| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2020/0948/Э |
| Дугаар | 969 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 969
2020 9 02 2020/ШЦТ/969
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,
улсын яллагч Б.Чинзориг,
шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2003000000291 дүгээр хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Харчин овогт Цэдэнпэлжээгийн Д /РД: /.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Яллагдагч Ц.Д нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “МТ” шатахуун түгээх станцын баруун хойд замд “Тоёота Приус” маркийн улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дахь заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 12.3 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 3.4 дэх заалт “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугийн талаар маргахгүй. Миний буруу. Хохиролд 2.130.000 төгрөг төлсөн” гэв.
Эрүүгийн 2003000000291 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Б.Бий: “2020 оны 7 дугаар сарын 25-ны ...00 цагийн үед харихаар явсан. Бид 3 такси барьж Их наран орж нэгийгээ хүргэж өгөөд харихаар Депогийн орчимд таксинаас хоёулаа буусан. Би найзыгаа байрных нь үүдэнд хүргэж өгөөд Депогийн автобусны буудлын замаар баруунаас зүүн чигт зам хөндлөн явган хүний гэрлэн дохиогүй гарцаар гарч явтал гэнэт миний баруун гар талаас машины гэрэл тусаад намайг юм мөргөж би газар унасан. Би босох гэтэл чадахгүй байсан. Зам дээр суугаад хартал намайг цагаан өнгийн машин мөргөсөн байсан. Миний эргэн тойронд хүмүүс шавсан байсан. Удалгүй түргэн ирж намайг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Нурууны дээд 3 үеийн сэртэн яс хугарсан. Хөдөлж болохгүй, тонгойж чадахгүй байгаа. Бүс зүүхгүй бол сууж босож чадахгүй байгаа. Замын хөдөлгөөн сийрэг байсан. Би гарцаар алхаад гарч явсан. Жолоочид гомдолтой байна. Эмчилгээний зардалд 450.000 орчим төгрөг гаргасан баримт нь байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-17-18/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.30-ны өдрийн 8711 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Бий биед сээрний 2,3,4-р нугалмын далд хугарал, тархи доргилт, зүүн мөр, дал өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-27-28/,
“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020.08.05-ны өдрийн дүгнэлтэд “1. Тоёота Приус 87-88 УБӨ удгаартай автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ, дугуйн хээний гүний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормосны ажиллагаа хэвийн байна. Харин зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Копуд үзүүр хэсэгтээ бага зэрэг сэвтсэн, зүүн гар талын толь цацарч хагарсан, баруун гар талын бүртгэлийн дугаарын чийдэн асахгүй зэрэг гэмтэлтэй байна. 3. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо алдагдсан, зүүн гар талын толь цацарч хагарсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тодорхойлох боломжгүй байна. Копуд үзүүр хэсэгтээ бага зэрэг сэвтсэн, зүүн гар талын толь цацарч хагарсан зэрэг гэмтлүүд нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байна. 4. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо алдагдсанаар дугуйн элэгдэлтэнд нөлөөлж, жолоодоход бага зэрэг хүндрэл учруулдаг боловч уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг бид тодорхойлох боломжгүй. Зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байгаа нь тухайн замын орчин нөхцөл, гэрэлтүүлгийн байдлаас хамаараад жолоочийн үзэгдэх орчинг хязгаарлах боловч уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг бид тодорхойлох боломжгүй. Зүүн гар талын толь цацарч хагарсан нь жолоочийн арыг харах үзэгдэх орчинг хязгаарлах боловч уг зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг бид тодорхойлох боломжгүй. 5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд хоёр дугуйн ажлын тоормос хэвийн ажиллагаатай байна. Зогсоолын тоормос зогссон. 6. Уг автотээврийн хэрэгслийн шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй ба ачсан, ачаа замын гадаргуйгаас шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. 7. Тухайн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөн оролцох бүрэн боломжтой. Гэхдээ дээрх гэмтлүүдээ яаралтай засварлах шаардлагатай...” гэжээ /хх-46-50/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2020.08.07-ны өдрийн 122 дугаар магадлагаанд: “1. Жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-54/,
Шүүгдэгч Ц.Дын: “2020 оны 7 дугаар сарын 25-ныг шилжих шөнө 01:10 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн дугаартай тээврийн хэрэгсэл жолоодоод нэг зорчигчтой урдаас хойш чигт Депогийн буудал орчимд зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байсан. Урдах машин зүүн дохио өгөөд явахаар нь би 2 дугаар эгнээ рүү шилжин орох явцад миний зүүн гар талд явж байсан машины урдуур гэнэт хүн гарч ирэхийг хараад би тоормос гишгэн тэр хүнийг машиныхаа зүүн урд гупер орчмоор мөргөхөд копутан дээр унаж урагшаа өнхрөөд зам дээр унасан. Би машинаасаа бууж харахад тэр залуу хөлөө нугалсан байдалтай хэвтэж байсан. 103, 102-т дуудлага өгсөн. Хохирогчийн эмчилгээний зардалд 2.130.000 төгрөг гаргасан...” гэх мэдүүлэг /хх-37-38/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-39/, жолоодох эрхийн лавлагаа /хх-40/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-41/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-42/, хохирогчийн “Эмчилгээний зардалд 2.130.000 төгрөг авсан, Ц.Дд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-59/, шүүгдэгчийн “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-60/, прокурорын “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол /хх-62/, прокурорын “Прокуророос яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар” санал /хх-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны шөнө 01 цаг 10 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, “МТ” шатахуун түгээх станцын баруун хойд замд “Тоёота Приус” маркийн улсын дугаартай бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган зорчигч Б.Бийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Б.Бий “...гэрлэн дохиогүй гарцаар гарч явтал миний баруун гар талаас машины гэрэл тусаад намайг юм мөргөж би газар унасан. ...Зам дээр суугаад хартал намайг цагаан өнгийн машин мөргөсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-17-18/, шүүх эмнэлгийн 8711 дүгээр “1. Б.Бий биед сээрний 2,3,4-р нугалмын далд хугарал, тархи доргилт, зүүн мөр, дал өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд мөргөгдөх үед үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-27-28/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “1. ...Харин зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хэмжээ буюу тэнхлэг тохиргоо алдагдсан байна. Автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Копуд үзүүр хэсэгтээ бага зэрэг сэвтсэн, зүүн гар талын толь цацарч хагарсан, баруун гар талын бүртгэлийн дугаарын чийдэн асахгүй зэрэг гэмтэлтэй байна...” гэх дүгнэлт /хх-46-50/, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн “1. Жолооч Ц.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 3.4-д “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх магадлагаа /хх-54/, шүүгдэгч Ц.Дын “...машины урдуур гэнэт хүн гарч ирэхийг хараад би тоормос гишгэн тэр хүнийг машиныхаа зүүн урд гупер орчмоор мөргөхөд копутан дээр унаж урагшаа өнхрөөд зам дээр унасан...” гэх мэдүүлэг /хх-37-38/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-12/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Дын бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч Б.Бд зам тавьж өгөлгүйн улмаас Б.Бийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Эмчилгээний зардалд 2.130.000 төгрөг авсан, Ц.Дд гомдол, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлт /хх-59/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Д нь Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, явган зорчигчийг явган хүний гарцаар гарч байхад мөргөж, хүндэвтэр гэмтэл учруулсан нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Хохирогчид төлөх төлбөргүй...” гэж,
шүүгдэгч “Торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлнө” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Ц.Д “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.
Иймд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /явган хүний гарцан дээр явган зорчигчийг мөргөсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан, хохиролд 2.130.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн/, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд шүүгдэгч Ц.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Харчин овогт Цэдэнпэлжээгийн Дыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дыг 600.000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР