Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2020/ШЦТ/94

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2004000000092 дугаартай хэргийг 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                     Б.Наранжаргал

Улсын яллагч                                                      Н.Ганчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч            Ц

Шүүгдэгч                                                        Ч нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19__оны __ дүгээр сарын __-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, __ настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын технологич мэргэжилтэй, Багануур ХК-д ______ажилтай, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Багануур дүүргийн ___ дугаар хороо, ___ дугаар байрны ___ тоот орон сууцанд оршин суух Ч.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд:

           Яллагдагч Ч нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны тоглоомын талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч С /12 настай, эрэгтэй/-г өөрийн охин Ч-г үсдэж, дээрэлхлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадсаны улмаас С-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхээс Ч-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

  Шүүгдэгч Ч-гийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2020 оны 6 дугаар сарын 25-ны өглөө ажлынхан амралтын юм гээд 1 шил архи авч өгсөнийг уучхаад өдөр нь охин Ч-ийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гээд хоол унд бэлдэж охиноо баярлуулсан юм. Манай охин 2 дүүгээ дагуулаад гадаа тоглоно гээд гарсан бөгөөд 18 цагийн үед гаднаас уйлчихсан орж ирээд Саака /бүтэн нэр нь С/ намайг зодсон, боожгой гэж хэлсэн, үснээс зулгаасан, дүүгийн малгайг авч чулуудсан дандаа тэгэж дээрэлхдэг гэж хэлэхээр нь уур хүрээд охиноо дагуулж гараад нөгөө хүүхэд хаана байна гэхэд тоглоомын талбайн хашлага дээр сууж байсан. Би С гэх хүүхэд дээр очоод “яах гээд хүүхэд дээрэлхээд байдаг юм” гэж хэлээд 1 удаа нүүр хэсэгт нь алгадчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 55, 56-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Насанд хүрээгүй хохирогч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...байрныхаа урд тоглоомын талбай дээр хөөцөлдөж тоглож байтал Ч намайг гомо, шалиг, танихгүй хүн үнсдэг гэхээр нь би боль гэж хэлээд дугуйг нь өшиглөсөн. Гэтэл Ч миний зүүн мөр лүү цохисон, би зөрүүлээд зүүн мөр лүү нь цохитол миний үснээс үсдэхээр нь би зөрүүлээд үсдсэн. Тэр охин уйлж гэр лүүгээ орсон. Намайг тоглоомын талбайн хажууд байдаг цагаан төмөр хашаан дээр сууж байхад Чинболорын аав гарч ирээд миний нүүр хэсэгт алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-р хуудас/

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-н шүүх хуралдаанд өгсөн “...6 дугаар сарын 25-ны өдөр хүү гадаа тоглож байгаад цусаа гоожуулаад орж ирсэн. Хамраас нь цус гарч байсан. Тэгээд би яасан, юу болсон талаар асуухад “нэг хүүхдийн аав алгадчихлаа” гэсэн. Тэгээд Ч анх уулзахад, хүний хүүхдийг алгадчихаад санаа зовсон шинжгүй тамхи татаад зогсож байсан. Манай нөхөртэй зодолдох гээд байсан. Юу болсон талаар хүүхдээсээ асуухад манай хүү гадаа 4 хүү тоглож байхад дундуур нэг охин орж ирээд үймүүлээд байхаар нь “чамайг тоглуулахгүй” гэсэн чинь намайг “гомо” гэж дуудаад бас нэг хүүхдийг шалиг гээд байхаар нь дугуйг нь өшиглөсөн чинь хүрч ирээд намайг цохиод авахаар нь би зөрүүлээд цохиод авсан тэгээд би үснээс зулгаахаар нь зөрүүлээд үснээс нь зулгаасан юм, тэгээд явсаны дараа аав нь гарч ирээд үгийн зөрөөгүй намайг цохиод авсан гэж  хэлсэн. Хамраас нь цус гараад хоёр хацар нь улайсан байдалтай байхаар нь цагдаа дуудаад өгсөн. Хэрэг явдал болсноос хойш одоо нэг сарын хугацаанд ерөнхийдөө хамрын таславчын муруйлт, хамрын ясны хугарал, гэмтлээс үүдэлтэй хамрын цочмог үрэвсэл гэдэг оноштойгоор “МЖЖ” эмнэлэгт эмчилгээ, оншилгоо хийлгэсэн байгаа. Нийтдээ хоол унд, унаа хөсгийн зардалтайгаа 1,000,000 гаруй төгрөг гарсан боловч би бодит баримт бүрдүүлсэн 700,000 төгрөг нэхэмжилснээс 595,000 төгрөгийг барагдуулсан байгаа. “МЖЖ” эмнэлгийн зөвлөх эмчээс зөвлөгөө авахад насанд хүрээгүй хүүхдийн хамарт хагалгаа хийх боломжгүй учраас дор хаяж 18 настайд нь хагалгаа хийх боломжтой гэсэн, тэр үед гарах хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Тэр үеийн хагалгааны ханш хэд болохыг тааж мэдэхгүй. Өнөөдрийн зардлаар тооцоод манай хүүхдийн хадгаламжинд байршуулаад өгч болно. Одоогийн байдлаар хамарт эмчилгээ хийлгээд эдгэрсэн боловч цаашид хамар нь битүүрэх магадлалтай, ханиад хүрсэн тохиолдолд хамрыг байнга угаалгах, ханиад хүргэж болохгүй, дархлаанд хяналт тавьж байх зөвлөгөө өгсөн, өөр гомдол санал байхгүй.  Хагалгааны зардал 2,950,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

              Насанд хүрээгүй гэрч Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...С найзуудтайгаа тоглож байхаар нь “хамт тоглоё” гэхэд “хамт тоглохгүй” гэсэн. Би С-н мөр лүү цохиход зөрүүлээд миний мөр лүү цохиж, үснээс зулгаасан. Урьд нь намайг бас “боожгой” гээд шоглож байсан. Би гэртээ ороод аавдаа хэлсэн. С хашлаган дээр сууж байхад аав очоод ”яахаараа хүүхэд зоддог юм” гээд алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

              Шинжээчийн 192 дугаартай “…С-н биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 46, 47-р хуудас/

              Согтуурал шалгасан “...Ч нь 1.45 хувийн согтолттой гэсэн...” гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 8-р хуудас/

              Шүүгдэгч Ч-н иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг баримтууд /хх-н 60-63-р хуудас/

              Ч-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 64-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

             Шүүгдэгчийн “...Өөрийн хийсэн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч байна Хохирол тодорхой хэмжээгээр цалингаас төлөх боломжтой...“ гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч Ч нь 2020 оны 6 дугаар сарын 25-ны оройн 19 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хороо, 59 дүгээр байрны тоглоомын талбайд тоглож байсан насанд хүрээгүй хохирогч С /12 настай, эрэгтэй/-г өөрийн охин Ч-г үсдэж, дээрэлхлээ гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь алгадсаны улмаас С-н эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан.

            Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

Ч нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь насанд хүрээгүй хохирогчийг алгадсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…С-н биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 192 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Ч-н үйлдэл нь С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон зэрэг нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хохирол 595.000 төгрөг авсан. Хагалгааны зардал 2,950,000 төгрөг нэхэмжилж байна өөр гомдол санал байхгүй...” гэжээ.

Шүүгдэгч Ч нь насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 595.000 төгрөг төлсөн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг хохиролын тооцоо, төлбөрийн баримтууд зэргээр тогтоогдож байна.

 Шүүгдэгч  “...Хагалгааны зардал тодорхой хэмжээгээр цалингаас төлөх боломжтой...“ гэж мэдүүлсэн, “МЖЖ” эмнэлэгт эмчилгээ, оншилгоо хийлгэсэн баримтууд, хамрын хагалгааны төлбөр 2.800.000 төгрөг, ор хоногийн төлбөр 150.000 төгрөг гэсэн нэхэмжлэх зэрэг баримтуудаас дүгнэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 2.950.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэнэ.

Шүүгдэгч Ч нь хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Ч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Ч нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар ямар нэг хүсэлт шүүхэд гаргаагүй бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг Ч-д мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн

1, 5 дахь хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл,

36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч-г таван зуун тавин /550/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун тавин мянган /550.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан Ч-д мэдэгдсүгэй.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нь хохирлын 595.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, Ч-с 2.950.000 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц-д олгосугай.

             5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

             6. Ч-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус дурьдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

             8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     А.БЯМБАЖАВ