Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 265

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Есүхэйбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06513 дугаар шийдвэртэй, Э.Есүхэйбаатарын нэхэмжлэлтэй, “Сүрэг-Агт” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны талбайн зөрүү үнэд 12 622 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батжаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганчимэг,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Туяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр “Сүрэг-Агт” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Сүмбэр орд” хотхонд барьсан 603 дугаар байрны 58 тоот 55.75 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар гэрээ хийж, төлбөрийг 2013 оны 8 дугаар сард бүрэн төлсөн. Гэрээнд уг орон сууцны талбайн хэмжээг 55.75 м.кв гэж заасан боловч бодит байдалд талбайн хэмжээ 50.14 м.кв байгаа нь гэрээнд заасан хэмжээнээс 5.61 м.кв дутуу байна. Иймд тус орон сууцны талбайн зөрүүн мөнгө болох 12 622 500 төгрөгийг “Сүрэг-Агт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э.Есүхэйбаатар 2013 оны 7 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-т орон сууцны талбайн хэмжээг хүснэгтэд оруулан 4 дүгээр баганад MNS 6058:2009 хэмжээ, 5 дугаар баганад захиалгат м.кв хэмжээ гэж тус тус хоёр янзаар зааж, 6 дугаар баганад байрны үнийг 122 650 000 төгрөг гэж тодорхойлсон. Үүнээс үзвэл орон сууцны талбай 2 хэмжилттэй, үүнд MNS 6058:2009 хэмжилтийг хэрэглэсэн болох нь, мөн дээрх талбайн 2 хэмжилт бүхий орон сууцны нэг адил болох нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, захиалагч ямар хэмжилтийг сонгохоос үл хамааран гэрээний төлбөр адил байгаа болно.

Талууд гэрээний 1.4-т зааснаар захиалгат орон сууцны талбайн хэмжилт нь хананы ось тэнхлэгээр хэмжигдсэн болохыг хүлээн зөввшөөрч баталгаажуулж, тусгайлан орон сууцны талбайн хэмжилт зураг бүхий хавсралтад гарын үсэг зурж баталгаажуулан, гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлсон.

Нэхэмжлэлд “гэрээнд уг орон сууцны талбайн хэмжээг 55.75 м.кв гэж заасан боловч бодит байдалд 50.14 м.кв байгаа нь гэрээнд заасан хэмжээнээс 5.61 м.кв дутуу байна” гэжээ. Тэгвэл Э.Есүхэйбаатартай байгуулсан гэрээний хүснэгтийн 4-р баганад MNS 6058:2009 хэмжилтээр 49.93 м.кв, 5-р баганад захиалгат м.кв 55.75 гэсэн байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын дүнг тооцож тодорхойлохдоо талбайн хэмжээг дээрх гэрээний захиалгат талбайн хэмжээгээр авсан атлаа зөрүүг “Гандрис-Од” ХХК-ийн MNS 6058:2009 стандартын дагуу хийгдсэн 50.14 м.кв гэсэн хэмжээгээр тооцжээ.

Ийнхүү MNS 6058:2009 болон захиалгат талбайн хэмжээ гэх 2 өөр хэмжилтийг хооронд нь харьцуулж зөрүүг тооцсон явдал нь үндэслэлгүй. Харин “Гандирс-Од” ХХК-ийн MNS 6058:2009 стандартаар хийгдсэн хэмжээ 50.14 м.кв гэж байгаа бол гэрээнд заасан 49.93 м.кв гэж байгаа нь манай компанийн хэмжээ илүү биш, харин 0.21 м.кв-аар дутуу хийж төлбөр авсан гэж харагдаж байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-иас орон сууцны талбайн зөрүү 12 622 500 төгрөг гаргуулах тухай Э.Есүхэйбаатарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 216 910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “Сууцны талбайг MNS 6058:2009 стандартын дагуу тооцох тухай нэхэмжлэгч, өмгөөлөгчийн тайлбар үндэстэй боловч уг стандартын дагуу талбайн хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй” гэжээ.

Шүүхээс хэрэгт авагдсан баримтыг үнэлэхгүй байгаа нь хууль бус бөгөөд “Гандирс-Од” ХХК-ийн 2014 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг нэхэмжлэлд хавсаргасан бөгөөд тусгай зөвшөөрөл байхгүй байгаа нь тус компанийг тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг биш юм. Хариуцагчийн зүгээс ч хэмжилтийн хувьд тусгай зөвшөөрөлгүй байгууллага хэмжилт хийсэн гэж маргаагүй бөгөөд тусгай зөвшөөрлийг хавсаргаагүй нь дүгнэлтийг үнэлэхгүй байх үндэслэл болохгүй байсан. Мөн шүүх нотлох баримтыг гаргуулах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удуу хойшлуулах боломжтой байсан.

Мөн шийдвэрт “... гэрээ, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2910 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 1135 дугаар магадлал баримтуудыг тус тус шүүхэд гаргаж байх боловч эдгээр баримтыг Э.Есүхэйбаатарын нэхэмжлэлд хамааруулан үнэлэх үндэслэлгүй юм” гэжээ. Хэдийгээр шүүх дээрх баримтыг нэхэмжлэлд хамааралгүй гэж дүгнэсэн боловч хариуцагчийн зүгээс “шүүгчид нөлөөлөх” гэж оролдсон үйлдэл гэж үзэх үндэслэлтэй бөгөөд хэрэгт шууд бус хамааралтай шүүхийн шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгөх, нэрлэн заах нь нөлөөллийн нэг хэлбэр. Нөгөө талаар шүүх шийдвэр, магадлалыг хүлээн авч хэрэгт оруулсан нь ямар нэг хэлбэрээр нөлөөлөлд өртсөн байх магадлалтай.

Түүнчлэн шийдвэрт “Сууцны талбай хэмжигдэх зүйл бөгөөд гэрээнд MNS 6058:2009 хэмжилтээр 49.93 м.кв, захиалгат хэмжээ 55.75 м.кв гэж заасан байхад нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууц хүлээж авах үед талбайн хэмжээг шалгаж тодорхойлох боломжтой нөхцөл” гэжээ. Захиалагчийн хувьд барилгын норм ба дүрмийн мэдлэггүй бөгөөд энгийн нүдээр хараад талбайн хэмжээг тодорхойлох боломжгүй. Мөн захиалагч захиалгат хэмжээндээ л ач холбогдол өгч түүгээрээ төлбөр тооцоог хийсэн байдаг. Хариуцагчийн хувьд 2 өөр м.кв хэмжээг гэрээнд оруулж төөрөгдөлд оруулах зорилго агуулсан байсан бөгөөд тус тусад нь захиалагчид тайлбарласан талаарх баримт хэрэгт байхгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Э.Есүхэйбаатар нь хариуцагч “Сүрэг-Агт” ХХК-д холбогдуулан орон сууцны талбайн зөрүүд төлсөн үнэ 12 622 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны талбайн хэмжээг гэрээнд 2 өөр хэмжилтээр заасан бөгөөд алийг сонгохоос үл хамааран гэрээний үнийн нийт төлбөр адил тогтоогдсон гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээнд орон сууцны талбайг 55,75 м.кв гэж заасан боловч бодит байдалд 50.14 м.кв буюу 5.61 м.кв хэмжээгээр дутуу байгаа нь хэмжилтээр тогтоогдсон гэх үндэслэлээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, “Гандирс-Од” ХХК-ийн 2014 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн “Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон” дүгнэлтийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

/хх 5-6-р тал/

 

Шүүх, орон сууцны талбайг MNS 6058:2009 стандартын дагуу тооцох тухай нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн атлаа уг стандартаар талбайн хэмжээг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, “Гандирс-Од” ХХК-ийн орон сууцны талбайг тооцсон хэмжилтийн талаарх дүгнэлт байх боловч тус компани энэхүү үйл ажиллагааг явуулах тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий этгээд эсэх нь нотлогдоогүй, улмаар нэхэмжлэлд дурдсан орон сууц доголдолтой гэх баримтгүй гэсэн агуулгаар дүгнээд хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Энэ тохиолдолд буюу шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсгийн заалтыг хэрэгжүүлэх боломжтой бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нотлогдвол зохих маргааны үйл баримтыг зөв тогтоохын тулд холбогдох баримтыг гаргуулах нь шүүхийн эрх хэмжээнд шийдвэрлэх ажиллагаа юм.

 

Дээрх үйл баримт буюу орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүргийг хариуцагч зөрчиж, орон сууцны талбайг гэрээнд заасан хэмжээнээс зөрүүтэй байдлаар хүлээлгэн өгсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад давж заалдах шатны шүүх эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй.

 

Түүнчлэн уг хэрэгт хамааралгүй, өөр этгээдээс тухайн хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, орон сууц захиалан бариулах гэрээ зэргийг хариуцагч тал өөрийн тайлбар, татгалзалд хавсарган ирүүлсэн байна. Үүнийг шүүх “нэхэмжлэлд хамааруулан үнэлэх үндэслэлгүй” гэж шийдвэрт дурдсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаас хасах эсэхийг шийдвэрлэх нь хуульд нийцэх байжээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дээрх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06513 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 216 910 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                                Т.ТУЯА