Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2022/0256

 

                                                         “ЦХС-” ХХК,

“МН-” ХХК нарын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Тунгалагсайхан

Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, П.У-Э,

Нэхэмжлэлийн шаардлага:

1. “ЦХС-” ХХК-аас “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “ЦХС” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

2. “МН” ХХК-аас: “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “МН” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч “ЦХС” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.А, Г.Д, “ЦХС” ХХК-ийн өмгөөлөгч Э.Ж,

Нэхэмжлэгч “МН” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, П.У-Э,

Хариуцагч НЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,

 

Хэргийн индекс: 128/2020/0607/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “ЦХС-” ХХК-аас “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар, “МН-” ХХК-аас “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “МН-” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.5,  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦХС-”, “МН-” ХХК-ниудын нэхэмжлэлтэй,  НЗД-, ХУД-ийн ЗД-, ХБХГ-т тус тус  холбогдуулан гаргасан “ЦХС-” ХХК-иас: “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “МН-” ХХК-иас: “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “МН-” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2 дугаар заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгч “ЦХС-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг, нэхэмжлэгч “МН-” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210600 төгрөгөөс 70200 төгрөгийн тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 140400 төгрөгийг нэхэмжлэгч “МН-” ХХК-нд буцаан олгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “МН-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ. Үүнд:

3.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 сарын 11-ний өдрийн 0029 тоот шийдвэрээр “МН-” ХХК болон “ЦХС-” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-, ХУД-ийн ЗД-, АБХГ-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлдээд “МН-” ХХК-д холбогдох Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 сарын 26-ны өдрийн ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, тус компанийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, нэгж 1780800664 тоот 873 м2 талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/513 тоот захирамжийн 873 м2 талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3.2. Анхан шатны шүүхээс “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтаар баталсан барилгажих талбайн схем зураг зэрэгт нэхэмжлэгчийн эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц гарц төлөвлөөгүй” гэдгийг зөв тогтоосон байна. Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бидний зүгээс “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 сарын 26-ны өдрийн ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргалгүйгээр “МН-” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, нэгж 1780800664 тоот 873 м2 талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/513 тоот захирамжийн 873 м2 талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна.

3.3. Анхан шатны шүүхээс НЗД- 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/513 тоот захирамжийн МН- ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хэдий ч уг захирамжийг хүчингүй болгосноор тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, учир нь уг захирамжийг хэрэгжүүлж ХУДГЗБА-наас 2020 оны 05 сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын түр хашааг буулгаснаар маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон гэж дүгнэсэн.

3.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.3.3- т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн агииг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хуулъ бус байсан болохыг тогтоох; ” гэж заасан. НЗД- 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/513 тоот захирамжийн “МН-” ХХК-ийн 873 м2 талбайтай газар нь явган хүний орц, гарц хаасан гэж үзэн улмаар газар зохион байгуулалтын албанаас хашааг буулгах арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

3.5. Манай компани нь явган хүний орц, гарц хаагаагүй, бусдын газар эзэмших эрхийг зөрчөөгүй гэдгийг анхан шатны шүүхээс зөв тогтоосон хэдий ч хууль зөрчсөн илтэд үндэслэл муутай НЗД- дээрх захирамжийн нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлээгүй нь учир дутагдалтай шийдвэр болсон байна. Учир нь НЗД- захирамж нь өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул хууль бус байсан болохыг тогтоолгох боломжгүй юм. Иймээс тус хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, цаашид дахин хууль бус үйлдэл, үйл ажиллагаа гарахаас сэргийлэгдэх юм.

3.6. Анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн 3-р хороо, нэгж 1780800664 тоот 873 м2 талбай бүхий газарт байрлах “МН-” ХХК-ийн хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “хариуцагчийн үйл ажиллагаа нь газар чөлөөлөх, газар дээр барьсан хашааг албадан буулгах хоёр нь эрх зүйн хувьд өөр өөр үр дагавартай бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй үйл баримт, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийн ашиглаж буй газрыг бүхэлд нь буюу хэсэгчилсэн байдлаар чөлөөлсөн, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон зэрэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.7. Манай компани өөрийн газар дээрх үл хөдлөх хөрөнгийг дээврийн болон дотор иж бүрэн засварыг хийхтэй холбогдуулан орчны аюулгүй байдлыг хангахын тулд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Х/ХУД2020-018 дугаар “Түр хашааны ажлын даалгавар”-аар олгогдсон зөвшөөрлийн дагуу 873 м.кв талбай бүхий газартаа барилгын түр хашаа барьсан. Гэтэл ХУДГЗБА-наас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр манай компанид хандан 1 хоногийн дотор газар чөлөөлөх тухай мэдэгдэл ирүүлж, тухайн өдрөө манай компанийн түр хашааг албадан нураасан.

3.8. Уг түр хашаа нь зөвхөн манай компанийн өөрийн газар дээр баригдсан түр хашаа бөгөөд бусдын эзэмшил газар, нийтийн эзэмшил газар руу халдаагүй. Гэтэл бусад иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд сөргөөр нөлөөлсөн эсэх нь эрх бүхий байгууллагын дүгнэлт, шийдвэрээр тогтоогдохгүй байхад ХУД-ийн газар зохион байгуулалтын албанаас хашааг албадан буулгаж шийдвэрлэсэн.

3.9. Иймээс энэхүү үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан билээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13- р зүйлийн 13.1-т “Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харъяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ”, 13.2-т “Захиргааны ерөнхий хуулийн 3.1 -д заасан үйл ажиллагаа нь захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй” гэж заасан.

3.10. Гэтэл анхан шатны шүүх захиргааны байгууллагаас гаргасан хууль бус захиргааны акттай холбоотой маргааныг буруу дүгнэн ердийн харьяаллын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн нь буруу байна. Уг маргаантай холбоотой асуудлыг ердийн шүүх хянан хэлэлцэх хуулиар тогтоосон зохицуулалт байхгүй байна. Учир нь бидний зүгээс хохирол нэхэмжлээгүй, зөвхөн хашаа буулгасан захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагаанд холбогдуулан гомдолтой байгаа ба тийм ч учраас захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийг хянадаг шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно.

3.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тус компанийн Хан-Уул дүүргийн 3-р хороо, нэгж 1780800664 тоот 873 м2 талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 сарын 14-ний өдрийн А/513 тоот захирамжийн 873 м2 талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

4. “ЦХС-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ. Үүнд:

4.1. “Анхан шатны шүүх 29 дүгээр шийдвэрээр “НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгч “ЦХС-” ХХК-ийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосноор тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, нэхэмжлэгч нарын түр хашааг буулгаснаар маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон ” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.2. “ЦХС-” ХХК нь 2008 оноос хойш өөрийн эзэмшлийн 858 м.кв газраа бүхэлд нь хашаалж, үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 2020 онд өөрсдийн эзэмшил газар дээрх үл хөдлөх эд хөрөнгөдөө засвар үйлчилгээ хийх зорилгоор Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр “Түр хашааны ажлын даалгавар” гаргуулж, түр хашаа барьсан.

4.3. Гэтэл НГЗБА-ны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903 дугаар албан бичиг, ХУДГЗБА-ны дарга Б.Батчимэгийн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн мэдэгдэл ирүүлж, “2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу орц, гарц гаргах шаардлагатай” гэх үндэслэлээр манай компанийн 858 м.кв эзэмших эрх бүхий газрын хойд хэсэгт барьсан хашааг үндэслэлгүйгээр нурааж, газар чөлөөлснөөс хойш бид тус газар дээрээ дахин хашаа барих, үйл ажиллагаа явуулах, газрын хойд хэсгийг зориулалтын дагуу ашиглах, газар дээрх барилгад их засвар хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь хэрэгт авагдсан баримт бичиг, сансрын зураг, шүүхийн үзлэг зэргээр нотлогддог.

4.4. Ийнхүү маргаан бүхий НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамж хэрэгжиж дуусаагүй, үйлчлэл нь үргэлжилсээр байхад анхан шатны шүүх “захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд үүнтэй холбоотойгоор мөн дээрх шийдвэрийн үндэслэлд “Энэ тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д  зааснаар маргаан бүхий захиргааны акт хууль бус байсан болохыг тогтоолгох боломжтой байсан” гэж дурдсан нь хуульд нийцэхгүй байна.

4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гээд, 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох; ” гэж зохицуулсан нь “нэхэмжлэл гаргасны дараа” гэх урьдчилсан нөхцөлийг хангасан байхыг шаардах бөгөөд “ЦХС-” ХХК-аас 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасны дараа ч нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдөж, маргаан бүхий захиргааны актын үйлчлэл хэвээр байгаа тул уг хуулийн зохицуулалт хамааралгүй болно.

4.6. Мөн анхан шатны шүүх “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

4.7. Газрын тухай хуулийн 39, 41, 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтад аливаа этгээдийн газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, газрын эрх дуусгавар болсон, зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан тохиолдолд “газар чөлөөлөх”-тэй холбоотой үйл ажиллагаа явуулахаар зохицуулсан бөгөөд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн хэмжээнд газар ашиглалттай холбогдон үүссэн зөрчлийг арилгахад баримтлах журам”-ын 1.2.6-д “газрыг чөлөөлөх” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх дуусгавар болох түүнчлэн газрыг зөвшөөрөлгүй ашигласан бол уг газар дээрх барилга байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх, газрыг засаж тохижуулах зэргээр хууль болон гэрээнд заасан газрыг өмчлөгчид нь эргүүлэн өгөхөд саадгүй болохыг ойлгохоор зохицуулсан.

4.8. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллагуудаас газар чөлөөлөх талаар мэдэгдэл хүргүүлж, тус газар дээр байсан эд хөрөнгө болох хашааг нураах замаар газар чөлөөлсөн нь дээрх хууль, дүрэмд нийцэхгүй бөгөөд үндэслэлгүй байна.  Мөн анхан шатны шүүхийн 29 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т “нэхэмжлэгч нарын барьсан түр хашааг албадан буулгасан нъ хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.9. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй” гээд 35.1.1-д “гэрээнд заасан зориулалтын дагуу газрыг эзэмших, ашиглах;” гэж заасан боловч “ЦХС-” ХХК-ийн 858 м.кв талбай бүхий газрын хойд хэсэгт байрлах хашааг хууль бусаар буулгаж, газар албадан чөлөөлсөн нь эрх зүйн шууд үр дагаварт хүргэж байх бөгөөд уг үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад хамаарч байна.

4.10. Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүхийн 29 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгийн 1-д “...НГЗБА-ны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 01-06/1903, 01-06/1904, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/1264 тоот албан бичгүүдэд 2015 оны 05 дугаар сард тухайн орчны ерөнхий төлөвлөгөө баталсан талаар дурдсан хэдий ч ... нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц, гарц төлөвлөөгүй байна” гэж, мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт “2.6 ... маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. 2.6.1-д “Учир нь, уг захирамжийг хэрэгжүүлж ХУДГЗБА-наас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын түр хашааг буулгасан” гэж захиргааны байгууллагын үндэслэлгүйгээр газар чөлөөлсөн үйлдлийн талаар дүгнэсэн атлаа мөн шийдвэрийн үндэслэлд “3.3. тус шүүх үйл баримт тогтоодоггүй тул уг хашааг албадан буулгасан нь хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийх боломжгүй” гэх байдлаар дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

4.11. Хэрэв анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой “Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актад xамаараxгүй”, гэж дүгнэсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байтал тус шийдвэрийн 1 дэх заалтаар “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

4.12. Түүнчлэн анхан шатны шүүхийн шүүтчийн 2020 оны 11 дүтээр сарын 10-ны өдрийн 8523 дугаар захирамжаар “ЦХС- ХХК-ийн эзэмшлийн ... 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтөөлгох” тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 8523 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7-д заасны дагуу эцсийн шийдвэр болсон.

4.13. Улмаар мөн 29 дүгээр шийдвэрт “...нэхэмжлэгч нар нь өөрсдийн ашиглаж, эзэмшиж байсан газар дээр түр барьсан хашааг буулгасны улмаас тэдгээрт эдийн болон эдийн бус хохирол учирсан гэж үзвэл ердийн харъяаллын шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан үндэслэлд дээрх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа хамаарахгүй тул захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болно.

4.14. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүтээр сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн “... “ЦХС” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 төот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хуулъ бус болохыг тогтоолгох, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Үүнд:

            2. “ЦХС-” ХХК-аас Нийслэлийн АБХГ-т холбогдуулан анх “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж,  2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр НГЗБА-, ХУДГЗБА-нд тус тус холбогдуулан “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох” гэж, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэмэгдүүлсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг, “МН-” ХХК-аас Нийслэлийн АБХГ-т холбогдуулан анх “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр “НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр “ХУДГЗБА-д холбогдуулан “МН-” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох” гэж тус тус нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх “ЦХС-” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, “МН-” ХХК-ийн “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.2. Хэрэгт авагсан баримтаас үзэхэд НЗД- 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэгчээр батламжилж, гэрээ байгуулах эрх олгох тухай” А/130 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй болсон нь тогтоогдсон нийтийн зориулалттай арьс ширний 25, 26 дугаар байрнуудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл боловсруулж, барилга угсралтын ажил гүйцэтгэх төсөл хэрэгжүүлэгчээр “ЭК” ХХК-ийг шалгарсныг батламжилж, гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулах эрхийг олгож, улмаар “ЭК” ХХК нь 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр албан ёсоор “Батламж” гардан авсан, үүнээс хойш 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ДТ15/78 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогджээ.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан. Нэхэмжлэгчээс захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн буюу нэхэмжлэгчид чиглэсэн шууд үр дагавар бүхий захирамжилсан шийдвэр, үйл ажиллагааны талаар маргасан, тухайн захиргааны акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол тэрхүү захиргааны актын улмаас хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй нь тогтоогдсон тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тухайн захиргааны актыг хүчингүй болгож, үйлчлэлийг нь зогсоох боломжтой.

2.4. Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотойгоор өөрсдийнх нь эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн гэж маргасан боловч 2015 оны 05 дугаар сард нэхэмжлэлд дурдсан ерөнхий төлөвлөгөө батлагдаагүй болох нь хэрэгт авагдсан АБХГ-т2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 1400 цагт  хийсэн “... маргаан бүхий газарт нэгж, газар зохион байгуулалттай холбоотой төлөвлөгөө байхгүй, хийгдээгүй байв. Тухайн газар нь давхцалгүй байсан болно ... ” гэх баримт бичгийн үзлэгийн тэмдэглэл болон хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “...тухайн дүүргийн архитектур, ахлах мэргэжилтнээс тодруулсан, авто зам төлөвлөгдөөгүй” … ” гэх тайлбараар тогтоогдсон, шүүх энэ талаар тодруулах ажиллагааг хангалттай хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.5. Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгавар, түүний хавсралтаар барилгажих талбайн схем зургийг баталсан байх боловч нэхэмжлэгч нарын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн гэх үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй, үүнтэй хэргийн оролцогчид маргаагүй байна.

 Иймд анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч нар шийдвэрийн тус хэсэгтэй холбогдуулан давж заалдах гомдол гаргаагүйг дурдах нь зүйтэй байна. 

3. Анхан шатны шүүх НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгч “ЦХС-” ХХК-ийн 858 м.кв, нэхэмжлэгч “МН-” ХХК-ийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг “тус маргаан бүхий акт нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа хэдий ч уг захирамжийг хүчингүй болгосноор тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, учир нь уг захирамжийг хэрэгжүүлж ХУДГЗБА-наас 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч нарын түр хашааг буулгаснаар маргаан бүхий захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн нь зөв байна.

3.1. НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн маргаан бүхий А/513 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “л”, 29.2, 30 дугаар зүлийн 30.1.1, 30.1.5, 39 дүгээр зүйлийн 39.1, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 30, 2019 оны 29/33 дугаар тогтоол, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2.5.11, НЗД- А/133 дугаар захирамжийг үндэслэн “иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хийгдэж буй орчны аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээг эрчимжүүлж, зөрчил арилгах” гэсэн зорилгоор газар чөлөөлөх байршлуудыг нэгдүгээр хавсралтаар баталсны дотор Хан-Уул дүүрэгт холбогдох хэсгийн 16-д “Чингисийн өргөн чөлөө Морьтон цогцолбарын урд” Бетонон суурьтай төмөр хашаа, явган хүний зам хаасан гэж, 17 дугаарт “Чингисийн өргөн чөлөө Морьтон цогцолбарын урд” Төмөр хашаа, орц гарц хаасан” гэж заасан байх бөгөөд хавсралтын уг хэсэг нэхэмжлэгч нарын эзэмшил газарт хамаарч байгаатай хэргийн оролцогчид маргаагүй байна.

3.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “ЦХС-” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/152 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2, 23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар бүхий, 858 м.кв газрыг боловсролын байгуулагын зориулалтаар 15 жилийн хугацаатай ашиглуулах 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Э-22060000372  дугаар бүхий Хан-Уул дүүргийн газрын албаны аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах эрхийн гэрчилгээг, “МН-” ХХК-д Хан-Уул дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжаар тус дүүргийн 3 дугаар хороо, нэгж талбарын 17808000664 дугаар бүхий 873 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулах 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/2206000026 дугаар бүхий нийслэлийн газрын албаны аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

3.3. Нэхэмжлэгч “ЦХС-” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр, “МН-” ХХК-иас 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус Нийслэлийн АБХГ-т хүсэлт гаргасны дагуу тус газраас 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн х/худ2020-017, х/худ2020-018 дугаар түр хашааны ажлын даалгарвыг схем зургийн хамт нэхэмжлэгч нарт олгосны дагуу  өөрсдийн эзэмшиж ашиглаж буй газар дээр түр хашаа барьсан болох нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн х/худ2020-017, х/худ2020-018 дугаар түр хашааны ажлын даалгавар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 1/741 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн агаар сансрын зураг, мөн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймрийн улсын байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 033/15 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байна.

3.4. Мөн хэрэгт авагдсан Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 40 тоот албан бичгээр НЗД- Тамгын газарт хандаж  гаргасан өргөдөл, Морьтон СӨХ-ны 2020 оны 03 дугаар сарын 02520 тоот албан бичгээр НЗД- бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандаж хүсэлт, оршин суугчдаас НГЗБА-нд гаргасан хүсэлт зэрэг баримтуудад нэхэмжлэгч нарын барьсан хашааны улмаас орц, гарц хаагдсан, галын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн, эрүүл аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байгаа талаар дурдаж санал, гомдол илэрхийлэгдсэн байна.

3.5 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаан бүхий дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан үндэслэлийг “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5-д заасан үүргээ нэхэмжлэгч нар биелүүлээгүй, оршин суугчдаас гомдол гаргасан” гэж тайлбарлан маргасныг шүүх үгүйсгэх үндэслэлгүй байна.

3.6. Хэдийгээр маргаан бүхий актад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн холбогдох зүйл, хэсгийг баримтлаагүй байх боловч мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “газар төрийн хяналт, хамгаалалтад байх”, 4.1.5-д “хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх”, 20 дугаар зүйлийн 20.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна:”, 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах”, 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т “Аймаг, НЗД- нь хот байгуулалтын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 9.1.5-д “хот байгуулалтын үйл ажиллагаа болон газар ашиглалт, хамгаалалтад хяналт тавих”, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ... гэж тус тус заасныг баримталсан, эдгээр хуульд заасан харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хүн амын эрүүл мэнд, аюулгүй байдалд нийцүүлэн газар зохион байгуулалт, газар ашиглалт хамгаалалтад хяналт тавих бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгч нарын эзэмшил газрын ойр орчмын иргэд, СӨХ, хорооны Засаг даргын өргөдөл, хүсэлтийг үндэслэн шийдвэр гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.

3.7. Улмаар НГЗБА-ны 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “... танай компани тухайн байршилд барьсан хашаагаа буулгаж орц, гарцыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр чөлөөлөхийг мэдэгдье ... ” гэх 01-06/1903, 01-06/1904 тоот албан бичгүүд, ХУДГЗБА-ны 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэх хуудсуудыг тус тус нэхэмжлэгч нарт хүргүүлж, тэдний хашааг нурааснаар дээрх НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгүүд хэрэгжиж дууссан гэж үзэх үндэслэлтэй, уг захиргааны актын үйлчлэл дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

3.8. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан байх боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3.1.3-д “ нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж тус тус зааснаас үзэхэд  тус маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхээргүй байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

3.9. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасан тул шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжиж дууссан тус захиргааны актыг шүүх хүчингүй болгох хууль зүйн боломжгүй.

4. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нарын газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагааны буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох” шаардлагын тухайд “... хашаа буулгаж буй үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т заасанд ... хамаарахгүй” гэж зөв дүгнэсэн атлаа тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

4.1. НГЗБА-наас нэхэмжлэгч нарын газрын хойд хэсэгт байрлах хашааг буулгаж, албадан чөлөөлсөн үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан актын шинжийг агуулаагүй буюу уг үйл ажиллагаа нь захиргааны тодорхой шийдвэрийн дагуу хийгдэж байгаа үйлдэл, үйл явц байх бөгөөд уг үйл ажиллагааг дангаар нь захиргааны акт гэж үзэж захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх үндэслэлгүй байх тул Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж гэж заасныг тус тус баримтлан “Нэхэмжлэгч нарын газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагааны буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

4.2. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт “Нэхэмжлэгч нарын газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан өөрчлөлтийг шийдвэрт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр  сарын 11-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 56 дугаар зүйлийн 56.5, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “ЦХС-”, “МН-” ХХК-иудын нэхэмжлэлтэй,  НЗД-, ХУД-ийн ЗД-, ХБХГ-т тус тус  холбогдуулан гаргасан “ЦХС-” ХХК-ийн “Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгч “ЭК” ХХК-ийн барьсан барилгатай холбоотой 2015 оны 05 дугаар сард баталсан ерөнхий төлөвлөгөөний  “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 858 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “МН-” ХХК-ийн “ЭК” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлтэй холбоотойгоор Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр баталсан ДТ/1578 тоот Архитектор төлөвлөлтийн даалгаврын ерөнхий төлөвлөгөөний  “МН-” ХХК-ийн газар ашиглах эрхийг давхцуулан орц гарц төлөвлөсөн хэсгийг хүчингүй болгуулах, НЗД- 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/513 дугаар захирамжийн нэхэмжлэгчийн 873 м.кв талбай бүхий газартай холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.1-д заасныг баримтлан “ЦХС-” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Үйлдвэр-2-23 тоот хаягт байрлах нэгж талбарын 1780800655 дугаар 858 м.кв талбайн хойд хэсэгт байрлах газар дээрх хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, “МН-” ХХК-ийн ашиглах эрхтэй Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1780800664 дугаар 873 м.кв талбай бүхий газарт байрлах хашааг буулгаж, газар албадан чөлөөлсөн ХУДГЗБА-ны үйл ажиллагаа буюу захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хүлээн авахаас татгалзсугай” гэсэн 2 дахь заалтыг нэмж, 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                   Д.БАТБААТАР

 

                        ШҮҮГЧ                                                                      Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                       Н.ХОНИНХҮҮ