Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 983

 

 

                            

 

 

 

 

 

        2020        9           08                                        2020/ШЦТ/983         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

хохирогчийн өмгөөлөгч С.Батдэлгэр,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Баатарбилэг,

шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэгт Ч.Сыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2003000000273 дугаар эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, нарийн боовны цехэд ажилладаг гэх, ам бүл 8, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Илжиг овогт Чимгээгийн С /РД: /.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Яллагдагч Ч.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 11 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “МД” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Nissan NY200” маркийн 93-76 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд)”, мөн дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Зыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гарц байгааг харсан, хүн гарч байгааг хараагүй. Хохиролд 750.000 төгрөг төлсөн. Цаашид ажил хийж хохирлоо төлнө. Тэнсэж өгнө үү” гэв.

 

Эрүүгийн 2003000000273 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Зын: “2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 11 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 22-10 тоот гэртээ байж байгаад дэлгүүр гарах зорилгоор ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам гарч байтал “түс” гээд юу ч мэдэхгүй. Нэг сэрсэн чинь аарцаг хэсгээр өвдөөд, түргэний машин дотор байсан. Тархины гэмтэлтэй, ясны хугаралтай, тархинд жижиг цус хуралттай байна гээд томографийн болон тархины зураг авахуулахад 8 цагийн дараа хариу гарна гэсэн. 20-21 цагийн үед Гэмтлийн эмнэлгээс залгаад “яаралтай ирж хэвт” гэсэн. Аарцаг хугарсан, толгой өвчтэй байгаа. Гомдолтой байна. Эмчилгээний зардлыг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-15-16/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2020.07.21-ний өдрийн 8314 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Зын биед зулай, суурь яс, зүүн нүдний ухархай, зүүн хацрын нум яс, зүүн хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа. Зүүн умдаг ясны доод салааны зөрүү багатай, умдаг ясны дээд салааны зөрүүгүй хугарал. Тархи доргилт, дух, хамар, баруун хацар, зүүн чамархай, баруун тохой, зүүн шуу, сарвуу, нуруу, зүүн өвдөг, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-44-46/,

Гэрч Х.Мөнххуягийн: “2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 11 цаг өнгөрч байхад найз С цагаан өнгийн машинтай ирж намайг аваад Драгон руу явсан. Баянхошууны 7 дугаар хорооны замд Портерын хажуу талд явж байсан чинь нэг эрэгтэй хүн гүйгээд гараад ирэнгүүт манай найз машинаар мөргөөд зогссон. Хоёулаа буугаад түргэн, цагдаа дуудсан. Түргэний машин ирээд мөргүүлсэн хүнийг эмнэлэг рүү аваад явсан. Удалгүй цагдаа ирээд үзлэг хийсэн. Ойролцоогоор 30 орчим км/цаг-ийн хурдтай явж байсан. Машинд хаагдсан учраас явган зорчигч харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-31/,

Гэрч Р.Саранчимэгийн: “...Ажил дээрээ очоод хүнд юм хүргэж өгөхөөр болоод Содоог машин бариад яваад байдаг болохоор нь Таван шарын тийшээ явуулсан. Болгоомжтой яваарай гэж хэлээд явуулсан. Би Сыг жолоодох эрхгүй гэдгийг мэдээгүй. Хүний, өөрийн машин бариад яваад байдаг болохоор нь жолооч мөн гэж бодсон. Зөрчлийн хуульд заасан арга хэмжээ авахуулахад санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-37/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхантехникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2020.08.03-ны өдрийн дүгнэлтэд: “1. Уг тээврийн хэрэгслийн ...капот баруун гар талдаа бага зэрэг хонхойсон, салхины шил баруун гар талын доод хэсэгтээ цацарч хагарч, цуурсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь шинэ буюу ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна...” гэжээ /хх-54-57/,

Шүүгдэгч Ч.Сын яллагдагчаар өгсөн: “2020 оны 7 дугаар сарын 18-ны өдөр ажил дээрээ байхад захирал Сараа эгч намайг “Таван шар луу ногоо хүргээд өгчих, Ниссан NY200 маркийн 93-76 УАВ улсын дугаартай автомашиныг жолоодоод яв” гэж хэлсэн. Ажлаасаа хөдлөөд найз Мөнххуягийг аваад Дэнжийн мянгын хойд замаар явсан. Баянхошууны тойргоос урагш уруудаад явж байхдаа явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Машинаас буугаад мөргүүлсэн хүн дээр очоод биеийн байдлыг асуугаад 103, 102-т дуудлага өгөхөд түргэний машин 30-40 минутын дараа ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-67-68/,

зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/, явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-13/, хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-18/, хохирлын баримтууд /хх-19-23/, гэрч Г.Чимгээ, Ч.Урангоо нарын мэдүүлэг /хх-33, 35/, шийтгэлийн хуудас /хх-39/, хохирол төлсөн баримт төлбөрийн баримт /хх-41/, жолоодох эрхгүй талаарх лавлагаа /хх-71/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-76/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас “Энержи капитал менежмент ББСБ” ХХК-ийн албан бичиг, хохирогчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нийт 7 хуудас “Хууль зүйн туслалцаа үзүүлэх” гэрээ, банкны депозит дансны хуулга, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн нийт 4 хуудас банкны орлогын мэдүүлгийг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж, хүнд гэмтэл учруулсан нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Баримттай хохирлыг төлсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хөлсийг гаргах үндэслэлгүй. Хохирогч сэтгэцийн хувьд чадамжгүй болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч хохирол, хор уршиг их байгаа. Хохирогч өнөөдрийг хүртэл хэвтрийн дэглэмтэй, хөдөлмөрийн чадвар алдалтаа 50 хувиар алдсан. Сэтгэцийн байдлыг нь тогтоолгоогүй байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг гаргуулж өгнө үү. Цаашид гарах зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэм буруугийн асуудлаар маргахгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэдэг. Баримттай 639.746 төгрөгийг төлсөн. Мөн 750.000 төгрөг төлсөн байгаа. Өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Ч.С тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 11 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “МД” хүнсний дэлгүүрийн зүүн замд “Энержи капитал менежмент ББСБ” ХХК-ийн өмчлөлийн, Э.Тэмүүлэнгийн эзэмшлийн “Nissan NV200” маркийн 93-76 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирэхдээ хурдаа хасалгүй, уг гарцаар гарч байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Зыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Зын “...зүүнээс баруун чиглэлтэй зам гарч байтал “түс” гээд юу ч мэдэхгүй. Нэг сэрсэн чинь аарцаг хэсгээр өвдөөд, түргэний машин дотор байсан...” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Х.Мөнххуягийн “...хүн гүйгээд гараад ирэнгүүт манай найз машинаар мөргөөд зогссон...” гэх мэдүүлэг /хх-31/, шүүх эмнэлгийн 8314 дүгээр “1. Б.Зын биед зулай, суурь яс, зүүн нүдний ухархай, зүүн хацрын нум яс, зүүн хоншоор ясны цөмөрсөн хугарал, баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн умдаг ясны доод салааны зөрүү багатай, умдаг ясны дээд салааны зөрүүгүй хугарал, тархи доргилт, дух, хамар, баруун хацар, зүүн чамархай, баруун тохой, зүүн шуу, сарвуу, нуруу, зүүн өвдөг, шагайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ /хх-44-46/, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгинохайрхантехникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “1. Уг тээврийн хэрэгслийн ...капот баруун гар талдаа бага зэрэг хонхойсон, салхины шил баруун гар талын доод хэсэгтээ цацарч, хагарч, цуурсан зэрэг эвдрэл гэмтлүүд нь шинэ буюу ослын улмаас үүссэн эвдрэл гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-54-57/, шүүгдэгч Ч.Сын яллагдагчаар өгсөн “...явган хүний гарцан дээр хүн мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-67-68/, зам тээврийн ослын газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-10/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Б.Зыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Зын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд хэрэгт авагдсан баримтуудаар 639.746 төгрөг /хх-19-23/, 519.700 төгрөг, нийт 1.159.446 төгрөгийн хохирол тогтоогдож, шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нийт 1.389.746 төгрөгийг хохирогчид төлсөн /хх-41/ байх тул энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар буюу уг зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “өмгөөлөгчид төлөх зардал”-ыг заасан байгаа боловч уг зардал нь Засгийн газрын тогтоолоор баталсан журамд заасан этгээдэд хамаарах зардлыг ойлгох юм. Өөрөөр хэлбэл Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2 дугаар зүйлийн 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгох”-оор заасан. Тодруулбал эрх нь зөрчигдсөн насанд хүрээгүй, бага насны хохирогчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах ба бусад хохирогчийн өмгөөлөгчийн хөлсийг гаргах хууль зүйн үндэслэлгүй болно. Хохирогч уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн хувьд өөрийгөө төлөөлөх чадваргүй болсон талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлэн өмгөөллийн хөлстэй холбоотой зардлаа жич нэхэмжлэхийг тэмдэглэв.

Харин хохирогч Б.З гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой цаашид гарах зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шүүгдэгч, иргэний хариуцагч нараас нэхэмжлэх эрхтэйг дурдаж байна.      

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Хорих ялыг биечлэн эдлүүлэх саналтай. Хор уршгийг харгалзах ёстой. Ялын бодлого чанга байх ёстой” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн. Хохирлыг нөхөн төлөх, сэргээх эрх нь хоригдсоноор зөрчигдөнө. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хөнгөн гэмт хэрэг гэж заасан байгаа. Эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгыг харж үзнэ үү. Шүүгдэгч, хохирогч аль аль талыг нь харж үзэж ял оногдуулна уу. Тэнсэж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган хүний гарцаар гарч явсан иргэнийг мөргөж гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, баримттай хохирол төлөгдсөн, хохиролд 1.389.746 төгрөг төлөгдсөн, хохирогч “Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай”, хэвтрийн дэглэмтэй байгаа гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн/-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж шийдвэрлэлээ.

Шүүх эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан дээрх байдлаар тогтоогдсон гэмт хэргийн нөхцөл байдлыг бүхэлд нь дүгнээд шүүгдэгч Ч.Сыг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Илжиг овогт Чимгээгийн Сыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Ч.Сын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ст тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.С тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.   

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.С цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Б.З нь “өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг гаргуулах” болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч, иргэний хариуцагч нараас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Ст авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР