааны хувьд тухайн хуулийн этгээдийг төлөөлөх хуулийн үндэслэлтэй эсэхийг шүүх анхаарч тодруулах шаардлагатай байжээ.                                              /хх 16-р тал/

 

Цаашилбал энэхүү итгэмжлэлийн дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Э.Эрдэнэбатад нэхэмжлэлийн хувийг гардуулан, хэргийн оролцогчийн хувьд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлах ажиллагааг явуулж, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд оролцуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2 дахь хэсэгт заасан төлөөлөл хэрэгжүүлэх зохицуулалттай нийцэхгүй байна.                                                                              /хх 13,15-р тал/

 

Түүнчлэн шүүх нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тайлбарлаж, мөн өдөр талуудад хэргийн материал танилцуулах, шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх ажиллагааг нэгэн зэрэг явуулжээ. Энэ нь шүүгчээс нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсний дараа хийгдэх ажиллагаанд зохигчдын нотлох баримт гаргаж мэтгэлцэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасантай зөрчилдөж байна. Үүнтэй холбоотойгоор хариуцагчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хангахаас татгалзсан нь үндэслэлийн хувьд ч тодорхой бус байгааг дурдах нь зүйтэй.

 

Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2016/01264 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА