Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 982

 

 

                            

 

 

 

 

 

        2020        9            08                                       2020/ШЦТ/982         

 

-                                         

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

-

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

шүүгдэгч Д.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Уыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008000000999 дүгээр 2 хавтас эрүүгийн хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Увс аймгийн Зүүнхангай сумын 4 дүгээр баг, Хайрхан гэх газарт оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Элжгэн овогт Дамдинсүрэнгийн У /РД: /.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Д.У нь 2019 оны 8 дугаар сарын 23-наас 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрүүдэд “Фэйсбүүк” хуурамч хаяг нээж, “хүүхдийн цүнх, шорт, фудболк захиалгаар хүргэж өгнө” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалаанд иргэн Отгонтуяагийн 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цүнхний үнэ 25.000 төгрөгийг, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шорт, фудболкны үнэ 85.000 төгрөг, нийт 110.000 төгрөг шилжүүлснийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2020 оны 01 дүгээр сарын 11-нээс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний хооронд “Содон бараа” гэсэн фэйсбүүк хуурамч хаягаар “Дээл оёно” гэсэн пост оруулж, урьдчилгаа мөнгийг өгөхгүй бол материалыг нь бид нараас гардаг гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрханы 13-19 тоотоос иргэн Мядагмаагийн шилжүүлсэн 60.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 30.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 “Zahialgat Ваrаа” гэх фэйсбүүк хуурамч хаяг нээж “гацуур мод зарна” гэж пост оруулж, “урьдчилгаа 50 хувийг өгвөл 5 хоногийн дараа гацуур мод ирнэ” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Ханын материалаас иргэн Мөнхбаярын шилжүүлсэн 35.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

 “Фэйсбүүк” хуурамч хаяг нээж, хүүхдийн хувцасны зураг тавьж “захиалсан бараа 7-12 хоногийн дотор ирнэ” гэж пост оруулж, чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалаанаас иргэн Ж.Номингийн шилжүүлсэн 25000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

2019 оны 8 дугаар сарын 29-нээс 2019 оны 9 дүгээр сарын 07-ны хооронд “Фэйсбүүк”-ийн зарын пэйж хаяг дээр “хавар намрын хар куртик зарна” гэж пост оруулж, “урьдчилгаа мөнгөө шилжүүл 7 хоногийн дараа ирнэ” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн Хөтөлд иргэн Н.Өлзиймандахын шилжүүлсэн 54.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан,

“Захиалгат” гэх фэйсбүүк хуурамч хаяг нээж цамцны зураг тавьж, “урьдчилгаа өгөөд утга хэсэг дээр нь улаан цамц гэж бичээрэй” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Зүүнсалаанд 5075060580 дугаарын данснаас иргэн С.Баяржаргалын шилжүүлсэн 15.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын данс руу шилжүүлгээр авч залилсан,

2019 оны 8 дугаар сарын 20-ноос 2019 оны 8 дугаар сарын 27-ны хооронд “Аниргүйн гэгээ” гэх хуурамч фэйсбүүк хаяг дээр “сургуулийн хүүхдийн 3 хос цүнх 2-3 хоногийн дотор оруулж ирнэ” гэсэн зарын шинжтэй пост оруулж, чат бичиж Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Батхандаас шилжүүлсэн 30.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын данс руу шилжүүлгээр авч залилсан,

2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Zahialgt Ваrаа” гэх фэйсбүүк хуурамч хаяг нээж, “цамц, куртик-ийг урьдчилгаа 50 хувийг хийвэл захиалгаар авчирч өгнө” гэх зар тавьж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс иргэн У.Мөнхтуулын 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 70.000 төгрөг болон нийт 250.070 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаарын данс руу шилжүүлгээр авч залилсан буюу үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэргийн улмаас бусдад нийт 609.070 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин хэрэг хийхгүй. Хохирлыг 9 дүгээр сарын 10-нд төлнө. Би ажил эрхэлдэггүй, гэртээ хүүхдүүдээ харж байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй” гэв.

 

Эрүүгийн 2008000000999 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Нэг. Шүүгдэгч Д.У нь “Фэйсбүүк” хуурамч хаяг нээж, “хүүхдийн цүнх, шорт, фудболк захиалгаар хүргэж өгнө” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Т.Отгонтуяагаас 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цүнхний үнэ 25.000 төгрөг, 27-ны өдөр шорт, фудболкны үнэ 85.000 төгрөг, нийт 110.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн 5830137740 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Т.Отгонтуяагийн: “Манай охин Маралмаа нь 2019 оны 8 дугаар сарын сүүлээр фэйсбүүкээр “хүүхдүүддээ цүнх болон шорт, фудболк захих уу, танд хүргээд өгчих байх, таны дугаарыг өгчихлөө” гэж байсан. 9 дүгээр сарын дундуур захиалсан бараагаа өгөхгүй удаад байна гэж бодоод тэр хүн рүү асуухад “удахгүй ирж байгаа, ирсэн боловч дуусчихлаа” гэх мэтээр аргацааж байгаад сүүлдээ “мөнгийг чинь өгөхгүй, захиалсан эд зүйлсийг өгөхгүй, угаасаа 300.000 хүрэхгүй бол цагдаа нар хэрэгсдэггүй юм” гэх мэтчилэн хэлэх болсон. Манай охин тухайн үед өөрийнхөө 5225438715 тоот данснаас У гэх хүний 5830137740 тоот данс руу 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 25.000 төгрөгийг хүүхдийн 2 ширхэг цүнх авахаар өгсөн байсан. Дараа нь 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр шорт, фудболк авахаар 85.000 төгрөгийг дахин шилжүүлсэн байсан. Охин Маралмаагийн дансыг дундаа ашигладаг. Нийт учирсан 110.000 төгрөгийг би нэхэмжлэх болно. Тэр хүн урьдчилгаа 50 хувийг нь өгвөл барааг чинь авчирна гэж хэлээд мөнгө авсан байсан. Хохирол төлвөл гомдолгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-8, 10/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “Би өөрийн хуурамч хаяг болох “Захиалгат бараа” фейсбүүк хаягаас “Бартердая хүүхнүүдээ” гэдэг группт “хүүхдийн хувцас захиалга авна” гэсэн зарыг 2019 оны 8 дугаар сард оруулсан. Уг зарын дагуу хүүхдийн шорт, фудболкны хослол, 2 ширхэг цүнх зэргийг захиалсан. Би урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж фейсбүүк чатаар бичээд өөрийн Хаан банкны 5830137740 дүгээр дансаар 110.000 төгрөг авсан. Авсан мөнгөө би гэртээ хувийн хэрэглээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-21-22/,

Банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-27/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Хоёр. Шүүгдэгч Д.У нь “Содон бараа” гэх фэйсбүүк хуурамч хаягаар “Дээл оёно” гэсэн пост оруулж, урьдчилгаа мөнгө өгөхгүй бол материал нь бид нараас гардаг гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Д.Мядагмаагаас 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 60.000 төгрөг, 01 дүгээр сарын 21-ний өдөр 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Д.Мядагмаагийн: “2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ фэйсбүүк үзэж байтал “захиалгаар дээл оёно” гэсэн постыг “Содон бараа” гэсэн фэйсбүүк хаягтай хэрэглэгч тавьсан байхаар нь би чатлаад “2 хүүхдийн дээл хийлгэвэл хэдэн төгрөг болох вэ” гэтэл “120.000 төгрөг болно” гэхээр нь “хямдхан юм байна” гэж бодоод “захиалга өгье” гэсэн чинь “урьдчилгаа 50 хувийг хийхгүй бол бид нараас материал нь гардаг юм” гэхээр нь би өөрийн данснаас 5830137740 гэсэн Хаан банкны данс руу 60.000 төгрөг шилжүүлээд хүүхдүүдийнхээ хувцасны размерийг өгсөн. 2020 оны 01 сарын 21-ний өдөр “дээлээ авъя” гэтэл “олон хүний захиалга байсан тул жоохон хүлээгдэх юм байна, сая манайд ажил явдал гарчихлаа, 30.000-40.000 төгрөг явуулчих” гэхээр нь 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн “маргааш өдөр дээлийг чинь аваачаад өгье” гээд тэрнээс хойш холбоо бариагүй. ...Би утасны дугаарыг нь авах гэж зөндөө асуусан боловч өгөөгүй. Тэр фейсбүүк хаяг руу чат явуулсан боловч уншихгүй, хариу бичихгүй байгаа. Би нийт 90.000 төгрөг шилжүүлсэн, гомдолтой байна. Өөрийнхөө хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-47/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “2020 оны 01 дүгээр сард өөрийн хуурамч хаяг болох “Захиалгат бараа” гэх нэрийг өөрчлөн “Содон бараа” болгосон. Уг хаягаар “хүүхдийн дээлний захиалга авна” гэх зарыг 2020 оны 01 сард оруулсан. “Үзэсгэлэнт гүнжүүдийн ээж” гэж хаягаас холбогдоод дээл захиалсан. Би урьдчилгаа мөнгө шаардлагатай гэж фэйсбүүк чатаар бичээд өөрийн Хаан банкны 5830137740 дугаар дансаар эхлээд 60.000 төгрөг, дараа нь 30.000 төгрөг, нийт 90.000 төгрөг авсан. Авсан мөнгөө би гэртээ хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-61-62/,

Банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-42-43/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Гурав. Шүүгдэгч Д.У нь “Zahialgat Ваrаа” гэх фэйсбүүк хуурамч хаяг нээж “гацуур мод зарна” гэж пост оруулж, “урьдчилгаа 50 хувийг өгвөл 5 хоногийн дараа гацуур мод ирнэ” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч Б.Мөнхбаяраас 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ өөрийн эзэмшлийн 5830137740 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Б.Мөнхбаярын: “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Zahialgat Ваrаа” гэх фэйсбүүк хаяг дээр “гацуур мод зарна” гэхээр нь “захиалга өгөх гэсэн юм” гэхэд “урьдчилгаа 50 хувийг нь өг, тэгээд 5 хоногийн дараа гацуур мод чинь ирнэ” гэхээр нь би өөрийн данснаас У гэх 5830137740 данс руу 35.000 төгрөг шилжүүлсэн. 5 хоногийн дараа “бараа ирсэн үү” гэхэд “удахгүй, 2 хоногийн дараа ирнэ” гэж байснаа чатандаа орж ирэхгүй болоод хариу бичихгүй байсан. Дараа нь өөрийн бичсэн чатуудыг устгаад байсан. Тэр хүн хэд хоногийн дараа холбогдоод “үлдэгдэл 35.000 төгрөгөө өгчих, хүүхдийн бие өвдөөд байна, эмнэлэгт үзүүлэх гэсэн юм” гээд байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй алга болсон. Би утасны дугаарыг нь авах гэсэн ч өгөхгүй байсан. Мөнгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-75/,

Шүүгдэгч Д.Уын: “Би өөрийн ашиглаж байсан хуурамч хаяг болох “Zahialgat Ваrаа” хаягнаас “Бартердая хүүхнүүдээ” гэх группт “Гацуур модны захиалга авна” гэж зарыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр оруулсан. Уг зарын дагуу хүн холбогдож гацуур захиалсан. Би “урьдчилгаа шаардлагатай” гэж хэлээд өөрийн дансаар 35.000 төгрөг авсан. Мөнгөө би хоол унд авч, хүүхдэдээ зарцуулсан. Би Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд хашаа түрээслэдэг. Түүнийхээ түрээсийн мөнгөнд зарцуулсан. Би гацуур зарж байгаагүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-86-87/,

Хохирогч Б.Мөнхбаярын 5429355804 дүгээр данснаас шүүгдэгчийн 5830137740 данс руу 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 35.000 төгрөг шилжүүлсэн банкны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-71/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Дөрөв. Шүүгдэгч Д.У ньФэйсбүүк” хуурамч хаяг нээж, хүүхдийн хувцасны зураг тавьж “захиалсан бараа 7-оос 12 хоногийн дотор ирнэ” гэж пост оруулж, чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Ж.Номингоос 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ, өөрийн 5830137740 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Ж.Номингийн: “2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр фэйсбүүк дээр хүүхдийн хувцас зардаг гээд “Захиалгат бараа” гэх хаягтай хүн хүүхдийн хувцаснуудын зураг тавьсан байхаар нь сонирхож байгаад 2 настай хүүхдийн ягаан өнгөтэй өвлийн хувцас захиалахаар үнийг асуухад “50.000 төгрөг, захиалах бол урьдчилгаа 50 хувийг өгөх ёстой, У гэх хүний Хаан банкны 5830137740 дугаар данс”-ыг өгөхөөр нь би 25.000 төгрөг шилжүүлсэн. Тэр хүн “захиалсан бараа 7-12 хоногийн дотор ирнэ” гэж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 12-ноос хойш тэр хүнтэй холбогдох гэж чат бичсэн боловч хариу бичихгүй тэр чигтээ алга болсон. Бүүр сүүлдээ бүх зургаа устгачихсан байсан. 25.000 төгрөгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-101/,

Хохирогч Ж.Номингийн 5029803997 дугаар данснаас шүүгдэгчийн 5830137740 данс руу 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 25.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-97/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,  

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “Би энэ зарыг “Захиалгат бараа” хаягнаас “Бартердая хүүхнүүдээ” гэх бүлэг рүү “Хүүхдийн хувцасны захиалга” гэсэн зар оруулсан. Уг зарын дагуу надтай хүн холбогдсон ямар хүн гэдгийг нь санахгүй байна. Хүүхдийн хувцас захиалсан ба урьдчилгаа мөнгө гэж би өөрийн 5830137740 дугаар дансаар 25.000 төгрөг авсан. Мөнгөөрөө би хоол унд авсан. Мөнгөний хэрэг болоод авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-112-115/,

Тав. Шүүгдэгч Д.У нь 2019 оны 8 дугаар сарын 29-нээс 2019 оны 9 дүгээр сарын 07-ны хооронд “Фэйсбүүк”-ийн зарын пэйж хаяг дээр “хавар намрын хар куртик зарна” гэж пост оруулж, “урьдчилгаа мөнгөө шилжүүл 7 хоногийн дараа ирнэ” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн Н.Өлзиймандахаас 54.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ, өөрийн 5830137740 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Н.Өлзиймандахын: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкээс хавар намрын хар куртик авахаар захиалах гэхэд “урьдчилгаа 19.000 төгрөг дансаар шилжүүл, 7 хоногийн дараа ирнэ” гээд 5830137740 У гэх хүний данс өгөхөөр нь би 5071318559 гэсэн данснаасаа 19.000 төгрөг өгсөн. Дараа нь цагаан өнгөтэй эмэгтэй пүүз захиалаад 15.000 төгрөгийг уг данс руу шилжүүлсэн. Би дараа нь юу авах гэж байснаа санахгүй байна гэхдээ 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр У гэх хүний 5830137740 тоот данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Захиалгын мөнгө авсан боловч “удахгүй ирнэ” гээд худал үнэн шалтаг хэлээд байсан. Харин фэйсбүүк хаяг дээрх зар нь худал болох нь тодорхой болж, олон хүн залилуулсан байсан. Фэйсбүүкээр хүмүүс хоорондоо ярилцаад байсан. Би 54.000 төгрөгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-128/,

Хохирогчийн 5071318559 дугаар данснаас шүүгдэгчийн 5830137740 дугаар данс руу 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 19.000, 15.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 20.000 төгрөг, нийт 54.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ны дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-124/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “Би “Захиалгат бараа” гэсэн фейсбүүк хаягаас “хавар намрын хар куртик зарна, хувцас захиалгаар нийлүүлнэ” гэсэн пост оруулсан. Уг зарын дагуу хүн холбогдож том хүний куртик, хүүхдийн пүүз захиалсан. Захиалгын дагуу урьдчилгаа мөнгө гэж 19000, 15.000, 20.000 төгрөгийг би он сарыг нь санахгүй байна, хувааж авсан. Уг мөнгөө хашааны түрээсэнд өгсөн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-139-142/,

Зургаа. Шүүгдэгч Д.У ньЗахиалгат” гэх фэйсбүүк хуурамч хаяг нээж цамцны зураг тавьж, “урьдчилгаа өгөөд утга хэсэг дээр нь улаан цамц гэж бичээрэй” гэж чат бичиж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн С.Баяржаргалаас 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 15.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ, өөрийн 5830137740 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч С.Баяржаргалын: “2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүк ороод “Захиалгат” гэх фэйсбүүк хаяг дээр цамцны зурагнууд байхаар нь “улаан өнгөтэй цамц байна уу” гэхэд хэдэн цамцны зураг явуулсан. Би “улаан өнгөтэйг нь авъя” гэхэд “30.000 төгрөгийн үнэтэй, эхлээд урьдчилгаа 15.000 төгрөг өг” гээд дансныхаа дугаарыг өгөөд “утга хэсэг дээр нь улаан цамц гэж бичээрэй” гэж байсан. Би өөрийн 5075060580 гэсэн данснаас 5830137740 гэх данс руу шилжүүлсэн. Тэр хүн “7 хоногийн дараа бараа чинь ирнэ” гэж байсан. Тэрнээс хойш 7 хоногийн дараа захиалсан юмаа асуухад хариу бичихгүй байсан. Хааяа “маргааш ирнэ, нөгөөдөр ирнэ” гээд худлаа хэлээд байдаг байсан. Би 15.000 төгрөгөө буцааж авсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-153, 155/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “2019 оны 10 дугаар сард фэйсбүүкт “Захиалгат бараа” гэсэн нэртэй хаяг нээсэн. Фейсбүүкт хүмүүс “ийм хаягтай хүнд залилууллаа” гээд яваад байхаар нь жишээ аваад би “ингэж мөнгө олъё” гэж бодсон. Би яг ямар хүмүүсээс мөнгө авснаа мэдэхгүй, нийт 6 хүнээс дээрх байдлаар 300.000 орчим төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-166-169/,

дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Долоо. Шүүгдэгч Д.У нь 2019 оны 8 дугаар сарын 20, 27-ны өдрүүдэд “Аниргүйн гэгээ” гэх хуурамч фэйсбүүк хаяг дээр “сургуулийн хүүхдийн 3 хос цүнх 2-3 хоногийн дотор оруулж ирнэ, цув зарна” гэсэн пост оруулж, чат бичиж иргэн Г.Батхандаас 30.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ, өөрийн 5830137740 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч Г.Батхандын: “2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр “Аниргүйн гэгээ” гэх фэйсбүүк хэрэглэгч “сургуулийн хүүхдийн 3 хос цүнхнүүдийг 2-3 хоногийн дотор оруулж ирнэ” гэсэн зарын шинжтэй пост байхаар нь “авъя гээд үнийг асуухад нэг цүнх нь 15.000 төгрөг” гэхээр нь 2 цүнх захиалсан. Тэр хүн “урьдчилгаа гээд 15.000 төгрөгийг дансанд хий” гэхээр нь тэр хүний өгсөн У гэх нэртэй 5830137740 Хаан банкны данс руу өөрийн данснаасаа 15.000 төгрөгийг шилжүүлсэн. Би 7 хоногийн дараа “захиалсан цүнх маань яасан бэ” гэж чатаар асуухад “цүнх маргааш нөгөөдрөөс ирчихнэ, харин манайд цув куртик зэрэг зүйлс ирж байгаа” гээд зураг харуулахад би нэг цув сонгоод үнийг нь асуухад “30.000 төгрөг” гэхээр нь урьдчилгаа болох 15.000 төгрөгийг У гэх хүний данс руу 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр дахин шилжүүлсэн. Тэрнээс хойш 3, 4 хоногийн дараа захиалсан зүйлсээ асуухад “таны захиалсан зүйлс тань ирсэн” гэж хэлэхээр нь хаанаас яаж авах талаар асуухад хариу бичихгүйгээр намайг блок хийгээд алга болсон. 30.000 төгрөгөө авчихвал гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-184/,

Хохирогчийн 5058423150 дугаар данснаас шүүгдэгчийн 5830137740 дугаар данс руу 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 15.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15.000 төгрөг, нийт 30.000 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ийн дансны хуулга /1 дүгээр хавтас, хх-178-180/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-31-32/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “Би “Аниргүйн гэгээ” хаягийг 2019 оны 5 дугаар сард нээгээд ашиглаж байсан миний өөрийн фейсбүүк хаяг юм. Над руу 3 хүн холбогдсоны нэг нь энэ хүн юм. Уг хүнээс хувцас захиалга гэж өөрийн 5830137740 дугаар дансаараа 30.000 төгрөг авсан. Эргүүлж мөнгийг нь өгөөгүй байгаа. Миний оруулсан зар нь худлаа зар юм. ...Би 1 нас 6 сартай болон 3 сартай 2 хүүхэдтэй, мөнгийг хүүхдүүддээ памперс, ойр зуурын эд зүйлийг авахад зарцуулсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-195-198/,

Найм. Шүүгдэгч Д.У нь 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Zahialgat Ваrаа” гэх фэйсбүүк хуурамч хаягаар “цамц, куртикийн урьдчилгаа 50 хувийг хийвэл захиалгаар авчирч өгнө” гэх зар тавьж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, иргэн У.Мөнхтуулаас 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30.000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 70.000 төгрөг, нийт 250.070 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, 3-315 тоот гэртээ, өөрийн 5830137740 дугаар данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэргийн талаар:

Хохирогч У.Мөнхтуулын: “2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр фэйсбүүк дээр “Zahailgat Ваrаа” гэх хаягтай хүн “урьдчилгаа 50 хувийг  өгвөл барааг нь захиалгаар авч ирнэ” гэхээр нь би цамц сонирхсон чинь “70.000 төгрөг, 5830137740 гэсэн дансны дугаар өгөөд урьдчилгаа мөнгөө өгчихвөл авч ирнэ” гэхээр нь 70.000 төгрөг шилжүүлсэн. Би мөнгөнийхөө дүнг андуураад 70.000 төгрөг шилжүүлэх гэж байгаад 70 төгрөг явуулаад дараа нь засаад 70.000 төгрөг болгож явуулсан. Тэр хүний дансны эзэмшигч нь У гэж байсан. Маргааш нь буюу 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ахиад бараа сонирхож байгаад куртик асуухад 360.000 төгрөг гэхээр нь урьдчилгаа 50 хувь 150.000 төгрөг шилжүүлээд дараа нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30.000 төгрөг шилжүүлсэн. Тэрнээс хойш хариу бичихгүй алга болчихсон. Би шилжүүлсэн мөнгөө барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-3/,

 Хохирогчийн 5700199717 дугаар данснаас шүүгдэгчийн 5830137740 дугаар данс руу 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 70 төгрөг, 70.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 150.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 30.000 төгрөг, нийт 250.070 төгрөг шилжүүлсэн “Хаан банк”-ийн дансны хуулга /2 дугаар хавтас, хх-5-6/,

Шүүгдэгч Д.Уын яллагдагчаар өгсөн: “Би “Захиалгат бараа” нэрээр хуурамч фэйсбүүк хаяг нээгээд “хувцас захиалга авна, урьдчилгаа 50 хувийн төлбөрийг нь аваад хувцас нийлүүлнэ” гэж зар тавьсан. Уг зарын дагуу “Аялгуу” гэсэн фейсбүүк хаягнаас 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “цамц худалдаж авъя” гэхээр нь “урьдчилгаа 70.000 төгрөг шилжүүл” гээд өөрийн 5830137740 дугаар дансыг өгсөн. Цамц захиалсан хүн эхлээд 70 төгрөг шилжүүлснээ “андуурчихлаа” гээд дахиад 70.000 төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу дахиад “эрэгтэй, эмэгтэй хүүхдийн куртик гээд 3 куртик захиалъя” гэхээр нь “нийт 360.000 төгрөг болно, урьдчилгаа 150.000 төгрөг шилжүүл” гээд 150.000 төгрөг шилжүүлж авсан. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Надад мөнгөний хэрэг болоод худлаа фэйсбүүк хаяг нээгээд бусдыг залилсандаа харамсаж байна. Би хувцас захиалга худалдаа эрхэлж үзээгүй. Тухайн үед нөхрийн цалин бага, би бие давхар жирэмсэн, том хүү 1 ой гарантай байсан юм. Тэгээд мөнгөний хэрэг болоод байхаар нь бусдыг фэйсбүүк хуурамч хаягаар залилж мөнгө аваад, гэр бүлдээ идэж уух юм, хашааны түрээсийн мөнгө гэх зэргээр ойр зуурын хэрэглээнд гэр бүлдээ зарцуулаад дуусгасан. ...Би өөрийнхөө утасны дугаарыг захиалга өгсөн хүмүүст өгдөггүй, цаад захиалга өгсөн хүмүүсийн утасны дугаарыг ч мэддэггүй байсан. Дандаа фейсбүүк чатаар харьцдаг байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-10-11/,

Шүүгдэгчийн “Хаан банк”-ны дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-26-30, 31-32/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтас, хх-205/, Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-204/, тээврийн хэрэгсэл бүртгэгдээгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-206/, эд хөрөнгө бүртгэгдээгүй лавлагаа /1 дүгээр хавтас, хх-207/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас, хх-208/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтас, хх-209/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргаж өгсөн “Их амгалан” БГБХН өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, түүний 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарыг тус тус талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав   

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэн шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч У үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 8 хохирогчоос 609.070 төгрөгийг залилан авсан болох нь нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, хохирогч Баяржаргалд 15.000 төгрөгийн хохирол төлөгдсөн тул төлөх төлбөргүй, бусад хохирлыг төлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Хэлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиад ийм хэрэг хийхгүй” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй болно.   

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.У нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдыг хуурч, цахим хэрэгсэл /Facebook/ ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад нийт 609.070 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Д.Уын интернэт дахь цахим сүлжээ /Facebook/ ашиглан, бусдыг “Хувцас, эд зүйл зарна” гэх зэргээр хуурч, өөрт байхгүй, байх боломжгүй байдлыг зориудаар бий болгож хохирогч нарын эд хөрөнгийг шилжүүлэн авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий 8 хохирогчид нийт 609.070 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч С.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би У гэх эмэгтэйгээс 15.000 төгрөгөө буцааж авсан. Надад гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-155/-ийг үндэслэн шүүгдэгчийг хохирогч С.Баяржаргалд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгч Д.Уаас нийт 594.070 төгрөг гаргуулж, хохирогч Т.Отгонтуяа /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48-17 тоот, утас 99590432, РД-ХД69073006/-д 110.000 төгрөг, хохирогч Д.Мядагмаа /Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 13-19 тоот, утас 89698664, РД-УШ99040280/-д 90.000 төгрөг, хохирогч Б.Мөнхбаяр /Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14-72 тоот, утас 86021197, РД-РЭ94071010/-т 35.000 төгрөг, хохирогч Ж.Номин /Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9В-84 тоот, утас 99669019, РД-УТ88061700/-д 25.000 төгрөг, хохирогч Н.Өлзиймандах /Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 8-270 тоот, утас 90701103, РД-ЧО86120360/-д 54.000 төгрөг, хохирогч Г.Батханд /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 13-222б, утас 88043043, РД-УМ88110107/-д 30.000 төгрөг, хохирогч У.Мөнхтуул /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7а-503 тоот, утас 98987813, РД-ЛЙ70073063/-д 250.070 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Уд 1 жил 6 сарын хорих ял оногдуулах, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

шүүгдэгч “Байхгүй” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа. 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /цахим хэрэгсэл ашиглан амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлттэйгээр 8 удаагийн үйлдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /бусдад нийт 609.070 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч С.Баяржаргалд хохирол төлсөн, 7 хохирогчид төлөгдсөн зүйлгүй, хохирогч нарын “Хохирлоо авсан тохиолдолд гомдолгүй” гэх/, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны 2 хүүхэдтэй, гэр бүлийн байдал, түүний үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага/-ыг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгааг тус тус харгалзан шүүгдэгчийг нийгмээс тусгаарлан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэн эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Элжгэн овогт Дамдинсүрэнгийн Уыг найман удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглан, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.У нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.У цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.Баяржаргалд төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Уаас нийт 594.070 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Отгонтуяа /Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим өргөө 48-17 тоот, утас 99590432, РД-ХД69073006/-д 110.000 төгрөг, хохирогч Д.Мядагмаа /Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 13-19 тоот, утас 89698664, РД-УШ99040280/-д 90.000 төгрөг, хохирогч Б.Мөнхбаяр /Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 14-72 тоот, утас 86021197, РД-РЭ94071010/-т 35.000 төгрөг, хохирогч Ж.Номин /Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 9В-84 тоот, утас 99669019, РД-УТ88061700/-д 25.000 төгрөг, хохирогч Н.Өлзиймандах /Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюушийн 8-270 тоот, утас 90701103, РД-ЧО86120360/-д 54.000 төгрөг, хохирогч Г.Батханд /Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г 13-222б, утас 88043043, РД-УМ88110107/-д 30.000 төгрөг, хохирогч У.Мөнхтуул /Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7а-503 тоот, утас 98987813, РД-ЛЙ70073063/-д 250.070 төгрөг тус тус олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР