| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2020/0082/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/80 |
| Огноо | 2020-06-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ганчимэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2020/ШЦТ/80
2020 06 30 2020/ШЦТ/80
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.*******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Н.Ганчимэг
Шүүгдэгч Д.******* нар оролцов.
Монгол улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ******* ХК-нд эрчим хүчний нэгдсэн хэсэгт цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2-6 насны 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 6 дугаар гудамжны 4 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ******* овгийн *******гийн ******* /РД:*******/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Д.******* нь 2020 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 6 дугаар гудамжны 4 тоот хашаандаа “түрийвч, бичиг баримт авах гэсэн” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Т.ийг түлхэж унагасны улмаас газарт байсан автомашины сэлбэгийг мөргөж, түүний биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Д.*******ийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр ажлын хүмүүстэй нэг газар суусан. Гэртээ хариад эхнэртэйгээ пиво ууж байгаад маргалдсан. Тэгээд би “гарлаа” гээд түрүүвч бичиг баримтаа авах гэтэл эхнэр маань намайг явуулахгүй гээд зууралдаад байсан. Би түрийвчээ булаацалдаж байгаад эхнэрээ түлхсэн чинь манай эхнэр унахдаа машины төмөр мөргөж унасан. Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Одоо эхнэр бид хоёр эвлэрч, гэр бүлийн харилцаа хэвийн байгаа...” гэх мэдүүлэг,
Хохирогч Т.ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 6 дугаар сарын 11-ний орой ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 6 дугаар гудамжны 4 тоот өөрийн гэртээ нөхөр *******ийн 13 дахь сарын цалин орсон гээд бид хоёр пиво уусан. Манай нөхөр гэртээ орохгүй байхаар нь “гэртээ ороод унтаж амраач” гэхэд “гарлаа, чи намайг хөөсөн” гээд бичиг баримтаа авч гарах гээд байсан. Би хаячих байх гэж санаад түрийвчийг нь авах гэхэд намайг гараараа хүчтэй түлхэхэд би газар байсан төмөр сэлбэгний буланг мөргөж, баруун хөмсөгнөөс цус гарсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31/
Мөрдөн байцаалтад гэрч Ц.ын мэдүүлсэн: “...Шөнө дунд гэрийн гадаа маргалдаад байхаар нь гараад харсан чинь , ******* хоёр гэрийнхээ гадаа маргалдаад зогсож байхаар нь “орж унтацгаа” гэж сануулчихаад гэртээ ороод зурагт үзэж байгаад унтчихсан чинь гэрийн гадаа муухай орилоод “энэ намайг алах гэж байна” гэж хашгирахаар нь гараад харахад ийн нүүр хэсэг нь цус болчихсон байхаар нь цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33/,
Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №172 дугаартай дүгнэлтэд: “Т.ийн биед баруун хөмсөг шарх, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, ир ирмэгтэй зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Б.Ганзориг гэжээ. /хх-ийн 43-44/,
Шүүгдэгч, хохирогч нарын согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Т.ийн согтуурлын зэрэг 2.63 хувьтай, Д.*******ийн согтуурлын зэрэг 1.49 хувьтай” гэжээ. /хх-н 20-21/
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...******* регистрийн дугаартай ******* овгийн *******гийн *******...” гэжээ. /хх-н 58/,
Шүүгдэгч Д.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 67/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.*******ид холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Д.******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 99/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Д.******* нь согтуугаар 2020 оны 6 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 6 дугаар гудамжны 4 тоот хашаанд “түрийвч, бичиг баримт авах гэсэн” гэх шалтгаанаар өөрийн эхнэр Т.ийг түлхэж унагасны улмаас газарт байсан автомашины сэлбэгийг мөргөж, түүний биеийн эрүүл мэндэд нь баруун хөмсөгт шарх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би гарлаа гээд түрүүвч бичиг баримтаа авах гэтэл эхнэр маань намайг явуулахгүй гээд зууралдаад байсан. Би түрийвчээ булаацалдаж байгаад эхнэрээ түлхсэн чинь манай эхнэр унахдаа машины төмөр сэлбэг мөргөж унасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Т.ийн “манай нөхөр “бичиг баримт түрүүвчээ аваад гарлаа” гээд байхаар нь хаячих байх гэж санаад түрийвчийг нь авах гэхэд “өгөхгүй” гэж дургүйцээд намайг гараараа хүчтэй түлхэхэд би газар унахдаа төмөр сэлбэг мөргөсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-31/, гэрч Ц.ын “гэрийн гадаа муухай орилоод хашгирахаар нь гараад харахад ийн нүүр хэсэг нь цус болчихсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн №172 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/, гэмт хэрэг гарах үед шүүгдэгч, хохирогч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 20-21/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Д.*******, хохирогч Т. нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.
Шүүгдэгч Д.******* нь хохирогч Т.ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******ийн дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Д.******* нь хохирогч Т.Батхшигийн баруун хөмсөг шарх, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 28-29 дүгээр талд хохирогч Т.ээс “Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Д.*******ийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Д.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Д.******* “ам бүл 4, эхнэр, 2-6 насны 2 хүүхдийн хамт амьдардаг, ******* ХК-нд эрчим хүчний нэгдсэн хэсэгт цахилгаанчин ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад Д.******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.
Иймд шүүгдэгч Д.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд Д.*******ид 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******гийн *******ид 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Д.*******ид мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.*******ид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Д.*******ид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Т.т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА