Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 961

 

 

                            

 

 

 

 

 

        2020        8           27                                        2020/ШЦТ/961         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч М.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт М.Оыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2003003470269 дүгээр хэргийг 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 2020/ШЦГ/240 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Боржигон овогт Маналжавын О /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч М.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, 2.51 хувийн согтолттой үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын 57 дугаар гудамжны 260 тоот хашааны баруун замд “Хьюндай Соната” маркийн 43-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалтыг зөрчин гэр хороолол доторх замд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүйгээс явган зорчигч, 9 настай Б.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Миний буруу. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Хохиролд баримттай 1.280.000 төгрөг төлсөн. Цаашид гарах 2 сая төгрөгийг төлнө” гэв.

 

Эрүүгийн 2003003470269 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн: “2020 оны 6 дугаар сарын 07-ны 18 цагийн орчимд гэрээсээ ээж, эгч, эгчийн хоёр охины хамт эмээгийндээ очих зорилгоор 57 дугаар гудамжаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй уруудаж явтал доороос саарал өнгийн 43-33 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл өгсөж ирэх үед ээж “цаашаа цаашаа, зүүн талын хашаа руу яв” гэсэн чинь тухайн машин хүчтэй ирээд миний баруун хөлийг шонтой хавсарч унагаасан. Би зам дээр унаж уйлаад сууж байтал ээж, эгч хоёр 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламжийн машин ирж, эмч нь бууж ирээд намайг “эмнэлэг рүү авч явна” гээд машиндаа суулгасан. Намайг мөргөсөн машины жолооч эхнэрийнхээ xaмт явж байсан, хоёулаа согтуу байсан. Архи үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2020.06.19-ний өдрийн 6880 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Э-н биед баруун гуянд том хэмжээтэй хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. 5. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-53-54/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эгийн: “2020 оны 6 дугаар сарын 07-ны 18 цагийн орчимд гэрээсээ хоёр охин, зээ нарын хамт ээжийндээ очих зорилгоор 57 дугаар гудамжны замд алхаж явтал доороос мөнгөлөг саарал өнгийн 43-33 гэсэн Төв дугаартай тээврийн хэрэгсэл нилээн хүчтэй өгсөж ирэх үед охин Б.Эг “зүүн талын хашаа руугаа налаад яв” гэж хэлэхийн хооронд тухайн машин охин Б.Эгийн баруун хөлийг гэрлийн шонтой хавсраад, хойшоо ухрахдаа хашаа налаад зогссон. Охин Б.Э шороон зам дээр уначихаад уйлсан. Тэгээд 102, 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламжийн машинаас эмч нь бууж ирээд охин Б.Эг үзээд, “Гэмтлийн эмнэлэг авч явах шаардлагатай” гээд машиндаа суулгасан. Ослын улмаас охин Б.Эий биед баруун гуя нь нилээн хавдартай, мах нь тасарсан. Тэр машины жолооч нь эрэгтэй хүн байсан. Осол болсон зам нь гэр хорооллынх учраас замын хөдөлгөөн бараг байхгүй байсан. Ослоос хойш жолоочийн зүгээс охины эмчилгээний зардалд нэг сая төгрөг өгөөд байгаа. 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс хойш 24 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо болтол эмчилгээ хийлгэж байна. Гомдолтой, эмчилгээний зардлыг нэхэмжлэх болно.

Манай охины эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.280.000 төгрөг гарсныг М.О бүрэн төлж барагдуулсан. Одоо хүүхдийн хөлний MRI хийлгэхэд 200.000 төгрөг, хөлний сорви арилгах хагалгаа хийлгэхэд 1.800.000 төгрөг хэрэг болж байгаа. Яллагдагч М.О төлж барагдуулна гэсэн. Одоо надад яллагдагч М.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй. М.О миний хүүхдэд учруулсан хохиролыг өөрийн сэтгэлээр төлж барагдуулсан. ...Яллагдагч М.О миний охины эрүүл мэндэд учруулсан хохиролд зарцуулсан мөнгө төгрөгийг бүрэн төлж барагдуулж, бид нар хоорондоо сайн дураар эвлэрсэн тул М.От холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-35-37, 38-39/,

Иргэний хариуцагч, нэхэмжлэгч М.Олдохбатын: “Осол болдог өдөр төрсөн ах М.Оын эхнэр Отгонсувдаас ахыг согтуугаар машин барьж яваад хүүхэд мөргөсөн талаар нь сонссон. Тэрнээс бол ослын талаар нарийн ширийн зүйлийг нь сайн мэдэхгүй байна. Энэ машин нь миний нэр дээр байдаг. Миний бие 2017 онд төрсөн ах М.От бэлэглэсэн. 2017 оноос хойш М.О уг машиныг барьж байгаа. Энэ машин миний нэр дээр байдаг боловч миний төрсөн ах М.Оын өөрийнх нь машин. Машиндаа эвдрэл хохирлын үнэлгээ хийлгэхгүй. Нэхэмжлэхгүй. Хохирлыг барагдуулна” гэх мэдүүлэг /хх-42-43/,

Гэрч Э.Гантуяагийн: “...57 дугаар гудамжны замд ертөнцийн зүгээр хойноос урагшаа уруудаад алхаж явтал саарал өнгийн “Хьюндай Соната 5” маркийн 43-33 Төв дугаартай тээврийн хэрэгсэл нилээн хүчтэй орж ирээд миний төрсөн дүү Б.Эий баруун хөлийг гэрлийн шонтой хавсраад, хойшоо ухрахдаа хашаа мөргөөд зогссон. Тухайн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хэсэг хугацааны дараа жижүүрийн бүрэлдэхүүн нь ослын газарт ирж хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад машиныг нь журмын хашаа руу ачуулаад явуулсан. Жолоочийг цагдаа нар авч явсан...” гэх мэдүүлэг /хх-49/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020.7.08-ны өдрийн дүгнэлтэд “1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь өөр, өөр байна. Автотээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хөдөлгүүр хэвийн, хурдны хайрцаг 2-р араандаа орохгүй, жолооны механизм, явах эд ангийн хувьд баруун урд цапны шаариг хөдөлгөөн орсон, баруун гар талын шарнер хөдөлгөөнтэй, баруун гар талын урд өндгөн тулгуур холхио орсон байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн талдаа хагарсан, зүүн урд крыло хонхойж будаг халцарсан, зүүн хойд хаалга хонхойсон, гадна бариул байхгүй, зүүн толь хагарсан, хойд буфер бага зэрэг будаг халцарсан, баруун хойд крыло будаг халцарсан, баруун хойд хаалга дээд хэсэгтээ хонхойсон, баруун урд крыло хонхойсон, зүүн холын гэрэл асахгүй, зүүн урд оврын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, урд салхины шил баруун талдаа цуурч хагарсан, тоормосны зүүн гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. 2. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь өөр, өөр байна. Автотээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд: хөдөлгүүр хэвийн, хурдны хайрцаг 2-р араандаа орохгүй, жолооны механизм, явах эд ангийн хувьд баруун урд цапны шаариг хөдөлгөөн орсон, баруун гар талын шарнер хөдөлгөөнтэй, баруун гар талын урд өндгөн тулгуур холхио орсон байв. Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн талдаа хагарсан, зүүн урд крыло хонхойж будаг халцарсан, зүүн хойд хаалга хонхойсон, гадна бариул байхгүй, зүүн толь хагарсан, хойд буфер бага зэрэг будаг халцарсан, баруун хойд крыло будаг халцарсан, баруун хойд хаалга дээд хэсэгтээ хонхойсон, баруун урд крыло хонхойсон, зүүн холын гэрэл асахгүй, зүүн урд оврын гэрэл асахгүй, дуут дохио ажиллахгүй, урд салхины шил баруун талдаа цуурч хагарсан, тоормосны зүүн гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлүүдтэй байв. 3. Зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, зүүн холын гэрэл асахгүй байгаа нь уг зам тээврийн осол мөрдөгчийн тогтоолд дурдсанаар 18 цагийн орчимд болсон тул осолд нөлөөлөхгүй. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын хэмжээс, марк, хээ нь өөр, баруун гар талын урд дугуй хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь автотээврийн хэрэгслийн хурд, замын гадаргуу зэргээс хамаарч, тоормосны зам уртсах байдлаар нөлөөлөх боловч уг осолд ямар байдлаар нөлөөлснийг тогтоох боломжгүй байна...” гэжээ /хх-60-68/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.07.26-ны өдрийн магадлагаанд: “Жолооч М.О /РД:НГ88052577/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэстэй байна. Явган зорчигч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэжээ /хх-71/,

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-19/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх (2,51%)-ийг шалгах хуудас /хх-20/, иргэний нэхэмжлэгч М.Олдохбат, С.Серикбек нарын мэдүүлэг /хх-43, 46/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-84/, жолоодох эрхийн лавлагаа /хх-85/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-81/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-91-93/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-94/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-117/, шүүгдэгчийн хүсэлт /хх-118/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч М.О согтуурсан /2.51 хувийн согтолттой/ үедээ 2020 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 57 дугаар гудамж, 260 тоот хашааны баруун замд “Хьюндай Соната” маркийн 43-33 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гэр хороолол доторх замд хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан хурдаа тохируулж яваагүйгээс явган зорчигч, 9 настай Б.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн “...Гудамжинд уруудаад явж байтал 43-33 гэсэн дугаартай тээврийн хэрэгсэл хүчтэй орж ирээд миний баруун хөлийг шонтой хавсарч унагаасан. ...Жолооч согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-32-33/, шүүх эмнэлгийн 6880 дугаар “1. Б.Э-н биед баруун гуянд том хэмжээтэй хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-53-54/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эгийн “...43-33 Төв дугаартай тээврийн хэрэгсэл нь нилээн хүчтэй өгсөж ...Б.Эгийн баруун хөлийг гэрлийн шонтой хавсраад, хойшоо ухрахдаа хашаа мөргөөд зогссон. Охин шороон зам дээр уначихаад уйлсан...” гэх мэдүүлэг /хх-35-37/, гэрч Э.Гантуяагийн “...43-33 Төв дугаартай тээврийн хэрэгсэл нилээн хүчтэй орж ирээд миний дүү Б.Эий баруун хөлийг гэрлийн шонтой хавсраад, хойшоо ухрахдаа хашаа мөргөөд зогссон. ...Тухайн машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-49/, мөрдөгчийн  “Жолооч М.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: a/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодсон, мөн дүрмийн 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэстэй байна. Явган зорчигч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх магадлагаа /хх-71/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-19/, шүүгдэгчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.   

Иймд шүүгдэгч М.Оын согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган зорчигч Б.Эг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгч М.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хууль ёсны төлөөлөгч О.Эгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...хүүхэд Б.Эгийн эмчилгээний зардалд одоогийн байдлаар 1.280.000 төгрөгийн зардал гарсныг М.О бүрэн төлж барагдуулсан. Одоо хүүхдийн хөлний MRI хийлгэхэд 200.000 төгрөг, хөлний сорви арилгах хагалгаа хийлгэхэд 1.800.000 төгрөг хэрэг болж байгаа. Яллагдагч М.О төлж барагдуулна гэсэн. Одоо надад яллагдагч М.Оаас нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-38-39/, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “Цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. 1.280.000 төгрөг төлсөн. Цаашид гарах 2 сая төгрөгийг төлнө” гэх мэдүүлгийг тус тус үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.  

Харин насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зөрчигч 9 настай Эг мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай. Хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай” гэж,

шүүгдэгч “Зөвшөөрч байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч М.О “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэх, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан /согтуурлын зэрэг 2,51 хувь/ үедээ замын нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг зохицуулж яваагүйн улмаас явган зорчигч 9 настай хүүхдийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохиролд 1.280.000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “Одоогоор нэхэмжлэх зүйлгүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, 2 сая төгрөгийг төлөхөөр эвлэрсэн” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч М.Оыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэлээ.            

Шүүгдэгч М.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Маналжавын Оыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Оын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч М.От тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, 3 дахь хэсгийн 3.3-т заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.О тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.От оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР