Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 277

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б,    

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: ОӨУБЕГ т холбогдох 

Гуравдагч этгээд: “Э” ХХК,

Гуравдагч этгээд: З, 

Гуравдагч этгээд: Х банк, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжинд байрлах Г В хотхоны *** дугаар байр, *** тоот орон сууцны өмчлөгчөөр Б бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ т даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Б нь Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжинд байрлах Г В хотхоны ... дугаар байр, ... тоот 81.75 м.кв орон сууцны өмчлөгч бөгөөд “Э” ХХК орон сууцны үнийг бүрэн төлсөн, тооцооны маргаангүйг баталгаажуулан албан бичгүүдийг хийж өгсөн байдаг.

Иймээс Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасны дагуу өөрийн үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авахаар 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр мэдүүлэг гаргасан боловч улсын бүртгэгч бүртгэхээс татгалзсан хариуг өгсөн нь төлбөрийг нь бүрэн төлж худалдан авч, оршин сууж, амьдарсаар байгаа тухайн орон сууцныхаа хууль ёсны өмчлөгч байх эрхийг нь зөрчсөн. 

Гаргасан мэдүүлэг нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасан шаардлагыг хангасан байсан бөгөөд мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй тул энэ нь мөн зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасантай нийцэхгүй байна. 

Улсын буртгэлд бүртгэхээс татгалзсан үндэслэлээ Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009-2014 оны албан бичиг, Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэж тайлбарласан. 

Гэвч уг албан бичгүүд нь 60 хувийн гүйцэтгэлтэй барилгад хамаарах ба 100 хувь гүйцэтгэгдэн улсын комисс хүлээж авч, Б-ийн одоог хүртэл амьдарч байгаа орон сууцны өмчлөгчөөр бүртгэх бүртгэлийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлгүй юм. 

Мөн Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 554 дүгээр тогтоолоор “Э” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл бүхий иргэний хэргийг “...12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30 сая төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн “Х”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Гэтэл улсын бүртгэгч дээрх шийдвэрийг үзэлгүйгээр мэдүүлгийг үндэслэн хүлээн авахаас татгалзсан нь хууль бус болсон. 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хуульд заасны дагуу уг асуудлаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч 2017 оны .. дугаар сарын 11-ний өдрийн 7/10237 дугаартай албан бичгээр “... мэдүүлгийг бүртгэхээс татгалзсан нь үндэслэлтэй” гэсэн хариуг ирүүлснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна. 

Иймд Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжид байрлах Г В хотхоны ... дугаар байр, ... тоот орон сууцны өмчлөгчөөр Б бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бусд тооцож, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Б бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгаж өгнө үү” гэжээ. 

Хоёр. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т******* шүүхэд  ирүүлсэн хариу тайлбартаа: 

“... Баянзүрх дүүргийн . дүгээр хороонд байрлах “Г В” цогцолборын ... дугаар байр буюу Д*******ийн гудамж-.../.. тоот байрыг холбогдох нотлох баримтыг үндэслэн 60%-ийн гүйцэтгэлтэйгээр “Э” ХХК /2823632/-ийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-22040******* дугаарт бүртгэсэн байх бөгөөд “З” болон “Х” банктай байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байна. 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2009 оны 1/6542, 1/9731, 11/13253, 2012 оны 2/4309, 2/5394, 2/969З, 2/10559, 2013 оны 2/2931, 2/2236, 2014 оны 2/1449 Цагдаагийн ерөнхий газрын Улсын мөрдөн байцаах газрын 2010 оны 10/5-701 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна. 

Тухайн орон сууцыг “Э” ХХК нь өөрийн хөрөнгөөр барьж 60%-ийн гүйцэтгэлтэй байхад нь эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Тухайн орон сууцыг тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж бүртгүүлэхийн тулд өмнө нь олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгодог. Тухайн гэрчилгээ нь манай байгууллагад өнөөдрийн байдлаар ирээгүй байх тул тоот тус бүрээр нь иргэдийн өмчлөлд салгаж шинээр гэрчилгээ олгох боломжгүй байна. 

“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” хэмээн заасан байдаг. 

“Э” ХХК нь тухайн орон сууцаа барьцаалан “З” болон “Х” банкнаас зээл авсан бөгөөд барьцаат зээлийн гэрээ нь өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн орон сууцыг иргэдийн өмчлөлд салгаж бүртгэх боломжгүй юм.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно” хэмээн заасан байдаг.

Тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн байх тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй байна. 

Дээрх нөхцөл байдпуудыг хянан үзэхэд “Г Ва” цогцолборын ... дугаар байрны ... тоот орон сууцыг “Э” ХХК-ийн өмчлөлөөс салгаж иргэн Б өмчлөлд бүртгэх боломжгүй байна. Иймд иргэн Б нэхэмжлэлийг хангахгүй орхиж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э” ХХК, “З” ХХК, “Х” банк нарын хооронд байгуулсан гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг тэргүүн ээлжинд хангуулах эрх бүхий субъект нь “Х” банк юм. Тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ХХК, “Х” банк, “З” ХХК-ийг тус тус гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Иргэн Б-ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа билээ. Б нь “Э” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн байна. 

Нэхэмжлэлийн шаардлагыг тус компанийн зүгээс дэмжиж байгаа бөгөөд биднийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг явуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд: “З” банкны эрх хүлээн авагч А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... “Э” ХХК нь 2007 оны 08 дугаар сард Баянзүрх дүүрэг, Д*******ийн гудамжинд баригдаж байсан Г В орон сууцны барилгын ажилд зориулж 20 тэрбум воны бондыг 24 сарын хугацаатай, жилийн 12.5 хувийн хүүтэйгээр БНСУ-ын P bank, W bank, S Capital, Х банк зэрэг байгууллагуудад худалдсан.

“Э” ХХК-ийн Г В орон сууцны цогцолборыг бариулах санхүүжилтийг БНСУ-ын хөрөнгө оруулагч талууд тэдгээрийг төлөөлөн Х банк, нөтөө талаас “З” банк оролцон олон талт гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээг БНСУ-ын хөрөнгө оруулагч тал давхар барьцаалсан. Энэ гэрээнд З банк нь БНСУ-ын хөрөнгө оруулагч талын оруулсан санхүүжилтийг “Э” ХХК-ийн барилгын ажлын явц байдал, санхүүжилттэй уялдуулан шилжүүлж байх, орон сууцыг худалдан борлуулсан тохиолдолд борлуулалтын орлогыг тусгай дансанд төвлөрүүлэн буцаан шилжүүлэх үүрэг хүлээсэн болно.

Дээрх гэрээнүүдийг байгуулах үед “Э” ХХК-ийн нэр дээр Г В орон сууцны цогцолборын дуусаагүй барилгын гэрчилгээ эрхийн улсын бүртгэлээс гарган өгсөн байсан бөгөөд энэ нь холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн гаргасан тус компанийн өмчлөх эрхийг баталгаажуулсан хүчин төгөлдөр баримт юм. Орон сууцыг захиалах, худалдан борлуулахаас өмнө тус компани дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд өмчлөгчийн хувьд хөрөнгөө бусдад шилжүүлэх, барьцаалах, захиран зарцуулах бүрэн эрхтэй юм. 

Нэхэмжлэгчийн худалдан авсан орон сууцны барилга нь бүхэлдээ дуусаагүй барилгын гэрчилгээ гаргуулсан авсан ба сууц өмчлөгч тус бүрээр гэрчилгээ салган гаргаагүй тул “Э” ХХК-ийн өмч хэвээр байна. “Э” ХХК-ийн өмчлөлийн энэ байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн байгууллагад дууссан барилгын гэрчилгээ гаргуулан авч, захиалагч тус бүрээр гэрчилгээг салган гаргах ёстой бөгөөд түүнчлэн “Х” ипотекийн шаардах эрхийг холбогдох хууль тогтоомжийг зөв хэрэглэн шийдвэрлэхийг хүсэж байна. 

Иймд хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас шүүхэд холбогдох хууль тогтоомжид дурьдсанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор гаргасан хариу тайлбарыг “З” дэмжиж байгаа болно. 

Шүүх хуралд гуравдагч этгээд “З” ХХК-г оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А нь ОӨУБЕГ т холбогдуулан “Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжинд байрлах Г В хотхоны ... дугаар байр, ... тоот орон сууцны өмчлөгчөөр Б бүртгэж, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ т даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын бичгийн болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын харьяа Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст тус дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжинд байрлах Г В хотхоны ... дугаар байр, ... тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх тухай мэдүүлгийг гаргасан байх бөгөөд улсын бүртэлийн байгууллагаас Монгол Улсын “З” ХХК болон “Х”-тай байгуулсан зээлийн гэрээ бүртгэлтэй, энэ гэрээний үүргийн гүйцэтгэл өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзаж хууль бус эс үйлдэхүй гаргасан болох нь дараах нөхцөл байдлуудаар тогтоогдож байна. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны .. дугаар сарын 16-ны өдрийн 2542 дугаар шийдвэрийн дагуу 118.756.300 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулан А олгох болсонтой холбогдуулан “Орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэх” тухай №MGA-04/09 тоот гэрээгээр маргаан бүхий орон сууцыг А-т өгөхөөр болсныг түүний хүсэлтээр Б-д нэр шилжүүлэн олгосон талаарх баримтууд хэрэгт авагдсан байна. 

Үүнтэй холбоотойгоор “Э” ХХК-иас орон сууцны төлбөр тооцооны үлдэгдэлгүй гэх үндэслэлээр Г В хотхоны ... дугаар байр, ... тоот орон сууцны гэрчилгээг Б-ийн нэр дээр гаргаж өгөх талаарх хүсэлтүүдийг 2010, 2011, 2015 онуудад Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж байсан боловч маргаан бүхий .../.. тоот хаягт байрлах орон сууцын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь “З” ХХК-тай байгуулсан 4.715.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, “Х”-тай байгуулсан 20 тэрбум воны зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаатай, тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн, захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй үндэслэлээр бүртгэлийн үйлдэл хийхээс татгалзсан байна. 

“Э” ХХК нь Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, Д*******ийн гудамж .../.. дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны .. дугаар сарын 18-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн 22040******* дугаарт өөрийн өмчлөлд бүртгүүлж, улмаар энэхүү 11 давхар, нийт 6305.64 м.кв талбай бүхий 60 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан “З” ХХК болон “Х”-тай байгуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь мөн хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Уг барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор “Х”-аас “Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15 521.585.030 вон, алданги 7.760.792.515 вондыг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлийг “Э” ХХК-д холбогдуулан Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны . дүгээр шүүхэд гаргасан байна. 

Тус шүүхээс уг иргэний хэргийг хянан хэлэлцээд 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 28. дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус зааснаар хариуцагч “Э” ХХК-иас торгууль 1.961.466.338 солонгос вон буюу 2.451.832.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банкинд олгож, нэхэмжлэлээс 21.320.911.207 солонгос вон буюу 26.651.139.008 төгрөгийн болон хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр 30.000 ам доллар буюу 30.000 000 төгрөгийн шаардлагыг, мөн “Э” ХХК-иас нэр бүхий иргэдтэй байгуулсан Орон сууц захиалгаар бариулах тухай болон Орон сууцыг зээлийн төлбөрт шилжүүлэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, 

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар бие даасан шаардлага гаргасан 8 иргэн, “М” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, . дүгээр хороо, Г В хорооллын 102, 103, 104, ... дугаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоон, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гагцхүү хариуцагчийн өмчлөлд байгаа, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 5, 6 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны . дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “Э” ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Х банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Г В цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Э” ХХК нь Г В цогцолборын ... дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “З” ХХК болон “Х”-нд барьцаалсан байх бөгөөд нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 2542 дугаар шийдвэрийн дагуу төлөгдөх 118.060.000 төгрөгийн зээлийн төлбөрт маргаан бүхий ... дугаар байрны ... тоотыг шилжүүлэн авах тухай гэрээг “Э” ХХК-тай байгуулсан, уг компани нь дээрх орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг барилга нь бүхэлдээ бүрэн баригдаж дууссан, уг барилгыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр “З” ХХК болон “Х”-нд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор “Э” ХХК-иас “Х”-нд төлөх төлбөргүй гэж үзэж, “Э” ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс 30.000 ам.доллар тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахыг хүссэн “Х”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Б нь шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдөх зээлийн төлбөрт авсан ... дугаар байрны ... тоот орон сууцны өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй бөгөөд хариуцагчийн “Э” ХХК-ийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Б нь Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, Г В цогцолборын ... дугаар байрны 7 дугаар давхарын ... тоотын 81.75 м.кв 3 орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор бие даасан шаардлага гаргасан байна. 

Хариуцагч “Э” ХХК-иас орон сууцны төлбөрөөс 76.625 ам доллар төлөөгүй, үлдэгдэлтэй тул өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасныг тус шүүхээс орон сууцны үнийг төлсөн тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй үндэслэлээр бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд, харин “Э” ХХК-ийн Б-тэй байгуулсан 2010 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн MG-04/09 тоот гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдсан гэж дүгнэн “Х”-ны орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна. 

Уг захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Э” ХХК-иас нэхэмжлэгч Б нь манай компанитай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байгаа гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх тул Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, Г В цогцолборын ... дугаар байрны 7 дугаар давхарын ... тоотын 81.75 м.кв 3 орон сууцны өмчлөгчөөр иргэн Б бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж шийдвэрлэх боломжтой байна. 

Түүнчлэн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийхээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг дуусаагүй барилга буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна.

Түүнчлэн дээрх албан албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга байсан, “Э” ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй ... дугаар байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй, харин ... дугаар барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч нь ... дугаар байрны ... тоот орон сууцыг дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй гэж заасны дагуу Б нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь дээр дурдсан үндэслэлээр түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэл, ерөнхий газар нь нэхэмжлэгчийг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад тэдгээрийг бүртгэхээс татгалзсан нь Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин тус шүүхийн шүүгчийн 2018 оны 0. дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2018/0525 дугаар захирамжаар Х банкыг гуравдагч этгээдээр татан оролцуулсны дагуу шүүхээс тус банкыг олж, тогтоох улмаар шүүх хуралдаанд оролцуулахаар холбогдох ажиллагааг явуулсан болохыг дурдах нь зүйтэй. 

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Г В хотхоны ... дугаар байрны ... тоотын 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг Б-ийн өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгохоос татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Б-д Баянзүрх дүүргийн . дүгээр хороо, .. дугаар хороолол, Д*******ийн гудамжинд байрлах Г В хотхоны ... дугаар байр, ... тоотын 81.75 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг ОӨУБЕГ т даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА