Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 984

 

 

                            

 

 

 

 

 

 

        2020        9            08                                       2020/ШЦТ/984         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга О.Билгүүн,

улсын яллагч Д.Туяана,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттулга,

шүүгдэгч А.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт А.Шг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008023021163 дугаар хэргийг 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт ял шийтгэлгүй, Боржигин овогт Атармаагийн Ш /РД:УТ02272232/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч А.Ш нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний шөнийн 02-03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 9-7 тоот болох иргэн И.О, Ц.А нарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн И.Оийн LG Q6 маркийн гар утсыг хулгайлан авч 150.000 төгрөгийн, мөн иргэн Ц.Агийн LG Х4 маркийн гар утсыг хулгайлан авч 180.000 төгрөгийн буюу нийт 330.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо мэдүүлэг өгөхгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй” гэв.

 

Эрүүгийн 2008023021163 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч И.Оийн: “2020 оны 6 дугаар сарын 28-ны орой хаалгаа түгжээд унтсан. Нэг мэдсэн “хөөе зогс” гэх чимээнээр сэрсэн. “Пид пад” гээд хөлийн чимээ гараад хаалга дуугарсан. Охин А “ээжээ манайд хулгайч ороод ирсэн байна” гэсэн. Цагдаа дуудах гэхэд утас байхгүй байсан. 10 орчим минутын дараа манай охин дүүгийнхээ утсыг олж ирээд цагдаа дуудсан. Тэр үед бараг 03 цаг болж байсан. Миний гар утас LG Q6 маркийнх байсан. Охины гар утас бол LG X4 маркийнх. 2019 оны 9 дүгээр сард эгч нь Солонгос улсаас явуулсан. Би тэр утсыг 2020 оны 4 дүгээр сард “Хархорин” захаас 150.000 төгрөгөөр худалдан авч байсан. Би өөрийнхөө гар утсыг 150.000 төгрөгөөр үнэлж байна... Хулгайд алдагдсан LG Q6 загварын хар өнгийн гар утас, том өрөөний орны урд газар байсан. Би хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /хх-29-30, 92/,

Хохирогч Ц.Агийн: “2020 оны 6 дугаар сарын 28-ны орой 23 цагийн үед унтацгаасан. Нойрон дунд хүн алхаж байгаа юм шиг чимээ сонсогдоод байхаар нь харсан чинь миний орны хажууд байсан ширээний ойролцоо нэг танихгүй хүн зогсож байсан. 10 жилийн сурагч шиг л харагдсан. Тэр хүн 175 см орчим өндөртэй, туранхай, бор царайтай, цагаан саарал өнгийн үстэй, цайвар саарал өнгийн цамцтай байсан. Би “хөөе” гээд орилсон чинь хаалгаар гараад гүйсэн. Цонхоор хаашаа зугтаж байгааг нь харсан чинь манай хашааны арын хаалгаар гараад гүйсэн. Ээж, дүү нар дээр очиж хулгайч орсон талаар хэлсэн. Тэгж байтал эхлээд ирсэн цагдаагийн нэг нь намайг дуудаад хашааны гадаа цагдаагийн алаг машин дээр очсон. Тэгсэн чинь тэр машин дотор манай гэрт орж хулгай хийсэн хүн сууж байсан. Тэр үед бас эмэгтэй хүн тэр машины хажууд зогсож байсан, манай хүү гэртээ утасгүй орж ирсэн гэж байсан. ...Миний гар утас LG X4 маркийнх байсан. 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /хх-34-35, 96/,

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2020.06.30-ны өдрийн 2094 дүгээр тайланд: “LG X4 маркийн гар утас 180.000 төгрөг, LG Q6 маркийн гар утас 150.000 төгрөг, нийт 330.000 төгрөг” гэжээ /хх-37-38/,

Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд: “1-4 хүртэл дугаарлан гэрэл зургийг байрлуулан 1 дугаарт А.Шгийн зургийг харуулав. Хохирогч Ц.А нь 1 дугаарт байрлуулсан хүн миний гар утсыг авч явсан хүн мөн байна гэж гараараа заав. Мөн түүний таньсан 1 дугаарт байрлуулсан А.Шгийн зургийг 4 дугаарт байрлуулан 4 дугаарт байсан Э.Баярсайханы зургийг 1 дугаарт байрлуулан сольж дахин таниулахад 4 дугаарт байрлуулсан зургийг таньсан болохыг тэмдэглэл болгов” гэжээ /хх-58-62/,

Шүүгдэгч А.Шгийн яллагдагчаар өгсөн: “2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн үед гэрээс гарч, найзуудтай уулзаад, 6 том савтай пиво уугаад, шөнийн 3 цагийн үед харих гээд алхаад явсан. Би гэр лүүгээ орох гэсэн манай хажуу айлын машин ордог хаалга онгорхой байхаар нь дамжих санаатай хашаанд орсон чинь тоосгон байшингийн ертөнцийн зүгээр зүүн баруун талын жижиг вакум цонх онгорхой харагдахаар нь цонхон дээр нь очиж харсан чинь гал тогооны өрөөний гэрэл асаалттай, том өрөөнд 1 гар утас, ширээн дээр цэнэглээтэй, дахиад нэг гар утас газарт ил харагдаж байсан. Ингээд том өрөөнд нь 1 эмэгтэй том хүн, 2 жоохон хүн унтаж байгаа харагдсан. Би цонхоор орж, жижиг бор өнгийн модон ширээн дээр байсан 1 ширхэг LG загварын гар утсыг аваад буцаад хойд өрөөнд орж нэг охины урд цэнэглээтэй байсан гар утсыг аваад зогсож байсан чинь охин сэрээд намайг “юу вэ” гэхээр нь би шууд хаалгаар гараад зугтсан. Би хулгай хийж авсан 2 ширхэг гар утсаа гэрийн ойролцоо гүүрний доор өөрийн цамцандаа боогоод нуусан. Миний толгой эргээд байхаар нь би гүүрний доор сууж байгаад гэртээ ороод унтаж амарсан. Шөнийн 04 цагийн үед гэрт цагдаа ирээд намайг бариад авсан. Цагдаагийн алба хаагчид намайг “үнэнгээ хэл, чи гар утас хулгай хийсэн үү” гэж асуухаар нь “утас хулгай хийгээгүй” гээд хэлсэн чинь цагдаа намайг эрүүлжүүлэх байранд хонуулсан. Өглөө нь цагдаад үйлдсэн хэргээ үнэнээр нь хэлж мэдүүлсэн. Утас нуусан гүүрний доор цагдаа дагуулан очиж үзэхэд миний нуусан 2 ширхэг гар утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-68-69/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-85-88/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-75/, нас тоолсон тэмдэглэл /хх-72/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /хх-76/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-77/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /хх-78/, банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх-80-83/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-84/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч И.Оийн “Хаан банк”-ны дансанд хохирлын 330.000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Ш согтуурсан үедээ 2020 оны 6 дугаар сарын 29-ний шөнийн 02-03 цагийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын 9 дүгээр гудамж, 7 тоотод байрлах иргэн И.О, Ц.А нарын хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч иргэн И.Оийн “LG Q6” маркийн 150.000 төгрөгийн, иргэн Ц.Агийн “LG Х4” маркийн 180.000 төгрөгийн гар утсыг тус тус хулгайлан авч нийт 330.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч И.Оийн “...“хөөе зогс” гэх чимээнээр сэрсэн. “Пид пад” гээд хөлийн чимээ гараад хаалга дуугарсан. ...утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-29-30, 92/, хохирогч Ц.Агийн “...ширээний ойролцоо нэг танихгүй хүн зогсож байсан. ...Би “хөөе” гээд орилсон чинь тэр хүн манай гэрийн хаалгаар гараад гүйсэн. Манай гэрээс 2 утас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-34-35, 96/, “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2094 дүгээр “LG X4 маркийн гар утас 180.000 төгрөг, LG Q6 маркийн гар утас 150.000 төгрөг, нийт 330.000 төгрөг” гэх үнэлгээ /хх-37-38/, таньж олуулах ажиллагаа хийсэн “Хохирогч Ц.А нь 1 дугаарт байрлуулсан хүн миний гар утсыг авч явсан хүн мөн байна гэж гараараа заав” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-58-62/, шүүгдэгч А.Шгийн яллагдагчаар өгсөн “...Найз нартайгаа нийлээд пиво уусан. ...хажуу айлын байшингийн цонхоор орж, жижиг бор өнгийн модон ширээн дээр байсан 1 ширхэг LG загварын гар утсыг аваад буцаад хойд өрөөнд орж нэг охины урд цэнэглээтэй байсан гар утсыг аваад...” гэх мэдүүлэг /хх-68-69/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-85-88/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Шгийн хохирогч И.О, Ц.А нарын байшингийн цонхоор нэвтэрч, тэдний гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ад 180.000 төгрөгийн, хохирогч И.Од 150.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын 330.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны мөнгөн шилжүүлгийн баримт, шүүгчийн туслахын утсаар ярьсан “А бид хоёр хохирлоо авсан” гэх тэмдэглэл зэргийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байна гэж дүгнэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Ш нь 2020 оны 6 дугаар сарын 29-ний шөнө бусдын гэрт хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг гар утас хулгайлан авч, 330.000 төгрөгийн хохирол учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Бусдад төлөх төлбөргүй. Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн талаар маргахгүй. 18 нас хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэж, 1 жилээр хүмүүжлийн чанартай арга хэмжээ хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /согтуурсан үедээ, шунахайн сэдэлтээр, шөнийн цагаар бусдыг унтаж байхад байшингийн цонхоор нь нэвтэрч 2 ширхэг гар утас хууль бусаар авсан/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /Хоёр хохирогчид нийт 330.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдал /хийсэн хэрэгтээ гэмшиж буй, гэмт хэрэг үйлдэх үедээ 17 настай байсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа/-ыг тус тус харгалзан өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгч А.Шд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлэхийг даалгах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ш цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Атармаагийн Шг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан шүүгдэгч А.Шд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар А.Шд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэрэгжүүлсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ш цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР