Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 946

 

 

                            

 

 

 

 

 

        2020        8           25                                        2020/ШЦТ/946         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Д.Да нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008022761144 дүгээр хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1967 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг гэх, группт байдаг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Боржигин овогт Дэмэдийн Да /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.Да нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт таксигаар үйлчлүүлж байсан иргэн П.Сын гээгдэл эд хөрөнгө болох түүний эзэмшлийн “Iphone X” маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

Шүүгдэгч Д.Да шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Утсыг танихгүй хүнээр унтраалгасан. Хохирогчийн гар утсыг буцааж өгсөн. Өөртөө харамсаж байна. Дахин хэзээ ч ийм үйлдэл гаргахгүй” гэв.

 

Эрүүгийн 2008022761144 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч П.Сын: “2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд эгч Өнөржаргал, Ариунболор, дүү Чинзориг, Чинтүшиг нарын хамт Ханын материалын хажуу талын төв зам дээрээс цагаан өнгийн Приус-11 маркийн машинд суугаад Баруунсалаа хүргүүлээд 9000 төгрөг болохоор нь өгчихөөд буусан. Удалгүй утсаа байхгүй байгааг санасан. Өөрийнхөө утас руу залгасан боловч холбогдохгүй байсан. Таксин дотор дүүгийнхээ зургийг авч байгаад машины сандал дээр тавиад буусан байсан. Хар өнгийн, “Айфоне икс” маркийн гар утас 2019 оны 01 дүгээр сард “Тэди” төвөөс 1.250.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 1.000.000 төгрөгөөр үнэлнэ. Гар утас 359410086983044 гэсэн имэй кодтой. Миний утас 90 хувийн цэнэгтэй байсан. ...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-18, 21/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2020.07.16-ны өдрийн 20/058 дугаар хөрөнгийн үнэлгээний “Гар утас /Iphone фирм, Х загвар, 2019 оны 01-р сард авсан/ 1.000.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-32-33/,

Шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ...өөрийн эзэмшлийн 42-96 УНД улсын дугаартай “Тоёота Приус-11” загварын цагаан өнгийн машинтайгаа явж байгаад 14 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн “Хангай” захын хажуугийн зам дээр 4 хүн гараа өргөөд зогсож байхаар нь суулгаад “Баруунсалааны эцэс орно” гэхээр нь очих газар нь хүргэж 9.000 төгрөгийн төлбөр авчихаад буцаад явж байтал машины ард дуугараад байхаар нь замаас гарч зогсож байгаад арын хаалгаа нээгээд, сандлаа янзлах гэтэл машины арын суудал дээр хар өнгийн мэдрэгчтэй, ар талдаа хазсан алимны зурагтай утас байхаар нь аваад унтраах гэтэл чадаагүй. Хажуугаар 20 орчим насны эмэгтэй явж байхаар нь дуудаж байгаад унтраалгасан. Тухайн олсон гар утсыг машин дотроо нуучихсан явж байтал 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр цагдаагаас ярьж дуудахаар нь очиж уулзаж, буцааж өгсөн. Мөнгөний хэрэг гарвал зарчихна гэж бодоод унтрааж, машин дотроо нуучихсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад ногдуулах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-61-62/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл 15:25:50 цагт зогсох ба хажууд нь ойрхон байсан бага насны хүүхэд дагуулсан хоёр эмэгтэй хүнийг дуудав. Хүүхэд хөтлөөгүй явж байсан эмэгтэй нь тэр машин дээр очиж жолоочоос утас авч байгаа бичлэг 15:25:57 цагт гарч байна. Машины жолоочоос утас авсан эмэгтэй уг гар утсанд ямар нэгэн үйлдэл хийгээд буугаад жолоочид өгч байгаа нь 15:26:00 цагт гарч байна. Машины жолооч уг гар утсыг эмэгтэйгээс аваад хажуу талын суудал дээр тавиад хөдлөөд явж байгаа нь 15:26:02 цагт гарч байна...” гэх тэмдэглэл /хх-11-13/,

Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн “Д.Даас хар өнгийн, Айфоне икс маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, П.Сд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 10/,

камерийн бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-65/, мөрдөгчийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-1/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-44/, Баянгол дүүргийн 47 дугаар хорооны тодорхойлолт /хх-47/, Нийгмийн даатгалын хэлтсийн “Д.Да сар бүр 350.000 төгрөгийн тэтгэвэр авдаг нь үнэн” гэх албан бичиг /хх-66/, банкны дансны харилцагчийн монгол хуулга /хх-67-68/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-73/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж,

эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг оролцогч нараар таниулж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.  

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Да нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хувийн тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ эрхэлж байхдаа үйлчлүүлэгч П.Сын гээгдэл эд хөрөнгө болох түүний эзэмшлийн “Iphone X” маркийн гар утсыг бусдынх болохыг мэдсээр байж завшиж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч П.Сын “...Таксин дотор дүүгийнхээ зургийг авч байгаад машины сандал дээр утсаа тавиад, машинаас буугаад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-18/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “Гар утас /I phone фирм, Х загвар, 2019 оны 01-р сард авсан/ 1.000.000 төгрөг” гэх тодорхойлолт /хх-32-33/, шүүгдэгч Д.Дын яллагдагчаар өгсөн “...машинаасаа буугаад арын хаалгаа нээгээд сандлаа янзлах гэтэл суудал дээр хар өнгийн, мэдрэгчтэй, ар талдаа хазсан алимны зурагтай утас байхаар нь аваад унтраах гэтэл чадаагүй. ...Мөнгөний хэрэг гарвал зарчихна гэж бодоод унтрааж, машин дотроо нуучихсан...” гэх мэдүүлэг /хх-61-62/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн “Д.Даас хар өнгийн, “Iphone X” маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, П.Сд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Дын хохирогч П.Сын гээсэн “Iphone Х” загварын гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, бага хэмжээнээс дээш буюу 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Сд 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч мөрдөн шалгах ажиллагаанд гар утсыг биет байдлаар өгсөн болох нь хохирогчийн “...Би өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-21/, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн “Д.Даас хар өнгийн, “Iphone X” маркийн гар утас 1 ширхгийг хураан авч, П.Сд хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /хх-8, 10/ зэргээр тогтоогдох тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д.Да нь 2020 оны 7 дугаар сарын 11-ний өдөр такси үйлчилгээнд явж байхдаа үйлчлүүлж байсан иргэн П.Сын орхиод буусан гар утсыг завшиж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хүлээн зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Д.Да “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /өөрийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байсан хохирогчийн мартаад буусан эд хөрөнгийг завшсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид 1.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол биет байдлаар төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, группт байдаг/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.  

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Да цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Дэмэдийн Дыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дыг 550.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Да торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Да цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР