Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 971

 

 

                            

 

 

 

 

 

        2020        9           03                                        2020/ШЦТ/971         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2008000001197 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хоолны үйлдвэрлэл үйлчилгээний технологич мэргэжилтэй, “” эмнэлэгт харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 6, эх, эгч, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгэлгүй, Монголмууд овогт Батнасангийн Б /РД: /.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6-184 тоот хашааны гадна иргэн Г.Нтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд цус хуралт, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Дахин ийм хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 2008000001197 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Г.Нгийн: “2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр найз Дарханбаярыг гэрт нь хүргэж өгөөд байхад гаднаас Даш, Б, мөн танихгүй залуу гурав 0.33-н архитай ирснийг хувааж уусан. Даш, бид хоёр огт уугаагүй. Тэр гурав архиа дуусаж байтал Б гэх залуу манай найзад хандаж “чамд архины мөнгө байна уу” гээд томроод байсан. Б гэх залуу далчиганаж байгаад машинаасаа “Eden” архи гаргаж ирээд Дарханбаяр, танихгүй залуу, Б гурав ууж байхад намайг Б “чи балай хэний дүү юу, аль эсвэл Бүрэнтөгс юм уу” гээд доромжлоод, хэрүүл өдөөд байсан. Би “согтуу хүнтэй юу ярихав” гэж бодоод буулт хийсэн. Улам асаад, доромжлоод, агсраад байсан. Тэр үед Даш, танихгүй залуу хоёр Бын машинд сууж байсан. Б намайг “ал минь, гараад зодолдчих юм уу” гээд байсан. Би “юу яриад байгаа юм бэ” гэсэн. Явах гэтэл Б түрүүлээд хашааны гадаа гараад зогсож байсан. Намайг гадаа гартал заамдаад фудболк урсан. Б намайг нэг удаа цохисон. Толгой манараад “больё оо” гэтэл гараараа 9-10 удаа цохисон. Би Гэмтлийн эмнэлэгт үзүүлж, томографийн зураг авахуулсан. Шүүх эмнэлэгт 8000 төгрөгөөр үзүүлсэн. Тухайн үед толгой өвдөөд хэцүү байсан. Одоо нүд бүрэлзээд байна. Эм тариа авсан бичиг баримт байхгүй байна. Миний хувьд гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-19-20, 69/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.17-ны өдрийн 8146 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Г.Н-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд цус хуралт, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-23-24/,

Гэрч Б.Дарханбаярын: “...Бын барьчихсан байсан 0.33-н архийг Б, танихгүй залуу бид гурав уусан. Архи дуусаад дахин архи уухаар болж би Бт 20.000 төгрөг өгөөд дэлгүүр явуулсан боловч машинаасаа 0.5 литрийн архи аваад ирсэн. Уг архи дуусаж би Нд мөнгө өгөөд архинд явуулсан. Н архи аваад ирснийг бид гурав уусан. Архи дуусаад Б Н руу агсам согтуу тавиад эхэлсэн. Тэр хоёр муудалцаад зодолдохоор болсон. Б түрүүлээд хашаанаас гарсан. Араас нь Н гараад, би гэр лүүгээ орчихоод араас нь гарахад Б, Н хоёр зодолдоод, бие биенийхээ нүүр лүү цохиод, зууралдаад байсан. Н Быг хамгийн сүүлд нэг удаа нүүр лүү нь цохиход Б газарт суусан...” гэх мэдүүлэг /хх-8-9/,

Гэрч Б.Дашзэвэгийн: “...Дарханбаярын гэрт Амгаланбаатар, Б бид гурав очсон. Дарханбаяр, Н хоёр байсан. Архийг Б, Амгаланбаатар, Дарханбаяр гурав уусан. Н бид хоёр архинаас уугаагүй. Архи ууж байхад Б Нд “чи Дарханбаярын гэрт ирэхэд байж байдаг нөхөр мөн үү, дээр очиход чи дургүй хүргээд байсан биз дээ” гэсэн. Н “чи хүн андуураад байна” гэж байсан. Тэр хоёр муудалцаад байх шиг байсан. ...Н, Б хоёр муудалцаад, хэрэлдээд, хашааны гадаа гарсан. Н “би танай энэ базыг цохьчих уу” гэхэд би “согтуу хүнтэй юу ярих гэсэн юм бэ, эрүүл болохоор нь уулз” гэсэн. Н Бын нүүрэн тус газарт нэг удаа цохисон. Тэгтэл Б зөрүүлж цохиод, тэр хоёр зууралдаад ноцолдоод байсан. Удалгүй Нгийн хамраас цус гарч зодоон дууссан...” гэх мэдүүлэг /хх-62-63/,

Гэрч Н.Амгаланбаатарын: “...Архи дуусаж байхад Б, Н хоёр маргалдаад байсан. Удалгүй Дашзэвэг бид хоёр түрүүлж хашаанаас гарсан. Араас Б, Н тэд нар гарч ирсэн. Миний хувьд их согтсон байсан болохоор Н, Б хоёр зодолдсоныг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан Н, Б хоёрын нүүр цус болчихсон байсан. Хашааны гадна Б, Н хоёр ноцолдоод, зууралдаад, бие биенийгээ цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-65/,

Шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Тахилтын 6-184 тоотод Дарханбаярын хашаанд бид нар архи уусан. Дашзэвэг, Н хоёр уугаагүй. Архи дуусаад Н бид хоёр маргалдаад, муудалцаад, хашааны гадаа гарч зодолдохоор болсон. Хашааны гадаа Н “би энийг зодчих уу” гэхэд Даш “хэрэггүй, согтуу хүнтэй юу ярихав” гэж хэлж байсан. Н баруун гараараа урууланд нэг удаа цохисон, мангасдсан. Би биеэ хамгаалаад Нгийн нүүрэнд хоёр удаа цохисон. Н бид хоёр зууралдаад, хашаа налаад байж байхад Нгийн хамраас цус гарсан. Би “больё” гээд болисон. Түүний биед учирсан гэмтлүүдийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-55-58/,

 шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-37/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-38/, эд хөрөнгө бүртгэлтэй лавлагаа /хх-39/, тээврийн хэрэгсэл бүртгэлтэй лавлагаа /хх-40/, гэрлэлт бүртгэлгүй лавлагаа /хх-41/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-43/, “” нэгдсэн эмнэлгийн “Б.Б нь харуул хамгаалалтын ажилтан албан тушаалд сарын 450.000 төгрөгийн цалинтай” гэх албан бичиг /хх-44/, банкны дансны хуулга /хх-45-49/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, хохирогчийн “Хохиролд 1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-73/, хохирол төлсөн банкны орлогын баримт /хх-74/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамж, 184 тоот хашааны гадна иргэн Г.Нг зодож, тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд цус хуралт, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Г.Нгийн “...Б нар архи уусан. ...Б намайг нэг удаа цохисон. Толгой манараад “больё оо” гэтэл гараараа 9-10 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-19-20/, шүүх эмнэлгийн 8146 дугаар “1. Г.Н-н биед тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд цус хуралт, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-23-24/, гэрч Б.Дарханбаярын “...Б Н руу агсам согтуу тавиад эхэлсэн. ...Б, Н хоёр зодолдоод, бие биенийхээ нүүр лүү цохиод, зууралдаад байсан...” гэх мэдүүлэг /хх-8-9/, гэрч Б.Дашзэвэгийн “...Н Бын нүүрэнд нэг удаа цохисон. Б зөрүүлж цохиод, тэр хоёр зууралдаад, ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг /хх-62-63/, гэрч Н.Амгаланбаатарын “...Н, Б хоёрын нүүр цус болчихсон байсан. Хашааны гадна Б, Н хоёр ноцолдоод, зууралдаад, бие биенийгээ цохиод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-65/, шүүгдэгч Б.Бын яллагдагчаар өгсөн “...Нгийн нүүрэнд хоёр удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-55-58/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.   

Иймд шүүгдэгч Б.Бын согтуурсан үедээ үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Г.Нг зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын ясны хугарал, духанд цус хуралт, хамрын нуруу, баруун шилбэнд зулгаралт, хамрын нуруу, баруун, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Хохиролд 1.500.000 төгрөг авсан, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-73/, хохирол төлсөн банкны орлогын баримт /хх-74/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б согтуурсан үедээ 2020 оны 7 дугаар сарын 14-нд иргэн Нг зодож, хөнгөн гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйл алга. Дахиж ийм үйлдэл гаргахгүй” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч Б.Б “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /ахуйн хүрээнд архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан, хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдан гэмтэл учруулсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 1.500.000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Гомдол саналгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай/-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.   

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Монголмууд овогт Батнасангийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550.000 төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР