| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2017/0048/И |
| Дугаар | 00066 |
| Огноо | 2017-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 00066
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1966 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн, 51 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Уньт багт оршин суух Дамиран овогт Дарьсүрэнгийн Оюунтуяа /РД:ГН66060408/-ийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай 132/2017/0048/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Оюунтуяа, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хутаг-Өндөр сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр болон үйлдвэрчний эвлэлийн гишүүний үнэмлэх зэрэг баримт бичиг нь Хутаг-Өндөр сумын архив шатахад шатаж үгүй болсон. Иймд дээрх онуудад ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв. ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Оюунтуяа нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хувьсгалт залуучуудын эвлэлийн 1983 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн Талархалын хуудас, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын АҮ-ийн төвийн захиргааны 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн гэрчилгээ, Монголын эмэгтэйчүүдийн хорооны 1988 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дурсамж, тухайн үед Д.Оюунтуяатай хамт ажиллаж байсан гэрч Ч.Амарсайханы Би нийтийн ахуй үйлчилгээнд 1982 оны 11 дүгээр сард ажилд орсон. Тухайн үед Д.Оюунтуяа нь нийтийн ахуй үйлчилгээнд 1981 онд ажилд орсон гээд ажиллаж байсан. Нийтийн ахуй үйлчилгээ 1991 онд хувьчлагдах хүртэл бид хоёр хамт ажилласан гэх, Д.Буянхишигийн Би 1981 онд Хутаг-Өндөр сум руу шилжин очиж Нийтийн ахуй үйчилгээнд ажилд ороход Д.Оюунтуяа нь ажиллаж байсан. 1991 онд нийтийн ахуй үйлчилгээ хувьчлагдахад малчин болсон юм гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Дамиран овогт Дарьсүрэнгийн Оюунтуяаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Нийтийн ахуй үйлчилгээний төвд оёдолчноор 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 10 /арав/ жил 24 /хорин дөрөв/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ