Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/01675

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: “У” ХХК

         Хариуцагч: Б.Ц

         Хариуцагч: Э.Т

         Хариуцагч: Н.Б нарт холбогдох        

         Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагч Б.Ц, Э.Т, Н.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, Б.З, Э.Ц, хариуцагч Б.Цгийн өмгөөлөгч Б.Д, хариуцагч Э.Тийн төлөөлөгч З.Т, өмгөөлөгч Б.С, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Хар дизайн ХХК нь Унаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 131 айлын орон сууцны барилгын ажилд зориулж, 2013-07-18-ны өдрийн зээлийн гэрээгээр 3,2 тэрбум төгрөг, 2014-12-02-ны өдрийн зээлийн гэрээгээр 970 сая төгрөгийг тус тус зээлсэн. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013-07-18-ны өдөр ЗБГ9102/130718 тоот, 2014-12-02-ны өдөр ЗБГ9101/141202 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулсан. Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот орон сууц болон 1 дүгээр давхрын А хэсэг 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлгийн баруун тал, 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 м.кв талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн хэсэг, Э.Тийн өмчлөлийн  Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот орон сууцыг тус тус барьцаалсан. Хар дизайн ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017-05-19-ний өдрийн 01475 дугаар шийдвэрээр Хар дизайн ХХК-иас 4,540,984,781 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан Хар дизайн ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдээр хангуулах, нэхэмжлэлээс Б.Ц, Э.Т, Н.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ц, Э.Т, Н.Б нараас Хар дизайн ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэнд олгосон эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлээр Хар дизайн ХХК-д холбогдох хэрэгт үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй гэж шүүх үзсэн. Хар дизайн ХХК өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тул тус компанийн төлөх 4,540,984,781 төгрөгөөс 2,270,492,390,5 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот орон сууц, Э.Тийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот орон сууц, Б.Цгийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхрын А хэсэг, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Н.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Б.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлгийн баруун тал, 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилгаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Өмнө нь энэ хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ иргэн Б.Ц, Н.Б, Э.Т нарын хөрөнгийг Уинд төлөх ёстой 4,540,984,781 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаас чөлөөлсөн. Тухайн шүүхийн шийдвэрээр үндсэн барьцаа хөрөнгүүд нь Уинд төлөх ёстой төлбөрт хангалттай хүрэхээр байна гэж үзсэн боловч дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хийх нөхцөлийг нэхэмжлэгч талд удаа дараа санал болгосон боловч Унаас уг саналыг хүлээж аваагүй гэжээ.

       Хариуцагч Э.Тийн төлөөлөгч З.Төржаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: У ХХК-ийн барьцаанд байгаа эд хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байгаа. Гэтэл хариуцагч нарын одоо амьдарч байгаа орон сууцуудыг Унаас зээлийг барьцаанд авна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэжээ.        

       Хариуцагч Н.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг дэмжиж байна. Өмнө нь  шийдвэр, магадлал гарч  энэ асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр  байхад дахин  ижил агуулга бүхий нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү маргаан нь Хар дизайн ХХК болон У ХХК нарын зээлийн гэрээтэй холбоотой маргаан байдаг. Үүнд яагаад иргэн Н.Баас н.Тэмүүлэнд олгосон итгэмжлэлд холбогдуулан Н.Бд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхрын А хэсэг, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Э.Тийн өмчлөлийн Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот  орон сууц, Н.Бын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай У ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 440 211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот 5 өрөө орон сууц болон 1 дүгээр давхрын А хэсэг 170 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Орос эмнэлгийн баруун талд 1118 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Бын өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхрын зоорийн давхрын хэсэг, Э.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 4 өрөө орон сууцыг эд хөрөнгүүдийг албадан худалдаж, зээлийн гэрээний үүргийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 11,510,411 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Э.Т, Б.Ц, Н.Б нараас 11,510,411 төгрөг гаргуулан У ХХК-д олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагч нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нараас эд хөрөнгө барьцаанд тавих итгэмжлэлийг иргэн Ц.Тэмүүлэнд олгосноос биш, “Хар дизайн” ХХК-д барьцаанд тавих итгэмжлэлийг олгоогүй болно. Энэ асуудлыг өмнө шийдвэрлэсэн шүүх, тухайлбал, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017-05-19-ний өдрийн 102/ШШ2017/01457 дугаар шийдвэрээр Б.Ц, Э.Т, Н.Б нар тус компанид эд хөрөнгө барьцаалах итгэмжлэлийг олгоогүй гэх үндэслэлээр тэдгээрийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хүчингүй болгосон. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг хянаад 2017-09-06-ны өдөр 210/МА2017/01995 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээсэн /хх- 49-57/. Энэ магадлалд “У” ХХК хяналтын журмаар гомдол гаргаагүй, Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-19-ний өдрийн 102/ШШ2017/01457 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.  Анхан шатны шүүх 2017 оны  102/ШШ2017/01457 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2017/01995 дугаар магадлалын талаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-06-22-ны өдөр 1459 дүгээр магадлалын хянавал хэсэгт маш тодорхой ишлэл хийж дурдсан байгаа. Түүнчлэн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны  210/МА2017/01995 дугаар магадлалд “Хар дизайн” ХХК-ийн захирал Ц.Тэмүүлэн нь иргэний хувиар барьцааны гэрээ байгуулаагүй хэмээн тодорхой дурдсан байдаг. Ийнхүү давж заалдах шатны шүүх нэг асуудлаар хоёр удаа хоорондоо зөрүүтэй шийдвэрийг гаргаж байгаа, 1459 дүгээр магадлалыг гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэж 2018 оны 183/ШШ2018/00951 дүгээр шийдвэрт хариуцагч Б.Ц, Э.Т, Н.Б нараас иргэн Ц.Тэмүүлэнд итгэмжлэл олгосон, итгэмжлэлийг “Хар дизайн” ХХК-д олгосон гэж үзэх нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хууль болон ИХШХШХуульд нийцсэн шийдвэр юм. 1459 дүгээр магадлалын хянах хэсэгт Иргэний хуулийн барьцааны талаарх зүйл заалтыг тайлбарласнаас биш, хэрэгт авагдсан баримтанд тулгуурлаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      “У” ХХК 2018-01-12-ны өдөр Б.Ц, Э.Т, Н.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 2013-07-18-ны өдрийн болон 2014-12-02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг буюу Баянгол дүүргийн шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-05-19-ний өдрийн шийдвэрт заасан төлбөрийг барьцааны гэрээний дагуу хариуцагч нарын өмчлөлийн хөрөнгөөр хангуулахыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангажээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагч нарын гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        У ХХК нь Хар дизайн ХХК-нд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3,2 тэрбум  төгрөгийг нэг жилийн 13,2 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай, 2014 оны 12 сарын 02-ны өдөр 970 сая төгрөгийг нэг жилийн 16,8 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай тус тус зээлүүлж зээлийн болон барьцааны гэрээ байгуулжээ. Хар дизайн ХХК үүргээ биелүүлээгүйн улмаас У ХХК шүүхэд хандсанаар, зээлдэгчээс  4,540,984,781 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гарсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2017/01475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2017/01995 дугаар магадлалаар тогтоогдсон бөгөөд энэ талаар маргаангүй байв.

        Шүүх Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  102/ШШ2017/01475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 210/МА2017/01995 дугаар магадлал гарсны дараа Б.Ц, Э.Т, Н.Б нарт холбогдуулан гаргасан энэ нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 117 дугаар зүйл, Иргэний хуулийн 451, 453, 154 дүгээр зүйлийн зохицуулалтыг зөрчөөгүй тул энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзлээ.     

       Хариуцагч нар Хар дизайн ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээдэд өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг У ХХК-ийн зээлд барьцаалах, зээл авах, зээлийн болон барьцааны гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрхийг итгэмжлэлээр тус тус олгосон /хх 23-25/-ны дагуу Ц.Тэмүүлэн нь хариуцагч нарын, энэ хэргийн нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг барьцаалсан нь нотлогдсон байна. 

       Бусдын хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалахад тухайн эд хөрөнгийн өмчлөгч  эсхүл итгэмжлэлд заасан этгээд итгэмжлэлийн хэмжээнд гэрээ байгуулсан байхыг  шаардана. 

        2013-07-18-ны өдрийн, мөн 2014-12-02-ны өдрийн барьцааны гэрээнд заасан, хариуцагч нарын эд хөрөнгийг барьцаалсан хэсэг, 2013-07-23, 2013-07-30-ны өдөр олгосон итгэмжлэл /хх 23-25/ болон барьцаалбар /хх 26-28/-ыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхив.

        Харин давж заалдах шатны шүүх магадлалд нэхэмжлэлийг “үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах...” гэж зөв тодорхойлсон атлаа уг шаардлага дээр “...81,918,995 төгрөг гаргуулах...” гэж нэмж бичин техникийн шинжтэй алдаа гаргасан нь дутагдалтай байх боловч энэ нь магадлалыг хүчингүй болгох ноцтой зөрчил биш болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1459 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагч нараас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 11.510.412 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ