Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

      2020         07          07                                     2020/ШЦТ/85    

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Нямжавд холбогдох эрүүгийн 2004000000085 дугаартай хэргийг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Н.Ганчимэг

 Шүүгдэгч                                                  П.Нямжав нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Санжмаргац суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Цээл сумын Уулын Баяжуулах Таяннуур уурхайд тэсэлгээ уул ашиглалт хариуцсан хяналт шалгалтын ажилтан ажилтай, ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, 52 дугаар байрны 10 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Илжгэн овгийн Пүрэвжавын Нямжав /РД:ИК90081912/

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар П.Нямжав нь 2020 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 4А гудамжинд “О.Нандинцэцэг, Г.Чимгээ нарыг авч явах гэхэд явуулаагүй” гэх шалтгаанаар хохирогч Э.Мягмарцэрэнтэй маргалдах явцад нүүр, нуруун тус газарт нь гараараа, мөн гудамжны 8 тоот монгол гэрт хохирогч Э.Мягмарцэрэнгийн нуруун тус газарт нь гэрийн унь модоор цохьсоны улмаас түүний биеийн эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал, зүүн хацар, ар нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун талын далны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч П.Нямжавын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 24-ний орой Мягмарцэрэнгийнд очсон бөгөөд Дашням Мягмарцэрэн бид гурав архи ууцгаасан. Орой болж төв рүү гэртээ харих гээд би Нандинцэцэг Чимгээ хоёрыг дагуулаад “явъя” гэсэн чинь Мягмарцэрэн явуулахгүй гээд бид хоёр  маргалдах явцдаа түүний нүүр лүү гараараа нэг удаа цохьсон, мөн гэрийн унь модоор нуруу руу нь цохьсон. Би Мягмарцэрэнд эмчилгээний зардалд 100.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.Мягмарцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2020 оны 5 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 4а дугаар гудамжны 8 тоотод байрлах найз Ө.Дашнямын гэрт Нямжав гэгчид зодуулсан. ...17-18 цагийн үед би унтсан байсан, намайг П.Нямжав татаж сэрээгээд “ахын дүү гараад ир” гэсэн. Машин руу нь дагаад алхаж байхад эргэж хараад шууд нүүрэн тус хэсэгт гараараа цохихоор нь би өөрийгөө хамгаалж доошоо тонгойж П.Нямжавын бүсэлхийгээр тэврээд нүүрээ нуухад П.Нямжав миний нуруу бөөр хэсэгт зангидсан гараараа цохиод Ө.Дашнямын гэрийнхэн унасан униар нуруу хэсэг рүү нилээд олон удаа цохьсон. Намайг найз охин О.Нандинцэцэгтэйгээ хардсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25/

Мөрдөн байцаалтад гэрч О.Нандинцэцэгийн мэдүүлсэн: “...Бид нарыг явах гэж байхад Э.Мягмарцэрэн босч ирээд “байж бай, жаахан байж байгаад яв” гэхэд нь П.Нямжав “чи яах гээд байгаа юм бэ, наад хүнийг чинь хот авч явах гээд байна” гэхэд Э.Мягмарцэрэн нь гарахгүй санаатай унь модноос барихад Нямжав Мягмарцэрэнг дагуулж гарсан. ...Намайг араас нь хашааны гадна очиход тэр хоёр маргалдсан байдалтай барьцалдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 36-38/,

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №148 дугаартай дүгнэлтэд: “Э.Мягмарцэрэнгийн биед хамар ясны шинэ хугарал, зүүн хацар, ар нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун талын далны хэсэгт цус хуралт гэмтэл  тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Шинэ гэмтэл. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх хамар ясны хугаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 47-48/,

Хохирогчийн согтуурлыг драггер багажаар шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “Э.Мягмарцэрэнгийн согтуурлын зэрэг 1.58 хувьтай” гэжээ. /хх-н 6-7/

Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...ИК90081912 регистрийн дугаартай Илжгэн овгийн Пүрэвжавын Нямжав...” гэжээ.  /хх-н 68/,

Шүүгдэгч П.Нямжав нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 76/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Нямжавд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч П.Нямжав нь согтуугаар хохирогчийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Нямжав нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн 104/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч П.Нямжав нь согтуугаар 2020 оны 5 дугаар сарын 24-ний орой 21 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хороо, Замчин 4А гудамжид “О.Нандинцэцэг, Г.Чимгээ нарыг авч явах гэхэд явуулаагүй” гэх шалтгаанаар хохирогч Э.Мягмарцэрэнтэй хэрүүл маргаан үүсгэх явцдаа гараараа түүний нүүр болон нуруун тус газарт цохих, улмаар мөн гудамжны 08 тоот монгол гэрт орж гэрийн унь модоор  нуруу хэсэг рүү нь цохьсоны улмаас түүний биеийн эрүүл мэндэд хамар ясны шинэ хугарал, зүүн хацар, ар нуруунд зулгаралт, хамрын нуруу, баруун талын далны хэсэгт цус хуралт гэмтэл бүхий хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би Мягмарцэрэнгийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохьсон, мөн гэрийн унь модоор нуруу руу нь цохьсон” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Э.Мягмарцэрэнгийн “Нямжав миний нүүрэн болон нуруу бөөр хэсэгт гараараа цохьсон. Мөн гэрийн униар нуруу хэсэг рүү нилээд олон удаа цохьсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч О.Нандинцэцэгийн “намайг хашааны гадна очиход Нямжав, Мягмарцэрэн хоёр барьцалдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №148 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48/, гэмт хэрэг гарах үед хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохыг тогтоосон “согтуурал шалгасан” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 6-7/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч П.Нямжав, хохирогч Э.Мягмарцэрэн нар нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэрэг нь нөлөөлжээ.

Шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буругийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй нь гэмт үйлдэл болно.

Шүүгдэгч П.Нямжав нь хохирогч Э.Мягмарцэрэнгийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч П.Нямжавын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч П.Нямжав нь хохирогч Э.Мягмарцэрэнгийн биед хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан байх ба хавтаст хэргийн 105 дугаар талд хохирогч Э.Мягмарцэрэнгээс “П.Нямжаваас 100.000 төгрөгийн  хохирол авсан тул цаашид гомдол саналгүй” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс П.Нямжавд гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч П.Нямжав нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

П.Нямжав “ам бүл 8, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Цээл сумын Уулын Баяжуулах Таяннуур уурхайд тэсэлгээ уул ашиглалт хариуцсан хяналт шалгалтын ажилтан ажилтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дэх хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний  дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад П.Нямжав нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 22 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг мөн өдрөө танилцуулахад, зөвшөөрсөн байх тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.

Иймд шүүгдэгч П.Нямжав нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй тул Багануур дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын шүүхэд ирүүлсэн саналын хүрээнд П.Нямжавд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял оногдуулах, түүний орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Илжгэн овгийн Пүрэвжавын Нямжавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Илжгэн овгийн Пүрэвжавын Нямжавд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг П.Нямжавд мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг П.Нямжавд мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол П.Нямжавд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. П.Нямжавд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч Э.Мягмарцэрэнд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА