Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 00264

 

 

                                            Зохигчийн эвлэрлийг баталж,

                                         хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунтуул, Н.Хангал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 59 дүгээр байр, 44 тоотод оршин суух, Үлэмж овогт Баатарболдын Золзаяа /РД: ИБ90091701/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Автозамчдын гудамж-56А, 42 тоотод оршин суух, “Анима интернэшнл” ХХК,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 3-р хороолол, 45а байр, 187 тоотод оршин суух, Хиад овогт Гансүхийн Гарьд,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 418 дугаар байр, 84 тоотод оршин суух, Х.Эрдэнэбат,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, 404 дүгээр байр, 96 тоотод оршин суух, Ж.Бадрал нарт  холбогдох, 

 

6 805 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагч Г.Гарьдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва, иргэдийн төлөөлөгч Д.Намжилмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Өргөө таур” ХХК-ийн орон сууцны барилга баригдаж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн грашдаа машинаа тавих, түүнд түр хадгалж байсан зарим эд зүйлс хивс, дрож гэх мэт зүйлсээ авч чадахгүйд хүрч байрны гадаа машинаа тавьснаар толио хулгайд алдсан. Иймээс 59 дүгээр байрны зоорийн давхарын 15 тоот /зогсоол/ гарашыг Б.Энхбаатартай түрээсийн гэрээ байгуулан дулааны улиралд хоногийн 5 000 төгрөг, хүйтний улиралд хоногийн 8 000 төгрөгөөр, мөн грашийн СӨХ-ны төлбөрийг нэмж Б.Энхбаатарт төлөхөөр тохиролцсон. 2014 оны 4 дүгээр сарын 24, 2015 оны 5 дугаар сарын 10, 13, 6 дугаар сарын 25,27-ны өдрүүдэд грашийн хаалгыг онгойлгож дотроос нь хивс, дрож гэх мэт эд зүйлсээ авах тухай удаа дараа шаардсан боловч хүлээж аваагүйн улмаас хөгзөрч муудан хаягдсан. Мөн грашин дээр харуулын байраа зөөврийн байдлаар байршуулан төмөр хийц, шатах материал зеөвөрлөх үйл ажиллагааг удаан хугацаанд явуулсаны улмаас дээвэр нь суулт өгч хаалга нь хэвийн онгойж хаагдахаа больж дусаал гоождог болсон. “Өргөө таур” ХХК нь барилга барих үйл ажиллагаа явуулахдаа миний эзэмшлийн грашийн үүдийг хааж төмөр арматур буулгах, нүх ухаж кран ажиллуулах, элс, хайрга, цемент, шороо гэх мэт барилгын түүхий эд, хийц, бусад материалыг байнга байршуулан зөөвөрлөж, миний эд хөрөнгө ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн хууль бус үйл ажиллагаа явуулсаны улмаас жил гаруй хугацаанд хүний грашид машинаа хөлсөөр тавьж байгаа. Иймд граш хөлсөлсөний төлбөр 5 259 000 төгрөг, 5х3 хэмжээтэй “Эрдэнэт” хивс хөгзөрч муудан хаягдсан үнэ 580 000 төгрөг, 4x3 хэмжээтэй дэвсгэр дрож хөгзөрч муудан хаягдсан үнэ 376 000 төгрөг, баримтжуулсан зургын үнэ, наториатын зардал 19 850 төгрөг, өмгөөлөлийн хөлс 500 000 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөг, нийт 6 805 050 төгрөгийг хариуцагч “Анима интернэшнл” ХХК, Г.Гарьд, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Гарьдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Гарьдад холбогдох нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Г.Гарьдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Дэмбэрэлдагва нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 6 805 050 төгрөгийн 2 805 050 төгрөгөөс болон хариуцагч “Анима интернэшнл” ХХК, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нараас татгалзаж, хариуцагч Г.Гарьд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрэв гэжээ.

 

Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Золзаяа нь хариуцагч “Анима интернэшнл” ХХК, Г.Гарьд, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нарт холбогдуулан гэм хорын хохиролд 6 805 050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 6 805 050 төгрөгийн 2 805 050 төгрөгөөс, мөн хариуцагч “Анима интернэшнл” ХХК, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нараас тус тус татгалзаж, хариуцагч Г.Гарьд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрсэн нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон эвлэрлийн гэрээгээр тус тус нотлогдож байна.

 

Зохигчийн эвлэрэл нь нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б.Золзаяагийн нэхэмжлэлтэй, “Анима интернэшнл” ХХК, Г.Гарьд, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нарт холбогдох, гэм хорын хохиролд 6 805 050 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага 6 805 050 төгрөгийн 2 805 050 төгрөгөөс, мөн хариуцагч “Анима интернэшнл” ХХК, Х.Эрдэнэбат, Ж.Бадрал нараас тус тус татгалзаж, хариуцагч Г.Гарьд нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 000 000 төгрөгийг 14 хоногийн дотор нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 155 280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Гарьдаас 78 980 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Энэхүү тогтоолыг зохигч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.БАЯСГАЛАН

 

                      ШҮҮГЧИД                                                      Ш.ОЮУНТУУЛ

 

 Н.ХАНГАЛ