Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         07          3                                     2020/ШЦТ/83    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                  Т.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 28 настай, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмийн оператор мэргэжилтэй, хувиараа барилгын туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 4, аав, ээж, 2 дүүгийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 49 дүгээр байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2006 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүргийн шүүхийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2008 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ******* дүүргийн шүүхийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 70 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хорих ял шийтгэгдэж байсан, овгийн ын ******* /РД:СЧ92052331/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.******* нь 2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнийн 22-23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 24 дүгээр гудамжны 5 тоот хашааны гадна Ц.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэсний улмаас түүний нүүрэн тус газарт гараараа цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас Ц.*******ийн эрүүл мэндэд дээд үүдэн шүдний булгаралт, доод үүдэн гурван шүдний ганхалт, дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Т.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө *******ад айлаас гарч яваад ******* олон жил шоронд суусан гэж яриад бид хоёр маргалдсан. Би *******ийн урууланд гараараа 1 удаа цохиж, 1 удаа нүүрэнд нь мөргөсөн. Тухайн үед бид хоёр согтуу байсан. *******ийн 1 шүд унасан, хохирол 360.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.*******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 22-23 цагийн үед задгайн гэр хорооллын хэсэгт Т.*******т нүүр хэсэгтээ цохиулснаас урд үүдэн шүдний зүүн талын 1 дүгээр шүд хугарч, 2 дугаар шүд хөдөлсөн, доод талын үүдэн 2 шүд хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17/

Мөрдөн байцаалтад гэрч У.*******гийн мэдүүлсэн: “...Орой 23 цаг 30 минутын үед ******* ах буцаж гэртээ ирэхдээ нилээн их хэмжээгээр согтсон байдалтай, амнаас нь цус гарчихсан, үүдэн хоёр шүд нь булгарч унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 19/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Солонгын мэдүүлсэн: “...Гадаа /Т.*******/, Ц.******* нар чанга, чанга дуугараад маргалдаад байх шиг болохоор нь би гэрээс гараад харахад хашааны гадна талд /Т.*******/ Ц.*******ийг цохьсон бололтой байсан. Ц.******* надад “ намайг цохиод шүд унагачихлаа” гээд гартаа шүдээ барьчихсан, амнаас нь цус гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн №151 дугаартай дүгнэлтэд: “Ц.*******ийн биед дээд үүдэн шүдний булгаралт, доод үүдэн 3-н шүдний ганхалт, дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх, буйланд цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 47-48/,

Хохирогч Ц.*******ийн нүүрэн хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хх-ийн 9/

Хохирогчийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “Хохирогч Ц.*******ийн согтуурлын зэрэг 1.48 хувьтай” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-9/

Хохирогч Ц.*******ийн хүсэлтэд “...Ц.******* миний бие *******аас нэхэмжилсэн 360.000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр авсан болно. Одоо ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...” гэжээ. /хх-ийн 114/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...СЧ92052331 регистрийн дугаартай овгийн ын *******...” гэжээ.  /хх-н 66/,

Шүүгдэгч Т.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд 4 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 71/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 74-84/  болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Т.*******т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Т.******* нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Т.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 111/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Т.******* нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 30-ны шөнө 22-23 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 24 дүгээр гудамжны 5 тоот хашааны гадна Ц.*******тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, мөргөх зэргээр зодсоны улмаас Ц.*******ийн эрүүл мэндэд дээд үүдэн шүдний булгаралт, доод үүдэн 3-н шүдний ганхалт, дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх, буйланд цус хуралт бүхий хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би *******тэй маргалдаж байхдаа түүний урууланд гараараа 1 удаа цохиж, нүүрэнд нь 1 удаа мөргөсөн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Ц.*******ийн “******* миний нүүр лүү цохиж, 1 шүд хугарч, 2 шүд хөдөлсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/, гэрч У.*******гийн “******* ах гэртээ ирэхдээ амнаас нь цус гарчихсан, үүдэн хоёр шүд нь булгарч унасан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/, гэрч Э.Солонгын “намайг гараад харахад ******* *******ийг цохьсон бололтой байсан. ******* надад “ намайг цохиод шүд унагачихлаа” гээд гартаа шүдээ барьчихсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн №151 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, гэмт хэрэг гарах үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-9/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Т.*******, хохирогч Ц.******* нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч Т.******* нь хохирогч Ц.*******ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.******* нь хохирогч Ц.*******ийн дээд үүдэн шүдний булгаралт, доод үүдэн 3-н шүдний ганхалт, дээд уруулын дотор хэсэгт язарсан шарх, буйланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 114 дүгээр талд хохирогч Ц.*******ээс “Т.*******аас хохирол төлбөрт 360.000 төгрөг авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэжээ. /хх-ийн 98, 114/. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс Т.*******ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 6 сарын хугацаанд төлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч Т.******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Т.******* “ам бүл 4, аав, ээж, 2 дүүгийн хамт амьдардаг, хувиараа барилгын туслах ажил эрхэлдэг, урьд 4 удаа ял шийтгэгдэж байсан” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирол төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Иймд шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй, хувиараа барилгын туслах ажилтнаар ажилладаг зэргийг харгалзан үзэж түүнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овгийн ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар овгийн ын *******т 900 /есөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.*******т мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.******* нь гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хор уршгийн зардалд 360.000 төгрөгийг хохирогч Ц.*******эд төлснийг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Т.*******т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА